Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 547

 

 

 

 

 

 

 

 

 

 

И.Билэгдэмбэрэлд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор З.Энхжаргал,

Ялтан И.Билэгдэмбэрэлийн өмгөөлөгч С.Оюунцэцэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Сойзмаа,

Нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч С.Батгэрэл, С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч С.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор И.Билэгдэмбэрэлд холбогдох эрүүгийн 201625030084 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Боржигон овогт Ишжамцын Билэгдэмбэрэл, 1971 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төв аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар баг, Эрдэнэ зуугийн 2-48 тоотод оршин суух бүртгэлтэй,

            Хархорин сум дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар эдлээгүй үлдсэн 3 жил 3 сар 27 хоногийн ялаас 3 жилийг өршөөн хасч, 2006 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, уг хэргийг анхан шатны шүүхээр 3 удаа хэлэлцэн мөрдөн байцаалтанд буцааж, улмаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар тогтоолоор И.Биэлгдэмбэрэлд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, регистрийн дугаар /НЮ71101472/.

 

            И.Билэгдэмбэрэл нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 13-271 тоотод хамт архи ууж байсан И.Цэнд-Аюуштай маргалдан, улмаар түүний толгой руу өшиглөн зодож, амь биед нь аюултай хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: И.Билэгдэмбэрэлд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: И.Билэгдэмбэрэлийг хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар И.Билэгдэмбэрэлд 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан И.Билэгдэмбэрэлд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар И.Билэгдэмбэрэлийн цагдан хоригдсон 176 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан И.Билэгдэмбэрэлээс 2,585,500 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Сойзмаад олгохоор шийдвэрлэжээ.

 

            Ялтны өмгөөлөгч С.Оюунцэцэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу гэмт хэргийн санаа зорилго хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож чадаагүй тул И.Билэгдэмбэрэлийг хүн амины гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж яллаж шийтгэсэнд гомдолтой байна. Учир нь И.Билэгдэмбэрэл ахыгаа алах санаа зорилго агуулсан үйлдэл хийгээгүй, талийгаач ахыгаа өөрийг нь цохих гээд ухасхийж ирэхэд зайлж бултахад хажуугаараа унасан, явах гэхэд нь хөлнөөс нь тэвэрч явуулахгүй болохоор хөлөө сугалж авахаар татаж байсан, дэвсэж өшиглөөгүй гэдгээ удаа дараа мэдүүлж ирсэн. И.Билэгдэмбэрэл гэрч О.Саруулцэцэгийг тухайн үед байгаагүй, хаалгаараа ч шагайх боломжгүй, 2 хаалга тулахаар байхад худлаа мэдүүлэг өгсөн. Түүний хэлж мэдүүлж байгааг болон өөрийнхөө өгсөн мэдүүлгийг шалгуулах үүднээс мэдүүлгийг газар дээр нь шалгаж өгөөч, туршилт хийж өгөөч гэсэн хүсэлтийг прокурорт бичгээр гаргасныг прокурор хангалгүй орхигдуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийг зөрчин яллах талыг хэт барьсан. Гэрч О.Саруулцэцэгийн мэдүүлэг эргэлзээ бүхий байгаа нь гэрч И.Энхсайханг байгаагүй байхад болсон асуудлыг харсан, чамд ямар хамаатай юм гэж хэлж байсан гэх, гэрч Б.Надмидад зодоон болсон гэж хэлээрэй хэмээн захиж байснаар нотлогддог. Гэтэл хэрэгт ач холбогдолтой байдлыг тогтоох үүднээс гэрч О.Саруулцэцэгийг гэрч И.Энхсайхан, Б.Надмид нартай нүүрэлдүүлэлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүллээ. Мөн гэрч Алтансүх талийгаачийг 2 хүнд л зодуулсан гэж хэлж байсан гэж мэдүүлж байгааг анхаарч үзсэнгүй. Шийтгэх тогтоолд хохирогч Ш.Сойзмаагийн мэдүүлгийг гэрч О.Саруулцэцэгийн өгсөн мэдүүлэг болгон бичиж алдаа гаргажээ. Иймд дээрх үндэслэлүүлийг хянан үзэж, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Сойзмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дахин шалгуулах тухай гомдлын хувьд төрсөн ах дүү нарын хооронд болсон асуудал учраас яриад байх зүйлгүй. Нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлсөн байгаа” гэв.

                                                                                                

Прокурор З.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “… И.Билэгдэмбэрэл нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастын 14-271 тоотод хамт архи ууж байсан И.Цэнд-Аюушийг санаатай алсан гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхээс И.Билэгдэмбэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн давж заалдах гомдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотлоогүй, хэргийн санаа зорилго хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй байна гэж үзсэн байна. И.Билэгдэмбэрэлийг хүн амины хэрэг санаатай үйлдсэн гэж яллах талыг хэт барьсан гэж үзсэн. Мөн хэрэгт гэрч О.Саруулцэцэг, И.Энхсайхан нарыг нүүрэлдүүлэн байцаагаагүй, энэ ажиллагаа дутуу байна. Нотлох баримтын хувьд эргэлзээтэй байна нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн гомдол гаргасан байна. Миний бие эрүүгийн хэрэг үүсгэснээс эхэлж энэ хэрэгт хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд улсын яллагчаар оролцсон. И.Цэнд-Аюуш нь эгчийн хүүхдийг цол авахад мялаах асуудал яриад миний хүүхдийг мялаах талаар яриагүй гэдэг асуудлаас болж маргалдаж, И.Билэгдэмбэрэл нь талийгаачийн амь насыг хохироох санаатай үйлдэл хийсэн байдаг. Гэмт хэрэг гарсан газар болох нийтийн байрны коридорт талийгаач И.Цэнд-Аюушийн толгой, чихэн тус газарт нь өшиглөж дэвссэний улмаас талийгаачийн биед баруун чамархайн суурь ясны хугарал бүхий хүнд гэмтэл учирч, улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр очиж, 9 хоног эмчлүүлж байгаад 10 дахь хоног дээр нас барсан. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлтээр талийгаач тархины зөөлөн эдийн бүрхүүлийн хоёрдогч идээт үрэвслийн улмаас нас барсан нь тогтоогддог. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Сойзмаа, гэрч О.Саруулцэцэг, И.Энхсайхан, Ц.Нарантогтох, Ц.Наранжаргал нарын өгсөн мэдүүлэг болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт энэ хэргийн чухал гэрч болох О.Саруулцэцэг, И.Энхсайхан, Ш.Сойзмаа нарын өгсөн мэдүүлэг зэргээр гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Хэргийн зүйлчлэл тохирсон учраас анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн байна гэж дүгнэж байна. Ингээд ялтны өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

 

Амь хохирогч И.Цэнд-Аюуш нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэмтэл авч, уг өдөртөө Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хүргэгдэж эмчилгээ хийлгэж байгаад 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр нас барсан байх бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 160 тоот шинжээчийн дүгнэтэд: “... И.Цэнд-Аюушийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун чамархайгаас доош суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, 2 талын ухархайн дээд ханын шугаман хугарал, баруун чамархай хэсгийг хатуу хальс дээрх цусан хураа, суурь хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, хамарт зулгаралт, баруун гарын 1 дүгээр хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. ...Талийгаач нь тархины зөөлөн бүрхүүлийн хоёрдогч идээт үрэвслийн улмаас нас барсан байна. ...” гэжээ.

 

            Амь хохирогчид учирсан гэмтэл болох баруун чамархайгаас доош суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, 2 талын ухархайн дээд ханын шугаман хугарал, баруун чамархай хэсгийг хатуу хальс дээрх цусан хураа, суурь хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт гэх гэмтлийг авсан хүн бүрт идээд үрэвсэл үүсдэг эсэх, хэрэв үүсдэггүй бол ямар шалтгааны улмаас идээт үрэвсэл үүссэн болохыг нэг мөр тогтоох шаардлагатай.

            Иймд амь хохирогч гэмтэл авсны дараа эмнэлгийн байгууллага хохирогчийн амь насыг нь аврах боломжтой байсан эсэх, хэрэв хохирогчийн амь нас аврагдах боломжтой байсан бол эмнэлгийн байгууллагын буруутай үйл ажиллагаа байсан эсэхийг нэг мөр шалгах нь зүйтэй.

Яллах дүгнэлтэд “...И.Билэгдэмбэрэл нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 13-271 тоотод хамт архи ууж байсан И.Цэнд-Аюуштай маргалдан, улмаар түүний толгой руу өшиглөн зодож, амь биед нь аюултай хүнд гэмтэл учруулж санаатай алсан...” гэжээ.

            Яллах дүгнэлтэд “...маргалдан...” гэж бичиж, улмаар хувийн сэдэлттэй гэж үзсэн нь тодорхой бус байх бөгөөд юуны талаар маргаж, хэрхэн зодсон талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байна. Маргаан болгон нь хувийн сэдэлтийг бий болгохгүйг анхаарах.  

            Мөн И.Билэгдэмбэрэл нь согтуурсан байхдаа гэмт хэрэг үйлдсэн байхад үүнд дүгнэлт хийгээгүй байна.    

            Дээрх нөхцөл байдлын талаар байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа И.Билэгдэмбэрэлд холбогдох хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, И.Билэгдэмбэрэлд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, И.Билэгдэмбэрэлд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр тухайн шүүхээр дамжуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол И.Билэгдэмбэрэлд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

                 

 

                                                                                                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.БАТСАЙХАН

                

                  ШҮҮГЧИД                                                          Д.ОЮУНЧУЛУУН         

                                                                                          

                                                                                             Т.ӨСӨХБАЯР