Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2018/0178

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 15 өдөр

 

 

 

 

Дугаар 221/МА2018/0178

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

Д.Г нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.Г, түүний өмгөөлөгч Х.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/0976 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б гаргасан давж заалдах гомдлоор, Д.Г нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Д.Г 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож, дүүргийн Дотоод аудитын даргын албан тушаалд эргүүлэн томилуулах, мөн олгогдоогүй цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/0976 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Г Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн Дотоод аудитын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т тус тус баримтлан ажилгүй байсан 6 сар 29 хоногийн хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 7859005 /Долоон сая найман зуун тавин ес мянга тав/ төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/0976 дугаар шийдвэр бүхэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн шийдвэр юм.

Учир нь Д.Г нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг 30 минутад зарлагдсан. Энэ тухайгаа урд өдөр нь итгэмжлэгдсэн төлөөлөгчид утсаар мэдэгдсэн.

Тус хэрэгт Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Ж.Б нь “...2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүхэд төлөөлөх 324 иргэдийн төлөөлөгчдийн нэгдсэн сургалтыг Засаг даргын Тамгын газрыг төлөөлөн зохион байгуулж байгаа тул тус шүүх хуралд оролцох боломжгүй, иймээс Д.Г нэхэмжлэлтэй шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулж өгөх тухай” хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн боловч шүүх хүсэлтийг хангаагүй шүүх хуралдааныг явуулсан.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан тушаалд ажиллуулахыг хориглох тухай зохицуулахдаа 16.2.6-т “Хууль тогтоомжид заасан бусад тохиолдол”, Улсын Их Хурлын “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах” 2003 оны 13 дугаар тогтоолын 38 дугаар зүйлд сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилохгүй гэж заасан.

Дүүргийн дотоод Аудитын даргын албан тушаал нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь хэсэгт заасны дагуу төсвийн шууд захирагч бөгөөд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаал мөн.

Нэхэмжлэгч дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй бөгөөд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгаруулалтад ороогүй байтал шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн, мэтгэлцэх зарчим хангаагүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/0976 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд хянуулахаар буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “...шүүх хуралдааныг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ” гэж заасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааны товыг тогтоосон, гэвч ийнхүү тогтоохдоо хуульд заасан 7-гоос доошгүй хоногийн өмнө биш 12 дугаар сарын 22-ны өдөр буюу 3 хоногийн өмнө товлосон нь хуулийн дээрх зохицуулалттай бүрэн нийцэхгүй хэдий ч шүүх хуралдааныг хойшлуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт нь товлосон шүүх хуралдаанд оролцох боломжгүй болохыг хангалттай нотлохгүй байх тул зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анх нийслэлийн Засаг даргын 2013 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн А/03 дугаар захирамжаар дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг баталсныг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын мөн оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 430 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Г Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын албаны дарга, ахлах аудитороор томилохдоо сонгон шалгаруулалт явуулаагүй нь нэхэмжлэгчийг буруутгах, үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болохгүй.

Дотоод аудитын албаны даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар сул орон тоо бус, харин шинээр бий болсон ажлын байр, түүнчлэн энэ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д заасны дагуу төсвийн шууд захирагч биш, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03/3956 дугаар бичгээр энэхүү албан тушаалтныг төрийн захиргааны албан хаагч болохыг тодорхойлсноос бус төсвийн шууд захирагч мөн гэж үзээгүй байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2017 оны 07/4411, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3/2506 дугаар албан бичгээс үзэхэд бодит байдалд Дотоод аудитын албыг шинээр байгуулсан 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа сонгон шалгаруулалт зарлаж байгаагүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн атлаа Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/27 дугаар захирамжаар мөн л сонгон шалгаруулалтад ороогүй Р.Г дүүргийн Дотоод аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь үндэслэлгүй.

Үнэхээр л сонгон шалгаруулалт зарлах шаардлагатай гэж хариуцагчийн зүгээс үзвэл нэхэмжлэгчийг Дотоод аудитын албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлөхгүйгээр, эсхүл Р.Г нэгэн адил үүрэг гүйцэтгэгчээр томилох байдлаар сонгон шалгаруулалт явуулах эрх нь хариуцагчид нээлттэй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/0976 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН