Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00272

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 793 дугаар шийдвэр

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 148 дугаар магадлалтай

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Х” ХК-д холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, зээлийн гэрээний үүрэг болох нийт 186 157 804 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ариунаагийн гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Чинбат, хариуцагчийн төлөөлөгч Ц.Ламжав, хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХК нь тус банктай 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 10/112 тоот зээлийн гэрээ байгуулж, 290 000 000 төгрөгийн зээлийг жилийн 8.8 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай, JBIC-ийн төслийн зориулалттай авсан. Зээлийг хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтад зориулан олгосон бөгөөд зээлийн барьцаанд “Х” ХК-ийн өмч болох Дархан-Уул аймаг, Орхон суманд байрлах 952 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2004000193 дугаартай, 0036484 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээтэй, үйлчилгээний барилга, усжуулалтын систем, нэгж талбарын 080250033 дугаартай 0.36 га газар, “Х” ХК-ийн эзэмшлийн 10 000 мкв талбайтай, нэгж талбарын 080250035 дугаартай, 0174497 дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт тус тус барьцаалж, 10/112 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулан зохих журмын дагуу нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл талуудын байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөг хүрээд байна. Иймд 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №10/112 дугаартай зээлийн гэрээг цуцлуулж, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацааны зээл, хүүний төлбөрт нийт 186 157 804 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2001 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын шийдвэрээр орон нутгийн өмч болох “Х” ХК-ийн 51 хувийг хувьчилж 100 хувь хувийн өмчид тулгуурласан нээлттэй хувьцаат компани болсон. 2008 онд Ц.Ламжав тус компанийн 28 хувийн хувьцааг худалдан авсан. Тус компани “К” ХХК-аар дамжуулан Японы Жайкагийн 2 үе шаттай зээлээс тухайн үеийн ханшаар 200 000 ам доллартай тэнцэх хэмжээний зээлийг авсан. Гэвч “К” ХХК- зээлийн талыг нь “Х” ХК-ийн дансанд оруулан үлдсэнийг хадгаламжид хийн өөрсдөө эргэлтэд оруулан ашигласан. Компани авсан зээлээ сувгийн засварт зарцуулсан ба уг сувгийг Орхон сумын 600 гаруй өрх түрээслэн амьдралаа залгуулдаг юм. Компани зээлийн үлдсэн хэсгийг өөрийн эргэлтийн хөрөнгөнд зарцуулан ашиг олон зээлийг бүрэн төлж барагдуулах боломжтой байсан боловч банк тийм боломж олгоогүй болно. “Х” ХК-ийн нэр дээр “К” ХХК-ны удирдлага 1.5 тэрбум төгрөгийн зээл авч их хэмжээний ашиг олсон ба энэ нь ТУЗ-ийн дарга Ц.Ламжавтай холбоотой бусад компаниудыг зохиомлоор их хэмжээний өртэй юм шиг харагдуулж үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлсөн. Тухайн үед “К” ХХК- зээлийн мөнгийг битүүмжлээд олгохгүйгээс бид төслөө хэрэгжүүлэх боломжгүй болоод байсан тул хадгаламжийн гэрээ байгуулан гарын үсэг зурсан. Энэхүү гэрээ нь зөвхөн банкны эрх ашгийн үүднээс хийгдсэн гэрээ юм. Түүнээс ямар ч хүн 2010 онд бага хүүтэй төслийн зээл авч, түүнийгээ хадгаламжид хийчихээд 2012 онд нь дахин 1 500 000 000 төгрөгийн хүүтэй зээл авахгүй. “К” ХХК-ны ТУЗ-аас 1 500 000 000 төгрөгийг хаасан шийдвэр гарсан бөгөөд түүнтэй адил энэ 290 000 000 төгрөгийн асуудлыг шийдвэрлэх байх гэж би бодож байсан. Хадгаламжийн мөнгө зээлэнд төлөгдөж хэзээ дууссан талаар бид огт мэдээгүй. Иймээс манай компанийн зүгээс гэрээг зөрчсөн асуудал байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 793 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1.-д тус тус заасныг баримтлан “К”-ны “Х” ХК-д холбогдуулан гаргасан, 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №10/112 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 186 157 804 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 202 814 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 148 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 793 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 202 814 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ариунаагаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд:

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2-т аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх, гэрээнээс татгалзах хугацааг санал гаргаагүй тал тогтоох, 221 дүгээр зүйлийн 221.1-д хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болохоор зохицуулсан. Өөрөөр хэлбэл гэрээг цуцлахад хуульд заасан дээрх журмыг заавал баримтлахаар хуульчилсан байна” гээд “Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч үүрэг гүйцэтгэгчид гэрээ цуцлах талаар мэдэгдэж байгаагүй, нэмэлт хугацаа тогтоогоогүй, урьдчилан сануулж байсан эсэх нь тодорхойгүй, хүндэтгэн үзэх үндэслэлийн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна” гэж дүгнэсэн. Хариуцагч “Х” ХК нь “К” ХХК-тай 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 10/112 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, 290 000 000 төгрөгийг, жилийн 8.8 хувийн хүүтэйгээр 96 сарын хугацаатай зээлсэн. “К” ХХК-ны зүгээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно”, 21.4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгч “Х” ХК-ийн 3053005104 тоот зээлийн дансанд 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 290 000 000 төгрөгийг олгосон байдаг.

Харин зээлдэгч “Х” ХК нь зээлийн хөрөнгийг дор дурдсан байдлаар захиран зарцуулсан байна. Үүнд:

145 530 000.00 төгрөгийг төслийн үйл ажиллагаанд зарцуулсан,

143 020 000.00 төгрөгийг “Х” ХК нь өөрийн нэр дээр хадгаламж нээлгэн хадгалуулсан,

Зээлдэгч “Х” ХК нь ийнхүү зээлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, захиран зарцуулсан цаг хугацаанаас хойш буюу 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс хойш зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг сайн дураар биелүүлж байсан удаа байхгүй бөгөөд нийт 84 сарын турш зээлийг төлөх хүсэл зориг, эрмэлзэлгүй байсан нь харагдаж байна.

Өөрөөр хэлбэл зээлдэгч “Х” ХК нь зээлийг Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлдөггүй учир банк “Зээлийн гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.4, 6 дугаар зүйлийн 6.2.5, 7 дугаар зүйлийн 7.1.4 заалт болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол зээл, түүний хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгчийн болон батлан даагчийн данснаас үл маргалдах журмаар төлүүлнэ” гэж заасны дагуу зээлийг төлүүлж байсан. Түүнчлэн зээлдэгч “Х” ХК-ийн хадгаламжийн данснаас 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зээлийг төлүүлснээс хойш нийт 480 хоног зээл, зээлийн хүүгийн төлөлт огт хийгдээгүй бөгөөд зээл эргэн төлөгдөх найдваргүй болсон байна. Нөгөөтэйгүүр, “Х” ХК-тай байгуулсан Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5-д “Зээлийн хугацаа 96 сар” гэж заасан. Зээлийн гэрээнд заасан зээлийн хугацаа 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болно. Өөрөөр хэлбэл зээлийн хугацаа дуусахад нийт 7 сарын хугацаа үлдээд байна. Гэтэл зээлдэгч “Х” ХК-ийн зүгээс зээлийн нийт хугацааны 89 сард нь 116 855 629 төгрөгийг үндсэн зээлээс төлсөн. Өнөөдрийн байдлаар 173 144 370 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байна. Өөрөөр хэлбэл 7 сарын хугацаанд багтааж уг үлдэгдлийг хүүгийн хамт төлөх ёстой байна. Үүнээс дүгнэхэд зээлдэгч нь зээлийн хугацаа болох 96 сарын 89 сард нь үндсэн зээлийн 40 хувийг төлсөн байхад үлдсэн 7 сард 60 хувийг, дээр нь хүүгийн хамт төлөх найдваргүй нь харагдаж байна. Уг нотлогдож буй нөхцөл байдал нь Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-т “Дараах нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй” 226.1.1-т “Ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол” гэж заасан зохицуулалтад шууд хамаарч байгаа юм. Зээлдэгч “Х” ХК-нд нэмэлт хугацаа тогтоосон ч, урьдчилан сануулсан ч зээл, зээлийн хүүгийн төлөлтийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөхгүй нь илэрхий юм. Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалтыг хэрэглэсэн нөхцөлд уг хуулийн 204 дугаар зүйлийн 204.2, 219 дүгээр зүйлийн 219.2 дахь заалт хэрэглэгдэхгүй юм. Нэхэмжлэгч “К” ХХК-ны зүгээс давж заалдах гомдолдоо уг асуудлыг тайлбарлаж, нотолсоор байхад шүүхээс огт дүгнэлт өгөхгүйгээр Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1,204.2 болон 221 дүгээр зүйлийн 221.1 дэх заалтыг хэрэглэсэн нь буруу юм.

Шүүх хэргийн үйл баримт, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй тухайд:

Магадлалын хянавал хэсэгт “Зээлдэгч нь “Х” ХК эргэлтийн хөрөнгөнд зориулж 290 000 000 төгрөгийн зээл авах шаардлагатай байсан, энэ хүсэлтийг “К”-нд гаргаж, уг хэмжээгээр зээл олгохоор харилцан тохиролцсон байтал 143 000 000 төгрөгийг зарцуулах боломж олгоогүйгээс зээлийн хөрөнгө зориулагдсан үйл ажиллагаанаас олсон ашгаас төлөх боломжгүй болгосон нөхцөл байдал харагдаж байна” гэжээ. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т банкнаас олгох зээлийн үйл ажиллагааг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “3ээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж зохицуулсан. “К” ХХК- нь зээлдэгч “Х” ХК-тай хуульд заасан дагуу зээлийн гэрээ байгуулж, улмаар зээлдэгчийн 3053005104 тоот зээлийн дансанд гүйлгээ хийж зээлийг олгосон. Ийнхүү зээлийг олгосон даруй зээлдэгчийн “К” ХХК-ны 3053005095 тоот харилцах данс руу гүйлгээ хийж, зээлдэгчийн хувьд зээлийг захиран зарцуулах эрх үүссэн юм. Харин зээлдэгчийн зүгээс зээлийн хөрөнгийг хадгаламжийн дансанд байршуулж, улмаар хадгаламжийн дансны үлдэгдлийн доод хэмжээнд өндөр дүн тогтоосон асуудал нь “Х” ХК-ийн хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд банкинд хадгалуулахгүй байх ч эрхтэй юм. Хэрэв “Х” ХК нь хадгаламжийн асуудалд гомдолтой байгаад банкийг буруутгадаг байсан бол өнөөдрийг хүртэл хугацаанд гомдол санал гаргаж байгаагүй нь уг компанийн өөрийн хүсэл зориг гэдэг нь харагдаж байна. Нөгөөтэйгүүр, хадгаламжийн асуудал нь зээлийн гэрээтэй холбоогүй бөгөөд тусдаа бие даасан гэрээний харилцаа юм. “К”-ны хувьд зээлдэгч “Х” ХК-нд зээлийг хууль болон гэрээнд заасны дагуу олгосон. Шүүхийн зүгээс энэ хүрээнд дүгнэлт өгөлгүй хадгаламж нээлгэж, мөнгө хадгалуулсан асуудалд банкийг буруутгаж, улмаар зээлийн олгоогүй мэтээр дүгнэсэн нь хэт нэг талыг баримталсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нэг бүрчлэн дүгнэлт өгч чадаагүй гэж харагдаж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “К” ХХК “Х” ХК-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд 186 157 804 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Зохигчид 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ” байгуулж, зээлдүүлэгч “К” ХХК- ХХК нь зээлдэгч “Х” ХК-д 290 000 000 төгрөгийг 96 сарын хугацаатай, жилийн 8.8 хувийн хүүтэй, төслийн зээлийн зориулалтаар  зээлдүүлэх, зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлж барагдуулахаар, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч нь өөрийн эзэмшил, өмчлөлд буй 952 мкв талбай бүхий үйлчилгээний барилга, усжуулалтын систем, эзэмшил бүхий газрыг барьцаалсан байна.

Гэрээний дагуу зээлдүүлэгч зээлийн зүйлийг зээлдэгчийн хадгаламжийн дансанд шилжүүлж, мөн өдрөө хугацаагүй хадгаламжийн гэрээ байгуулж, хадгаламжийн дансны доод үлдэгдлийг 143 550 000 төгрөгөөр тогтоохоор гэрээндээ тусгасан,

Зээлдэгч “Х” ХК хадгаламжид шилжүүлсэн зээлээс 145 530 000 төгрөгийг авч захиран зарцуулсан, хадгаламжийн үлдэгдэл мөнгийг зээлдүүлэгч зээлийн төлбөрт суутган авсан үйл баримт тогтоогджээ.

Хоёр шатны шүүх зээлдүүлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, урт хугацаатай зээлийн гэрээг цуцлах ноцтой нөхцөл байдал бий болоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 204, 225, 226, 221 дүгээр зүйлүүдийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Үүнээс гадна зохигчдын хооронд 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ”-гээр зээлдүүлэгч нь 290 000 000 төгрөгийг зээлдэгчид олгох үүрэг хүлээсэн боловч тухайн зээлийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн эсэх нь тодорхойгүй, гэрээний 3.1.3.-т зааснаар зээлийн хүүг жилийн 8.8 хувь гэж тохирсон боловч тус хүү 6 сар тутам хувьсахаар заасан байх тул энэ хугацаанд зээлийн хүү хувьссан эсэх, энэ тухай баримтгүй, нэхэмжлэгч нь нэхэмжилж буй зээлийн хүүг хэдэн хувиар тооцсон болох түүний үндэслэл, түүнийг нотлосон баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон үндэслэл тодорхойгүй  нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байх тул гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 793 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 148 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “К” ХХК-ийн төлөөлөгч Л.Ариунаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “К” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 202 814 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД