Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/02465

 

 

Х.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02227 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Н-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 17 080 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Х.М-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ж.Н- бид хоёр 10 жилийн нэг ангийн хүүхдүүд. Багаасаа найзалж нөхөрлөж, хэн хэндээ итгэлцлээр хандах боломжтой хүмүүс. Тийм учраас би мөнгө зээлүүлсэн. Гэхдээ хуульд заагдсан холбогдох баримт нотолгоонуудыг бүрдүүлж хуульд заасан шаардлагуудыг хангаж бичгээр гэрээ байгуулж, түүнийг нотариатаар батлуулсан. Нотариатын гэрээг бол 2 тал хүсэл зорилгоо илэрхийлж гэрээний чөлөөт байдалд үндэслэж хийсэн. Гэрээний 1 дэх заалтад Ж.Н- нь 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр эцсийн байдлаар бүх мөнгөө өгнө гэж заасан, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлнө гэж тохирсон. Миний хувьд бол гэрээ хийсэн хугацаанд мөнгийг зээлүүлэх ийм үүрэг хүлээж гэрээ хийсэн. Мөнгийг гар дээр нь бэлэн өгөх үү, эсхүл тодорхой дансанд хийх үү гэдэг талаар гэрээнд нарийвчилсан заалт ороогүй байдаг. Учир нь Ж.Н- тухайн үед гэрээ хийхээс хэд хоногийн өмнө мөнгөө түрүүлээд авчихсан байсан. Заримыг нь бэлнээр заримыг нь дансаар авсан байсан. Мөнгийг хүлээлгэж өгснөөс хойш нэгэнт үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ биелүүлсэн учраас анхны сарын хүү төлөх болж эхлэнгүүт Ж.Н-гаас зээлийн гэрээнд заагдсан ёсоор хүүгээ нэхэж эхэлсэн. Эхний сараас эхлэн зээлийн хүү төлөгдөхгүй, маш удаан хугацаанд нэхүүлж, увуу цувуу байдлаар төлөгдөж явсан. Гэрээ байгуулснаас хойш 5 сарын дараа Ж.Н-гийн нөхөр нь өнгөрсөн тул боломжоороо төлөхийг л хэлсэн. Би нөхрийнх нь 49 хоног дуустал нэхээгүй, тэр үеэр Ж.Н- хөдөө ээж дээрээ очсоноо над руу утсаар ярьж, би төлж чадахгүй байна, эхний сарын хүүг бөөнд нь өгье гэсэн. 2016 оны 10 дугаар сар болоход нийт зээлийн хүү 4 000 000 гаруй төгрөг болсон. Гэтэл Ж.Н- 5 000 000 төгрөгийг ээжээс авчих гэсний дагуу би Хархорин сумаас Хужирт сум очиж авах боломжгүй байсан болохоор ахыг авчих гэсэн. Ингээд үндсэндээ 2016 оны зээлийн хүү төлөгдөөд дууссан. 2017 он гараад Ж.Н- утасны дугаараа сольсон байсан, утас нь холбогдохгүй, мэссэж бичихээр авчихаад ямар нэгэн хариу өгөхгүй болсон. Манай ах нар гэрт нь очихоор байдаггүй, Улаанбаатарт байдаг гэрт нь очихоор энэ хаяг дээрээ байдаггүй гэдэг. 2017 оны 1, 11 дүгээр сард Ж.Н-тай биечлэн уулзаад төлөхгүй байсан тул шүүхэд хандсан, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл нийт 34 сарын хүүг 400 000 төгрөгөөр бодохоор 13 600 000 төгрөг болно. Үүнээс 5 600 000 төгрөгийг авсан учраас үлдэгдэл хүүг үндсэн мөнгөтэй нэхэмжилсэн буюу энэ нь 12 280 000 төгрөг болж байгаа. Би Өвөрхангай аймгаас олон удаа ирсэн, нэмэлт зардлууд их гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээд 9 дүгээр сарын эхээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 4 000 000 төгрөгийн алданги нэмж нэхэмжилсэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасны дагуу мөнгөн төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул зээлийн хүүг 34 сараар тооцсон. Ж.Н-гийн хариу тайлбарт 5 000 000 төгрөгөөс 4 000 000 төгрөг нь хасагдсан гэснийг зөвшөөрөхгүй, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.8 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр үүргээ хугацаанаас өмнө гүйцэтгэсэн бол хугацаа хэтрүүлсэнтэй адилтгаж үзнэ гэсэн байгаа. Иймд үндсэн төлбөрөөс хасагдах боломжгүй, би үндсэн зээл 8 000 000 төгрөг, алданги 4 000 000 төгрөг, хүү 5 280 000 төгрөгийг нэмж нийт 17 280 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 17 280 000 төгрөгийг манай зүгээс төлөх нь үндэслэлгүй. 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулахаас өмнө анх мөнгө өгч байсан гэж нэхэмжлэгч дурдсан. 2015 оны 2 000 000 төгрөгийн гүйлгээг бид нар сая өгсөн. 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Ж.Н-гийн 2 000 000 төгрөгийн орлогын гүйлгээнээс нэхэмжлэгч талаас шилжүүлсэн 2 000 000 төгрөгийн хуулга нь байдаг. Дараа нь 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2 000 000 төгрөгийн гүйлгээ байгаа. Мөн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 3 000 000 төгрөгийн орлогын баримт байгаа. Дараагийн гүйлгээ нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг. Нийт энэ 2 хүний дунд яг 6 000 000 төгрөгийн мөнгөн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа. 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар байгуулагдсан. Гэхдээ мөнгийг бодитойгоор гардуулснаар зээлийн гэрээний зүйлийг шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцдог, уг зээлийн гэрээний хүү болон хүүтэй холбоотой гол нөхцөлүүд хэрэгжиж эхэлдэг. Тэгэхэд бодит баримтуудаас харахад 6 000 000 төгрөг нь 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 25-ны хүртэлх хугацаа буюу 10 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулагдсан гэж манай зүгээс үзэж байгаа. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар үүргээ гүйцэтгэх л ёстой, мөнгөө өгөх л ёстой гэж хэлж байна. Зээлийн гэрээний хамгийн сүүл хэсэгт хүүг хэсэгчлэн төлж болно, мөнгө төлөхдөө үндсэн зээлийн мөнгөнөөс хасаж төлж болно гэж заасан заалтыг оруулж өгсөн байдаг. Хариуцагч 5 000 000 төгрөгийг өгсөн гэдэгтээ маргадаггүй. Энэ нь 2015 оны дансны хуулгаар гаргасан 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1 700 000 төгрөгийн гүйлгээ, 2 300 000 төгрөгийн гүйлгээ, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2 700 000 төгрөгийн гүйлгээгээр гардаг. Ингэж өгөхдөө манай зээлдэгч нь 4 000 000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс хасаарай, 1 000 000 төгрөгийг хүүнээсээ хасаарай гэж өгсөн байдаг. Тухайн үед хариуцагч надад тайлбарлахдаа нэхэмжлэгч нь албан тушаалын хэргээр эрүүгийн хэрэг үүсгээд хорих ангид байсан учраас ахад нь өөрийнхөө ээж болон дүү нараар гардуулж өгсөн гэж хэлсэн. Ингээд үзэхээр энэ 2 хүний хооронд 10 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй гэрээ байгуулагдсан, 6 000 000 төгрөгийг 10 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй гэж бодохоор 3 000 000 төгрөгийн хүү төлөх байж. Үүнээс нэхэмжлэгч тал 960 000 төгрөгийг хүүндээ авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл манай зүгээс үзэхэд хүүндээ 400 000 төгрөгийг Х.Долгорсүрэн гэх хариуцагчийн эгч рүү тушаасан байдаг. Дараагийн 260 дугаар гүйлгээн дээр 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б.Мөнхбатын данс руу 300 000 төгрөгийн гүйлгээ хийсэн. Тэгэхээр манай үйлчлүүлэгч хүүгээ сар болгон төлж байгаагүй ч гэсэн ерөнхийдөө нийтдээ 2 660 000 төгрөгийг хүүг төлчихсөн. Тэр 4 000 000 төгрөгийг үндсэн зээлээс, 1 000 000 төгрөгийг хүүндээ өгч байна гэдэг нь 2016 оны 4 дүгээр сард болсон үйл явдал байгаа. Түүнээс хойш үндсэн зээлээс 4 000 000 төгрөг хасагдаад 2 сарын хүү буюу 200 000 төгрөгийн зөрүү үүсэж байгаа. Талууд зээлийн гэрээндээ хэрвээ гүйцэтгээгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги тооцно гэж тохиролцсон байгаа. Үүнд бид нар маргахгүй. Ингээд бодоод үзэхээр алдангийн хэмжээ нь үүргийн үнийн дүнгээс хэтэрчхээд байгаа юм. Манайхаас 3 200 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлье гэсэн байр суурьтай байгаа. Мөн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг зөвшөөрөхгүй, 6 дугаар сарын 14-ний өдөр анхны нэхэмжлэл гаргаснаас хойш хүү болон алданги бүх зүйл зогсоно. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.8 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанаасаа өмнө гүйцэтгэсэн бол хугацаа хэтрүүлсэнтэй адилтгаж үзнэ гэсэн байдаг. Энэ нөхцөл байдал үнэхээр тогтоогдох боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч хорих ангид тодорхой хэмжээний эрүүгийн хариуцлага хүлээгээд байж байхад нэхэмжлэгчийн ах нь өөрөө ирээд энэ хүн ийм нөхцөл байдалтай болчихсон гэсэн, мөн хорих ангийн шийдвэр гүйцэтгэгчээс хариуцагч руу яриад та энэ мөнгийг төл гээд зээлийн гэрээг үзүүлсэн гэсэн. Тухайн үед ээжид нь байсан 1 700 000 төгрөг, н.Эрдэнэчимэг гэх хүнээс мөнгө зээлж аваад 5 000 000 төгрөг болгоод, 4 000 000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс нь хасаарай гэж хэлээд өгсөн. Энэ мөнгийг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрүүдэд өгсөн гэдэг нь дансны хуулгаар бүрэн нотлогдож байгаа. Үнэн бодит байдал нэхэмжлэгчийн зүгээс 8 000 000 төгрөгийг бодитой гардуулж өгөөгүй, өчнөөн олон сарын хугацааны хүү нэхэмжлээд, энэ хүний хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой хандаж байна. Алдангийг төлөхгүй гэж хэлээгүй, зээлийн хүү төлсөн, иймд бид нарын зүгээс 3 200 000 төгрөгийг өгөх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4 дэх хэсэгт зааснаар Ж.Н-гаас 3 200 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.М-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 880 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Н-гаас 66 150 төгрөг гаргуулж Х.М-ад олгуулах, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 180 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Х.М- миний бие Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02227 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх үндэслэхдээ 2015 оны 8 дугаар сарын 25-нд зээлийн гэрээ байгуулснаас хойш зөвхөн 4 000 000 төгрөг л зээлдэгчид бодитоор шилжүүлсэн гэж дүгнэжээ. Гэтэл Ж.Н-гийн дансанд 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр манайхаас шилжүүлсэн 2 000 000 төгрөг ч гэсэн тухайн гэрээний үүргийн салшгүй нэг хэсэг ба үүнийг Ж.Н- хүлээн зөвшөөрсөн. Дансны хуулгаас тодорхой харагдаж байдаг. Хэрэгт авагдсан дансны хуулгаар 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 2 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 3 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 3 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөгийг Хаан банкны дансаараа хүлээн авснаас гадна үлдэх 2 000 000 төгрөгийг ч мөн авснаа Ж.Н- Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа бичсэн байдаг. Нөгөөтэйгүүр Ж.Н- нь 2015 оны 8 дугаар сарын 25-нд зээлийн гэрээгээр 8 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй авч түүний хүү болох сар бүрийн 4 000 000 төгрөгийг манай дансанд хийж байсан нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байдаг. Мөн шүүх үндэслэхдээ зөвхөн зээлийн гэрээ хийсэн хугацаа буюу 10 сарын турш зохих хүүг төлөх ёстой байсан гэж дүгнэжээ. Гэтэл Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дах хэсэгт үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй болох үүрэг гүйцэтгэгч учирсан хохирлыг төлөх үүрэгтэй болохыг хуульчилж өгсөн байдаг. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дах хэсэгт мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд хүү төлөх үүрэгтэй гэж заасан нь Ж.Н- гэрээ хийсэн 10 сараас гадна хугацаа хэтрүүлсэн 23 сар 21 хоногт ч гэсэн хүү төлөх ёстой болохыг хуульчилжээ. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэгдүгээр зүйл заалтад тогтоогдож Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4 дэх заалтуудыг удирдлага болгосон мөртлөө Ж.Н-гийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж санагдаж байгаа ба үүнийг эсэргүүцэж байна. Иймд хариуцагч Ж.Н-гаас 13 380 000 төгрөгийг нэмж гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Х.М- нь хариуцагч Ж.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 080 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Х.М- нь 2015 оны 8 дугаар сарын 25ы өдөр Ж.Н-тай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 8 000 000 төгрөгийг, 5 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатайгаар хариуцагчид зээлдүүлэх, мөнгөн хөрөнгийг хариуцагчийн дансанд болон бэлнээр хувааж өгөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-ийн 3 дугаар тал/

 

Хариуцагч татгалзалдаа 8 000 000 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй, харин 6 000 000 төгрөгийг хүлээн авсан бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 3 200 000 төгрөгийг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрнө гэж тайлбарлажээ. /хх-ийн 42-53 дугаар тал/

 

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцсэн, хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болно.

 

Зээлийн гэрээ байгуулснаас хойших хугацаанд нэхэмжлэгчээс нийт 4 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, зээлийн нийт үүрэг 9 000 000 төгрөг, хариуцагчийн төлөх үүргийн үлдэгдэл 2 820 000 төгрөг гэж тодорхойлсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй боловч 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Х.М-ын ахын данснаас шилжүүлсэн гэх 2 000 000 төгрөгт холбогдох хэсэгт шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж хариуцагчийн зөвшөөрснөөр 3 200 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

 

Тодруулбал, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчийн дансанд 2 000 000 төгрөг орж ирсэн нь хэргийн 45 дугаар талд авагдсан дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх бөгөөд энэхүү 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Х.М-ын зүгээс орж ирснийг хариуцагч тал үгүйсгээгүй.

 

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-т Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж зааснаар нэхэмжлэгч Х.М- нь 2 000 000 төгрөгийг өөрийн ахын дансаар хариуцагчид шилжүүлсэн гэх үндэслэлтэй байх тул 2 000 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн тодорхойлсон 2 820 000 төгрөгийн үүрэг дээр 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн 2 000 000 төгрөгийг нэмж нийт 4 820 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 12 260 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02227 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 3 200 000 төгрөг гэснийг, 4 820 000 төгрөг гэж, ... 13 880 000 төгрөг ... гэснийг 12 260 000 төгрөг гэж,

2 дахь заалтын ... 66 150 төгрөг ... гэснийг 83 430 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Г.ДАВААДОРЖ