Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2017/02404

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “К Б” ХХК

Хариуцагч: “В С”ХХК

Зээлийн гэрээний үүрэгт 1 111 535 023 /нэг тэрбум нэг зуун арван нэгэн сая таван зуун гучин таван мянга хорин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, С.Ялалт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, хариуцагчийн өмгөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:                                                

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К Б нь Б.Манансан захиралтай “В С” ХХК-тай 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 08/55 тоот зээлийн гэрээ байгуулан 10 860 000 /арван сая найман зуун жаран мянга/ юанийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлийг барилгын хөрөнгө оруулалтын зориулалтаар олгосон бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг “М” ХХК батлан дааж өөрийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206009143 дугаартай, 000041944 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17021/ Зайсангийн тойруу 46В дугаартай, 3200м.кв талбайтай 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг газрын хамт,  мөн “В С”ХХК-ийн борлуулалтын орлогыг тус тус барьцаалж 08/55 тоот зээлийн батлан даалтын гэрээ болон Зээлийн барьцааны гэрээг байгуулан зохих журмын дагуу нотариатаар гэрчлүүлж, эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн.

Гэрээний явцад зээлдэгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн талууд харилцан тохиролцсоноор 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээгээр зээлийн эргэн төлөлтийн хугацааг 18 сар болгон сунгаж эргэн төлөлтийн хуваарийг уг гэрээний хавсралтын дагуу өөрчлөн тохирсон, 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээгээр тухайн үеийн зээлийн үлдэгдлийг 1.368.763.42 ам долларт шилжүүлж гэрээнд заасны дагуу зээлийн хүүг жилийн 20.4 хувь болгож, зээлийн хугацааг 2010 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл 12 сараар сунгасан.

Банкны зээлийн хөрөнгөөр барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэснээр зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан байсан 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гүйцэтгэл нь 90 хувьд хүрч улмаар эрхийн улсын бүртгэлийн албанаас тухайн байрны орон сууц нэг бүрээр нь салган “М” ХХК-д өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон тул талууд харилцан тохиролцож зээлийн барьцааны гэрээг шинэчлэн байгуулсан. 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08/55 тоот зээлийн барьцааны гэрээгээр “М” ХХК-ийн өмч, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 46В байрны 1-ээс 24 тоот хүртэлх нийт 24 ширхэг орон сууцыг барьцаалан зохих журмын дагуу нотариатаар гэрчлүүлж эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч “В С”ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээл, хүүгээ төлөөгүй бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар үндсэн зээл 234 614.00 ам.доллар, зээлийн хүү 142 026.00 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 69 443.00 ам доллар, нийт 446 083.00 амдоллар буюу 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Монголбанкны албан ханш /1.00 амдоллар-2.007.68 төгрөг/-аар тооцоход  895 591 918 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 4.635.910 төгрөгийг тус тус хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хоёр удаа нэмэгдүүлж  2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагад “К Б” нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд болон шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ дурдсанчлан 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүүнд тооцогдох 51 450 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд тооцогдох 10 290 ам.доллар, нийт 61 740 ам.доллар буюу тухайн үеийн Монголбанкны ханшаар бодож 153 274 489 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Дараа нь дахин 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүүнд тооцогдох 22 092 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд тооцогдох 4 573 ам.доллар, нийт 26.665 ам.доллар буюу тухайн үеийн Монголбанкны ханшаар тооцон 62 668 616 төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд хариуцагчаас нийт 1 111 535 023 төгрөгийг  улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байна.      

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “В С”ХХК нь “К Б” ХХК-тай 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 08/55 тоот “Зээлийн гэрээ” болон 08/55 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г 6 сарын хугацаатай байгуулж, 10 860 000 юанийн хөрөнгө оруулалтын зээл авч, үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тойруу, аялал жуулчлалын зориулалттай 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, газрын хамт барьцаалсан байна. Үүний дараа 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 08/55 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулж зээлийн гэрээний хугацааг 18 сараар сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, энэ хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 1 514 200 юань, зээлийн хүүгийн төлбөрт 910 916 юаныг төлж, 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 08/55 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээгээр зээлийн үлдэгдэл болох 9 345 800 юанийг ам.долларын зээлд шилжүүлэн 1 368 763.42 ам.долларыг 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээлийн гэрээг 12 сараар сунган зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Ингээд үндсэн зээл 1 134 149.34 ам доллар, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд 976 081 58 ам.доллар буюу нийт 2 110 230.92 ам долларыг төлсөн болно. Уг төлбөрөөс буюу 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дууссанаас хойш 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 730 852.39 ам. долларыг зээлийн хүүнд тооцсон ба 1 134 149.34 ам.долларыг үндсэн зээлд төлж нийт 1 865 001.73 ам.долларыг төлсөн байна. Мөн гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн уг төлбөрт дараах үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн болно. Үүнд 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 13/84 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээгээр 201 358.25 ам.долларын төлбөрт, 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээгээр 491 965.11 ам долларын төлбөрт буюу нийт 693 323.36 ам.доллар үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “К Б” ХХК-д шилжүүлэн өгч төлбөрт тооцон суутгасан болно. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн 1 865001.73 ам долларыг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй бөгөөд төлбөрийг бүрэн төлсөн  гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.  Мөн зээлийн гэрээний хугацаа 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдөр дууссанаас хойш нэхэмжлэгч шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаагүй, зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх тухай 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 13/84 тоот, 2013 оны 03 дугаар сарын 19-ны 13/85 тоот гэрээнүүдэд хариуцагч “В С”ХХК оролцоогүй бөгөөд  нэхэмжлэгч “К Б” ХХК болон “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан байна.  Хариуцагч “В С”ХХК нь 2008 онд 1 000 000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан бөгөөд 10 860 000 юанийн зээл авах боломжгүй байсан ба банк тухайн зээлийг ямар ч судалгаагүй, өөр ашиг сонирхол, зорилгоор  олгосон болох нь харагддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

             ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “К Б” ХХК нь хариуцагч “В С”ХХК-д холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт нийт 1 111 535 023 /нэг тэрбум нэг зуун арван нэгэн сая таван зуун гучин таван мянга хорин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгч нь  2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 08/55 тоот “Зээлийн гэрээ”-ний үүүрэгт 895 591 918 төгрөг нэхэмжилсэн бөгөөд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлж, 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж нэхэмжилсэн.

            Хавтаст хэрэгт авагдсан баримт, зохигчдийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч К Б болон хариуцагч “В С”ХХК-ийн хооронд 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан 08/55  тоот “Зээлийн гэрээ”, 08/55 тоот “Зээлийн барьцааны гэрээ”, К Б болон “М” ХХК, хариуцагч “В С” ХХК нарын хооронд байгуулагдсан 08/55 тоот “Зээлийн батлан даалтын гэрээ”-гээр  нэхэмжлэгч нь хариуцагчид 10 860 000 юанийг хөрөнгө оруулалтын зориулалтаар, 6 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцож, зээлийн барьцаанд Мфикскапитал” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан, зээлдэгч “В С”ХХК зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд  түүний К Бнаас авсан зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн төлбөрийг батлан даагч “М” ХХК бүрэн хариуцаж төлөхөөр тохиролцжээ. 

Мөн К Б болон “М” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 08/55 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ” байгуулан барьцаалуулагч “М” ХХК-ийн өмч, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 46В байрны 1-ээс 24 тоот хүртэлх нийт 24 ширхэг орон сууцыг барьцаалан гэрээг нотариатаар гэрчлүүлж эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн ба К Б, “В С”ХХК-ын хооронд 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 08/55  тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах агуулгатай байна.

Талууд 08/55 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцож 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ” байгуулан зээлийн эргэн төлөлтийн хугацааг 18 сар болгон сунгаж эргэн төлөлтийн хуваарийг уг гэрээний хавсралтын дагуу өөрчлөн тохирсон, 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ” байгуулан тухайн үеийн зээлийн үлдэгдлийг 1 368 763.42 ам долларт шилжүүлж гэрээнд заасны дагуу зээлийн хүүг жилийн 20.4 хувь болгож, зээлийн хугацааг 2010 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл 12 сараар сунгажээ.  

Дээр дурьдсан гэрээнүүдийг байгуулсан, тэдгээрийн хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй ба гэрээнд оролцогч талууд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга дарж, нотариатаар баталгаажуулсан, зээлийн батлан даалтын гэрээг эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Гэрээнд зээлдэгч тал болох хариуцагч “В С”ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Манансан гарын үсэг зурсан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа баримтаар тэрээр тухайн үед тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд байсан нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгүүдэд зааснаас үзэхэд зохигчдийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 08/55 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлэгч К Б нь зээлдэгч “В С”ХХК-д  10 860 000 юань шилжүүлсэн ба гэрээний хугацаа  2010 оны 10 дугаар сарын 1-ний өдөр дуусчээ.  

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээл болон хүүнд 730 852.32 ам.доллар буюу 2 441 291 823 төгрөг төлснөө нотлохоор шүүхэд гаргаж өгсөн зээлийн дансны хуулга, К Б болон “М” ХХК-ийн хооронд 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан 13/84 дугаартай “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ”, 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 13/84 дугаартай “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”,  2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан 13/85 дугаартай “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ” гэх баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй ба дурдсан төлөлт тооцогдсон, гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө нэхэмжилсэн гэж тайлбарласан. 

К Б болон “М” ХХК-ийн хооронд 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан 13/84 дугаартай “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ”, 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 13/84 дугаартай “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”, 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан 13/85 дугаартай “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ” –нд хариуцагч “В С”ХХК оролцоогүй, гэрээний тал биш боловч хариуцагчийн К Бнаас авсан зээлийн төлбөрт эд хөрөнгө шилжүүлэн өгсөн агуулгатай байна.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар  08/55 тоот зээлийн гэрээний хугацаа 2010 оны 10 дугаар сарын 1-нд дууссанаас хойш нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй, хариуцагч “В С”ХХК нь 2011 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр зээлийн төлбөрт 6 798.66 ам.доллар буюу 8 852 944 төгрөгийг төлсөнөөс хойш төлбөр төлөөгүй болох нь нотлогдоно.

Харин “М” ХХК нь нэхэмжлэгч К Бтай байгуулсан 13/84, 13/85 тоот гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагчийн зээлийн төлбөрт шилжүүлсэн нь зээлдүүлэгч банк зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас бус батлан даагчаас шаардсан байх тул хариуцагчийн хийсэн төлбөр гэж үзэх үндэслэлгүй дүгнэлээ.

Нөгөө талаар Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарах бөгөөд хэрэгт авагдсан 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ”-ээр зээлийн хугацааг 2010 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл 12 сараар сунгахаар тохиролцсон байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсгүүдэд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 3 жил байх,  үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолохоор зохицуулсан байх тул хариуцагч компани  2011 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр зээлийн хүү төлсөн үеээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцон 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр дууссан гэж үзэх үндэслэлтэй юм. 

Энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон талаар ямар нэг баримт хэрэгт авагдаагүй ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсэн зохицуулалтад нийцсэн байна.

Иймд шүүх хариуцагч “В С”ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 1 111 535 023 төгрөг гаргуулах тухай К Бны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Учир нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хариуцагчид энэхүү гэрээний үүргээс татгалзах эрхийг олгож, нэхэмжлэгчийн гэрээний үүргийг шүүхээр албадан хангуулах боломжийг хязгаарласан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                                                                                                                     ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “В С”ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 1 111 535 023 /нэг тэрбум нэг зуун арван нэгэн сая таван зуун гучин таван мянга хорин гурав/ төгрөг гаргуулах тухай “К Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “К Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 049 527 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Т.БАТСҮХ