Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/02421

 

 

Л.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/03200 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Б-, Ю.Т-л нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 24 480 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Л.Б-,

Хариуцагч Л.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Л.Б-, Ю.Т-л нартай 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 27 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Хариуцагч нар зээлийн хүүнд 2 700 000 төгрөгийн хүү төлөх ёстойгоос 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1 350 000 төгрөг, үндсэн зээлд 4 000 000 төгрөгийг тус тус төлсөн хэдий ч миний бие төлөөгүй үлдсэн 1 350 000 төгрөгийн хүүг нэхэмжлээгүй. Би хариуцагчийн хүсэлтээр 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгаж, тэд зээлийн хүүнд 8 050 000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 23 000 000 төгрөг, нийт 31 050 000 төгрөг төлөх ёстойгоос 14 750 000 төгрөгийг төлсөн ба үүнээс зээлийн хүүнд 8 050 000 төгрөг, үндсэн төлбөрөөс 6 700 000 төгрөгийг тус тус суутгаж, үндсэн зээлийн үлдэгдэл 16 300 000 төгрөг болсон. Гэвч хариуцагч Л. Л.Б-, Ю.Т-л нар уг зээлийг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр бүрэн төлж барагдуулах ёстой байтал өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөхгүй байгаад гомдолтой байна. Хариуцагч нар хамтран Дэнжийн 1000 зах дээр мах зардаг, наймаачин хүмүүс, би эдгээр хүмүүсийн хооронд ямар асуудал байсныг мэдээгүй, бид анхнаасаа надаас авч байгаа зээлийг хэсэгчлэн хуваан авч, тэр хэмжээгээр төлнө гэж тохироогүй, өнгөрсөн хугацаанд зээлийг Л.Б-ийн данснаас шилжүүлж төлдөг байсан. Би, гэрч Б.Бямба-Эрдэнийн Төрийн банк ХХК дахь дансанд өөрийн мөнгийг хадгалуулж байгаад хариуцагч нарын данс руу шилжүүлсэн, үүнийг гэрчийн мэдүүлэгт тодорхой дурдсан байгаатай зохигчид танилцсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зааснаар хэрэв зээлдэгчид үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. Иймд, хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 16 300 000 төгрөг, алданги 8 150 000 төгрөг, нийт 24 480 000 төгрөгийг гаргуулж өгнө үү, нэхэмжлэлээ гаргахдаа шаардлагыг буруу тооцоолсон байх гэжээ.

 

Хариуцагч Ю.Т-л шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ зээлийн талаар юу ч мэдэхгүй, намайг хариуцагч Л.Б- ятгасаар байгаад гэрээнд гарын үсэг зуруулсан, миний бие 27 000 000 төгрөгөөс нэг ч төгрөг авч ашиглаагүй, харин би өөрөө Л.Б-д өртэй байсан бөгөөд миний шилжүүлсэн мөнгийг буюу төлсөн мөнгийг тэрээр цаашаа юунд зарцуулдаг байсныг мэдэхгүй. Зээлийн гэрээг байгуулсан болон хугацааг сунгасан тухайд маргахгүй ч гэрээнд заасан мөнгийг авч ашиглаагүй, би хариуцагч Л.Б-д 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1 640 000 төгрөг, 17-ны өдөр 1 320 000 төгрөг, мөн 20-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 5 960 000 төгрөгийг төлсөн. Хэдийгээр анх тухайн гэрээг байгуулахад би нотариат дээр очсон боловч яагаад гэрээг байгуулж, гарын үсэг зурж байгаагаа ойлгоогүй, энэ талаар нэхэмжлэгч Л.Б- мэдэж байх ёстой. Гэрээний хугацааг сунгахад миний бие Л.Б-ийн хамт гарын үсэг зурсан боловч нэг ч төгрөг авч ашиглаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Л.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би хүнээс зээлсэн мөнгөнийхөө хүү төлөөд 2 жил болж байтал нэхэмжлэгч Л.Б- намайг чи одоо надтай зээлийн гэрээ байгуул, эсхүл бэлэн мөнгө буцаан өг гэж дарамталж, энэхүү гэрээг байгуулсан, тэрээр надад 27 000 000 төгрөгийг бодитоор өгөөгүй, харин бусдаас зээлсэн мөнгөний үлдэгдэл 25 000 000 төгрөгийг чи төлөөгүй байгаа учраас хүү, алдангийн нийлбэрээр 27 000 000 төгрөгөөр гэрээ байгуулах ёстой гэж шахсан юм. Тухайн гэрээнд Төрийн банк ХХК дахь дансаар мөнгийг шилжүүлэхээр заасан боловч бодит байдал дээр тийм хэмжээний мөнгө шилжүүлээгүй, би нийтдээ 25 000 000 төгрөгөөс 20 000 000 гаруй төгрөгийг төлсөн, энэхүү гэрээг дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус үндэслэн Ю.Т-л, Л.Б- нараас 22 725 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 755 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 271 575 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Л.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Дээрх шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан ..."шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн хуулийн заалттай нийцээгүй. Анхан шатны шүүх Л.Б-гийн нэхэмжлэлтэй Л.Б-, Ю.Т-л нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т дах хэсэгт заасныг зөрчсөн. Учир нь өмгөөлөгч Д.Энхцэцэг миний бие дээрх иргэний хэрэгт хариуцагч Л.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч И.Пүрэвдаваа, н.Идэрхангай нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 3 дах хурлаар товлосон байсан. Улмаар Давж заалдах шатны шүүх хуралдаа оролцоод 11 цаг 30 минутад зарлагдсан дараагийн хурал буюу Л.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцох боломжтой хугацаа байсан боловч өмнө нь орсон эрүүгийн хурал удааширснаас цагтаа амжиж очих боломжгүй болсон. Энэ талаараа давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах н.Мөнхнарангаар дамжуулан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах н.Ундрахаар дамжуулан шүүгч Б.Мандалбаярт уламжлуулсан боловч дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шүүх хуралдааныг эзгүйд хийж талуудын тэгш эрхийн хүрээнд мэтгэлцэх зарчмыг хангалгүй шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхцэцэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учир нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд амжиж очих боломжгүй болсон нөхцөл байдлын талаараа урьдчилан мэдэгдсэн төдийгүй шаардлагатай нотлох баримтыг дараагийн шүүх хуралд өгөх талаараа хэлсээр байтал хүлээж аваагүй байдлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэж тайлбарласан нь буруу байна. Иймд ИХШХШТХуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/03200 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч Л.Б-, Ю.Т-л нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 24 480 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Л.Б- нь 2015 оны 10 дугаар сарын 28ы өдөр Л.Б-, Ю.Т-л нартай зээлийн гэрээ байгуулж, 27 000 000 төгрөгийг, 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн бөгөөд хариуцагч нараас үндсэн зээлд 4 000 000 төгрөг, нэг сарын хүү 1 350 000 төгрөгийг төлсөн ба үлдсэн 1 сарын хүү болох 1 350 000 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжлэхгүй гэж тайлбарласан байна.

 

Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 сарын 28-ны өдөр дуусахад хариуцагч нарын хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг сунгаж, үндсэн зээлийн үлдэгдэл 23 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож, хариуцагч нар нийт 14 750 000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримтууд, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4, 72-73, 92-93 дугаар тал/

 

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Л.Б-, Ю.Т-л нарын төлөх ёстой нийт үүрэг /23 000 000 + 6 900 000хүү/ 29 900 000 төгрөг байхаас хариуцагч нарын төлсөн 14 750 000 төгрөгийг хасаад үлдэх 15 150 000 төгрөгийг, алданги 7 575 000 төгрөгийн хамт нийт 22 725 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 1 755 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Хариуцагч нар татгалзалдаа 27 000 000 төгрөгийг бодитоор шилжүүлээгүй, өмнө нь зээлсэн 25 000 000 төгрөгтэй холбоотойгоор энэ зээлийн гэрээг байгуулсан гэх боловч 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 27 000 000 төгрөг хариуцагч Л.Б-ийн дансанд шилжсэн болох нь гэрчийн мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 72-73, 92-93 дугаар тал/

 

Хариуцагч Л.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүх хуралтай байсан тул шүүх хуралдаанд очих боломжгүй болсон, энэ талаараа мэдэгдсэн гэх боловч шүүхэд энэ талаар нотолсон баримтыг гаргаж өгөөгүй байх тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж дүгнэж түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй. Нөгөө талаар, хариуцагч Ю.Т-л 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон байна. /хх-ийн 88, 97 дугаар тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/03200 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Г.ДАВААДОРЖ