Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 209/МА2017/00148

 

*******ны нэхэмжлэлтэй   
 иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01662/и

 Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа  С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 793 дугаар шийдвэртэй,   

           Нэхэмжлэгч *******ны нэхэмжлэлтэй,  

           Хариуцагч “Хуртай” ХК-д холбогдох  

      "Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, зээлийн гэрээний үүрэг болох нийт 186,157,804 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

           Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Мандуул нар  оролцов.

            Нэхэмжлэгч *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нараас:

            “Хуртай”  ХК нь тус банктай 2010 оны 06 сарын 11-ний өдөр 10/112 тоот зээлийн гэрээ байгуулж, 290,000,000 төгрөгийн зээлийг жилийн 8,8 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай, JBIC-ийн төслийн зориулалттай авсан. Зээлийг хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтад зориулан олгосон бөгөөд зээлийн барьцаанд “Хуртай” ХК-ийн өмч болох Дархан-Уул аймаг, суманд байрлах 952,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн *******, ******* дугаар өмчлөх эрхийн гэрчилгээтэй, үйлчилгээний барилга, усжуулалтын систем, нэгж талбарын ******* дугаартай 0,36 га газар, “Хуртай” ХК-ийн эзэмшлийн 10,000 м.кв талбайтай, нэгж талбарын 0******* дугаартай, ******* дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт тус тус барьцаалж, 10/112 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулан зохих журмын дагуу нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл талуудын байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөг хүрээд байна.      

 Иймд 2010 оны 06 сарын 11-ний өдрийн №10/112 дугаартай зээлийн гэрээг цуцлуулж, 2017 оны 06 сарын 05-ны өдрийг дуустал хугацааны зээл, хүүний төлбөрт нийт 186,157,804 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч аас:

2001 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын шийдвэрээр орон нутгийн өмч болох “Хуртай” ХК-ийн 51 хувийг хувьчилж 100 хувь хувийн өмчид тулгуурласан нээлттэй хувьцаат компани болжээ. 2008 онд тус компанийн 28 хувийн хувьцааг худалдан авсан. Тус компани *******аар дамжуулан Японы Жайкагийн 2 үе шаттай зээлээс тухайн үеийн ханшаар 200,0 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийг авсан. Гэвч ******* зээлийн талыг нь “Хуртай” ХК-ийн дансанд оруулан үлдсэнийг хадгаламжинд хийн өөрсдөө эргэлтэнд оруулан ашигласан. Компани  авсан зээлээ сувгийн засварт зарцуулсан ба уг сувгийг сумын 600 гаруй өрх түрээслэн амьдралаа залгуулдаг юм. Компани зээлийн үлдсэн хэсгийг өөрийн эргэлтийн хөрөнгөнд зарцуулан ашиг олон зээлийг бүрэн төлж барагдуулах боломжтой байсан боловч банк тийм боломж олгоогүй болно. Хуртай компанийн нэр дээр *******ны удирдлага 1,5 тэрбум төгрөгийн зээл авч их хэмжээний ашиг олсон ба энэ ТУЗ-ийн дарга тай холбоотой бусад компаниудыг зохиомлоор их хэмжээний өртэй юм шиг харагдуулж үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлсөн. Тухайн үед *******  зээлийн мөнгийг битүүмжлээд олгохгүйгээс бид төслөө хэрэгжүүлэх боломжгүй болоод байсан тул хадгаламжийн гэрээ байгуулан гарын үсэг зурсан. Энэхүү гэрээ нь зөвхөн банкны эрх ашгийн үүднээс хийгдсэн гэрээ юм. Түүнээс ямар ч хүн 2010 онд бага хүүтэй төслийн зээл авч, түүнийгээ хадгаламжид хийчихээд 2012 онд нь дахин 1,500,000,000 төгрөгийн хүүтэй зээл авахгүй. *******ны ТУЗ-аас 1,500,000,000 төгрөгийг хаасан шийдвэр гарсан бөгөөд түүнтэй адил энэ 290,000,000 төгрөгийн асуудлыг шийдвэрлэх байх гэж би бодож байсан. Хадгаламжийн мөнгө зээлэнд төлөгдөж хэзээ дууссан талаар бид огт мэдээгүй. Иймээс манай компанийн зүгээс гэрээг зөрчсөн асуудал байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 793 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан *******ны Хуртай ХК-д холбогдуулан гаргасан, 2010 оны 06 сарын 11-ний өдрийн №10/112 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 186,157,804 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,202,814 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдсан гомдолдоо:

“Хуртай” ХК-ийн зээлийн эргэн төлөлт, зээлийн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой харилцаанд дараах нөхцөл байдал үүссэн. Үүнд

Нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй нөхцөл байдал үүссэн болох нь зээлийн эргэн төлөлтийн “зөрчлийн нийт хэмжээ, зөрчигдсөн хугацаа зэргээр хангалттай тогтоогдоно. “Хуртай” ХК нь нийт 91.644.370 төгрөгийн зээлийн зөрчлийг үүсгэсэн нийт 442 хоногоор зээлийн төлбөр төлөх үүргээ хэтрүүлсэн байна. Төлөх хугацаа нь өнгөрсөн зээлийн хэмжээ нь нийт зээлийн үлдэгдлийн 50 орчим хувьтай тэнцэж байгаа нөхцөлд нэмэлт хугацаа олгоод үр дүнд хүрэхгүй нь  тодорхой гэж үзэж байна.

Нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй нөхцөл байдал бүрдсэн хэдий ч банк нэмэлт хугацааг олгосон нь банкны 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нэхэмжлэл, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 17/348 тоот мэдэгдэл зэргээр тогтоогдож байна.  Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д гэрээнээс татгалзахын өмнө нэмэлт хугацаа олгосон байхыг шаардсан байх бөгөөд банкны зүгээс “гэрээг цуцлах тухай” нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргахаасаа өмнө нэмэлт хугацаа тогтоож,хариуцагчид мэдэгдэл хүргүүлсэн байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд  үүссэн эрх зүйн маргаантай харилцааны талаар  Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь   үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч  *******ны “Дархан” салбар  хариуцагч  “Хуртай”  ХК-д холбогдуулан  зээлийн гэрээ  цуцалж, гэрээний үүрэгт  186.157.804  төгрөг гаргуулж,  барьцааны  хөрөнгөөр   үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  шаардсан  байна. 

Хариуцагч  нь  нэхэмжлэлийг эс зөвшөөрч   “...тус компани  *******аар дамжуулан  Японы  Жайкагийн 2 үе шаттай зээлээс  тухайн үеийн ханшаар  200,0 мянган ам.доллартай тэнцэх  хэмжээний зээлийг авсан, гэвч банк зээлийн хагасыг  “Хуртай” компанийн дансанд оруулан  үлдсэнийг   хадгаламжинд хийн өөрсдөө эргэлтэнд оруулан ашигласан,  зээлийг сувгийн засварт зарцуулсан ба  уг сувгийг сумын 600 гаруй өрх түрээслэн амьдралаа залгуулдаг юм.  Зээлийг бүрэн  зарцуулах  боломж олгоогүй.

Иймээс  манай  компанийн зүгээс гэрээг зөрчсөн  асуудал байхгүй  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй”   гэж  маргажээ.

Зохигчдын хооронд  2010 оны 06 дугаар сарын  11-ний өдөр зээлийн гэрээ  болон барьцааны гэрээ байгуулагдсан,  гэрээнд зааснаар  290.000.000 төгрөгийг 96 сарын хугацаатай, жилийн 8,8 хувийн хүүтэйгээр,  бэлэн бусаар  зээлэх, зээлдэгч  зээлийг  эргэн төлөлтийн хуваарийн дагуу  зээл,  хүүний  төлбөрийг  төлж барагдуулахаар харилцан  тохиролцсон байх ба  гэрээний үүргийн биелэлтийг хангахаар  нэр  бүхий хөрөнгүүдийг  барьцаалж   10\112  дугаартай барьцааны гэрээг байгуулж,   290.000.000 төгрөгийн  зээлийг  “Хуртай”  ХК-ийн    хугацаагүй хадгаламжийн  дансанд  2010 оны  06 дугаар сарын 22-нд шилжүүлсэн байна.

“Хуртай”  ХК  тус  зээлээс  2010 оны  10 дугаар сарын 15-наас  2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх байдлаар  нийт  145.530.000 төгрөгийг  захиран зарцуулж,  үлдэх  143.020.000 төгрөгийг, хадгаламжийн гэрээний дагуу,  дансны  үлдэгдлийн доод хэмжээнээс хамаарч  захиран зарцуулах  эрхгүй  байсан ба  уг  мөнгийг  *******  зээлийн  үүрэгт  суутган авчээ.

Зээл тодорхой зориулалттай байх, хугацаатай байх, хариу  төлбөртэй байх, баталгаатай буюу барьцаатай байх, буцаан төлөх буюу зээл  эргэн төлөгдөх эх үүсвэртэй байх, зээл  ялгамжтай байх  зарчимыг  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулинд зохицуулсан байдаг.  Талуудын  хооронд байгуулсан гэрээ  энэ зарчмын дагуу  хийгдсэн гэж үзнэ.

Иргэний хуулинд заасан  зээлдүүлэгч зээлийг зээлдэгчийн  өмчлөлд  бүрэн шилжүүлэх  үүрэгтэй,  уг мөнгийг  зээлийн зориулалтын дагуу  зээлдэгч захиран зарцуулах  эрхтэй.

Талуудын хооронд  байгуулагдсан  зээлийн гэрээнд   зээлийн зориулалтыг JBIC-ийн төслийн дагуу Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах  гэж  гэрээний  3.1.7, 4.1-д  тодорхойлсон байх ба   зориулалтыг зөрчсөн болон зээлийн хугацаа, хүү барьцааны талаар   талууд маргаагүй  болно.

Нэхэмжлэгч   зээлийн гэрээг цуцлах  үндэслэлийг  зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу  төлвөл зохих  2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөр  197.500.000  төгрөгийн үндсэн зээлээс  116.000.000 төгрөг төлж үлдэгдэл  80.644.370  төгрөгийг  төлөөгүй гэрээний  үүргээ  зөрчсөн  гэж   заасан  байна.

Харин хариуцагч  зээлдүүлэгчийг   гэрээний дагуу  зээлдэгчийн өмчлөлд мөнгийг  бүрэн шилжүүлэх  үүргээ  зөрчсөн  гэж  маргасан байна.

Иргэний хуулийн  204 дүгээр зүйлийн 204.1,  204.2-т  аль нэг тал нь  гэрээнээс татгалзах бол  энэ тухай нөгөө талдаа  мэдэгдэх,   гэрээнээс татгалзах хугацааг  санал гаргаагүй тал тогтоох,  221 дүгээр зүйлийн  221.1-д  Хүндэтгэн үзэх үндэслэл байвал  урт хугацаатай гэрээний талууд гэрээ  дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр  гэрээнээс татгалзаж болохоор  зохицуулсан.

Өөрөөр хэлбэл гэрээг цуцлахад хуульд заасан  дээрх журмыг заавал баримтлахаар хуульчилсан байна. 

Хэргийн үйл баримтаас үзэхэд  нэхэмжлэгч  үүрэг гүйцэтгэгчид   гэрээ цуцлах талаар мэдэгдэж  байгаагүй, нэмэлт хугацаа  тогтоогоогүй, урьдчилан сануулж  байсан  эсэх  нь  тодорхойгүй,   хүндэтгэн үзэх  үндэслэлийн талаарх нотлох баримтыг  шүүхэд ирүүлээгүй байна.

*******  2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 17\348 дугаартай  мэдэгдлийг  “Хуртай” ХК-д хүргүүлжээ.  Уг мэдэгдэл нь  “Хуртай”  ХК-ийг  “...нэхэмжлэлийн дагуу  186.157.804  төгрөгийг нэн даруй  төлж барагдуулна уу” гэсэн  агуулгатай  байх бөгөөд  хугацааны хувьд  шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  үед  болсон  байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн  219.2-т  “Үүрэг гүйцэтгэгч  үүрэг гүйцэтгэх хугацаа  хэтрүүлсэн бол  үүрэг гүйцэтгүүлэгч түүнд  үүргээ биелүүлэх  нэмэлт хугацаа  зааж  болно ...,  гэсэн нь  үүрэг гүйцэтгэх тодорхой хугацаа  өгсөн, эсхүл сануулга өгсөн  байх  гэсэн ойлголт  ба  энэ нь цаг хугацааны хувьд   шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө  хийгдэж,  үр дүн гараагүй   бол  хуулийн  225 дугаар зүйлийн  225.1-д зааснаар   гэрээнээс татгалзаж,  татгалзсаны үр дагаврыг шаардах  эрхтэй.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч  гэрээнээс татгалзахдаа Иргэний хуульд  заасан журмыг баримтлаагүй нь  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох  үндэслэл  болж байна.Анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлтийг буруутгах  үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн  тайлбар болон нотлох баримтаас  үзэхэд  зээлийн гэрээний нөхцөлийн дагуу  шилжүүлсэн мөнгийг  зээлдэгч  бүгдийг  захиран зарцуулах бололцоотой  байсан эсэх,  гэрээний үүргээ  зээлдэгч  бүрэн  хэрэгжүүлэх   боломжтой байсан эсэх нь  тодорхойгүй, зээлдүүлэгч зээлийг  бүрэн шилжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Зээлдэгч  нь  “Хуртай” ХК  эргэлтийн хөрөнгөд зориулж  290.000.000 төгрөгийн зээл авах  шаардлагатай байсан,  энэ хүсэлтийг  Капитрон  банкинд  гаргаж,  уг хэмжээгээр  зээл  олгохоор харилцан тохиролцсон  байтал  143 сая төгрөгийг  зарцуулах боломж олгоогүйгээс  зээлийн хөрөнгө  зориулагдсан үйл ажиллагаанаас  олсон ашгаас төлөх боломжгүй  болгосон нөхцөл байдал   харагдаж байна.

Иргэний хуульд  зээлдүүлэгч зээлийг зээлдэгчийн  өмчлөлд  бүрэн шилжүүлэх  үүрэгтэй  ба энэ үүргээ  зохих ёсоор биелүүлээгүй байна.  Хэдийгээр  мөнгийг  “Хуртай” ХК-ийн   хадгаламжийн дансанд  бүрэн шилжүүлсэн боловч хадгаламжийн дансны доод хэмжээг  зээлийн мөнгөний тал хэсэг  байхаар  тогтоосноор зээлдэгчийн   зээлийг  зориулалтын дагуу  захиран зарцуулах  эрхийг  зөрчсөн  явдал  болсон.

Иймд  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага  нь   Иргэний хуулийн  219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2, 221 дүгээр  зүйлийн 221.3 дахь хэсэгт нийцэхгүй байх тул   нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн,   анхан шатны шүүхийн шийдвэр  хууль зөрчөөгүй байх тул  нэхэмжлэгчийн   давж заалдсан гомдлыг  хангахгүй орхих нь зүйтэй гэж  дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 793 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.202.814 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         О.НАРАНГЭРЭЛ            

                                                                                     ШҮҮГЧИД                                  Л.АМАРСАНАА     

                                                                                                                                     С.ЭНХЖАРГАЛ