Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2018/02976

 

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2018/02976

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... гудамж, ... дугаар байр, ... тоотод оршин суух, ... овогт Г...Э... /РД: ТВ.../-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, өөрийн байр, НШШГГ холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.С, Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Эгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 102/ШШ2016/02655 дугаар шийдвэрээр Г.Эгаас 114,400,000 гаргуулж, Д.С, Д.Ц нарт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ү2205003900 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 10 дугаар байрны 30 тоот 2 өрөө орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Төлбөр төлөгч орон сууцаа 150,000,000 төгрөгөөр үнэлсэн байхад үүгээр үнэлээгүй. Шинжээч томилсон талаараа төлбөр төлөгчид мэдэгдээгүй, шинжээчээс татгалзах эрхийг эдлүүлээгүй хууль зөрчиж намайг хохироолоо. Энэ ажиллагаанд 1 орон сууцыг 2 өөрөөр үнэлсэн байгаа тул барьцаа хөрөнгийг 52,438,533 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Азбаярын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу төлбөр төлөгч Г.Эгийн орон сууцыг үнэлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Сийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Барьцаа хөрөнгө дуудлага худалдаагаар худалдагдаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд мөнгө нь орсон байгаа ч төлбөрийн мөнгийг одоо хүртэл төлбөр авагч нарт олгохгүй байгаа. Миний бие нь үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэх бие даасан шаардлагаасаа татгалзаж байна. Ажиллагаа түргэн шуурхай явуулах боломжийг олгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Цийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Барьцаа хөрөнгө дуудлага худалдаагаар худалдагдаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд мөнгө нь орсон байгаа ч төлбөрийн мөнгийг одоо хүртэл төлбөр авагч нарт олгохгүй байгаа гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Н.Гхолбогдуулан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 10 дугаар байрны 30 тоот, 29 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлсэн Бэсгэ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явуулсан гэж маргаж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.С, Д.Ц нар хариуцагчийн татгалзлыг дэмжиж оролцож байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргий Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 102/ШШ2016/02655 дугаартай шийдвэрээр хариуцагч Г.Эгаас 114,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.С, Д.Ц нарт олгох, хариуцагч Г.Э шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд төлбөрийг барьцаа хөрөнгө буюу Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 10 дугаар байрны 30 тоот, 29 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн ба уг шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг үнэлсэн Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 07/Ш тоот үнэлгээг хүчингүй болгуулахаар төлбөр төлөгч Г.Э шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/01877 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2112 магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХГ2018/00244 дүгээр тогтоолоор барьцаа хөрөнгийг үнэлсэн Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 07/Ш тоот үнэлгээг хүчингүй болгосугай гэж өөрчилснөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буюу төлбөрийн төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг дахин шинээр гүйцэтгэжээ.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураасан ажиллагаа хууль зөрчөөгүй гэж 3 шатны шүүх дүгнэсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авч эхлүүлснийг буруутгах үндэслэлгүй ба төлбөр төлөгч Г.Э нь барьцаа хөрөнгийн талаар үнийн санал өгөх боломжгүй гэж 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч байгууллагад бичгээр тайлбар гаргасныг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй гэж үзэж 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 102 дугаар тогтоолоор Бэсгэ ХХК-г шинжээчээр томилсон байна.

 

Бэсгэ ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 10 дугаар байрны 30 тоот 2 өрөө орон сууцны зах зээлийн бодит үнэ цэнийг 74,912,191 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг Н.Гхүргүүлжээ. Төлбөр төлөгчид шинжээчийн дүгнэлтийг түүний гэрийн хаягаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 4/6978 дугаар мэдэгдлээр мэдэгджээ.

 

Нэхэмжлэгч Г.Э нь шаардлагын үндэслэлээ шинжээч үнэлгээг хийхдээ миний өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 10 дугаар байрны 30 тоот орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт багаар үнэлсэн, би орон сууцаа 150 сая төгрөгөөр үнэлсэн, шинжээч томилсон талаар надад мэдэгдээгүй, шинжээчийг татгалзах эрхийг эдлүүлээгүй гэжээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь шинжээч болон шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд гомдолтой байгаа талаараа нэхэмжлэлдээ дурдсан байх бөгөөд Бэсгэ ХХК-ийн шинжээч Д.Санж нь төлбөр төлөгчийн Бангол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар дугаар хороолол, 10 байрны 30 тоот 2 өрөө орон сууцны үнэлгээг гаргахдаа өртөгийн хандлагын аргыг ашиглаж, 1987 онд ашиглалтад орсон орон сууцны элэгдлийн хэмжээг 1.6 хувиар тооцсон, мөн Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын дагуу барилга байгууламжийг бүтээцээс хамаарч В ангилалд оруулж, угсармал төмөр бетон төрөлд оруулан нийт элэгдлийг 49.6 хувиар тооцон обьектийг 74,912,191 төгрөгөөр үнэлснийг буруутгах, төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг хэт багаар үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн төлбөр төлөгч нь орон сууцаа 150 төгрөгөөр үнэлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, харин үнэлэх боломжгүй гэх тайлбарыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж байсан нь тогтоогдож байна.

 

            Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэгч Г.Эгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.С шүүх хуралдааны явцад ... үнэлгээ хүчингүй болгож өгнө үү гэх шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Гхолбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Энхзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.С нь ... үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэх шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, гуравдагч этгээд Д.Сээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР