Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 0838

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин, улсын яллагч  Х.Ням-Эрдэнэ, шүүгдэгч  Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт  Ө овогт Э Б холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806029810919 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 07-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ө овогт Э Б, 1996  оны 3 дугаар сарын 15-ны өдөр, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Мяралзаа ХХК-д засварчин ажил эрхэлдэг, ам  бүл 6, эцэг эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,

Холбогдсон хэргийн талаар:

           Э.Б нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Т архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

     Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Б бид хоёр 21.00 цагт ажлаа тараад Багшийн дээд рүү явсан. Тэнд Д, Ч хоёртой уулзсан. Бид нар уулзана гэж тохирсон байсан юм. Бид дөрөв арслантай гүүрний хойд талын нэг пабад орсон. Тэнд ороод бид нар пиво уусан ба пабаас гараад 23.00 цаг өнгөрч байхад гараад 4 давхарт нь байдаг караокед орсон. Тэндээ дуулаад пиво ууцгаасан. 02.00 цагийн орчимд тэндээсээ гарч Баянзүрх дүүргийн Амгалан руу явсан. Би буудалд орсоноо мэдэхгүй байна мөн пабаас гараад юу болсон талаар санахгүй байгаа юм. Би тасарчихсан байсан болохоор юу ч мэдэхгүй байгаа юм гэжээ. /хх-ийн 12/ 

     Хохирогч  Э.Т мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн 06-07 цагийн орчимд Мон Брэнд дэн буудал руу архи авахаар Т хамт очсон. Дэн буудлын жижиг цонхыг нь тогшиход ресепшин эмэгтэй хаалгаа онгойлгосон. Би тэр хүнээс 0.75 граммын Хараа архи авсан чинь цаанаас нь нэг залуу цонхоор харахаар нь би чамайг хаана харлаа гэж асуутал нөгөө залуу чамд ямар хамаатай юм бэ гээд надтай хэрэлдээд гарч ирсэн. Тэгээд миний зүүн духанд хальт цохисон. Тэгэхээр нь би Т хамт шатаар доошоо бууж байтал нөгөө хүн 3 залуутай нийлээд 4-үүлээ болоод араас хүрээд ирсэн. Гэтэл нэг залуу миний араас барьж авсан. Би барьцыг нь тавиулаад доошоо явах гэтэл хажуунаас 170 орчим сантиметр өндөртэй, туранхай давхраатай бүлтгэр нүдтэй залуу миний эрүүний зүүн тал руу нэг удаа өшиглөөд, зүүн шанаа руу гараараа хэд хэдэн удаа угсруулаад цохисон. Би арай гэж зугтааж гарсан. Миний араас Т гарч ирсэн. Би зүгээр л хаана харлаа гэхэд л намайг зодсон. Миний зүүн талын эрүү хугарсан.  Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэжээ. / хх-н 5-10/    

   Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 21.00 цагийн орчимд ажлаасаа Б хамт гарсан. Бид хоёр Д, Ч хоёртой уулзсан. Тэгээд бид дөрөв нэг пабад орсон. Тэндээсээ гараад караокед орсон. Бид нар тэндээсээ гараад буудалд орохоор болсон. Дэн буудалд ирээд бид 4 өрөөндөө ороод хөзөр тоглож сууж байгаад би бэлэн гоймон аваад ирье гэж гарсан. Ресепшин эмэгтэй дээр ирээд жоохон юм яриад сууж байтал хаалгыг нь хүчтэй нүдээд байсан. Тэгэхээр нь би очоод энд архи зарахгүй гэхэд эрүүгээ хугалуулсан залуу юу байна андаа гээд байхаар нь би чамайг хаана харлаа гээд байсан. Тэгээд бид нар жоохон маргалдаж байгаад би өрөөрүүгээ явчихсан. Өрөөндөө ирээд хөзөр тоглож байтал дахиад хаалга пижигнүүлээд байсан. Тэгэхээр нь би ресепшин эмэгтэй дээр очоод яасан бэ гэхэд хаалга нүдээд нөгөө хэд чинь явдаггүй гэхээр нь би хаалгаа онгойлгочих эрчүүд байна учраа олох байлгүй гэсэн. Би өрөөнд ороод хувцасаа өмсөөд гараад иртэл нөгөө хэд хоорондоо зодолдож байсан. Бид нарыг нэг настай ах салгасан. Удалгүй эрүүгээ хугалуулсан залуу хүмүүстэй орж ирээд хэрүүл хийгээд байсан. Тэгж байтал цагдаа ирсэн гэжээ. / хх-н 11/

   Гэрч Б.Т  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 22.00 цагийн орчимд Т бид хоёр манай гэрт 0.75 граммын 1 шил архи уусан. Тэгээд бид хоёр дахин архи авахаар Мон брэнд дэн буудал руу очсон. Т хоёр давхарт гараад хаалгыг нь тогшсон. Хаалгыг 25 орчим настай эмэгтэй онгойлгож өгсөн. Бид хоёр тэндээс 1 шил архи аваад зогсож байтал буудлын жижиг цонхоор нэг залуу харсан. Гэтэл Т би чамайг хаана харлаа гэж хэлсэн чинь нөгөө залуу чамд ямар хамаатай юм одоо зайл гэж хэлээд гараад ирсэн. Уг залуу Т муудалцаад Т дух руу гараараа нэг удаа цохисон. Бид хоёр шатаар бууж байтал араас 3 залуу ирсэн. Тэгээд нөгөө залуучууд ирээд маргаан болж зодолдож эхэлсэн. Гадаа гарчихсан байхад нэг залуу нэмж ирсэн. Т онигор нүдтэй залуугаас чамайг хаана харлаа гэснээс болж маргаан үүссэн юм. Намайг хэн нь цохисон юм бүү мэд. Т бид хоёр бол багийн найзууд юм. Хааяа архи уудаг, уусан үедээ янз бүрийн догшин зангүй гэжээ. / хх-н 13/

   Гэрч С.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Бид нарыг дэн буудалд юм яриад сууж байтал ресепшин эмэгтэй орж ирээд танай найз нар чинь маргалдаад байна гэсэн. Б эхлээд гарсан. Дараа нь Д гараад би хамгийн сүүлд гарсан. Намайг гараад харахад коридорт хүмүүс маргалдаад байсан. Би 2 давхарын шатны дээр ирээд доошоо хартал Б нэг хүнтэй заамдалцчихсан нэг давхар луу бууж байсан. Би уг хүнийх нь царайг хараагүй. Би юунаас болж муудалцсан талаар нь мэдэхгүй байна гэжээ./ хх-н 15/

   Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Б эцэг эхээс 4 хүүхдийн 2 дахь хүүхэд нь байгаа юм. Бид нар багаасаа хамт өссөн. Б хүн чанар сайтай, цайлган сэтгэлтэй, тусч ажилсаг хөдөлмөрч хүүхэд байгаа юм. Архи уугаад байдаггүй юм гэжээ./ хх-н 32/

  Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Б таньдаг болоод нэг жил болж байна. Би хамт ажиллах үедээ Бг архи ууж хүнтэй маргаж байхыг хараагүй. Б бол хүнд тусархуу, төлөв томоотой, нөхөрсөг, догшин ширүүн зангүй гэжээ. / хх-н 33/

 Шинжээч эмч Т.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Хохирогч Т биед учирсан эрүү ясны зүүн сэртэн булан руу үргэлжилсэн хугарал нь 1 болон хэд хэдэн удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хүзүүнд зулгаралт, цус хуралт нь тус тусдаа 1 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйл гэдэгт ир үзүүртэй зүйл болон галт зэвсэгээс бусад зүйлийг хэлнэ. Т учирсан дээрх гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл, Т биед учирсан эрүү ясны сэртэн булан руу үргэлжилсэн хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. / хх-н 34-35/

    Хохирогч Э.Т эмчилгээний зардлын талаарх баримтууд /хх-н 36-43/

    Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол /хх-н 17/

          Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 4393 тоот ДҮГНЭЛТ:

          1.Т биед эрүү ясны зүүн сэртэн булан руу үргэлжилсэн хугарал хүзүүнд зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. /хх-ийн 18/

 

           Э.Б эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 25-29/

          Э.Б хувийн баталгаа гаргах таслан сэригийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 30-31

    Э.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 20/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 19 /,  оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 34/ хохирогч Б.Б  эмчилгээний зардлын талаарх баримтууд /хх-н 38-39/ Б.Б  900.000 төгрөг төлсөн баримт /хх-н 45/ зэрэг болно.  

          Э.Б нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Т архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:    

           Т биед эрүү ясны зүүн сэртэн буланруу үргэлжилсэн хугарал хүзүүнд зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэсэн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 4393 тоот дүгнэлт /хх-ийн 18/  

       Шинжээч эмч Т.Н  мөрдөн шалгах ажиллагааны өгсөн… үед мэдүүлэхдээ: Хохирогч Т биед учирсан эрүү ясны зүүн сэртэн булан руу үргэлжилсэн хугарал нь 1 болон хэд хэдэн удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хүзүүнд  зулгаралт, цус хуралт нь тус тусдаа  1 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тэмүүлэнд учирсан дээрх гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл,  Т биед учирсан эрүү ясны сэртэн булан руу үргэлжилсэн хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн мэдүүлэг  /хх-н 34-35/

     Хохирогч Э.Т мөрдөн  шалгах ажиллагааны үед  өгсөн… Би барьцыг нь тавиулаад доошоо явах гэтэл хажуунаас 170 орчим сантиметр өндөртэй, туранхай давхраатай бүлтгэр нүдтэй залуу миний эрүүний зүүн тал руу нэг удаа өшиглөөд, зүүн шанаа руу гараараа хэд хэдэн удаа угсруулаад цохисон. Би арай гэж зугтааж гарсан. Миний зүүн талын эрүү хугарсан гэсэн мэдүүлэг  / хх-н 5-10/   

    Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн… Тэнд ороод бид нар пиво уусан ба пабаас гараад 23.00 цаг өнгөрч байхад гараад 4 давхарт нь байдаг караокед орсон. Тэндээ дуулаад пиво ууцгаасан. 02.00 цагийн орчимд тэндээсээ гарч Баянзүрх дүүргийн Амгалан руу явсан. Би буудалд орсоноо мэдэхгүй байна мөн пабаас гараад юу болсон талаар санахгүй байгаа юм. Би тасарчихсан байсан болохоор юу ч мэдэхгүй байгаа юм гэ сэн мэдүүлэг  /хх-ийн 12/   зэрэг болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

          Шүүгдэгч Э.Б нь хохирогч Э.Т чамайг хаана харлаа гэж  асуусанаас болж маргалдаж улмаар түүний  эрүүний зүүн тал руу нэг удаа өшиглөөд, зүүн шанаа руу гараараа хэд хэдэн удаа угсруулаад цохисоноос  эрүү ясны зүүн сэртэн булан руу үргэлжилсэн хугарал бүхий хүндэвтэр гэмт учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтогдсон байна. Э.Б дээрх үйлдлийг прокуророос зүйлчилж   ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

          Иймд Э.Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож тухайн зүйл хэсэгт заасан торгох ял оногдуулах  үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.                     

          Э.Б нь хохирогчиийн нэхэмжилсэн эмчилгээний зардалд гарсан  1.230.000 төгрөгийг  төлсөн байх ба хохирогч  цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн  тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Э.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан  торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

           Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ө овогт Э Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  санаатай учруулсан   гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар                     Э.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар   шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар                                Э.Б нь торгох ялыг нэг сарын дотор  төлөхөөр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  5-д  зааснаар                                Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5.Э.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.                              

6 .Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Б нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Э.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН