Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2004

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 10 өдөр                  Дугаар 183/ШШ2018/02004                              Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:, Е Ш ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д /РД: /-д холбогдох,

          зээлийн гэрээний үүрэг, гарсан зардалд 2,797,948 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, хариуцагч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:  

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Зээлдэгч Б.Д нь 2016.07.07-ны өдөр манай компанитай ЗГ0506160103 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулаад сарын 3,9%-ийн хүүтэйгээр 360 хоногийн барьцаатай Тоёота кровн маркийн 12-93УНД улсын дугаартай авто машины эзэмших эрхийг манай компанийн нэр дээр шилжүүлээд зээлдэгч унаж явах нөхцөлтэйгээр барьцаалан 3,500,000 төгрөгийг зээлж авсан. Хавтаст хэрэгт авагдсан байгаа зээл буцаан төлөх хувиарын дагуу хариуцагч Б.Д төлөх ёстой байсан боловч зээлийг аваад л эхний сараасаа төлөлт хийгээгүй хугацааг хэтрүүлсэн байдаг. 2016.07.07-ны өдрөөс эхлээд үндсэн зээлээсээ 299,500 төгрөгийн хасалт хийлгэж, 2016.11.04-ны өдөр187,045 төгрөг, 2016.11.30-ны өдөр 596,167 төгрөг,  2017.01.03-ны өдөр 1,000,000 төгрөг хийсэн гэх жишээний график хугацааг маш ихээр алдагдуулж хугацааг алдуулсан. Зээлийн гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар 0,2%-иар алданги тооцно гэж заасан байдаг. Үндсэн зээл 3,500,000 төгрөгөөс 1,187,045 төгрөг төлж, 2,312,955 төгрөгийг огт төлөөгүй. Үндсэн хүү буюу 2016.07.07-ны өдрөөс гэрээний график хугацаа буюу 2017.07.02-ны өдөр хүртэл 360 хоногийн хугацаанд 1,195,801 төгрөгийг төлөх ёстой байсан боловч үүнийгээ төлсөн. Харин хариуцагч маань гэрээнд заасан хугацаанд графикт хугацаандаа төлбөрөө төлөөгүйгээс алданги үүссэн. Алданги нь 727,000 төгрөг, нийт алданги нь 2,529,913 төгрөг болж байгаа боловч Иргэний хуулийн заалтыг үндэслэн 50%-иас хэтрэхгүй гэснийг баримтлан 1,155,477 төгрөг төлөх ёстойгоос 731,484 төгрөгийг төлж, үлдэгдэл 424,993 төгрөгийг төлөөгүй. Ингээд зээлдэгч нь төлбөрөө төлөхгүй байсан учраас манайх барьцааны гэрээнд заасны дагуу хөрөнгийг хурааж, төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авсан байдаг. Энэ машиныг ачиж гражид аваачсан төлбөр 60,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Ингээд нийтдээ 2,797,948 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжилж байна. 2 дахь нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэв.

           

Хариуцагч Б.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Би үнийн дүнг зөвшөөрөхгүй байна. 888,000 төгрөгийн хүү төлөх ёстой байснаас би 1,990,000 төгрөгийг төлсөн. Үүний зөрүү 306,835 төгрөгийг хасаад өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Алдангийг зөвшөөрч байгаа. Одоогийн байдлаар 731,480 төгрөгийг алдангид төлсөн байгаа. Тэгээд одоо 400,000 төгрөгийг алдангид нэмж төлнө тэрийг зөвшөөрч байна. Зөвхөн илүү тооцсон хүүний мөнгийг л хасаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

  Шүүх Е Ш ХХК-ийн  зээлийн гэрээний үүрэг, гарсан зардалд 2,797,948 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

  Нэхэмжлэгч үндсэн зээл 2,312,955 төгрөг, алданги 424,993 төгрөг, машины ачилтын төлбөр 60,000 төгрөг нийтдээ 2,797,948 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч алдангийн тооцоолол буруу гэх үндэслэлээр зээлийн төлбөрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

  Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2016.07.07-ны өдөр ЗГ0506160103 дугаар зээлийн гэрээ байгуулж 360 хоногийн хугацаатай, сарын 3.9%-ийн хүүтэй, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх нөхцөлтэйгөөр 3,500,000 төгрөгийг зээлдэгч Б.Дид зээлдүүлсэн, зээлийн барьцаанд Б.Дийн өмчлөлийн 12-93УНД улсын дугаартай Toyota Crown маркийн цагаан өнгийн автомашиныг барьцаалсан байна.

 Хариуцагч нь 2016.11.30-ны өдрөөс эхлэн үндсэн зээлд 1,187,045 төгрөг, 2016.11.30-наас 2017.09.18-ныг хүртэлх хугацаанд зээлийн хүүд 1,195,801 төгрөг, зээлийн эргэн төлөлт гэж  731,484 төгрөг нийтдээ  3,114,330 төгрөгийг  Е Ш ХХК-д төлсөн болох нь талуудын тайлбар, зээл буцаан төлсөн хуваарь зэргээр тогтоогдсон, энэ талаар маргаагүй болно.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй, 286.2-т барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно,  286.5-д хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ.

Талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд нийцсэн, зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу тодорхой хэмжээний мөнгийг буцаан төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2017.07.02-ноос хойш төлөгдсөн үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг Е Ш ХХК зөрчиж, үндсэн зээлийн үлдэгдэлээс хасаагүйгээс алдангийн тооцоолол буруу болсон байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд зээлдэгч Б.Дийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тогтоох боломжгүй, тодорхойгүй тул алдангид тооцсон гэх 731,484 төгрөгийг үндсэн зээлээс хасч, үлдэх 1,581,471 төгрөг, автомашины ачилтын 60,000 төгрөгийг нэмж нийтдээ 1,641,471 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Е Ш ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.6-д барьцаалан зээлдэх газраас зээл олгоход энэ хуулийн 157.1.3, 157.2.1, 157.2.2, 157.3, 159.2, 159.5 дахь заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан байна.

Иймд Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1, 157.1.3-т энэ хуулийн 157.2.2-т заасан хугацаанд барьцаалуулагч шаардлагыг хангах өөр арга сонгох буюу өөр зүйл барьцаанд бариулаагүй бол барьцааны зүйлийг хууль, гэрээнд заасан журмын дагуу худалдах гэж зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангалаа.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 41,214 төгрөгийг гаргуулж Е Ш ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,917 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2 дахь хэсэгт зааснаар Б.Доос  зээлийн гэрээний үүрэг, гарсан зардалд нийтдээ 1,641,471 төгрөг гаргуулж Е Ш ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,156,477 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

           2. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1, 157.1.3 дахь хэсэгт зааснаар зээлийн барьцааны зүйл болох Б.Дийн өмчлөлийн 12-93 УНД улсын дугаартай Toyota Crown маркийн цагаан өнгийн автомашиныг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Доос 41,214 төгрөгийг гаргуулж Е Ш ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  2018.08.06-ны өдөр төлсөн 129,917 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

  

                          

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ