Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 02227

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 10 өдөр                  Дугаар 183/ШШ2018/02227                              Улаанбаатар хот

     

                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М /РД: /-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н /РД: /-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 17,080,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.М, хариуцагч Ж.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.Минжмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 3Зээлдэгч Ж.Н бид 2 нь 10 жилийн нэг ангийн хүүхдүүд. Багаасаа найзалж нөхөрлөж, хэн хэндээ итгэлцлээр хандах боломжтой хүмүүс. Тийм ч учрас би мөнгө зээлүүлсэн. Гэхдээ хуульд заагдсан холбогдох баримт нотолгоонуудыг бүрдүүлж хуульд заасан шаардлагуудыг хангаж бичгээр гэрээ байгуулж, түүнийг нотариатаар батлуулсан. Нотариатын гэрээг бол 2 тал хүсэл зорилгоо илэрхийлж гэрээний чөлөөт байдалд үндэслэж хийсэн. Гэрээний 1 дэх заалтад Ж.Н нь 2016.06.25-ны өдөр эцсийн байдлаар бүх мөнгөө өгнө гэж заасан, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлнө гэж тохирсон. Миний хувьд бол гэрээ хийсэн хугацаанд мөнгийг зээлүүлэх ийм үүрэг хүлээж гэрээ хийсэн. Мөнгийг гар дээр нь бэлэн өгөх үү, эсхүл тодорхой дансанд хийх үү гэдэг талаар гэрээнд нарийвчилсан заалт ороогүй байдаг. Учир нь Ж.Н тухайн үед гэрээ хийхээс хэд хоногийн өмнө мөнгөө түрүүлээд авчихсан байсан. Заримыг нь бэлнээр заримыг нь дансаар авсан байсан. Мөнгийг хүлээлгэж өгсөнөөс хойш нэгэнт үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ биелүүлсэн учраас анхны сарын хүү төлөх болж эхлэнгүүт Ж.Нгаас зээлийн гэрээнд заагдсан ёсоор хүүгээ нэхэж эхэлсэн. Эхний сараас эхлэн зээлийн хүү төлөгдөхгүй, маш удаан хугацаанд нэхүүлж, увуу цувуу байдлаар төлөгдөж явсан. Гэрээ байгуулснаас хойш 5 сарын дараа Ж.Нгийн нөхөр нь өнгөрсөн тул боломжоороо төлөхийг л хэлсэн. Би нөхрийнх нь 49 хоног дуустал нэхээгүй, тэр үеэр Ж.Н хөдөө ээж дээрээ очсоноо над руу утсаар ярьж, би төлж чадахгүй байна, эхний сарын хүүг бөөнд нь өгье гэсэн. 2016 оны 10 дугаар сар болоход нийт зээлийн хүү 4.0 сая гаруй төгрөг болсон. Гэтэл Ж.Н 5.0 сая төгрөгийг ээжээс авчих гэсний дагуу би  Хархорин сумаас Хужирт сум очиж авах боломжгүй байсан болохоор ахыг авчих гэсэн. Ингээд үндсэндээ 2016 оны зээлийн хүү төлөгдөөд дууссан. 2017 он гараад Ж.Н утасны дугаараа сольсон байсан, утас нь холбогдохгүй, мэссэж бичихээр авчихаад ямар нэгэн хариу өгөхгүй болсон. Манай ах нар гэрт нь очихоор байдаггүй, Улаанбаатарт байдаг гэрт нь очихоор энэ хаяг дээрээ байдаггүй гэдэг. 2017 оны 1, 11 дүгээр сард Ж.Нтай биечлэн уулзаад төлөхгүй байсан тул  шүүхэд хандсан, 2018.06.14-ний өдөр хүртэл нийт 34 сарын хүүг 400,000 төгрөгөөр бодохоор 13,600,000 төгрөг болно. Үүнээс 5,600,000 төгрөгийг авсан учраас үлдэгдэл хүүг үндсэн мөнгөтэй нэхэмжилсэн буюу энэ нь 12,280,000 төгрөг болж байгаа. Би Өвөрхангай аймгаас олон удаа ирсэн, нэмэлт зардлууд их гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээд 09 дүгээр сарын эхээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 50%-иас хэтрүүлэхгүйгээр 4 сая төгрөгийн алданги нэмж нэхэмжилсэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасны дагуу мөнгөн төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул зээлийн хүүг 34 сараар тооцсон. Ж.Нгийн хариу тайлбарт 5.0 сая төгрөгнөөс 4 сая төгрөг нь хасагдсан гэснийг зөвшөөрөхгүй, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.8 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр үүргээ хугацаанаас өмнө гүйцэтгэсэн бол хугацаа хэтрүүлсэнтэй адилтгаж үзнэ гэсэн байгаа. Иймд үндсэн төлбөрөөс хасагдах боломжгүй, би үндсэн зээл 8 сая төгрөг, алданги 4 сая төгрөг, хүү 5,280,000 төгрөгийг нэмж нийт 17,280,000 төгрөгийг нэхэмжилнэ” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Минжмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэлийн шаардлага 17,280,000 төгрөгийг манай зүгээс төлөх нь үндэслэлгүй, 2015.08.25-ны өдөр гэрээ байгуулахаас өмнө анх мөнгө өгч байсан гэж нэхэмжлэгч сая дурдсан. 2015 оны 2 сая төгрөгийн гүйлгээг бид нар сая өгсөн. 2015.08.03-ны өдрийн Ж.Нгийн 2 сая төгрөгийн орлогын гүйлгээнээс нэхэмжлэгч талаас шилжүүлсэн 2 сая төгрөгийн хуулга нь байдаг. Дараа нь 2015.08.03-ны өдрийн 2 сая төгрөгийн гүйлгээ байгаа. Мөн 2015.09.09-ний өдрийн 3 сая төгрөгийн орлогын баримт байгаа. Дараагийн гүйлгээ нь 2015.09.15-ны өдөр 1 сая төгрөг. Нийт энэ 2 хүний дунд яг 6 сая төгрөгийн мөнгөн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа. 2015.08.25-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар байгуулагдсан. Гэхдээ мөнгийг бодитойгоор гардуулснаар зээлийн гэрээний зүйлийг шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцдог, уг зээлийн гэрээний хүү болон хүүтэй холбоотой гол нөхцөлүүд хэрэгжиж эхэлдэг. Тэгэхэд бодит баримтуудаас харахад 6 сая төгрөг нь 2015.08.25-ны өдрөөс 2016.06.25-ны хүртэлх хугацаа буюу 10 сарын хугацаатай сарын 5%-ийн хүүтэй зээлийн гэрээ байгуулагдсан гэж манай зүгээс үзэж байгаа. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар үүргээ гүйцэтгэх л ёстой, мөнгөө өгөх л ёстой гэж хэлж байна. Зээлийн гэрээний хамгийн сүүл хэсэгт хүүг хэсэгчлэн төлж болно, мөнгө төлөхдөө үндсэн зээлийн мөнгөнөөс хасаж төлж болно гэж заасан заалтыг оруулж өгсөн байдаг. Хариуцагч 5 сая төгрөгийг өгсөн гэдэгтээ маргадаггүй. Энэ нь 2015 оны дансны хуулгаар гаргасан 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1,700,000 төгрөгийн гүйлгээ, 2,300,000 төгрөгийн гүйлгээ, 2016.04.28-ны өдрийн 2,700,000 төгрөгийн гүйлгээгээр гардаг. Ингэж өгөхдөө манай зээлдэгч нь 4 сая төгрөгийг үндсэн мөнгөнөөс хасаарай, 1 сая төгрөгийг хүүнээсээ хасаарай гэж өгсөн байдаг. Тухайн үед хариуцагч надад тайлбарлахдаа нэхэмжлэгч нь албан тушаалын хэргээр эрүүгийн хэрэг үүсгээд хорих ангид байсан учраас ахад нь өөрийнхөө ээж болон дүү нараар гардуулж өгсөн гэж хэлсэн. Ингээд үзэхээр энэ 2 хүний хооронд 10 сарын хугацаатай 5%-ийн хүүтэй гэрээ байгуулагдсан, 6 сая төгрөгийг 10 сарын хугацаатай 5%-ийн хүүтэй гэж бодохоор 3 сая төгрөгийн хүү төлөх байж. Үүнээс нэхэмжлэгч тал 960,000 төгрөгийг хүүндээ авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл манай зүгээс үзэхэд хүүндээ 400,000 төгрөгийг Х.Долгорсүрэн гэх хариуцагчийн эгч рүү тушаасан байдаг. Дараагийн 260 дугаар гүйлгээн дээр 2015.10.29-ний өдрийн Б.Мын данс руу 300,000 төгрөгийн гүйлгээ хийсэн. Тэгэхээр манай үйлчлүүлэгч хүүгээ сар болгон төлж байгаагүй ч гэсэн ерөнхийдөө нийтдээ 2,660,000 төгрөгийг хүүг төлчихсөн. Тэр 4 сая төгрөгийг үндсэн зээлээс, 1 сая төгрөгийг хүүндээ өгч байна гэдэг нь 2016 оны 04 дүгээр сард болсон үйл явдал байгаа. Тэрнээс хойш үндсэн зээлнээс 4 сая төгрөг хасагдаад 2 сарын хүү буюу 200,000 төгрөгийн зөрүү үүсэж байгаа. Талууд зээлийн гэрээндээ хэрвээ гүйцэтгээгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,5%-иар тооцож алданги тооцно гэж тохиролцсон байгаа. Үүнд бид нар маргахгүй. Ингээд бодоод үзэхээр алдангийн хэмжээ нь үүргийн үнийн дүнгээс хэтэрчхээд байгаа юм. Манайхаас 3,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлье гэсэн байр суурьтай байгаа. Мөн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнийг зөвшөөрөхгүй, 06 дугаар сарын 14-ний өдөр анхны нэхэмжлэл гаргаснаас хойш хүү болон алданги бүх зүйл зогсоно. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.8 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанаасаа өмнө гүйцэтгэсэн бол хугацаа хэтрүүлсэнтэй адилтгаж үзнэ гэсэн байдаг. Энэ нөхцөл байдал үнэхээр тогтоогдох боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч хорих ангид тодорхой хэмжээний эрүүгийн хариуцлага хүлээгээд байж байхад нэхэмжлэгчийн ах нь өөрөө ирээд “энэ хүн ийм нөхцөл байдалтай болчихсон” гэсэн, мөн хорих ангийн шийдвэр гүйцэтгэгчээс хариуцагч руу яриад “та энэ мөнгийг төл” гээд зээлийн гэрээг үзүүлсэн гэсэн. Тухайн үед ээжид нь байсан 1,700,000 төгрөг, н.Эрдэнэчимэг гэх хүнээс мөнгө зээлж аваад 5 сая төгрөг болгоод, 4 сая төгрөгийг үндсэн мөнгөнөөс нь хасаарай гэж хэлээд өгсөн. Энэ мөнгийг 2016.04.18-ны өдөр, 2016.04.28-ны өдрүүдэд өгсөн гэдэг нь дансны хуулгаар бүрэн нотлогдож байгаа. Үнэн бодит байдал нэхэмжлэгчийн зүгээс 8 сая төгрөгийг бодитой гардуулж өгөөгүй, өчнөөн олон сарын хугацааны хүү нэхэмжлээд, энэ хүний хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой хандаж байна. Алдангийг төлөхгүй гэж хэлээгүй, зээлийн хүү төлсөн, иймд бид нарын зүгээс 3,200,000 төгрөгийг өгөх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэв.

           Хариуцагч Ж.Нгаас зээлийн гэрээний үүрэгт 12,280,000 төгрөгийг  анх нэхэмжилсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж алданги 4,000,000 төгрөг, 2018.06.15-наас хойшхи зээлийн хүү 800,000 төгрөг тооцож, нийтдээ 17,080,000 төгрөг гаргуулахыг нэхэмжлэгч шаардсан байх бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 8,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүү тооцож, 2016.06.25-ныг хүртэл хугацаагаар зээлдүүлсэн, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохирсон 2015.08.25-ны өдрийн зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний 4-т мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болохыг заасан байна.

Хариуцагч энэ зээлийн гэрээний дагуу 2015.08.25-ны өдөр дээрх хэмжээний мөнгийг аваагүй гэж маргасан, харин 2015.08.03-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2015.09.09-ний өдөр 3,000,000 төгрөгийг,  2015.09.15-ны өдөр 1,000,000 төгрөгийг нийтдээ 6,000,000 төгрөгийг хүлээн авсанаа зөвшөөрсөн болно.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт  “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно, 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заажээ.

Иймд талуудын хооронд зээлийн эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд хариуцагч Ж.Н шилжүүлэн авсан мөнгөө тохирсон хугацаандаа буцаан өгөх үүргийг хүлээсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан алдангийг нэхэмжлэгч Х.М нэхэмжлэх эрхтэй байна.

Талуудын тайлбар, нэхэмжлэгч болон хариуцагч нарын Хаан банкны дансны хуулгаас үзэхэд 2015.08.25-ны өдрийн зээлийн гэрээ байгуулсанаас хойш хугацаанд нийтдээ 4,000,000 төгрөгийг зээлдүүлэгч бодитоор шилжүүлсэн, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн хүүг тогтмол төлөөгүй, зээлийг эргүүлэн төлөх хугацааг  хэтрүүлсэн байх тул 2016.06.25-нд буюу зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч Ж.Н нь үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүү 2,000,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг нийтдээ 9,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан гэж дүгнэв.

Харин 2015.08.03-ны өдөр 2,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулахаас өмнө Х.Мын ах шилжүүлсэн гэх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар хүү тооцох боломжгүй, нөгөөтэйгүүр түүний ахын өмнөөс Х.М нэхэмжлэх эрхтэй  эсэх нь тодорхойгүй,  итгэмжлэл олгогдоогүй тул нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд  гэж үзнэ.

Зээлдэгч нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх боловч хариуцагч Ж.Н 2015.09.24-ний өдрөөс эхлэн 400,000 төгрөг, 300,000 төгрөг, 280,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 20,000 төгрөг, 80,000 төгрөг, 50,000 төгрөг, 50,000 төгрөг гэх мэтээр нийтдээ 6,180,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь талуудын тайлбар, дансны хуулгаар тогтоогдсон байх тул төлөх ёстой төлбөр 9,000,000 төгрөгнөөс хасч үлдэх 2,820, 000 төгрөгийг төлөхөөр байна.

Гэвч шүүх хуралдааны явцад хариуцагч тал Х.Мын ахаас авсан 2,000,000 төгрөгийг өөрөө хэрэглэсэн талаар маргаагүй, мөн нэхэмжлэлийн шаардлагаас 3,200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 3,200,000 төгрөгийг Ж.Нгаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,880,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хуулийн хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д зааснаар зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй байсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

  

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4 дэх хэсэгт зааснаар Ж.Нгаас 3,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Мад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,880,000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  зааснаар хариуцагч Ж.Нгаас 66,150 төгрөг гаргуулж Х.Мад олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,180 төгрөг /211,430+91,750/-ийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ