Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 699

 

 

 

 

 

 

 

 

 

     Э.Бд холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Х.Ням-Эрдэнэ,

            шүүгдэгч Э.Б,

            хохирогч Э.Тгийн өмгөөлөгч П.Учралгэрэл,

            нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 838 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Т, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.Бд холбогдох 1806029810919 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Өндгөө овгийн Эрдэнэ-Очирын Э.Б, Архангай аймгийн Хотонт суманд 1996 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Мяралзаа” ХХК-д засварчнаар ажилладаг гэх, ам бүл 6; эцэг, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Архангай аймгийн Хотонт сумын 4 дүгээр баг, Улаан чулуу гэдэг газарт оршин суух албан ёсны хаягтай, хэрэгт холбогдох үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-49 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ........................../;

 

Э.Б нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний шөнө, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, согтуугаар Э.Тг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг нэг сарын дотор төлөхүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Б бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Э.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “... шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Би уг хэргийн улмаас биедээ хүндэвтэр гэмтэл авч, эрүүний яс цуурч, улмаар эмчилгээ хийлгэж байсан бөгөөд одоо ч аппараттай байгаа. Хохирлын баримт хэрэгт авагдсан хэдий ч дахин гаргаж өгөх баримтууд байгаа юм. Энэ тухай прокурорт хэлж байсан бөгөөд хэрэг шүүхэд шилжих үед хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч аваад хэргийн материалтай танилцуулж, хохирлын баримт нэмж гаргаж өгөх гэж байсан. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 7-ны орой ажлын цаг дуусах үед хэрэг шүүхэд ирээд маргааш өглөө нь 09 цагт шүүх хуралдаан зарлаж, манай гэр бүлийн хүнд 30 минутын өмнө шүүх хурал болох гэж байгаа тухай мэдэгдээд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй” гэж хэлсэн гэх үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Би шүүх хуралдаан болох гэж байгаа тухай сонссон даруй гэрээсээ гарч, шүүх дээр ирэхэд шүүх хурал аль хэдийн эхэлчихсэн байсан. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

 

Хохирогч Э.Тгийн өмгөөлөгч П.Учралгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хохирогчтой гэрээ байгуулаад хэргийн материалтай танилцахаар шүүхээс хэрэг ирсэн талаар асуухад  ирээгүй байсан. Тэгээд 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтнаас хэрэг ирсэн талаар дахин асуухад “хэрэг ирээгүй байна” гэхээр нь прокурор Х.Ням-Эрдэнийн гар утас болох 89008422 дугаарт залгаж, хохирогч Э.Тгийн өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцох гэж байгаа тухайгаа хэлж, хэргээ шүүх рүү явуулсан эсэхийг асуухад “одоо явууллаа” гэж хэлсэн. Тухайн үед ажлын цаг дуусч байсан учир маргааш өглөө нь буюу 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 09 цаг 30 минутын орчим хэргийн материалтай танилцахаар очиход шүүх хуралдаан эхэлсэн байсан. Хохирогч Э.Тгийн эхнэрт 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 09 цагт шүүх хуралдаан 30 минутын дараа болох гэж байгаа тухай мэдэгдэж, хохирогчийг “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй” гэх үндэслэлээр шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4-т “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох” гэсэн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж заасныг зөрчин хохирогч болон түүний өмгөөлөгчид хурлын тов мэдэгдэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

            Шүүгдэгч Э.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

            Прокурор Х.Ням-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Э.Бд холбогдох хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт хавтаст хэрэгт авагдсан байсан. Хуульд заасан үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянаад шүүхэд шилжүүлсэн. Шүүх тухайн үед хялбаршуулсан журмаар хэргийг шийдэж байгаа учраас хугацаандаа шүүх хуралдаан товлоод хохирогчийг хуралдаанд оролцуулах саналтайгаар залгасан. Тухайн үед шүүгчийн туслахад өмгөөлөгч П.Учралгэрэлээс “хохирогч Э.Т хохирлыг хүлээн авсан. Ямар нэгэн гомдол саналгүй. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэж хэлсэн учраас шүүх хуралдааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Шүүгдэгчтэйгээ нийлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтээ баримтжуулж өгсөн учраас гаргаж өгсөн нотлох баримтын хэмжээнд гарсан зардлыг нь шүүхээр шийдвэрлүүлсэн. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ хохирогч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Э.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргажээ.  

 

Тодруулбал: Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Бд холбогдох хэргийг 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч /хх-52/, 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 1487 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 11 цагт  /хх-58/ хийхээр товлон зарлаж, энэ өдрийн 10 цаг 25 минутад шүүх хуралдааны товыг хохирогчид  мэдэгдсэн баримт үйлдсэн байна. /хх-59/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “... Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна” гэж, мөн хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж тус тус заасан нь шүүх хуралдааны товыг талуудад мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцох нөхцөл, боломжоор хангах үүргийг шүүхэд хүлээлгэжээ. Үүний дагуу шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ тухайн бүлэгт заасан тусгай журмаар зохицуулаагүй асуудлыг хэрэг хянан шийдвэрлэх ердийн журмыг баримтлан шийдвэрлэх замаар хэргийн оролцогчийн эрхийг хангах учиртай.  

 

Гэтэл анхан шатны шүүх хохирогчид шүүх хуралдаанд оролцох боломжит хугацаа олголгүй шүүх хуралдааныг товлон явуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “... шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох,...” гэж заасан хүний эрхийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох” гэж заасан хохирогчийн эрхийг хязгаарласан зөрчил болжээ.

 

Нөгөө талаар хохирогчийн оролцоогүйгээр шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой эсэхийг магадлан шалгаагүй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно” гэжээ. Энэ зүйл, хэсэгт “... хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл ...” гэж заасан нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд саад болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил /ялангуяа оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан тохиолдол/ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад гараагүй байхыг ойлгоно.    

 

Яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “... хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргана” гэж заажээ. Өөрөөр хэлбэл яллагдагчийн хүсэлтэд хохирлыг бодитой төлсөн баримт, эсхүл хохирлыг хэрхэн барагдуулах талаар санал, санаачлага гаргаж, үүнийг хохирогч сайн дураар хүлээн зөвшөөрч баталгаажуулсан баримтыг хавсаргахаар хуульчилсан болно.

           

Гэтэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргахдаа хохирлоо нөхөн төлсөн баримт, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргаагүй, хохирогч хэрэгтэй танилцаад “... эмчилгээний зардал буюу хохирлоо барагдуулаагүй, гомдолтой, шүүх хуралд оролцоно...” /хх-44/ гэсэн байхад прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тогтоол гаргасан. /хх-47/ Шүүхийн шатанд 1.231.000 төгрөгийн хохирлыг дансаар шилжүүлсэн баримтаа гаргаж өгсөн /хх-56/ байх боловч хохирогч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд ямар байр суурьтай байгааг шүүх тодруулах замаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх”-ийг хяналгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

 

   Иймд “... хохирол барагдуулаагүй байхад шүүх хуралдаанд оролцуулаагүй ...” гэсэн хохирогч Э.Т, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарын давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Бд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 838 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Бд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                          Н.БАТСАЙХАН

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН