Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/00918

 

 

Д- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 1 сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00169 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А- ХХК, Д.Б- нарт холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 705 658 800 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш.С,

Хариуцагч: Д.Б-, түүний өмгөөлөгч Д.Н,

Хариуцагч А- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани нь А- ХХК болон Д.Б- нартай 2014 оны 3 сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд баригдаж байгаа А- ХХК-ийн Д.Б-, Д.О- нарын захиалгаар хөнгөн цагаан фасад, шилэн фасадын ажил нэртэйгээр 3600 м.кв-ийг талбайн 1 м.кв талбайг 950 юаниар тооцож, 3 420 000 юань, шилэн фасадыг 6 мм зузаантай 1160 м.кв талбайг, 1 м.кв талбай тутмыг 1400 юаниар тооцож, 1 624 000 юаниар, дулаалга болон шилэн хөвөнг үнэ төлбөргүй гүйцэтгэхээр тохирсон. Барилгын ажлыг 2014 оны 3 сард эхлүүлж, 11 сард дуусгасан. Ажил дуусгах үед гэрээнд тохирсноос илүү ажил хийх шаардлага гарсан тул талууд нэмэлт ажил хийхээр тохирсон, нэхэмжлэгч талаас ажлын тоо хэмжээг гаргаж өгөөд гүйцэтгүүлэх саналыг тавьсан. Энэ ажлыг гүйцэтгэхдээ тусдаа бие даасан гэрээ байгуулаагүй боловч ажлын тоо хэмжээ, үнийн саналыг нэхэмжлэгч талаас гаргаж, хариуцагч зөвшөөрч, шилэн хана 265 м.кв, шилэн хаалга 48 м.кв, чулуун фасад 194 м.кв, кэй эйф си хаалга 13.8 м.кв, толин хаалга 240 м.кв гэсэн тоо хэмжээтэй ажил хийж гүйцэтгэсэн. Ингээд 2014 оны 11 сарын 11-ний өдөр нэмэлт ажлыг хийж дуусгасны дараа улсын комисс хүлээн авч ашиглалтанд орсон. Нэхэмжлэгч, хариуцагч нараас ажлын төлбөрийг шаардахад боломжтой, боломжгүй талаар амаар тохиролцож байгаад 2017 оны 1, 7 сард төлбөрийг гаргуулахаар бичгээр шаардсан. Улмаар талууд 2017 оны 6 сарын 24-ний өдөр тооцоо нийлж, нийт 1 544 000 юанийн төлбөр тооцоо байгаа талаар акт үйлдсэн. Тооцоо нийлсэн 1 544 000 юань, нэмэлт ажлын 473 523 юань, нийт 1 882 762 юань буюу нэхэмжлэл гаргах үеийн ханш 374.79 төгрөгөөр тооцож 705 658 800 төгрөгийг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б-ын төлсөн 35 000 ам.долларыг хүлээж авсан тул 637 698 800 төгрөгийг хариуцагч нараас 50, 50 хувиар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. А- ХХК нь Аз молл дэлгүүрийн барилгыг Д.О- шилжүүлж авсан учраас манайхаас шаардах эрхгүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ барилгын захиалагч А- ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.О-, Д.Б- нар. Хариуцагч Д.Б- хугацаандаа ажил гүйцэтгээгүй, ажлаа хүлээлгэж өгөөгүй учраас төлбөр төлөх үүрэггүй гэж байна. Гэвч бид ажлаа хүлээлгэж өгсөн учраас улсын комисс уг барилгыг хүлээж авсан байдаг. 2016 оны 11 сарын 01-ний өдрийн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн үнийн саналыг гэрээ биш гэж тайлбарлаж байна. Гэтэл үүний дагуу ажил хийгдэж, тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг тул гэрээ байгуулагдаагүй гэж үзэх боломжгүй. Эдгээр ажлыг өнөөдрийг хүртэл хийгээгүй гэж үзвэл улсын комисс хүлээн авахгүй байсан. Барилгын чулуун фасад, ганжуулаагүй шил, хөнгөн цагаан металл хавтан, хана, цонх, хаалга, фасад чанарын шаардлага хангаагүй гэдэг ч хариуцагч үүнийгээ нотлоогүй. Хариуцагчийн тайлбарт дурдаад байгаа 2017 оны 1 сарын 22-ны өдрийн 19, 2017 оны 6 сарын 07-ны өдрийн 112, 2017 оны 6 сарын 12-ны өдрийн 125 дугаартай албан бичигт тус тус дурдсан асуудлаар хэлэлцэн тохиролцоод, 2017 оны 6 сарын 24-ний өдөр ажлаа дүгнэсэн, төлбөр тооцоогоо нэгтгэсэн учраас ажлыг хүлээн авсан гэж үзнэ. Хариуцагч гэрээ байгуулагдсан эсэхэд маргахгүй, харин Ли гүй мин гарын үсэг зурсан, Д.Б- гарын үсэг зурсан гэдэг дээр маргаж байна. Д.Б- гэрээ байгуулсан, ажил гүйцэтгэсэн гэх хугацаанд хариуцагч А- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн байсан. Барилгын ажил Д.Б-ын захиалгаар баригдсан ажил мөн. Хариуцагч нар хийгдсэн ажил дээр маргаагүй, тоо хэмжээ, төлбөрийн хэмжээн дээр маргаж байгаа. Хариуцагч Д.Б- ажлын доголдлыг 2014 оны 11 сарын 17-ны өдөр гарсан түймэртэй холбоотой гэдэг. Гэтэл гарсан түймэр нь Б.Баярмаа болон Д- ХХК-ийн ажилтантай холбоотой болох нь нотлогдохгүй байна. Үүнтэй холбоотой хохирлын хэмжээг тооцсон баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Шинжээчийн дүгнэлтийн хувьд талуудтай ярилцаж байгаад хэмжилт хийлгэсэн, дүгнэлтэд хэн аль нь маргаагүй. Шинжээчийн дүгнэлтэд хийсэн ажил дутуу биш, харин хэмжээсийн зөрүү байна гэж тусгагдсан. Шинжээчийн дүгнэлтийг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэхэд татгалзахгүй. Мэргэжлийн хяналтын газраас гарсан дүгнэлтэд барилгын суурийн хийц, түүнтэй холбоотой босоо ханын цууралттай холбоотой хийцэд өөрчлөлт гарсан гэдэг дүгнэлт манай гүйцэтгэсэн ажилтай холбоогүй, барилгын ашиглалттай холбоотой дүгнэлт учир манай хийсэн ажилтай хамааралгүй. Харин дулаалгын шилэн хөвөнг манай тал үнэ төлбөргүй хийж өгсөн, хэрэв мөнгөө төлбөл шилэн хөвөнг сольж өгч болно гэжээ.

 

Хариуцагч А- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А- ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд нь Д.Б- биш. А- ХХК нь Д- ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэх боловч тийм гэрээ хэрэгт байхгүй, А- ХХК нь нэхэмжлэгчийн өмнө гэрээний үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. А- ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх нь 2016 оны 10 сарын 22-ны өдрөөс өмнө Д.О-д байж байгаад 2017 оны 5 сарын 08-ны өдрөөс хойш С.Оюунбатад байгаа. 2017 оны 6 сарын 24-ний өдрийн тооцоо нийлсэн гэх актад А- ХХК нь гарын үсэг зураагүй, тооцоо нийлээгүй. Мөн нэхэмжлэгч нь захиалагчийн хүсэлтийн дагуу дотоод заслын хугацааг тохиролцсоноор барилгын дотор шилэн хана, дээвэр, хаалга, толь, чулуун фасад, кэй эф си хаалгыг нэмэлтээр хийсэн гэж тайлбарлаад байгаа боловч А- ХХК нь мөн нэмэлт гэрээг байгуулаагүй. 2014 оны 11 сард нэмэлт ажлын үнийн саналыг Ли гүй мин гэдэг хүн хүлээн зөвшөөрч гарын зуран, 473 523 юанийн ажил гүйцэтгүүлсэн гэж байгаа ч А- ХХК нь Ли гүй минтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй юм. А- ХХК-ийн өмчлөлийн Аз молл хүүхдийн дэлгүүр нь 2015 оны 12 сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Гэтэл нэхэмжлэгч тал А- ХХК нь ажил гүйцэтгүүлээд 2014 оны 11 сарын 11-ний өдөр дууссан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Улсын комисс хүлээн авсан актад А- ХХК гэж байхгүй, харин иргэн Д.Б-, Д.О- нарын захиалгаар бариулсан барилга гэж байгаа. Нэхэмжлэгч ажил хийсэн гэж үзэж байгаа бол Д.Б-тай байгуулсан гэрээний үүргээ бүрэн биелүүлж чадаагүй. Хийсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй, ажил хийсэн акт байхгүй. Гэрээний 1.1-т ажил гүйцэтгээд, ажлын хөлсийг төлнө гэсэн боловч ажлыг хүлээлгэж өгөөгүй. Ажил дутуу хийж гүйцэтгэсэн буюу гэрээнд хувилаад бодсон. Урьдчилгаа төлбөр, материал талбайд ирэх үеийн зардал, ажил гүйцэтгэл 50 хувьд хүрэхэд нийт төлбөрийн 20 хувийг төлнө гэсэн. Ажил гүйцэтгэх гэрээний гол зорилго нь ажлаа хүлээлгэж өгөх эсхүл хийсэн ажилд нь тохирсон хөлс төлөх явдал. Хийсэн ажилд нь тохирсон мөнгийг өгсөн. Одоо 361 701 940 төгрөгийн үлдэгдэлтэй, үүнээс үнэлгээгээр илэрсэн дутуу баригдсан ажлын хөлс 210 000 000 төгрөг, ваарны 60 000 000 төгрөг, 35 000 ам.доллар буюу 85 062 250 төгрөгийг тус тус хасвал Д.Б-ын төлөх үлдэгдэл төлбөр нь 9 379 362 төгрөг. Шинжээчийн дүгнэлтэд шинжилгээ хийх эрх бүхий субьект буюу шинжээч компанийн захирал н.Цэвээн-Орлом, эрх, үүрэгт гарын үсэг зурсан. н.Мөнхтуяа нар дүгнэлт гаргах эрхгүй, үүнийг шүүх анхаарч үзнэ байх гэжээ.

 

Хариуцагч Д.Б- шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь иргэн Д.Б- надтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2014 оны 3 сарын 20-ноос 6 сарын 20-ны өдрийг хүртэл хийж дуусгахаар гэрээ байгуулсан. Гэрээнд ажлыг бүрэн хийж дуусгасны дараа хамтарсан хэмжилт хийж, ажлыг хүлээн авна гэсэн боловч одоог хүртэл хүлээлгэж өгөөгүй. 1 800 000 гаруй юань гэж байгаа нь үндэслэлгүй. Барилгын ажил гүйцэтгэх явцад буюу 2014 оны 10 сард нэхэмжлэгч талын ажилтан гал алдаж, барилгын ард тал шатаж дулаалга шатсан. Дулаалгыг, чулуун фасадыг 100 хувь сольж өгнө гэж хүлээн зөвшөөрсөн ч сольж өгөөгүй. Анх гэрээ байгуулахдаа өгч байсан гадаад фирмийн бүтээгдэхүүнээс нэгийг нь ч хэрэглээгүй. Шилэн фасаднаас одоо 8, 9 ширхэг нь хагарсан буюу чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэмэлт ажлын үнийн саналыг нэхэмжлэгч тал өгснийгөө гэрээ гэж тайлбарлаад байна. Хамгийн анхны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа энэ үнийн саналыг өгсөн. Онцгой байдлын гал түймэртэй тэмцэх газрын дэвтэрт 2016 оны 12 сарын 17-ны өдрийн 17:04 минутад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Гэсэр сүмийн зүүн талд баригдаж байгаа барилга шатаж байна гэх дуудлагыг хүлээн аваад 7 албан хаагч, 2 машинтай тасгийг гаргахад иргэн Б.Баярмаагийн 7 давхар барилгад гал гарсан гэсэн нотолгоо байдаг, сүүлд галын байцаагчид нь Б.Баярмаа 2 000 000 төгрөг өгч иргэн Б.Баярмаагийн ил хог шатаж байна гэх хуурамч дүгнэлтийг гаргуулсан. Мөн ажил гүйцэтгэгчийн ашигласан материалын дийлэнх нь чанаргүй байсан гэдгийг Мэргэжлийн хяналтын байцаагч тогтоосон. Гэрээндээ баталгаат хугацааг 3 жил гэсэн боловч хэзээнээс эхлэн тоолох нь тодорхойгүй, бид тооцоод, 2017 оны 6 сарын 07-ны өдөр А- ХХК, Д.Б- нар дутагдлаа арилгах талаар Д- ХХК-руу албан бичиг хүргүүлсэн, 6 сарын 17-ны өдөр Ли гүй мин хүлээн авсан. Нэмэлт ажил хийх гэрээ байхгүй учраас 473 523 юанийг нэхэмжлэх нотлох баримт, хангах хууль зүйн үндэслэл байхгүй. Үлдэгдэл төлбөр 1 409 238 юаниас хэдэн юань нь материалын зардал вэ, өөрсдөө 100 хувь материалын зардлаа гаргасан уу зэрэг зааг ялгаа харагдахгүй байна. 35 000 ам.долларыг нэхэмжлэгч тал 2016 оны 6 сарын 23-ны өдрийн ханшаар тооцсон. Үүнийг үүрэг гүйцэтгэх үеийн ханш буюу нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцох ёстой. Ингэж тооцвол 85 050 000 төгрөг болж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч А- ХХК-иас 84 707 864 төгрөг, Д.Б-аас 84 707 864 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 536 243 072 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 686 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 005 029 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь үндсэн гэрээний үүрэг 1 544 000 юань, нэмэлт гэрээний үүрэг 473 523 юань, нийт 1 882 762 юанийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан. Анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэргийн 46-48 дугаар талд байгаа баримтыг үнэлэхдээ үнэт эдлэл 60 000 000 төгрөгийг хасч тооцсон үндсэн гэрээний үүрэг тооцсон үлдэгдлээс дахиж 60 000 000 төгрөгийг хассан нь үндэслэлгүй, давхардуулсан байгааг нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзнэ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад байгаа нэмэлт ажлын гэрээний үүрэг 473 523 юань буюу 177 481 177 төгрөгийг огт шийдвэрлээгүй орхигдуулсан нь шийдвэрийн үнийн дүн багасахад хүргэсэн. Иймд 60 000 000 төгрөгт холбогдох нотлох баримтыг үнэлэх, нэмэлт гэрээний үүрэг 177 481 177 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Д- ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийг А- ХХК-иас шаардаж байгаа нь үндэслэлгүйн дээр шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзээд тогтоох хэсэгт мөн хуулийн 343 дугаар зүйлийг тус тус баримтлан А- ХХК-иас 84 707 864 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн. А- ХХК нь 2009 оны 10 сарын 6-ны өдөр 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд А- ХХК нь нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, гэрээний үүрэг хүлээгээгүйн зэрэгцээ А- ХХК болон Д- ХХК-ийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзсэн нь хэргийн баримтад үндэслэгдээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ гэж заасан ба хэрэгт цугларсан баримт болон бодит байдал дээр Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан үндэслэл байхгүй болно. Түүнчлэн гэрээний үүрэг шаардахдаа нэхэмжлэгч А- ХХК-ийг хамтран хариуцагчаар татах эрхийнхээ хүрээнд татсан боловч гэрээ байгуулсан гэх он, сар, өдөр, цаг хугацаа тодорхойгүй ба А- ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Д.О- байсан ч 2017 оны 5 сарын 08-ны өдрөөс С.Оюунбат нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээд байна. Нэгэнт А- ХХК нь ямар нэгэн гэрээний үүрэг Д- ХХК-ийн өмнө хүлээгээгүй учир гэрээний хүчин төгөлдөр эсэх дээр маргах шаардлагагүй гэж үзсэн ба анхан шатны шүүх нэхэмжлэгч Д- ХХК болон хариуцагч Д.Б- нарын хооронд 2013 оны 3 сарын 03-ны өдөр гэрээ байгуулсан байна гэж үндэслэх хэсэгтээ дүгнэсэн нь үндэслэлгүй, баримтгүйн зэрэгцээ ингэж дүгнэх бол А- ХХК-иас төлбөр гаргаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2017 оны 6 сарын 24-ний өдөр тооцоо нийлсэн гэх боловч А- ХХК нь тооцоо нийлсэн акт үйлдээгүй болно. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 11 сарын 11-ний өдрийн актад захиалагч иргэн Д.Б-, Д.О- нар байх ба уг актад Д.Б- гарын үсэг зуран улсын комисст хүлээлгэн өгсөн байдаг нь А- ХХК-нь захиалан бариулсан барилга биш гэдгийг нотолж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, А- ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Б- давж заалдах гомдолдоо: Хэргийн 9 дүгээр талд авагдсан нэмэлтээр хийгдэх ажлын үнийн саналыг 2014 оны 11 сарын 01-ний өдөр Д- ХХК-ийн орлогч захирал Ли гүй мин гэх этгээд хятадаар гарын үсэг зурсан байдаг. Ли гүй мин гэгч Д- ХХК-д орлогч захирлын албан тушаал эрхэлдэг тухай баримт хэрэгт авагдаагүй, Д- ХХК-ийн зүгээс зөвшөөрөл, итгэмжлэл олгосон баримт байхгүй. Үнийн саналыг Д.Б- хүлээн аваагүй, хэнд саналыг хүргүүлсэн нь тодорхойгүй, уг саналтай холбоотойгоор талууд тохиролцон гэрээг амаар болон бичгээр байгуулаагүй зэргээс дүгнэлт хийхэд Иргэний хуулийн 195, 196 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүх Иргэний Хуулийн 189 дүгээр зүйл буюу гэрээний талуудын чөлөөт байдал гэдгээр дүгнэлт хийж, нэмэлт ажлын хөлс, материалын зардлыг гаргуулах үндэслэлгүй. Хэрэв ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэж байгаа бол нэмэлтээр хийгдэх ажлын үнийн саналд ажлын хөлсний талаар дурьдагдаагүй зөвхөн бүтээгдэхүүний нэр үнэ байгааг анхаарсангүй. Нэмэлт ажлын үнийн саналд гэрээ байгуулаагүй, энэ бол зөвхөн материалын үнэ гэж хариуцагч Д.Б- маргасан бөгөөд шүүх талуудын тайлбараар тогтоогдсон гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Шийдвэрийнхээ үндэслэх хэсэіт ч хариуцагч Д.Б- нэмэлт гэрээг бичгээр байгуулаагүй тул зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан талаар дүгнэлт хийсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй хоёрдмол утга агуулгатай дүгнэлтийг шүүх хийсэн байгаа нь шийдвэр үндэслэлтэй, тодорхой, ойлгомжтой байх зарчимд нийцээгүй байна. Хэдийд байгуулсан нь тодорхойгүй гэрээгээр тодорхой ажлыг Д- ХХК-тай Д.Б- байгуулсан талаар маргадаггүй ч ажлыг чанаргүй, дутуу хийсэн, хүлээлгэж өгөөгүй учраас үлдэгдэл хөлсийг төлөхгүй талаар маргадаг. Энэ талаарх баримт хэргийн 36-45, 172-184, 221 дугаар талд авагдсан байдаг. Байгуулсан гэх гэрээний оролцогч талууд тодорхой бус өөрөөр хэлбэл Д- ХХК-ийг төлөөлөн ерөнхий захирал Б.Баярмаа гэсэн байх ба хятадаар гарын үсэг зурсан байхад нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. 2012 оны 7 сарын 05-ны өдөр Б.Баярмааг Д- ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэсэн байгаа ч нэхэмжлэл гаргах этгээд биш байна. Иргэний эрх зүйн харилцаанд Д- ХХК-ийг төлөөлөн Ли гүй мин гэх этгээд оролцсон байдаг. 2017, 2018 онуудад ажлын доголдол арилгуулах, чанаргүй хийж гүйцэтгэсэн талаар мэдэгдлийг захирал Ли гүй мин гэж хятадаар гарын үсэг зурж хүлээн авсан байдаг. Улсын комисс барилгын ажлыг бухэлд нь хүлээн авсан хэдий ч нэг компанийн хийж гүйцэтгэсэн ажлыг дүгнэх боломжгүй бөгөөд комисс хүлээн авснаас хойш ажлын доголдол дутуу ажлын талаар мэдэгдэл хүргүүлж байсан. Даймоид гласс ХХК гэрээний үүргээ хангалттай биелүүлээгүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 350 дугаар зуилийн 350.1.1, 350.1.6, 350.1.8 дугаар зүйлд зааснаар ажлын хөлсийг хариуцан төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Шийдвэрийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-аас 84 707 864 төгрөгийг гаргуулан Д- ХХК-д олгосныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д- ХХК нь хариуцагч А- ХХК, Д.Б- нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 705 658 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасган, 637 698 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Д- ХХК нь 2014 оны 3 сард хариуцагч Д.Б-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч компани нь Аз молл дэлгүүрийн барилгын хөнгөн цагаан фасадыг /3 600 м.кв х 950 юань/ 3 420 000 юаниар, шилэн фасадыг /1 160 м.кв х 1 400 юань/ 1 624 000 юаниар, дулаалга болон шилэн хөвөнг 100 хувийн хөнгөлөлттэй үнээр хийж гүйцэтгэх, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч, гэрээнд заасан төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 4-6-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, гэрээний оролцогчийг буруу тодорхойлж, тооцооллын алдаа гарган, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Тодруулбал, дээрх гэрээнд хариуцагч Д.Б- гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хэлцэл хийсэн гэж үзнэ. Уг гэрээг Д.Б- нь хариуцагч А- ХХК-ийг төлөөлөн хийсэн гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна. Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дах хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд иргэн өөрийн нэрээр оролцох бөгөөд талуудын хоорондын гэрээнд Д.Б- гарын үсэг зурахдаа А- ХХК-ийг Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар төлөөлж буй талаар заагаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Д- ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг хариуцагч Д.Б- байгуулсан гэж үзэх бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагч А- ХХК-ийг ажил гүйцэтгэх гэрээний захиалагч гэж үзэн, гэрээний үүргийн зарим хэсгийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Тодруулбал, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсэх бөгөөд хариуцагч А- ХХК-д гэрээний дагуу үүрэг үүссэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

 

Хэрэгт хариуцагч А- ХХК-иас нэхэмжлэгч Д- ХХК-д хандан явуулж байсан албан бичгүүд авагдсан байгаа боловч тухайн албан бичгүүдэд өөрт нь гэрээний үүрэг үүссэнийг хүлээн зөвшөөрсөн агуулга байхгүй байна. Нэхэмжлэгч Д- ХХК-д хандаж ажлын доголдолтой холбоотойгоор бичсэн албан бичиг уг гэрээг иргэн Д.Б- байгуулсан талаар заан, ажлыг чанарын доголдолтой, дутуу хийсэн агуулгатай бичсэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч А- ХХК нь нэхэмжлэгч Д- ХХК-ийн өмнө ажил гүйцэтгэх гэрээний дагуу хөлс төлөх үүрэг үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд хариуцагч А- ХХК-иас гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй, энэ талаар гаргасан хариуцагч А- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй. /1-р хх-ийн 36-45-р тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Нэхэмжлэгч Д- ХХК нь гэрээт ажлыг тодорхой хэмжээнд хийж гүйцэтгэн акт үйлдэж, захиалагч Д.Б-д хүлээлгэн өгсөн болох нь ажлын гүйцэтгэлийн актаар тогтоогдсон. /хх-ийн 10-р тал/ Иймд нэхэмжлэгч Д- ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг хариуцагч Д.Б-аас шаардах эрхтэй, хариуцагч Д.Б- нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар хөлс төлөх үүрэгтэй юм.

 

Талуудын байгуулсан гэрээнд ажлын нийт үнэлгээг 5 044 000 юань байхаар заасан буюу талууд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсний талаар тохиролцсон байна. Талууд 2017 оны 6 сарын 24-ний өдөр тооцоо нийлж, ажлын хөлсний 1 544 000 юанийн төлөгдөөгүй үлдэгдлийг баталгаажуулжээ. /хх-ийн 8-р тал/ Түүнчлэн, хариуцагч Д.Б-ын ваарны үнийг 134 762 юаниар тооцон хасч, үлдэгдэл 1 409 238 юань байгааг талууд 2017 оны 6 сарын 25-ны өдөр баталгаажуулсан байна. /хх-ийн 7-8-р тал/ Нэхэмжлэгч Д- ХХК нь ваарны үнийг хасч нэхэмжлэл гаргасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэргийн 7 дугаар талд авагдсан 2017 оны 6 сарын 25-ны өдрийн харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гэх бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 7-р тал/ Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас дахин ваарны үнэ гэж хасч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангах нь зүйтэй.

 

Хариуцагч Д.Б- нь 35 000 ам.долларыг нэхэмжлэгч Д- ХХК-д 2016 оны 6 сарын 23-ны өдөр төлсөн байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах үеийн ханш буюу 2 430,35 төгрөгөөр /35 000$ х 2 430,35 = 85 062 250/ тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас хассаныг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч Д- ХХК гомдол гаргаагүй болно. /2хх-49-р тал/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын тооцоо нийлсэн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 1 409 238 юань, нэмэлт ажлын хөлс 473 523 юань, нийт 1 882 761 юань буюу 705 658 800 төгрөгийг /1 882 761юань х 374.8 = 705 658 800/ шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б-ын төлсөн 35 000 ам.долларыг хасч, нэхэмжлэлийн шаардлагаа 637 698 800 төгрөг гэж тодорхойлжээ.

 

Талууд хэдийгээр барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан нь тогтоогдсон боловч нэхэмжлэгч нь нэмэлт ажлын хөлс шаардах эрхгүй байна. Учир нь талууд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсний талаар тохиролцсон байна. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дах хэсэгт Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасан.

 

Хэргийн 9 дүгээр талд нэмэлтээр хийгдэх ажлын үнийн санал гэх баримт авагдсан боловч уг баримтыг хариуцагчид хүргүүлсэн буюу нэмэлт ажлын улмаас хөлсний хэмжээ нэмэгдэх талаар захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн болохоо баримтаар нотолж чадаагүй. Уг баримтад зөвхөн нэхэмжлэгч компанийн төлөөлөгч гарын үсэг зуржээ. /хх-ийн 9-р тал/ Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч нь төсвийн хэмжээ нэмэгдэж, нэмэлт ажил хийх болсон талаар захиалагчид зохих ёсоор мэдэгдсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Нөгөө талаар шинжээчийн дүгнэлтэд нэмэлтээр хийгдсэн ажлын хэмжээний зөрүү гэж тусгасан байх боловч энэхүү дүгнэлт нь нэхэмжлэгч Д- ХХК-ийг нэмэлт ажлын хөлсийг шаардах эрхийн хууль зүйн үндэслэл болохгүй. Учир нь талууд гэрээгээр ямар хэмжээний ажил хийж, хэдэн төгрөг төлөхөөр тохиролцох нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талуудад хамааралтай бөгөөд шинжээчийн дүгнэлт нь гүйцэтгэсэн гэх ажлын үнэ өртөгтэй холбоотой.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 2018 оны 4 сарын 09-ний өдөр Баян модот ХХК-ийг шинжээчээр томилсон байх бөгөөд шинжээч нь барилгын ажил гүйцэтгэх гэрээнд заагдсан ажлын дутуу гүйцэтгэлийг хөнгөн цагаан фасад 142.36 м.кв, шилэн фасад 267.77 м.кв гэж дүгнэсэн байна. /хх-ийн 115, 121-124, 167-176-р тал/

 

Анхан шатны шүүх дээрх шинжээчийн дүгнэлтээр гарсан дутуу ажлын зөрүүг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцсон нь үндэслэлтэй. Тодруулбал, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дах хэсэгт зааснаар гэрээнд заасан хэмжээгээр тохирон үр дүнг бий болгосон гэж үзэх үндэслэл шинжээчийн дүгнэлтээр няцаагдаж байна. Үүнд: хөнгөн цагаан фасадны дутуу 142.36 м.кв х 950 юань = 135 242 юань, шилэн фасадны дутуу 267.77 м.кв х 1 400 юань = 374 878 юань, нийт 510 120 юань /135 242 юань + 374 878 юань = 510 120 юань/ буюу /510 120 юань х 374,81 = 191 198 077 төгрөг/ 191 198 077 төгрөг болж байна. Иймд захиалагч буюу Д.Б- нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар дутуу гүйцэтгэсэн хэмжээгээр хөлсийг бууруулах эрхтэй.

 

Иймд нэхэмжлэгч Д- ХХК-ийн нэхэмжилсэн 705 658 800 төгрөгөөс хариуцагч Д.Б-ын төлсөн 35 000 ам.доллар буюу 85 062 250 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр гарсан хийгдээгүй дутуу ажилд тооцогдох 191 198 077 төгрөг, хариуцагчид зохих ёсоор мэдэгдээгүй, тохиролцоогүй нэмэлт ажлын төлбөр гэх 177 481 177 төгрөгийг хасаад үлдэх 251 917 296 төгрөгийг хариуцагч Д.Б-аас гаргуулж, нэхэмжлэгч Д- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 453 741 504 төгрөгийн шаардлага болон хариуцагч А- ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

Хариуцагч Д.Б- нь татгалзалдаа болон давж заалдах гомдолдоо ажлын үр дүнгийн талаар доголдол гарсан ба үүнтэй холбоотой хохирол амссан гэжээ. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар шаардлага гаргах эрхтэй гэж заасан байна. Гэтэл хариуцагч Д.Б- нь ажлыг чанарын доголдолтой болсон, үүний улмаас хохирол учирсан гэх тайлбар, гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч А- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч Д- ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00169 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар хариуцагч Д.Б-аас 251 917 296 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 453 741 504 төгрөгийн шаардлага болон хариуцагч А- ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дах заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 686 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 417 536 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Б-аас төлсөн 581 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс төлсөн 1 045 356 төгрөг, хариуцагч А- ХХК-иас төлсөн 581 490 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Г.ДАВААДОРЖ