Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2018/0214

 

А.М, И.А, А.Г нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч И.А, А.Г, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Ц, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0068 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор А.М, И.А, А.Г нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0068 дугаар шийдвэрээр: “Кадастрын зураглал бас газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3. 23.4.4 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаар захирамжаар И.А, А.Г, А.М нарт эзэмшүүлсэн нэгж талбарыг мэдээллийн санд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар захирамжийн Г.Ж-д холбогдох хэсэг; Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжийн Г.Ж-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал 4 (дөрвөн) сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар захирамжийн Г.Ж-д холбогдох хэсэг; Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжийн Г.Жд холбогдох хэсгийг хүчингүйд тооцож” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдсөн эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй, ... нэхэмжлэгч А.М тухайн үед бусдад худалдаж байгаа газрын цэгээ өөрөө хүлээн зөвшөөрч, ямар нэг эрхийн доголдолгүй газар, түүн дээр баригдсан 6х9 хэмжээтэй дутуу баригдсан барилыг 45,6 сая төгрөгөөр Г.Ж-д худалдаж, хүлээлгэн өгсөн цэгээр нь нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн, үүнээс хойг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн зурагт өөрчлөлт ороогүй. Иймд газар эзэмших эрх нь дуусгавар болсон А.Мын эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзнэ.

...шүүх хэдийгээр нэхэмжлэгч А.М 2011 онд газар эзэмших эрхээ бусдад шилжүүлж, гуравдагч этгээд Г.Жгийн нэр дээр нэгж талбар үүсэж, газар эзэмших эрх шилжсэн боловч 2007 онд эзэмшүүлсэн газрын байршил, нэгж талбарыг мэдээллийн санд тодорхой оруулаагүйн улмаас нэхэмжлэгч И.А, А.Г нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ гэж хэт нэг талыг барьсан дүгнэж, нэхэмжлэгчийн үйл ажиллагааны үр дагаварт гуравдагч этгээдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байдлаар шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны А/414 дүгээр захирамжаар уг газрыг өмчлүүлэх шийдвэрийг гаргасан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчөөгүй, холбогдох хуульд нийцсэн, тухайн үед эдгээр актуудыг гаргасан захиргааны байгууллагын шийдвэрийн улмаас нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрт энэ байдлын талаар бүрэн дүүрэн хуульд нийцүүлэн дүгнэлт хийгээгүй.

...Нэхэмжлэгчийн зүгээс гомдол хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүйн дээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээх талаар хүсэлт хэрэгт авагдаагүй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4/84 тоот албан бичгээр иргэн И.А-т, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11/411 тоот албан бичгээр иргэн А.Гд, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11/564 тоот албан бичгээр иргэн А.М-т маргаан бүхий газрын эзэмшил, өмчлөлийн газрын хил хязгаарын талаар хариуг өгчээ. Харин 2016 оноос өмнө иргэн И.А, А.М, А.Г нар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өргөдөл гаргаагүйг шүүх нягтлан үзээгүй. Нэхэмжлэгчид 2016 оны 02 дугаар сард буюу 5 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан хөөн хэлэлцэх хугацааны талаар гуравдагч этгээд тайлбар гаргаж, мэтгэлцсэн хэдий ч шүүх уг асуудалд эрх зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулснаараа шүүх мэтгэлцэх зарчмыг бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Иймд шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

...Шүүх хэрэгт авагдсан өндөр хүчдэлийн хамгаалалтын зурвастай холбоотой баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэлт хийж чадаагүй алдаа гаргасан. ...Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж, маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтуудыг гүйцэд цуглуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг бүрэн гүйцэт биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч А.М, И.А, А.Г нар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар захирамжийн Г.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжийн Г.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 364 дүгээр захирамжийн дагуу 18659311070971 дугаартай 2797 м.кв газрыг өндөр хүчдэлийн шугамаас урагш 4 метр шилжсэн бүртгэл хийхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгуулах,

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаар захирамжийн дагуу А.Гандиймаа, А.Г, И.А, А.М нарын нэр дээр тус бүр 700 м.кв газрыг эзэмшдэг болохыг мэдээллийн санд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгуулах,

А.М нь уг бүртгэгдсэн зураг бүхий эзэмшлийн 700 м.кв хэмжээтэй газраа Г.Ж-д шилжүүлснийг газрын мэдээллийн санд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2018/0166 дугаар магадлалаар “...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, нэхэмжлэгч А.М-ын эрх зөрчигдсөн талаар шалгаагүй, нэхэмжлэгч тус бүрийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийгээгүй” гэсэн үндэслэл зааж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Харин талууд өндөр хүчдэлийн шугамаас урагш 4 метр шилжсэн бүртгэлийг газрын алба хийсэн тохиолдолд талуудын маргаан нэг талдаа гарч, шийдвэрлэгдэх боломж бүрдэнэ гэж тайлбарласан болно.

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв. Үүнд:

1. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанаар нэхэмжлэгч тус бүрийн эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар нэг бүрчлэн дүгнэлт хийгээгүй байна. Тухайлбал нэхэмжлэгч А.М нь маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Г.Ж-д шилжүүлснээр түүний газар эзэмших эрх нь дуусгавар болсон, талууд энэ талаар маргахгүй байгаа энэ тохиолдолд тэрээр нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх, маргаан бүхий актуудын улмаас түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн болох, гуравдагч этгээд Г.Ж-ийн өмчлөлийн газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөн оруулахыг даалгасан шийдвэр гаргуулснаар нэхэмжлэгч И.А, А.Г нарын газар эзэмших эрх хэрхэн сэргэх талаар дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэгч тус бүрийн эрх зүйн байдалд бүрэн гүйцэт дүгнэлт өгөөгүй байна.

2. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Цахилгаан шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоох тухай” 364 дүгээр захирамжийн дагуу айл өрхүүдийг өндөр хүчдэлийн шугамаас урагш газраа 4 метр шилжүүлэн нүүлгэсэн, уг ажлыг Баянзүрх дүүргийн газрын албанаас зохион байгуулсан, тухайн үед бүх айл газраа урагш шилжүүлсэн” гэж тодорхойлон маргаж байхад анхан шатны шүүх энэ талаарх баримтыг бүрэн цуглуулах үүргээ биелүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т заасантай нийцэхгүй байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Цахилгаан шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоох тухай” 364 дүгээр захирамжаас үзвэл “...35 кв-ийн агаарын шугам нь хүн оршин суудаг газраар өнгөрсөн нөхцөлд 4 метрийн хэмжээтэй байхаар тогтоосон” байх бөгөөд хамгаалалтын зурваст буусан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Газрын албанд даалгажээ. Харин тухайн айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэхдээ газрыг шилжүүлэн, нөхөж олгох талаар зохицуулаагүй байна. Гэтэл нэхэмжлэгч нар нь газрын албаны шийдвэрийг үндэслэн бид хашаагаа урагш 4 метр шилжүүлэн нүүлгэсэн гэж тайлбарлаж байхад үүнтэй холбогдуулан тухайн үед хамгаалалтын зурвас тогтоосонтой холбоотойгоор газрыг шилжүүлэх, нөхөн олгох талаар захиргааны байгууллагаас ямар нэгэн шийдвэр гаргаж байсан эсэх, үнэхээр газрыг шилжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг захиргааны байгууллага зохион байгуулж, оролцсон эсэх талаар огт баримт цуглуулаагүй нь буруу байна.

3. Захиргааны байгууллагын гаргавал зохих захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй байгаа бөгөөд уг хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах шийдвэр гаргах нөхцөл бүрдэх юм.

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн Газрын албанд хандан 2797 м.кв газрыг өндөр хүчдэлийн шугамаас урагш 4 метр шилжсэн бүртгэлийг хийлгүүлэхээр хандаж байсан эсэх талаар баримт авагдаагүй нөхцөлд хариуцагч захиргааны байгууллагын ямар эс үйлдэхүй, хууль бус татгалзал байгаа болохыг тогтоох, холбогдох бүртгэл хийхийг даалгах боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч нар дээрх бүртгэлийг хийлгүүлэхээр Баянзүрх дүүргийн Газрын албанд хандаж байсан эсэх, хэрэв хандаж байсан бол хэн, хэзээ, ямар хүсэлт, өргөдөл гаргасан болох, хариуцагчаас энэ талаар ямар нэгэн хариу өгсөн эсэх талаарх баримтыг цуглуулсны эцэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломж бүрдэхээр байна.

4. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 364 дүгээр захирамжийн дагуу 18659311070971 дугаартай 2797 м.кв газрыг өндөр хүчдэлийн шугамаас урагш 4 метр шилжсэн бүртгэл хийхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгуулах” гэх шаардлагад дүгнэлт хийлгүй орхигдуулсны улмаас газрыг 4 метр шилжүүлэн бүртгэх үндэслэлтэй эсэх нь тодорхойгүй үлджээ.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үйл баримтуудаас үзвэл, маргаан бүхий нөхцөл байдлууд нь өөр өөр цаг хугацаанд, өөр өөр эрх зүйн үндэслэлээр үүссэн гэж үзэхээр байхад шүүх тус тусад нь дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

5. Гуравдагч этгээд нь “үүссэн нөхцөл байдал нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн маргааны явцад тодорхой болсон, тэрчлэн Нийслэлийн өмч газрын харилцааны газраас нэхэмжлэгч нарт өгсөн албан бичгүүдээс үзэхэд нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд маргаж байхад анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан маргаж буй үйл баримтад холбогдох нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт өгөх шаардлагатай болохыг анхаарах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0068 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                               

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

     ШҮҮГЧ                                                             О.НОМУУЛИН

     ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН