Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/02493

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/02493

 

 

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2017/02404 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч я ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 111 535 023 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.У, С.Ялалт

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Сумъяа

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Нямдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хүрэлбаатар, Л.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, С.Ялалт нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Нэхэмжлэгч К нь я ХХК-тай 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 08/55 тоот зээлийн гэрээ байгуулан 10 860 000 юанийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Мфикскапитал ХХК батлан дааж өөрийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206009143 дугаартай, 000041944 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17021/ Зайсангийн тойруу 46В дугаартай, 3200м.кв талбайтай 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг газрын хамт,  мөн я ХХК-ийн борлуулалтын орлогыг тус тус барьцаалж 08/55 тоот зээлийн батлан даалтын гэрээ болон зээлийн барьцааны гэрээг байгуулсан. Гэрээний явцад зээлдэгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн талууд харилцан тохиролцсоноор 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээгээр зээлийн эргэн төлөлтийн хугацааг 18 сар болгон сунгаж, 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээгээр тухайн үеийн зээлийн үлдэгдлийг 1 368 763 42 ам долларт шилжүүлж гэрээнд заасны дагуу зээлийн хүүг жилийн 20.4 хувь болгож, зээлийн хугацааг 2010 оны 10 дугаар сарын 1-нийг хүртэл 12 сараар сунгасан. Банкны зээлийн хөрөнгөөр барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэснээр зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан байсан 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гүйцэтгэл нь 90 хувьд хүрч улмаар эрхийн улсын бүртгэлийн албанаас тухайн байрны орон сууц нэг бүрээр нь салган Мфикскапитал ХХК-д өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон тул талууд харилцан тохиролцож зээлийн барьцааны гэрээг шинэчлэн байгуулсан. 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 08/55 тоот зээлийн барьцааны гэрээгээр Мфикскапитал ХХК-ийн өмч, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 46В байрны 1-ээс 24 тоот хүртэлх нийт 24 ширхэг орон сууцыг барьцаалан зохих журмын дагуу нотариатаар гэрчлүүлж эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч я ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээл, хүүгээ төлөөгүй бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар үндсэн зээл 234 614 ам.доллар, зээлийн хүү 142 026 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 69 443 ам доллар, нийт 446 083 ам.доллар буюу 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Монгол банкны албан ханш /1 ам.доллар-2 007 68 төгрөг/-аар тооцоход  895 591 918 төгрөг болж байсан тул уг мөнгийг улсын тэмдэгтийн хураамж 4 635 910 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан. 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүүнд тооцогдох 51 450 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд тооцогдох 10 290 ам.доллар, нийт 61 740 ам.доллар буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар бодож 153 274 489 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Дараа нь 2017 оны 6 дугаар сарын 29-ны өдөр 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүүнд тооцогдох 22 092 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд тооцогдох 4 573 ам.доллар, нийт 26 665 ам.доллар буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцон 62 668 616 төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд хариуцагчаас нийт 1 111 535 023 төгрөгийг  улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сумъяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Хариуцагч я ХХК нь К ХХК-тай 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 08/55 тоот Зээлийн гэрээ болон 08/55 тоот Зээлийн барьцааны гэрээ-г 6 сарын хугацаатай байгуулж, 10 860 000 юанийн хөрөнгө оруулалтын зээл авч, үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тойруу, аялал жуулчлалын зориулалттай 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, газрын хамт барьцаалсан байна. Үүний дараа 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 08/55 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 18 сараар сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, энэ хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 1 514 200 юань, зээлийн хүүгийн төлбөрт 910 916 юаныг төлж, 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 08/55 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээгээр зээлийн үлдэгдэл болох 9 345 800 юанийг ам.долларын зээлд шилжүүлэн 1 368 763 42 ам.долларыг 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл зээлийн гэрээг 12 сараар сунган зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Ингээд үндсэн зээл 1 134 149 34 ам доллар, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд 976 081 58 ам.доллар буюу нийт 2 110 230 92 ам долларыг төлсөн болно. Уг төлбөрөөс буюу 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдөр гэрээний хугацаа дууссанаас хойш 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 730 852 39 ам.долларыг зээлийн хүүнд тооцсон ба 1 134 149 34 ам.долларыг үндсэн зээлд төлж нийт 1 865 001 73 ам.долларыг төлсөн байна. Мөн гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн уг төлбөрт дараах үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн болно. Үүнд 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 13/84 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээгээр 201 358 25 ам.долларын төлбөрт, 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээгээр 491 965 11 ам долларын төлбөрт буюу нийт 693 323 36 ам.доллар үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг К ХХК-д шилжүүлэн өгч төлбөрт тооцон суутгасан болно. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн 1 865 001 73 ам долларыг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй бөгөөд төлбөрийг бүрэн төлсөн  гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.  Мөн зээлийн гэрээний хугацаа 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдөр дууссанаас хойш нэхэмжлэгч шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаагүй, зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх тухай 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 13/84 тоот, 2013 оны 3 дугаар сарын 19-ний 13/85 тоот гэрээнүүдэд хариуцагч я ХХК оролцоогүй бөгөөд  нэхэмжлэгч К ХХК болон Мфикскапитал ХХК-ийн хооронд байгуулагдсан байна.  Хариуцагч я ХХК нь 2008 онд 1 000 000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан бөгөөд 10 860 000 юанийн зээл авах боломжгүй байсан ба банк тухайн зээлийг ямар ч судалгаагүй, өөр ашиг сонирхол, зорилгоор  олгосон болох нь харагддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч я ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 1 111 535 023 төгрөг гаргуулах тухай К ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч К ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 049 527 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, С.Ялалт нар давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтыг баримтлан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд батлан даагч "Мфикскапитал" ХХК-аас 2013 оны 3 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн төлбөрийг тооцож барагдуулсныг зээлдэгч биш учраас зээл төлсөнд тооцохгүй, энэ үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанд тооцохгүй гэж үзсэн байна. Зээлийн гэрээний хугацааг зээлдэгчтэй харилцан тохиролцож, 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл сунган нэмэлт гэрээ байгуулсан. Мөн зээлдэгчийн зүгээс зээлийн хүүгийн төлбөрийг 2011 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл төлсөн нь зээлийн дансны хуулга. зээлийн тооцоолол зэргээс нотлогддог. 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зээлийн батлан даагч "Мфикскапитал" ХХК-тай зээлийн төлбөрт хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн өдөр буюу 2013 оны 3 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зээл, хүүний төлбөрнйг гэрээнд заасан дүнгээр хорогдуулан төлсөн. "Мфикскапитал" ХХК нь зээлдэгчийн өмнөөс өөрийн хөрөнгөөрөө зээл, хүүг төлж байгаа нь тэрээр тухайн зээлийн үүргийн гүйцэтгэлийг батлан даах тухай гэрээ байгуулж үүрэг хүлээсэнтэй холбоотой байдгийг анхан шатны шүүхээс анхаарч үзсэнгүй. Мөн батлан даалтын гэрээ, түүний эрх зүйн зохицуулалт, үр дагаварыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүй байна. 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдөр №08/55 тоот "Зээлийн батлан даалтын гэрээ"-г К, "Мфикскапитал" ХХК, "я" ХХК байгуулж, гэрээний 3.1 дэх хэсгийн "А" заалтаар "Мфикскапитал" ХХК нь батлан даагчийн үүргийг хүлээсэн байдаг. Энэхүү гэрээний үндсэн дээр Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3 дахь хэсэгт заасан үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй юм. Зээлийн гэрээний хугацааны дотор буюу 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор зээлдэгч "я" ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүй тул батлан даагч "Мфикскапитал" ХХК-иас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүссэн гэж үзэх юм. Дээрх байдлаар батлан даагчийн зүгээс хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх замаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулсан байгааг шүүхээс анхаарч үзсэнгүй. "Үүрэг хүлээсэн этгээд" гэдэгт зөвхөн зээлдэгчийг хамааруулан ойлгохгүй гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй нөхцөлд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасны дагуу мөн батлан даагчид үүрэг үүсэх тул үүнд батлан даагчийг "үүрэг хүлээсэн этгээд" гэдэгт хамааруулан үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 79.1 дэх хэсэгт заасан үүрэг хүлээсэн этгээд" гэдэгт батлан даагчийг хамааруулж үзээгүй байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн Иргэний хуулийн 458.3 дахь хэсэгт зааснаар батлан даагчийн хүлээсэн үүрэг нь үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэгт хамаарахаар зохицуулсан байх тул батлан даагч "Мфикскапитал" ХХК-ийн гүйцэтгэсэн зээл, хүүний төлбөрийг зээлдэгч "я" ХХК-ийн зүгээс төлсөнтэй адилтган үзэх эрх зүйн үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах асуудал нь хөөн хэлэлцэх хугацааны дотор л гарах асуудал бөгөөд хэрэв 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусах байсан бол үүнээс өмнө тасалдах асуудал яригдах боломжтой болно. 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр батлан даалтын үүрэг хүлээсэн этгээдээс зээл, хүү төлснөөр хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулж, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт заасны дагуу хугацааг дахин шинээр тоолох үндэслэлийг бүрдүүлснийг анхан шатны шүүхээс анхаарч үзсэнгүй. Хэрэв 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолж үзвэл 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр дуусахаар байгаа юм. 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 63 хоногийн өмнө нэхэмжлэл гаргасан байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн нь буруу байна. Иймээс дээр дурдсан бүх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч "К" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. "Мфикскапитал" ХХК нь 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 08/55 тоот зээлийн гэрээний үүрэгт дараах 2 гэрээний үндсэн дээр, 2 өөр эрх зүйн статустайгаар үүрэг хүлээж оролцсон. 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 08/55 тоот "Зээлийн батлан даалтын гэрээ"-ний дагуу батлан даагчийн хувиар, 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 08/55 тоот зээлийн барьцааны гэрээний дагуу барьцаалуулагчийн хувиар оролцсон байна. Өөрийн хөрөнгөөр батлан даах болон барьцаалахаар тохиролцсон гэрээнүүд нь хэрэгт авагдсан байгаа. Зээлийн батлан даагч "Мфикскапитал" ХХК-ийн зүгээс 2013 оны 3 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд дараах дүн бүхий төлбөрийг хийсэн нь зээлийн төлбөрт хөрөнгө шилжүүлэх гэрээ, тухай өдрүүдийн зээлийн дансны хуулга, хариуцагч я ХХК-ийн зүгээс эдгээр төлбөр хийгдсэн талаар маргахгүй байгаа зэргээр нотлогдож байсан. Зээлийн батлан даагчаас зээл төлсөн тухай гэрээ, тухайн өдрүүдийн зээлийн дансны хуулга, хариуцагчийн зүгээс энэ талаар маргаагүй зэрэг үйл баримт нь зээл төлөгдсөнийг тал бүрээс нь, бүрэн бодитой, хангалттай нотолж байна. Хариуцагч талын төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс тухайн өдрүүдэд зээл төлсөн талаар огт маргаагүй, зээлийн төлбөрөөс төлсөн үйл баримтыг зөвшөөрдөг. Гол нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлд нийт төлбөр орох ёстой гэж маргадаг. Зээлдүүлэгч болон батлан даагч нарын хооронд байгуулсан гэрээ одоогоор хүчин төгөлдөр хэвээрээбайна. Батлан даагч батлан даалтын тусдаа гэрээний дагуу үүссэн үүргээ биелүүлж байгаа этгээд учир зээлдүүлэгч буюу Кнаас шаардсанаар зээлдэгчээс үл шалтгаалах байдлаар үүргээ биелүүлэх үүрэгтэйг анхаарах нь зүйтэй байна. Анхан шатны шүүхээс батлан даагчийн төлсөн төлөлтүүд хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулах хүчин чадалгүй гэж үзсэн байх тул батлан даагчаас үүргийг тодорхой хэмжээгээр төлөгдсөн үйл баримтыг, мөн зээлдэгч, батлан даагчийг нэгэн төрлийн үүргийг хариуцаж байгааг тус тус үгүйсгэж байгаа хэрэг юм. Хөөн хэлэлцэх хугацаа батлан даагчийн төлөлтийн улмаас тасалдах эрх зүйн үр дагварыг зээлдэгч заавал хүлээх учиртай юм. Ашгийг зөвшөөрсөн бол үр дагаварыг хүлээх учиртай. Иймээс Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.3 дахь хэсэгт зохицуулж, Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт тус тус зааснаар батлан даалтын үүргийг хэрэгжүүлсэн өдөр буюу 2013 оны 3 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан. Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө батлан даагчийн зүгээс үүргээ хэрэгжүүлж, зээл, хүүнээс төлсөн байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2017/02404 тоот анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч "К" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч К ХХК хариуцагч я ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 111 535 023 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрөн маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 08/55 дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 10 860 000 юанийг 6 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэй зээлж, дээрх гэрээнд 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр оруулсан өөрчлөлтөөр эргэн төлөлтийн хугацааг 18 сараар сунгасан, 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн өөрчлөлтөөр зээлийн төлбөрийн үлдэгдлийг 1 368 763 42 ам.долларт шилжүүлэн жилийн хүүг 20,4 хувиар тооцон гэрээний хугацааг 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл буюу 12 сарын хугацаагаар сунгажээ. /хх-ийн 11-13, 18-19 тал/

 

Мөн хариуцагч я ХХК нь Мфикскапитал ХХК-тай 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдөр зээлийн батлан даалтын гэрээ байгуулж, мөн өдрөө К ХХК нь я ХХК-тай барьцааны гэрээг, 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр К ХХК нь я ХХК, Мфикскапитал ХХК-иудтай зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулсан үйл баримтууд тогтоогдсон бөгөөд уг гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй байна. /хх-ийн 16-17, 20-21 тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн, батлан даалтын, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч я ХХК-иас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

Хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгч К ХХК-иас гаргаж өгсөн зээл, зээлийн хүү төлөлтийн тооцоолол болон хариуцагч я ХХК-ийн зээл, зээлийн хүү төлөлтийн жагсаалт гэсэн бичгийн баримтууд авагдсан байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч байгууллага 2011 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр зээлийн үндсэн хүүд 26 831 11 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 6 798 66 ам.доллар төлсөн, мөн батлан даагч Мфикскапитал ХХК нь 2013 оны 3 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг хариуцагчийн төлбөл зохих зээл, зээлийн хүүгийн төлбөрт шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 123, 163-164, 170 тал/

 

Зохигчид зээлийн гэрээний үүрэг биелүүлэх хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар маргаж, нэхэмжлэгч К ХХК нь батлан даагч Мфикскапитал ХХК нь 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлсөн хугацаанаас үүрэг гүйцэтгэгч я ХХК-ийн хөөн хэлэлцэх хугацааг тооцно гэж, хариуцагч я ХХК 2011 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр зээл, зээлийн хүүд мөнгө төлсөн хугацаанаас хойш нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн зөрүүтэй тайлбаруудыг гаргажээ.

 

Зээлийн батлан даалтын гэрээний 4.2.1-т зээлдэгч банкнаас авсан зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлөөгүй тохиолдолд эдгээр төлбөрийг батлан даалтын үүргийн дагуу төлөх, мөн батлан даалтын хөрөнгийг борлуулснаас орсон орлого нь Банкны зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлөхөд хүрэлцээгүй, батлан даагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн батлан даалт гаргасан хөрөнгийн үнэлгээ буурсан бол Батлан даагч нь өөрийн бусад хөрөнгө, эс үүсвэрээс зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад өрийн үлдэгдлийг үл маргах журмаар төлж барагдуулна гэж заасан ба зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч нь батлан даалтын гэрээний дагуу төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасан бөгөөд зохигчдын байгуулсан 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 08/55 дугаар зээлийн батлан даалтын гэрээнд зээлдэгч болон батлан даагчийг хамтран хариуцагч хүлээх талаар тусгаагүй, батлан даагч нөхөх хариуцлага хүлээхээр заасан байх тул зээл, зээлийн хүүд 2013 оны 3 дугаар сарын 28-нд төлсөн 201 358 25 ам.доллар, 3 дугаар сарын 29-нд төлсөн 491 965 11 ам.долларыг зээлдэгчийн төлсөн төлбөр гэж үзэхгүй бөгөөд уг хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тооцох боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч я ХХК зээлийн гэрээний үүргийг 2011 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр биелүүлснээс хойшхи хугацаанд К ХХК нь гэрээний үүргээ шаардаагүй, 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүхийн хариуцагч байгууллага 2011 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр зээлийн хүү төлсөн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тооцон 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр дууссан гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч байгууллага Иргэний хууль заасан хөөн хэлэцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын батлан даагчийн төлбөр төлсөн хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тооцоогүй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2017/02404 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч К ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 715 626 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ц.ИЧИНХОРЛОО