Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/02263

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/02263

 

 

 

 

 

 

 

 

ЕШ ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02004 дугаар шийдвэртэй,

 

 

 

Нэхэмжлэгч ЕШ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Дид холбогдох,

 

 

 

Зээлийн гэрээний үүрэг, гарсан зардалд 2 797 948 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баясгалан, хариуцагч Б.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.Байгал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

 

 

Нэхэмжлэгч ЕШ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Зээлдэгч Б.Д нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр сарын 3.9 хувийн хүүтэй, 360 хоногийн хугацаатай 3 500 000 төгрөгийг зээлж, Тоёота кроун маркийн ...УНД улсын дугаартай авто машины эзэмших эрхийг манай компанийн нэр дээр шилжүүлээд зээлдэгч унаж явах нөхцөлтэйгөөр барьцаалсан. Хариуцагч Б.Д нь зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн. 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлээд үндсэн зээлээс 299 500 төгрөгийн хасалт хийлгэж, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 187 045 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 596 167 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөг төлж, графикт хугацааг алдагдуулсан. Үндсэн зээл 3 500 000 төгрөгөөс 2 312 955 төгрөгийг огт төлөөгүй.

 

Зээлийн гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар алдангид 1 155 477 төгрөг төлөхөөс 731 484 төгрөг төлж, үлдэгдэл 424 993 төгрөгийг төлөөгүй. Зээлдэгч нь төлбөрөө төлөхгүй байсан тул барьцааны гэрээнд заасны дагуу хөрөнгийг хурааж, төлбөр төлүүлэх арга хэмжээ авсан. Иймд машиныг ачиж гараашид авчирсан зардал 60 000 төгрөг, нийт 2 797 948 төгрөгийг гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Д шүүх хуралдаанд тайлбарт: Би зээлийн хүүд 888 000 төгрөг төлөхөөс 1 990 000 төгрөг төлсөн. Зөрүү 306 835 төгрөгийг хасч өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Алдангийг зөвшөөрч байна. Одоогийн байдлаар 731 480 төгрөгийн алданги төлсөн бөгөөд 400 000 төгрөгийг алдангид нэмж төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2 дахь хэсэгт зааснаар Б.Доос зээлийн гэрээний үүрэг, гарсан зардалд нийт 1 641 471 төгрөг гаргуулж ЕШ ББСБХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 156 477 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1, 157.1.3 дахь хэсэгт зааснаар зээлийн барьцааны зүйл болох Б.Дийн өмчлөлийн ...УНД улсын дугаартай Toyota Crown маркийн цагаан өнгийн автомашиныг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Доос 41 214 төгрөгийг гаргуулан ЕШ ББСБХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 129 917 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: Талууд зээлийн гэрээнд алданги төлнө гэж харилцан тохиролцсон, хариуцагч алданги төлснөө хүлээн зөвшөөрч байгаа болон нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөөр байтал шүүх алдангийг бүхэлд нь хасч тооцсон нь хуульд нийцэхгүй байна. Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.1, 222.5, 222.7 дугаар зүйл заалтуудыг хэрэглээгүйн улмаас зээл, зээлийн гэрээний үүргийн харилцааг орхигдуулж нэхэмжлэлийн шаардлагаас алдангид тооцсон 1 156 477 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хангаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 305 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

 

 

Нэхэмжлэгч ЕШ ББСБХХК нь хариуцагч Б.Дид холбогдуулан үндсэн зээл 2 312 955 төгрөг, алданги 424 993 төгрөг, автомашин ачилтын төлбөр 60 000 төгрөг, нийт 2 797 948 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.          

 

 

 

Зохигчид 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, хариуцагч нь 3 500 000 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн ...УНД улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашиныг барьцаалжээ.

 

 

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба гэрээний хавсралтаас үзэхэд хариуцагч нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн зээлд 3 500 000 төгрөг, зээлийн хүүд 888 966 төгрөг, нийт 4 388 966 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

 

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээл төлөх хуваарийг хэтрүүлсэн гэх үндэслэлээр түүний төлсөн 3 114 330 төгрөгөөс үндсэн зээлд 1 187 045 төгрөг, зээлийн хүүд 1 195 801 төгрөг, алдангид 731 484 төгрөг тооцож авсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

 

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гэрээний хугацаанд зээл, зээлийн хүүд төлсөн 3 114 330 төгрөгийг түүний гүйцэтгэвэл зохих нийт үүрэг 4 388 966 төгрөгөөс хасч 1 274 636 төгрөгийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

 

 

 

Талууд гэрээний 3.4-т ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдүүлэгчид төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байх ба алдангийг тооцоолоход хариуцагчийн гүйцэтгээгүй нийт үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул мөн хуулийн 232.4-т зааснаар алдангид 637 318 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

 

 

 

Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс зээлдүүлэгч нь барьцааны зүйл болох ...УНД улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашиныг хурааж авахад гарсан 60 000 төгрөгийн ачилтын зардлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

 

 

Шүүхийн шийдвэрт хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 1 274 636 төгрөг, алдангид 637 318 төгрөг, хохиролд 60 000 төгрөг нийт 1 971 954 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 825 994 төгрөгийг хангахгүй болгож өөрчлөлт оруулав.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02004 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Доос 1 971 954 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЕШ ББСБХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 825 994 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтад 41 214 төгрөг гэснийг 46 501 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

 

 

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

 

 

А.МӨНХЗУЛ