Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/02371

 

 

Д.Цэцэгсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/02165 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Цэцэгсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Цэцэгсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №Б/158 тоот Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны даргын тушаалаар жирэмсний болон хүүхэд асрах чөлөө авсан. Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрж охинтой болсон. Хуулиар олгосон жирэмсний болон амаржсаны хугацаагаа дуусгаж ажилдаа эргэж орох хүсэлтээ 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ж.Ичинноровд, 2018 оны 3 дугаар сарын 29-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Цэрэн нарт тус тусад нь өргөдөл, хүсэлтээ гаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн албан хариу өгөлгүй миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Би Хаан банкнаас 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 11 000 000 төгрөгийн цалингийн зээл авч сард 560 000 төгрөгийн эргэн төлөлт хийдэг мөн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 50 000 000 төгрөгийн орон сууцны зээл авч сард 918 000 төгрөгийн эргэн төлөлтийг тус тус төлдөг. Нийт сард 1 478 000 төгрөгийг Хаан банканд төлдөг учраас ажилдаа эргэж орох амьдралын зайлшгүй шаардлагатай байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө гэж заасны дагуу ажил олгогч буюу Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын албанд Д.Цэцэгсүрэнг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь буюу нягтлан бодогчоор эгүүлэн томилон ажиллуулахыг даалгаж өгнө үү. Д.Цэцэгсүрэн нь ажил албан тушаалдаа эргэн орох зайлшгүй шаардлагатай байгаа ба Хаан банкнаас цалингийн болон орон сууцны нийт хоёр зээлд сард 1 478 000 төгрөг төлдөг учраас ажил албан тушаалдаа эргэн орох хүсэлтэй байгаа юм. Иймд Д.Цэцэгсүрэнгийн зөрчигдсөн эрхийг сэргээж Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч буюу Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Д.Цэцэгсүрэнг урьд нь эрхэлж байсан ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Цэцэгсүрэн өргөдлийнхөө бүрдүүлбэрийг хангаад өгвөл урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Энэ талаар Д.Цэцэгсүрэнд хэлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цэцэгсүрэнг Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны нягтлан бодогчоор үргэлжлүүлэн ажиллуулахыг Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хуралд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Цэцэгсүрэнгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/02165 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасны дагуу давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна. Д.Цэцэгсүрэн нь Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тал 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр өмгөөлөгч авах хүсэлт гаргахад шүүх хүсэлтийг ямар шалтгаанаар татгалзсанаа тайлбарлалгүй шүүх хуралдааныг хийсэн байдаг. Мөн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарангэрэл Солонгос Улсад байгаа, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргасан боловч өмнө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагүй гэсэн хуульд заагаагүй шалтгаанаар хүсэлтийг хүлээн аваагүй юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч О.Баясгалан 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдаан давхцаж, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан. Шүүгч өмгөөллийн гэрээ байхгүй гэсэн шалтгаанаар хүсэлтийг хүлээн авалгүй шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч О.Баясгаланг оролцуулалгүй хийсэн нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхийг хязгаарласан үйлдэл болсон. Мөн нэхэмжлэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх талаар шүүх хуралдаанд амаар хүсэлт гарган шүүх хуралдааныг хойшлуулсан. Хүсэлтээ тухайн үед бичгээр гаргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага өөрчилж хариуцагчид гардуулах ажиллагаа 2018 оны 10 дугаар сарын 03-ны өглөө шүүх хуралдаанаас өмнө хийгдсэн бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2-т заасныг зөрчиж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцах, хариу тайлбар өгөх боломжоор хангалгүй хариуцагчийн эрхийг удаа дараа зөрчин процессын алдаа гаргасан юм. Мөн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарангэрэлд мэдэгдээгүй, хэргийн материал танилцуулаагүй байдаг. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2018/02165 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Цэцэгсүрэн нь хариуцагч Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Цэцэгсүрэн нь Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны даргын 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №24 дүгээр тушаалаар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаад 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/158 дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө авсан болох нь зохигчдын тайлбар, ажилд томилсон болон чөлөө олгосон тушаал, хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 12-15 дугаар тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй ... гэж зааснаар нэхэмжлэгч Д.Цэцэгсүрэн нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ажилд эргэн орох тухай хүсэлтээ ажил олгогчид өгчээ. /хх-ийн 10 дугаар тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй бөгөөд ажилтан Д.Цэцэгсүрэнг ажилдаа орох хүсэлт гаргасаар байхад ажил олгогч буюу Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хуулийн дээрх заалтыг зөрчиж, ажилд нь томилохгүй байгааг нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл ажил олгогчийн зүгээс хуулийн зохих заалтыг биелүүлэхгүй байгаа нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, энэхүү зөрчлийг ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсантай адилтгаж үзэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай 128 дугаар зүйлийн 128.1.11, 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарангэрэлд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хэргийн материал танилцуулаагүй гэх боловч хариуцагч тал 2018 оны 6 сарын 26, 9 сарын 17, 10 сарын 3-ны өдрүүдэд хэргийн материалтай танилцсан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэж, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Уртнасан оролцсон байна. /хх-ийн 27, 74, 87, 91, 98 дугаар тал/

 

Хариуцагч тал өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй гэх боловч 2018 оны 9 сарын 12-ны өдөр өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах тухай хариуцагчийн гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан, О.Баясгалантай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй зэрэг үндэслэлээр 2018 оны 10 сарын 3-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг буруутгах үндэслэлгүй болно. /хх-ийн 82 дугаар тал/

 

Түүнчлэн хариуцагч гомдолдоо нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг шүүх хуралдаан болсон өдөр хариуцагчид гардуулсан, хариу тайлбар гаргах боломжоор хангаагүй гэх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Уртнасан нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг 2018 оны 9 сарын 20-ны өдөр гардаж авсан, нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөгүй, өмнөх агуулга нь хэвээр байх тул нэхэмжлэлд хариу тайлбар гаргах хариуцагчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй, дээрх үндэслэлүүдээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. /хх-ийн 86-р тал/

 

Харин анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан журмыг баримтлаагүй, хариуцагчид тэмдэгтийн хураамж хуваарилаагүй байх тул энэ талаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/02165 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж, улсын төсөвт /Улаанбаатар хотын банк 2603030349 тоот данс/ оруулсугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Г.ДАВААДОРЖ