Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/02405

 

 

Д.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/03136 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Мягмарсүрэнд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Далайжаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.Ганболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг нь Б.Мягмарсүрэнгийн хүсэлтээр түүнтэй ярьж тохиролцон 15 000 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай хүүгүйгээр зээлдүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Б.Мягмарсүрэнгийн 5015153171 тоот данс руу 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш Б.Мягмарсүрэнтэй тохиролцсон 1 сар нь болоход үүргээ биелүүлээгүй. Удаа дараа шаардсан боловч 1 сарын дараа өгье гэж хэлж хойшлуулсаар байгаад өдийг хүргэсэн. Иймд Б.Мягмарсүрэнд зээлдүүлсэн 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмнө Д.Эрдэнэцэцэгийг таньдаггүй байсан. Түүнээс мөнгө зээлж аваагүй. н.Ариунболд гэх залуу н.Наранцэцэг гэх хүнээр дамжуулж надтай харилцсан. н.Ариунболд нь манай Вертуал софт ХХК тендерийн сонгон шалгаруулалтад орох гэж байгаа та шадар сайдын туслахаар олон жил ажилласан одоо ч гэсэн ажиллаж байгаа учраас манай компанид тусалж өгөөч танд 30 000 000 төгрөг өгье гэж хэлсэн. Би Вертуал софт ХХК-ийн тендерийн материалд заавар зөвлөгөө өгч холбогдох хүмүүстэй уулзсанаар Вертуал софт ХХК-ийн материал тендерт орсон. Энэ үйл явдал 2016 онд болсон. Би Вертуал софт ХХК-ийн ажилтан н.Болд гэх хүнд би компанийн материал өглөө та нар надад ажлын урьдчилгаа хөлс өг гэж хэлсэн. н.Болд надаас та хэдэн төгрөг авах юм бэ гэхэд би 15 000 000 төгрөг авъя гэж хэлсэн. Тухайн үед миний данс руу мөнгө шилжиж орсон гэхдээ уг мөнгийг Д.Эрдэнэцэцэгээс ирсэн гэдгийг мэдээгүй. Энэ 15 000 000 төгрөг бол миний хөөцөлдсөн ажлын урьдчилгаа хөлс байсан. Би хувийн журмаар танилаасаа мөнгө зээлээгүй, ажлын хөлс авсан. н.Ариунболд гэх залуу 2017 оны хавар Д.Эрдэнэцэцэг гэх аятайхан эмэгтэй дагуулж ирсэн. Д.Эрдэнэцэцэг танд би 15 000 000 төгрөг өгсөн, би Вертуал софт ХХК-ийн захирал, та авсан 15 000 000 төгрөгөө төл гэж шаардсан. Би ч их сандарсан. Тэгээд төлбөр төлнө гэж бичиж өгсөн. Би нэлээн ажиллагаа хийсэн учраас тодорхой хэмжээний ажлын хөлс авах ёстой. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй, зээл авсан гэж зөвшөөрөхгүй. Хувь хүнээс мөнгө аваагүй, компаниас авсан гэж ойлгож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Мягмарсүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 60 дугаар зүйлийн 60.1, дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/03136 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хариуцагч Б.Мягмарсүрэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн талаарх хариу тайлбараа өгөөгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлд тайлбараа өгсөн. Уг тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэгтэй ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй, н.Ариунболдтой ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэх ба нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэгтэй 2017 онд уулзсан, түүнд Вертуал софт ХХК-иас зээлж авсан 15 000 000 төгрөгийг эргүүлж төлнө гэсэн бичгийг хийж өгсөн. Энэ мөнгөний тодорхой хэсэг болох 50 хувь хүртэлх төлбөрийг би төлж барагдуулахад бэлэн байна гэдэг тайлбарыг өгсөн. Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь хариуцагчийн өгсөн энэхүү тайлбарыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу нэхэмжлэгчийг жинхэнэ нэхэмжлэгчээр солих, гэрчээр н.Ариунболдыг асуулгах, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрчлөх нөхцөл байдал бий болсон байна гэж үзэж шүүх хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлтийг амаар гаргасан. Энэ нь уг шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэхдээ нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг нь н.Ариунболдын зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгчийн шаардах эрх Б.Эрдэнэцэцэгт шилжсэн гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч талын энэхүү тайлбар үндэслэлгүй байна гэж дүгнэв. Гэтэл анхан шатны шүүх нь уг хүсэлтийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг нь хариуцагч Б.Мягмарсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Б.Мягмарсүрэнгийн хүсэлтээр 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 15 000 000 төгрөгийг зээлдүүлж, хариуцагчийн данс руу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэж тайлбарласан бол хариуцагч татгалзалдаа 15 000 000 төгрөгийг хүлээн авсан боловч өөр этгээдээс авсан, зээлийн гэрээ байгуулаагүй, Вертуал софт ХХК-нийг тендерт оруулахад өгсөн ажлын хөлсний урьдчилгаа гэж тайлбарлажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, гэрээний харилцааг буруу тодорхойлж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмыг зөрчсөн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талууд зээлийн гэрээний харилцааг үүсгэсэн гэх үндэслэлтэй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, мөнгөн хөрөнгийг Б.Мягмарсүрэнгийн өмчлөлд шилжүүлсэн баримтаа шүүхэд гаргасныг хариуцагч няцааж чадаагүй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчээс өөр этгээдээс 15 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан, зээлийн гэрээнээс өөр гэрээний харилцаа үүссэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Хэргийн 4 дүгээр талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаас үзвэл хэдийгээр гүйлгээний утга гэсэн хэсэгт Ариунболдоос гэж тэмдэглэгдсэн боловч Хаан банк дахь Д.Эрдэнэцэцэгийн 5130015161 тоот данснаас 5015153171 тоот Б.Мягмарсүрэнгийн данс руу 15 000 000 төгрөг шилжсэн, шилжүүлэгч Д.Эрдэнэцэцэг болох нь зохигчдын тайлбар, дээрх мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогджээ. /хх-ийн 4, 22 дугаар тал/

 

Иймд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлтэй байх тул хариуцагч Б.Мягмарсүрэнгээс 15 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэгт олгуулах нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасантай нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/03136 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Мягмарсүрэнгээс 15 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэгт олгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мягмарсүрэнгээс 232 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэгт олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Г.ДАВААДОРЖ