Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 3136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 87 дугаар байрны 26 тоотод оршин суух, Наянт овогт Дашдоржийн Эрдэнэцэцэг /РД:АЮ68091404/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт дамдинбазарын гудамж, 55 дугаар байрны 9 тоотод оршин суух, Хорчид овогт Бадамраагийн Мягмарсүрэн /РД:ЧЗ54120209/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Далайжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Ганболд, хариуцагч Б.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоожнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг нь Б.Мягмарсүрэнгийн хүсэлтээр түүнтэй ярьж тохиролцон 15,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай хүүгүйгээр зээлдүүлсэн. 2016 оны 4-р сарын 13-ны өдөр Б.Мягмарсүрэнгийн 5015153171 тоот данс руу 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш Б.Мягмарсүрэнтэй тохиролцсон 1 сар нь болоход үүргээ биелүүлээгүй. Удаа дараа шаардсан боловч 1 сарын дараа өгье гэж хэлж хойшлуулсаар байгаад өдийг хүргэсэн. Иймд Б.Мягмарсүрэнд зээлдүүлсэн 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх н.Ариунболд Б.Мягмарсүрэн нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, Ариунболд нь 15,000,000 төгрөгийг Д.Эрдэнэцэцэгийн данснаас шилжүүлсэн тул Ариунболдын шаардах эрх Д.Эрдэнэцэцэгт шилжиж, Д.Эрдэнэцэцэг 2 жил гаруй хугацаанд Б.Мягмарсүрэнгээс зээлсэн мөнгөө шаардсан. Энэ хугацаанд хариуцагч Б.Мягмарсүрэн нь Д.Эрдэнэцэцэгийг нэхэмжлэгч биш гэсэн шаардлага тавиагүй. ...Ер нь нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг нь Вертуал софт ХХК-ийн захирал ба хариуцагч Б.Мягмарсүрэн нь Вертуал сопт ХХК-ийг тендер авахад нь туслахаар тохиролцсон байсан тул надад хүүгүй 15.000.000 төгрөг зээлүүлээч гэсний дагуу Д.Эрдэнэцэцэг нь түүнд 15,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Б.Мягмарсүрэн нь Д.Эрдэнэцэцэгийн өмнө үүрэг гүйцэтгээгүй учраас нэхэмжлэгч түүнээс төлбөр шаардах эрхтэй байна гэжээ.

Хариуцагч Б.Мягмарсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмнө Д.Эрдэнэцэцэгийг таньдаггүй байсан. Түүнээс мөнгө зээлж аваагүй. н.Ариунболд гэх залуу н.Наранцэцэг гэх хүнээр дамжуулж надтай харилцсан. н.Ариунболд нь манай Вертуал сопт ХХК тендерийн сонгон шалгаруулалтад орох гэж байгаа та шадар сайдын туслахаар олон жил ажилласан одоо ч гэсэн ажиллаж байгаа учраас манай компанид тусалж өгөөч танд 30,000,000 төгрөг өгье гэж хэлсэн. Би Вертуал сопт ХХК-ийн тендерийн материалд заавар зөвлөгөө өгч холбогдох хүмүүстэй уулзсанаар Вертуал сопт ХХК-ийн материал тендерт орсон. Энэ үйл явдал 2016 онд болсон. Би Вертуал сопт ХХК-ийн ажилтан н.Болд гэх хүнд би компанийн материал өглөө та нар надад ажлын урьдчилгаа хөлс өг гэж хэлсэн. н.Болд надаас та хэдэн төгрөг авах юм бэ гэхэд би 15,000,000 төгрөг авъя гэж хэлсэн. Тухайн үед миний данс руу мөнгө шилжиж орсон гэхдээ уг мөнгийг Д.Эрдэнэцэцэгээс ирсэн гэдгийг мэдээгүй. Энэ 15,000,000 төгрөг бол миний хөөцөлдсөн ажлын урьдчилгаа хөлс байсан. Би хувийн журмаар танилаасаа мөнгө зээлээгүй, ажлын хөлс авсан. н.Ариунболд гэх залуу 2017 оны хавар Д.Эрдэнэцэцэг гэх аятайхан эмэгтэй дагуулж ирсэн. Д.Эрдэнэцэцэг танд би 15,000,000 төгрөг өгсөн. Би Вертуал сопт ХХК-ийн захирал. Та авсан 15,000,000 төгрөгөө төл гэж шаардсан. Би ч их сандарсан. Тэгээд төлбөр төлнө гэж бичиж өгсөн. Би нэлээн ажиллагаа хийсэн учраас тодорхой хэмжээний ажлын хөлс авах ёстой. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй, зээл авсан гэж зөвшөөрөхгүй. Хувь хүнээс мөнгө аваагүй, компаниас авсан гэж ойлгож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг нь хариуцагч Б.Мягмарсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ... Д.Эрдэнэцэцэг нь Б.Мягмарсүрэнгийн хүсэлтээр түүнтэй ярьж тохиролцон 15,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай хүүгүйгээр зээлдүүлсэн. 2016 оны 4-р сарын 13-ны өдөр Б.Мягмарсүрэнгийн 5015153171 тоот данс руу 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан бол нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Ганболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа...2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр н.Ариунболд, Б.Мягмарсүрэн нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, н.Ариунболд нь зээлүүлсэн мөнгөө Д.Эрдэнэцэцэгийн данснаас шилжүүлсэн. н.Ариунболд шаардах эрхээ Д.Эрдэнэцэцэгт шилжүүлсэн учраас Д.Эрдэнэцэцэг нь Б.Мягмарсүрэнгээс зээлийн гэрээний үүрэг шаардаж байна... гэж, мөн...нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг нь Вертуал софт ХХК-ийн захирал ба хариуцагч Б.Мягмарсүрэн нь Вертуал сопт ХХК-ийг тендер авахад нь туслахаар тохиролцсон байсан тул надад хүүгүй 15.000.000 төгрөг зээлүүлээч гэсний дагуу Д.Эрдэнэцэцэг нь түүнд 15,000,000 төгрөгийг зээлүүлсэн ... гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөр өөр байдлаар тайлбарлаж байна.

 

Хариуцагч Б.Мягмарсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ ...Би Д.Эрдэнэцэцэгтэй ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй, харин Вертуал софт ХХК-д Яармаг, Нисэх хороололд барих цэвэрлэх байгууламжийн цахилгааны тендерт оролцохоор материал бүрдүүлэхэд нь зөвлөгөө туслалцаа үзүүлэхээр тохиролцсон бөгөөд уг ажлын хөлсний урьдчилгаанд 15,000,000 төгрөгийг авсан..., Д.Эрдэнэцэцэг нь 2017 онд Вертуал софт ХХК-ийн захирал гэж надтай ирж уулзсанаар бид танилцсан... гэх тайлбарыг гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй ба мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэл болно.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ өөр өөр байдлаар тайлбарлаж байх ба зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэдгээ нотлохоор 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Б.Мягмарсүрэнгийн Вертуал софт ХХК-д 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тус компаниас авсан 15,000,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сард багтаан төлнө гэж бичсэн бичгийн баримтыг хэрэгт өгсөн байна.

 

2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэгийн Хаан банкинд байрших 5130015161 тоот данснаас хариуцагч Б.Мягмарсүрэнгийн Хаан банкинд байрших 5015153171 тоот дансруу 15,000,000 төгрөгийг Ариунболдоос гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлжээ.

 

Хариуцагч Б.Мягмарсүрэн нь өөрийн Хаан банкны дансаар 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 15,000,000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба уг мөнгийг Д.Эрдэнэцэцэгээс биш Вертуал софт ХХК-ийн тендерийн материал бүрдүүлэлтэнд туслалцаа үзүүлсэний ажлын хөлс гэж авсан учраас Вертуал софт ХХК-д уг мөнгийг 2017 оны 2 дугаар сард төлнө гэж бичиг хийж өгсөн гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээг талууд харилцан тохиролцсоны дагуу мөнгө, эсхүл эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Талууд 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хүлээн авсан гэдэгтээ маргадагггүй. Харин талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх дээрээ маргаж байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

 

Зохигчийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбарууд болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас дүгнэхэд 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байсан, уг хүсэл зориг нэгдсэн гэж үзэх боломжгүй байна үзлээ.

 

Учир нь нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэгээс Б.Мягмарсүрэнд зээлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн гэх 15,000,000 төгрөг нь Ариунболдоос гэх гүйлгээний утгатайгаар шилжсэн байх ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь ...Ариунболд Б.Мягмарсүрэн нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг Б.Эрдэнэцэцэг шаардаж байна, ...Б.Мягмарсүрэн нь Вертуал софт ХХК-ийн тендерийн материалд туслалцаа үзүүлэн гэж тохирсон байсан тул тус компанийн захирал Д.Эрдэнэцэцэгээс хүүгүйгээр 15,000,000 төгрөгийг зээлэхийг гуйсан тул энэхүү зээлийн гэрээ байгуулагдсан... гэж зөрүүтэй байдлаар тайлбарлаж байгаагаас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нь Ариунболдын зээлийн гэрээний үүргийг хариуцагч Б.Мягмарсүрэнгээс шаардах эрхийг шилжүүлсэн авснаар нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байх боловч хэрэгт Ариунболд Б.Мягмарсүрэн нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, уг зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгчийн шаардах эрх Б.Эрдэнэцэцэгт шилжсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч талын энэхүү тайлбар үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг нь хариуцагч Б.Мягмарсүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөгийг шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Б.Мягмарсүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 60-р зүйлийн 60.1, дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА