Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 216/МА2022/00001

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 216/МА2022/00001

 

 

  Н.С-Э нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж,  шүүгч А.Сайнтөгс, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 134/ШШ2022/00015 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгчийг эрх залгамжлагч Н.С-Э,

Хариуцагч А.Б холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 759м.кв газар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай

 

Иргэний хэргийг хариуцагч А.Б гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийг эрх залгамжлагч Н.С-Э өмгөөлөгч Э.Сайханаа, хариуцагч А.Б, нарийн бичгийн дарга А.Энхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

  1. Нэхэмжлэл түүний үндэслэл, шаардлага:

Нэхэмжлэгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч А.Б нь миний харгалзан дэмжигч П.С эрүүл мэнийн байдал, өндөр насны доройтлын улмаас үйлдлийнхээ учир холбогдлыг мэдэхгүй, өөрийгөө удирдан жолоодох, илэрхийлэх эрх үүргээ хэрэгжүүлэх чадваргүй байдлыг ашиглан Сүмбэр сумын 2 дугаар баг тоотод байх улсын бүртгэлийн Г-190020000511, 00193086 дугаартай 759 м2 гэр бүлийн зориулалт бүхий газрыг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр худалдан авсан байна. П.С аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмнэлэг хяналтын комиссоос 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 36 сарын хугацаатай байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт-оор Психоз /өтлөлтийн үеийн дэмийрэл/ оношоор бусдын асаргаанд байх шаардлагатайг тодорхойлсон. Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/23 дугаар захирамжаар П.С нь М.Д миний асрамжинд байдаг болно. Иймд газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийг эрх залгамжлагч Н.С-Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, агуулга: Хүчирхийллийн нөхцөл байдал, хамтарсан багийн хурал, эмнэлгийн тодорхойлолт гэх мэт нотлох баримтуудаас харахад 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр П.С биеийн байдал муу, харж хандах хүн муутай, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байх боломжтой, сэтгэц эрүүл мэндийн хувьд зайлшгүй дүгнэлт гаргуулах шаардлагатай болсон. Эрх зүйн чадамжтай эсэхийг шүүхээр тогтоолгох үндэслэл байна гэсэн дүгнэлт хийгдсэн байдаг. Үүнээс харахаар П.С биеийн байдал 2019 оны 12 дугаар сар гэхэд өөрийнхөө учир холбогдлыг ойлгохгүй, иргэний эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл үүссэн байсан. Сумын Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/19 дугаартай захирамжид Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.5 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн болон өндөр насны улмаас иргэний эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй байгаа тул П.С харгалзан дэмжигчийг тогтоох шаардлагатай гэдэг үндэслэлээр ач охин Н.С-Э тогтоосон байдаг. 2020 оны 08 дугаар сарын 31-ны өдөр сумын Засаг даргын А/156 дугаартай захирамжаар асран хамгаалах үүргийг хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон захирамж гаргасан. Гэр бүлийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсгийг баримтлаад захирамжийг хүчингүй болгосон боловч сумын Засаг дарга тухайн захирамжаа хүчингүй болгох үндэслэл байхгүй, зөвхөн шүүх харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, дараагийн харгалзан дэмжигчийг тогтоохоор заасан байхад Засаг даргын хувьд дараагийн харгалзан дэмжигчийг тогтоохгүйгээр захирамжийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл П.С харгалзан дэмжих хүнгүй сулд нь орхисон байдаг. П.С хүү С.Н нь архины хамааралтай, гэр бүлээ сэтгэл санааны болон эд материалын байнгын хямралтай нөхцөл байдалд байлгадаг байсан ба ийм хүнтэй харилцаж П.С нэр дээр байдаг газрыг худалдах, худалдан авах гэрээг хийсэн зүйл харагддаг. Тэр нь гэрч П.А ...загнасан, цохисон, хашгирсан гэсэн, мөн гарын үсэг зуруулах гэсэн нөхцөл байдал давамгайлж байсан нь мэдүүлгээс харагддаг. Мөн гэрч П.Н мэдүүлгээс ...П.С биеийн байдал маш муу байсан, ухаан санаа нь орон гаран байсан нь харагддаг. Хүү С.Н нь А.Б гэр авсан нь 2020 оны намар гэж харагддаг. Тухайн үед П.С биеийн байдал муу, ухаан санаа орон гаран, юм ярьдаггүй нөхцөл байдал байсан. 2021 оны 08 дугаар сард шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт гарсан байдаг. Захирамжийн дагуу очиж үзүүлэхэд сэтгэцийн эмгэгтэй байна гэсэн дүгнэлт гарсан байдаг. Үүний үндсэн дээр эрх зүйн чадамжгүйд тооцсон шүүхийн шийдвэр гарсан. Эдгээр нотлох баримтаас харахаар тухайн П.С нь сэтгэцийн өвчтэй өөрийгөө илэрхийлэх бүрэн чадамжгүй байх үедээ тухайн гэрээ хэлцлийг байгуулсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр газар худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, түүний тайлбарын агуулга:

Хариуцагч А.Б шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Би хөндлөнгийн хүнтэй гэрээ хийгээгүй хуулийнх нь дагуу П.С төрсөн хүү С.Н наймаа хийгээд хамгийн сүүлийн мөнгөө шилжүүлж гэрээгээ хийсэн. Анх гэрээ хийж шилжүүлж авсан талаар Н.С-Э мэдэж байсан. Гэтэл аавыгаа өнгөрснөөс хойш газар зарсан талаар мэдсэн гэж яриад байгаа. Үүнийг худлаа гэж бодож байна. Тиймээс би хуулийнх нь дагуу нэр дээрээ шилжүүлж авсан болохоор хууль бус гэж бодохгүй байна. Мөн эмнэлгийн дүгнэлтийн талаар сайн мэдэхгүй байна. П.С гэрээсээ гараад явдаг байсан. Н.С-Э бага дүү нь хамт явж байдаг, гэрээсээ гараад хажуу айлдаа ороод суучихдаг, тэргээ түрээд агаар салхинд гарчихдаг байсан үед нь гэрээ хэлэлцээр хийсэн. Хүүгээ өнгөрснөөс хойш биеийн байдал нь муудсан хүн ороод очиход юм дуугарахгүй, ярьж хэлж байгаа нь мэдэгдэхгүй болсон. Тэрнээс өмнө ярьж хэлж байгаагаа мэдэж л байсан. Н.С-Э эмээгээ асарч хамгаалаагүй хэрнээ одоо өмчлөлийн газрыг нь өөрийнхөө ашиг сонирхлын төлөө авах гээд байна. Асран хамгаалагч байхдаа 4 метр газрыг нь зарсан гэж ярьж байна. Өөрийнх нь зарсан газар болохоор хуулийн дагуу болоод, аавынх нь зарсан газар яагаад хүчин төгөлдөр биш болдог юм. Нотлох баримтад авагдсанаар асаргааны мөнгийг өөрийнхөө хувийн ашиг сонирхолд зарцуулсан, мөн харж хандаагүй үүднээс цуцалсан гэсэн бичиг байсан. Өөрөө харж хандахгүй орхисон хэрнээ одоо хэл ам хийгээд яваад байгаа нь ямар учиртай бэ? С.Н ээжийгээ байшинд байлгах хэцүү байна, тэгээд ч хөдөө гарах гэж байгаа гээд яриад байсан. Тэгэхээр нь ингэж яриад байна, үнэн юм уу? гэхэд П.С гуай би хүний юмыг авсан бол өгнө, би мэдэхгүй С.Н өмч, би мөнхийн хүн биш, ярьж тохирсон бол би дэмжиж байна гэж хэлсэн. Нотариат дээр очиход нотариатч бас асуусан. Таны өмчлөлд байгаа газрыг зарах гэж байна, та өөрөө мэдэж байна уу? гэхэд би мэдэж байгаа гэж хэлээд гарын үсэг зурсан. Би 4 ханатай шалтай гэр, найман тахилтай хивс, цэнхэр өнгийн мотоцикль өгсөн, мөн манай дэлгүүрээс ирж хоол ундны зүйл авсан байсан, 1 500 000 төгрөгийг бэлнээр С.Н, 500 000 төгрөгийг нотариатын хүний хажууд П.С гуайд тоолж өгсөн. Иймд өөрт нь ярьж хэлээд, өөрийг нь дагуулж яваад өөрийнхөө өмчлөлд шилжүүлсэн учраас миний өмчлөлд үлдээж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6., 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийг эрх залгамжлагч Н.С-Э шаардлагыг хангаж, П.С, А.Б нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, ... тоот 759 м.кв газрыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6. дахь хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, ... тоот 070200323 нэгж талбарын дугаартай, 759 м.кв газрыг хариуцагч А.Б өмчлөлд бүртгэсэн Г-1902000511 дугаар бүртгэлийг хүчингүй болгохыг Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,

Хариуцагч А.Б нь гэрээний төлбөрт шилжүүлсэн эд хөрөнгөө холбогдох этгээдээс шаардах эрхтэй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А.Б улсын тэмдэгтийн хураамжид 28 550 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

  1. Хариуцагч А.Б давж заалдах гомдолдоо:  

Хариуцагч А.Б давж заалдах гомдлын агуулга: Миний бие 2020.10.09 нд 2-р баг, ... тоот газрыг 5 саяаар худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Талийгаач С нь надтай гэрээ хэлцээр хийж гарын үсэг зурахдаа эрх зүйн чадамжтай байсан гэж үзэж байна. Энэ нь гэрч нотариатч П.А мэдүүлгээс харагдаж байна. Уг гэрээ хэлэлцээр хийснээс хойш 4 сарын дараа буюу 2021.02.23-ны өдрийн А-23 дугаар захирамжаар П.С нь асаргаанд байдаг үндэслэлээр Д харгалзан дэмжигчээр тогтоосон. Сүмбэр сумын нэгдсэн эмнэлэгийн 2021.06.17 нд буюу 8 сарын дараа 02/298 дугаартай тогтоолоор насны доройтол тархи болон үе мөчний үрэвсэл шээс задгайрах өвчний учир байнгын асаргаанд байдаг гэж тодорхойлсон.

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.28-ны өдрийн 134/ШШ2021/00111 дугаар шийдвэрээр С иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож Иргэний хуулийн 56-1-6 д заасан сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийг ойлгохгүй, чадахгүй болсон эрх зүйн чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцэлд хамааруулан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсныг буруу, хэтэрхий нэг талыг баримталж шийдвэр гаргасан байна гэж үзэж байна. Иймээс шүүхийн шийдвэрийг үнэн зөв шийдсэн байна гэж үзэхгүй байгаа тул гомдолтой байна.

Иймд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.18-ны 134/ШШ2022/00015 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож,  Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүхээс 2021 оны 11 сарын 23-ны өдрийн 216/МА2021/00012 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан бөгөөд шүүх магадлалд заасан ажиллагаануудыг зөвтгөн бүрэн хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал;

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар “зохигч болох хүн нас барсан, ...үед маргаантай байгаа шаардлага буюу үүрэг эрх залгамжлагчид шилжих ёстой байвал” гэсэн үндэслэлээр П.С хууль ёсны өвлөгч нь хэрэгт эрх залгамжлагчаар оролцох хүсэлтийг шүүхэд ирүүлэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, иргэн М.Д эрх залгамжлагчаар тогтоосон захирамжаа хүчингүй болгож, иргэн Н.С-Э гаргасан эрх залгамжлагчаар солиулах хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу Н.С-Э эрх залгамжлагчаар сольж хэргийг шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх П.С нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д заасан сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэн эрх зүйн бүрэн чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэсэн үндэслэлээр П.С, А.Б нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, тоот 759 м.кв газрыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Н.С-Э шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            Өөрөөр хэлбэл иргэн П.С нь эрх зүйн чадамжгүй болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын П.С харгалзан дэмжигчээр М.Д болон Н.С-Э тогтоосон захирамжийн хуулбар, П.С байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолтын хуулбар, анхан шатны шүүхийн П.С иргэний эрх зүйн чадамжгүйд тооцсон тухай шийдвэр, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягтын хуулбар, Хамтарсан багийн шуурхай хурлын тэмдэглэлийн хуулбар, Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн П.С өвчний учир байнгын асаргаанд байдаг гэсэн тодорхойлолт, гэрч Б.Б, П.А, П.Н, Д.Б, Н.Т нарын мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдсон байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дах хэсэгт зааснаар газрыг хариуцагч А.Б өмчлөлд бүртгэсэн Г-1902000511 дугаар бүртгэлийг хүчингүй болгохыг Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, гэрээ хэлцэл хийсэн талууд болох П.С, С.Н нар нь нас барсан болох нь тогтоогдсон тул хуульд заасан журмын дагуу хариуцагч А.Б нь холбогдох этгээдээс хохирлоо шаардах эрхтэй болохыг заасан нь хууль зөрчөөгүй байна.

Иймд хариуцагчийн ... анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэтэрхий нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий гомдлыг хангах үндэслэл хэргийн үйл баримт болон нөхцөл байдал, талуудын тайлбар зэргээс тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчаас гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 134/ШШ2022/00015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн  хураамж төлсөн 28550 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийн Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгсүгэй.

 

 

............ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ТЭГШСУУРЬ

........... ШҮҮГЧ                                                  А.САЙНТӨГС

            ШҮҮГЧ                                                  О.ОДНЯМАА