Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/02422

 

 

 

Г.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/02976 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-т холбогдох,

 

Үнэлгээ хүчингүйд тооцуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.А,

Гуравдагч этгээд Д.С, Д.Ц нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 102/ШШ2016/02655 дугаар шийдвэрээр Г.Э-гаас 114 400 000 гаргуулж, Д.С-, Ц- нарт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ү-2205003900 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 10 дугаар байрны 30 тоот 2 өрөө орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Төлбөр төлөгч орон сууцаа 150 000 000 төгрөгөөр үнэлсэн байхад үүгээр үнэлээгүй. Шинжээч томилсон талаараа төлбөр төлөгчид мэдэгдээгүй, шинжээчээс татгалзах эрхийг эдлүүлээгүй хууль зөрчиж намайг хохироолоо. Энэ ажиллагаанд 1 орон сууцыг 2 өөрөөр үнэлсэн байгаа тул барьцаа хөрөнгийг 52 438 533 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу төлбөр төлөгч Г.Э-гийн орон сууцыг үнэлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.С- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барьцаа хөрөнгө дуудлага худалдаагаар худалдагдаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд мөнгө нь орсон байгаа ч төлбөрийн мөнгийг одоо хүртэл төлбөр авагч нарт олгохгүй байгаа. Миний бие нь үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэх бие даасан шаардлагаасаа татгалзаж байна. Ажиллагаа түргэн шуурхай явуулах боломжийг олгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Барьцаа хөрөнгө дуудлага худалдаагаар худалдагдаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд мөнгө нь орсон байгаа ч төлбөрийн мөнгийг одоо хүртэл төлбөр авагч нарт олгохгүй байгаа гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан хариуцагч Н-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Энхзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.С- шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг, гуравдагч этгээд Д.С-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 09-ны өдрийн 102/ШШ2018/02978 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулсан хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас байрыг үнэлнэ, үнэлгээний байгууллага томилсон талаараа надад мэдэгдээгүй нь миний хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн хууль бус ажиллагаа явуулсан. Мөн үнэлгээний компаниас байрыг ирж үзээгүй харин 1987 онд ашиглалтад орсон гэдгээр нь өртгийн хандлагыг ашиглаж үнэлсэн гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь хэдийгээр 1987 онд баригдаж ашиглалтад орсон боловч тэр үеийн байдлыг засан засвар үйлчилгээ хийж тухайн байдлыг сайжруулсан байгааг үзэж үнэлгээг зах зээлийн ханшинд тохируулан үнэлээгүй мөн барилга байгууллагын бүтцээс хамаарч "В" ангилалд оруулж үнэлсэн гэж үнэлгээний компани тайлбарласныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээч томилсон тогтоолдоо Баянгол дүүргийн 5-р хороо 10-р хорооллын 10-р байрны 30 тоот 2 өрөө байрны зах зээлийн үнийг тодорхойлуулах санал гаргасан. Гэтэл "Бэсгэ" ХХК-нь уг байр хорооллын зах зээлийн үнийн судалгаа хийгээгүй харин өртгийн хандлагаар элэгдэл хорогдлоор зэрэглэл буруулж үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д ... үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн .... гэсэн байдаг тиймээс миний байрыг зах зээлд худалдан борлуулж байгаа үнэнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж байгаа мөн үнэлгээний компани нь зах зээлийн худалдан борлуулагдаж байгаа өнөөгийн ханшаар үнэлээгүй гэдгээ тайлбарладаг. Мөн Улсын Дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2018/00244 дугаар тогтоолд заасан төлбөр төлөгч миний эдлэх эрхийг ноцтой зөрчсөн ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дахин явуулсан тул анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож үнэлгээг дахин зах зээлийн худалдан борлуулагдаж байгаа үнээр үнэлүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Э- нь хариуцагч Н-т холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/02655 дугаар шийдвэрээр Г.Э-гаас 114 700 000 төгрөгийг гаргуулж, Д.С-, Ц- нарт олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 18-24 дүгээр тал/

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үүсгэж, барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 10 дугаар байр, 30 тоот, 2 өрөө орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр битүүмжлэн, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоол гаргажээ. /хх-ийн 25-27 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон давж заалдах журмаар гаргасан гомдолдоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэхэмжлэгчээс үнийн санал аваагүй, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчсөн гэх боловч нэхэмжлэгч Г.Э- нь 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр өөрийн орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдах үнийн саналд ... барьцаа хөрөнгийн талаар үнийн санал өгөх боломжгүй ... гэх тайлбарыг өгсөн байна. /хх-ийн 30 дугаар тал/

Иймд талуудыг үнийн саналд тохиролцоогүй гэж үзэж Н- нь Бэсгэ ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 10 дугаар байр, 30 тоот орон сууцыг 74 912 191 төгрөгөөр үнэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна. /хх-ийн 31-36 дугаар тал/

 

Түүнчлэн, хариуцагч байгууллагаас шинжээчийн дүгнэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 4/6978 дугаар мэдэгдлээр мэдэгдэж, тэмдэглэл үйлджээ. /хх-ийн 37-40 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нь өөрийн орон сууцыг 150 000 000 төгрөгөөр үнэлсэн гэж тайлбарлах боловч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/02976 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Г.ДАВААДОРЖ