Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/60

 

Б.Д-нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/215 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Д, Н.М-, С.Е- нарт холбогдох эрүүгийн 2313000370092 дугаартай, 3 хавтастай хэргийг шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Я.Сьезд, Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч С.Е- нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, шүүгдэгч Б.Д-, Н.М-, С.Е-, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, Х.Зулхаш, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ******** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, *** боловсролтой, **** мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл ** хүнтэй, эхнэр, 4 хүүхдийн хамт ******* багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ш овогт Б.Д-/РД: **********/,

 

2. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ***** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ****** мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл ** хүнтэй, эхнэр, 3 хүүхдийн хамт ********** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ш овогт Н.М- /РД:************/,

 

3. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, ******** ажилтай, ам бүл ** хүнтэй, эхнэр 3 хүүхдийн хамт ******* багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт С.Е- /РД:************/.   

 

4.Холбогдсон хэргийн талаар:     

4.1. Шүүгдэгч Б.Д-нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн сургалтын менежер Н.М-, анги удирдсан багш С.Е- нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж 2021-2022 оны хичээлийн жилд тус сургуулийн 12 дугаар ангид суралцаагүй Е.А-ад 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож бусдад давуу байдал бий болгосон,

4.2. Шүүгдэгч Н.М- нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа тус сургуулийн захирал Б.Д-нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаагүй Е.А-ад 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг үйлдэхэд бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хавсралтад гарын үсэг зурж бүлэглэн оролцсон,

4.3. Шүүгдэгч С.Е- нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн багшаар ажиллаж байхдаа тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Д-нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаагүй Е.А-ад 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг үйлдэхэд бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хавсралтад дүн шивж, гарын үсэг зурж бүлэглэн оролцсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

5. Прокурорын 2023 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийн 67 дугаар яллах дүгнэлтээр Б.Д-, Н.М-, С.Е- нарын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

 

6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн  2024/ШЦТ/215 дугаар шийтгэх тогтоолоор: 

6.1.Шүүгдэгч Ш овогт Б.Д-, Ш овогт Н.М-, Б овогт С.Е- нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

6.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-, Н.М-, С.Е- нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 4 сарын хугацаагаар хасаж, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэжээ.

 

7. Шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлын агуулга:

7.1. Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд, шүүгдэгч Б.Д-нар бид Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2024\ШЦТ\215 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.Д-ад холбогдох хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

7.2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч гэх Б.Д-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа явдлыг эс зөвшөөрч байна.

7.3. Эрүүгийн 2313000370092 дугаартай хэрэгт хууль, журмын дагуу бэхжүүлж авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүхээс үнэлэн шүүгдэгч гэх Б.Д-ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.

7.4. Шүүгдэгч гэх Б.Д-нь 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас зохион байгуулсан сургуулийн захирал нарын нэгдсэн цугларалт, зөвлөгөөнд оролцож байх үед аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын удирдлагаас “Тус аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагаас 12 дугаар анги төгсөөгүй сурагчдад аттестат олгосон хууль бус үйлдэл гарсан. Та нар цаашид өөрсдийн сургууль дээр ийм хууль бус явдлыг гаргахгүй байх” талаар онцгой анхаарлаа хандуулж ажиллах талаар яригдсан байна. Ингээд Б.Д-би 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр сургалтын менежер ба нийгмийн ажилтан нартай хурал хийж уг хурлын тэмдэглэлд “ ...6. Стат мэдээ ирц төгсөлттэй холбоотой Х.Ахансери менежер та хариуцлагатай байж, мэдээ тайланг хугацаанд цаг тухайд мэдэгдэж байх хэрэгтэй. Энэ асуудал насан туршийн багш Т.А-тэй холбоотой Булган сумын ЕБС-д сураагүй хүүхдүүдэд Боловсролын баримт бичиг олгосон байна. Анхааралтай ажиллаарай” гэж хэлж байсан нь тэмдэглэлд дурдагдсан нөхцөл байдал,

7.5. Тус сургуулийн захирал Б.Д-аас 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэлд “Сумын Засаг даргын 09.08-ны өдрийн 1\142-р албан тоотын дагуу хийх хурал. “Захирал: 1\142 албан даалгаврыг уншиж танилцуулав. 12-р ангид суралцаагүй хүүхдэд хууль бусаар бүртгэж аттестат олгосон байна уу гэсэн асуултын хүрээнд хэлэлцүүлэг өрнөж, Захирал асуух нь: “Өнгөрсөн жил 12-р анги төгсгөсөн 2 багш болон мэдээ хариуцсан менежер болон Н.М- менежерээс асуусан 12-р ангийг хууль бусаар сургалтад хамрагдахгүй атлаа төгссөн хүүхэд байна уу гэж асуув.

Хариулах нь: Х.А: Өнгөрсөн жилийн хичээлийн жилийн эхэнд 12-р ангид 50 хүүхэд байсан. Хичээлийн жилийн дунд Дарын сургуульд сурч байгаа 2 хүүхдийн эцэг, эх нь биеэр ирж хүсэлт оруулж хүүхдээ Толбо ЕБС-аас төгсгөнө гэж хүсэлт оруулсан 1. Е овогтой А-, 2. Х овогтой Х. Тухайн үед миний бие хүсэлтийг хүлээн авч бүртгэж оруулсан байгаа.

Анги даасан багш Е-: Надад тухайн 2 сурагчийн эцэг, эх нь хүсэлт тавьсан. Менежер бүртгэсний дагуу манай ангийн стат мэдээнд орж ирсэн. Дараа нь 10 дугаар сарын эхэнд орж ирээд арваад хоног суугаад эцэг, эх нь манай хүүхэд Турк улсад явах гэж байгаа, төгсгөж өг” гэж хэлсэн. Эцэг, эх нь надад хэлэхдээ удирдлагад мэдэгдсэн гэж хэлсэн. Би бүгд мэдээ байгаа гэж бодож бүртгэж явж байсан. А- 12-р анги төгссөн нь үнэн.

Захирал: Миний бие захирлын хувьд А-ыг шилжиж ирснийг мэднэ. Гэхдээ дахиад Турк улсад шилжиж явсныг мэдээгүй. Надад ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Би 12-р ангид сурч байгаа гэж бодсон.

Эцэг, эх Е: Би Турк улсад явуулаад хэсэг байлгаж байгаад ЭЕШ өгөх үед ирж ЭЕШ-д оруулна гэж бодсон. Гэвч тодорхой шалтгаанаар манай хүүхэд ирж чадаагүй.

Менежер М-: Бид хэлмэгдэж байна. Тухайн хүүхэд ирээгүй гэдгийг удирдлагын хувьд бид мэдээгүй. Гэхдээ тухайн хүүхэд 12-р ангийн бүртгэлд байгаад дүн нь тавигдаж хүрээд ирсэн. Тэрний дагуу миний бие аттестат ирэхэд гарын үсгээ зурж өгсөн.

Захирал: Миний хувьд боловсролын газраас өгөгдсөн 50 аттестат авч ирсэн. Тэр нь стат мэдээнд бүртгэлтэй байгаа хүүхдийн тоогоор ирсэн. Аттестат хэвлэх өдөр миний бие аймагт боловсролын газарт сургалттай байсан. Гарын үсэг зуруулах үед анги удирдсан багш нар нь аймагт очиж надад гарын үсэг зуруулсан. Шийдвэрлэх хэсэг:

Засаг даргын албан тоотод нэг хүүхэд байгаа тухайн хүүхдийн талаар мэдээллийг тодруулж өгөхөөр болсон хуралд оролцсон Н.М-, Х.А, С.Е-, Ш.Е-, Тэмдэглэл хөтөлсөн Х.Ер” гэж хурлын тэмдэглэлд бичигдсэн нөхцөл байдал,

7.6. Гэрч Ш.Е-ийн өгсөн "... Миний хүү болох А- 2021 оны 9 дүгээр сард Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн “А” бүлэгт орж сурч байгаад 10 дугаар сард Турк хэлний дамжаанд сурахаар болж Турк улс рүү явсан. Тэгээд тухайн жил онлайнаар сурч байсан ба 2021-2022 оны хичээлийн жилд Турк улсад байсан. Тухайн жил Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг танхимаар төгсөөгүй юм. А-т хичээлд ордог байсан багш нар болон сургуулийн удирдлагатай миний бие очиж уулзаж, Турк улсад хэлний дамжаанд явж байгаа талаар танилцуулж хэлсэн. Тухайн үед багш нар болон сургуулийн удирдлагууд 6 дугаар сард ирж шалгалт өгч, бүрэн дунд боловсролын гэрчилгээ авах шаардлагатай гэж хэлсэн ба 2022 оны 6 дугаар сард Турк улсаас ирэх боломжгүй, онгоцны нислэг байхгүй болсон тул ирээгүй. Тэгээд хичээл ордог багш нар өөрсдөө дүн тавьж өгсөн юм. Хүүхэд маань 9 дүгээр анги хүртэл тухайн сургуульд өөрийн биеэр сурч байсан ба 10,11 дүгээр ангийг аймгийн төвөөс “Дарын” сургуулиас сурч, 12 дугаар ангийг Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулиас сурч байгаад 10 дугаар сард Турк улсад явж хэлний дамжаанд сурахаар явж ирээгүй. 12 дугаар ангид өөрийн биеэр сураагүй шалтгаанаас болж бүрэн дунд боловсрол эзэмшиж чадахгүй байсан болохоор өөрийн биеэр ангийн багш, бусад хичээл ордог багш нар, сургуулийн удирдлагуудтай уулзаж учир байдлыг танилцуулж, ангийн багш бичиж өгсөн байгаа. Ямар нэгэн эд зүйл, мөнгө өгч байгаагүй’’ гэжээ.

7.7. Гэрч Х.А-ээс “...Миний бие тус сургуульд 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр бага ангийн багшийн ажилд анх орж байсан. Дараагаар нь 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс бага ангийн сургалтын менежерээр томилогдон ажиллаж байгаа ба 30 дахь жилдээ ажиллаж байна. Тухайн жилийн хичээлийн жил буюу 2021 оны 10 дугаар сард Е.А- аав болох Ш.Е- гэх хүн өөрийн биеэр ирж, хүүхдийн бичиг баримтыг аймгийн Дарын сургуулиас авч ирж бүртгүүлж манай сургуулийн 12 дугаар ангийн “А” бүлэгт оруулж тус сурагч 10 дугаар сарын 15-ны өдөр тус ангид сурсан юм. Тухайн үед миний бие журмын дагуу бүртгэж авч боловсролын системд оруулсан. Тэгээд 10 дугаар сарын 17-ны өдөр Турк улс рүү хэлний дамжаанд явахаар болж Турк улс рүү явсан. Тухайн жил буюу 2021-2022 оны хичээлийн жилд Е.А- Турк улсад байсан. Тухайн хүүхдүүдийн хичээлд сурсан талаар үнэлгээ гаргаж өгсөн хичээл заасан багш нарын цахим журналаас анги удирдсан багш нь өөрийн ангийн цахим журналд хүүхдийн үнэлгээг буулгаж өөрийн нэвтрэх эрхээр системд оруулж өгдөг. Оруулж өгсөн сурагч нарын үнэлгээ, дүнг миний бие хянаж аймгийн Боловсролын газрын мэргэжилтэнд хянуулж баталгаажуулснаар аймгаас А, Б маягт ирдэг. Тэрний дагуу бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэрчилгээ нь Б маягтыг үндэслэн гарч ирнэ. Е.А-ын аав Е- нь надад хүүгээ аймгийн төвд байдаг Дарын сургуулиас Толбо сумын Ерөнхий боловсролын сургууль рүү шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу бүртгэж авсан. Бүртгэл хийх үед Е.А- нь өөрөө ирж бүртгүүлээгүй түүний аав Е- баримт бичгийг нь авч ирээд бүртгүүлсэн. Е.А-ыг бүртгэж авах, сургуульд бүртгүүлэх талаар урьд сурч байсан сургуулиас хасалт хийсний дараа бүртгэдэг бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хасалт хийсний дараагаар бүртгэж авсан. Ер нь бол бүлэг сэдвүүд болон улирлын шалгалтад сурагч өөрийн биеэр орж шалгалт өгөх ёстой. Шалгалт өгөөгүй сурагчид бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгохгүй, энэ талаар олгосон хүмүүсээс нь тодруулах нь зүйтэй..." гэжээ.

7.8. Гэрч З-ээс “...Миний бие Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд 2006 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр зураг зүйн багшаар анх ажилд орсон. 17 дахь жилдээ ажиллаж байгаа. Миний бие 2021-2002 оны хичээлийн жилд 12 ангийн “А” бүлэгт зураг зүйн чиглэлээр хичээл орж байсан. Тухайн жил албан ёсоор Боловсролын яамнаас ирсэн багшийн цахим журналд бүртгэл хөтөлж, хичээлийн жилийн ажлыг эхлэх ёстой. Миний хөтөлсөн багшийн цахим журналд дэлгэрэнгүй бичигдсэн байх ёстой. Хэдэн хүүхдийн бүрэлдэхүүнтэй сурч байсныг сайн санахгүй байна. Тухайн жилийн хичээлийн жилд Е.А- гэх сурагч миний заасан хичээлд суугаагүй. Харин багшийн цахим журналд нэр нь байсан. Цахим журналд А-ын нэр нь байгаа болохоор урьд жил авсан байсан дүнгээ тавьсан. Өөрөө сайн сурагч байсан“ гэжээ.

7.9. Гэрч Х.У-аас “...Е-ийн А- нь 2021-2022 оны хичээлийн жилд Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд 2021 оны 10 дугаар сар хүртэл сурч байгаад гадаад хэлний бэлтгэлд явсан. Миний хувьд эхний улиралд сурч байхад нь нормативын шалгалт авахад хангалттай үнэлгээтэй байсан. Эхний улиралд би 100 хувийн үнэлгээ тавьсан. 2-р улиралд буцаж ирнэ гэсэн боловч ирээгүй. Тэгээд би тухайн сурагчийн өмнөх жилийн дүн болон эхний улиралд сурч байсан үнэлгээг нь үндэслээд дүнг тавьсан” гэжээ.

7.10. Гэрч Ө.Ж-ээс "...Е- А- нь 2021-2022 оны хичээлийн жилд Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд эхний улирал буюу 2021 оны 10 дугаар сар хүртэл сурч байгаад гадаад хэлний бэлтгэлд сурна гээд алга болсон. Би эцэг, эхээс нь асуухад Турк рүү хэлний бэлтгэлд явсан гэж хэлсэн. Тухайн сурагч бол маш сайн сурлагатай сурч байгаа чиглэл нь гадаад хэлний чиглэлээр сурч байсан бөгөөд ер нь эцэг, эх нь ирж надаас дүнг тавиад өгөөч гэж гуйхаар нь дүнг засаж тавьж өгсөн. Би анх 90 хувийн үнэлгээ тавьсан. Учир нь Е.А- бол сайн сурагч 90 хувийн үнэлгээг хангалттай авч чадахаар сурагч байсан. Гэтэл эцэг, эх нь ирж гуйгаад “100 хувь гээд тавиад өгөөч цаашид англи хэлний дүн нь их чухал байна” гээд байхаар нь цахим системд 100 хувь гэсэн үнэлгээг засаж тавьсан”. гэжээ.

7.11. Гэрч статистикийн ажилтан Ө.А-ээс “ ...Е-ийн А- нь 2021-2022 оны хичээлийн жилд Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд 2021 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл сурч байгаад алга болчихсон. 09-10-р сар хүртэл байхдаа миний хичээлд сууж байсан. Б.А-т дүн тавиагүй. 1-р улирлын дүнг сурч байсан хугацааныхан дүнгээр тавьсан. Дараагийн улирлын дүнг нь би өөрөө хүүхэд хохироохгүй төгсөх ангийн сурагч мөн онц сурлагатай хүүхэд гээд тавьчихсан. Би эхний улиралд бол сурсан хичээл сурагчийн хичээлийн оролцоог үндэслээд тавьсан 94 хувь гэдэг үнэлгээг өмнөх хичээлийнх нь авсан дүнг хуваагаад тавьсан. Тухайн дүн тавихад хэн нэгэн нөлөөлөөгүй, аав, ээж нь надаас гуйгаагүй. Би хүүхдийн ирээдүйн бодоод л дүн тавьсан’’ гэжээ.

7.12. Шүүгдэгч Б.Д-аас мөрдөн байцаалтын болон шүүхийн удаа дараа болсон шүүх хуралдааны үеэр өгсөн мэдүүлэгтээ "...Миний хувьд тухайн асуудлыг үнэхээр мэдэхгүй. Би асуудлыг хэрхэн мэдсэн бэ гэхээр 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Амантай нь бүх удирдах ажилтнуудыг цуглуулж хуралдсан. Энэ үеэр тус аймгийн Булган сумын 2 сурагч сураагүй байхад бүрэн дунд боловсролын үнэмлэх олгосон асуудлаар АТГ-д шалгагдаж ял шийтгэл авсан. Иймд цаашид анхаарч ажиллаарай гэдэг мэдээлэл хэлсэн. Ингээд маргааш нь хичээл эхэлсэн. Ингээд 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр сумын Засаг даргаас надад танай сургуульд 12-р ангид сураагүй хүүхэд хууль бусаар бүрэн дунд боловсролын үнэмлэх олгосон асуудал байгаа эсэхийг лавлаж хариу ирүүл гэхээр нь би холбогдох хүмүүсийг дуудаж хурал хийсэн. Тэгээд хурлын эцэст шийдвэрлэх хэсэг дээр 1 хүүхэд байгаа талаар мэдээлэл авагдаж тодруулга хариу хэлэхээр болсон. Ингээд тодруулахад Е.А- нь манай сургуулийн системд бүртгэлтэй төгссөн тодорхой болсон гэжээ. \х.х-ийн 179-180\,

7.13. Шүүгдэгч гэх Б.Д-ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт “Миний бие энэхүү хууль бус үйлдлийг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр мэдсэн. Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Н.Еркежан 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 1\142 дугаартай албан тоотод 6 төрлийн асуудал дурдсанаас 2 дахь асуудал нь тус аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн хичээл сургалтад хамрагдаагүй атлаа бүртгэлд хамрагдаж хууль бус гэрчилгээ авсан хүүхдийн тоон судалгааг яаралтай авч ирэх тухай албан даалгавар өгсөн. Дээрх албан тоотод дурдсан 3 асуудал сургуульд хамааралтай учраас 2022 оны 9 дүгээр сарын 12-ны сургуулийн захирлын дэргэдэх зөвлөл болон холбогдох хүмүүсийг урьж хурал хийсэн. Энэхүү хурлаар 12 “а” бүлгийн ангийн багш манай ангиас Е.А- гэх сурагч төгссөн гэдгийг мэдэгдсэн. Тухайн өдөр 60 дугаартай албан бичгээр тус аймгийн Толбо сумын Засаг даргад хариу өгсөн. Энэхүү асуудлыг мэдсэнээс хойш нуун дарагдуулсан асуудал байхгүй. 2022 оны 8 дугаар сарын 28,29-ний  өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Хөгжмийн театрт болсон тухайн аймгийн Боловсролын газрын даргаас явуулсан сургалтад хамрагдсан. Энэхүү сургалтад Боловсролын газрын дарга манай аймагт бүрэн дунд боловсролын үнэмлэх хууль бусаар олгосон асуудал гарсан байна. Энэхүү асуудлыг хянаж ажиллахыг үүрэг болгосон. Хичээлийн жилийн бэлтгэл, хичээлийн хуваарь болон бүрэн дунд боловсролын үнэмлэх олгохгүй талаар ажилчдын хурал хийсэн. Тухайн хурлын тэмдэглэл хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Сурагчид манай сургуульд шилжиж ирсэн, өөр сургуульд шилжсэн тохиолдолд хасалт хийх ёстой. Энэхүү асуудал нь мэдээллийн системээс хасалт хийгээгүйгээс болж байна. Хэрэв дээрх асуудлыг удирдлагад мэдэгдсэн бол хамт олны хурал хийж, хамтын шийдвэр гаргаж болох байсан. Е.А-ын эцэг Е- энэхүү асуудлыг удирдлагуудад мэдэгдсэн гэж мэдүүлэг өгсөн байна. Гэхдээ хэзээ, хэнд, яаж мэдэгдсэн талаар тодорхойгүй. Статистик мэдээ хариуцсан мэргэжилтэн энэхүү хэргийн эхлэлийг тавьсан байх. Энэхүү асуудлыг надад мэдэгдсэн талаар ямар нэгэн баримт гаргаж өгөхийг хүсэж байна. Багш нар байхгүй хүүхдэд яагаад дүн тавьсан бэ ? Боловсролын баримт бичиг нь ганц өдөр хэвлэгдэн гарч 3 хүн гарын үсгээ зурчих зүйл биш. Жилийн дүнгийн нэгтгэл, шалгалтын дүн тавигдах ёстой. Дээрх процессыг хийж мэдээллийн системд бүртгэж бүрэн дунд боловсролын үнэмлэх олгохоос өмнө Б маягт гаргаж бүр сурагч нар гарын үсгээ зурж, ангийн багш, сургалтын менежер баталгаажуулж дууссаны дараа надад гарын үсэг зуруулсан. Тухайн үед би албаны ажлаар Баян-Өлгий аймаг руу явсан байсан. Б маягтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Сайдын А\156 дугаартай тушаалын хавсралтаар баталсан журмын 4.1.4 дэх хэсэгт “Гэрчилгээ үнэмлэхийг үнэт цаасанд хэвлэхийн өмнө төгсөгчдөд танилцуулах ажлыг сургалтын үнэлгээний мэдээлэл үнэн зөв эсэхийг хянах бөгөөд мэдээллийн зөрүүтэй бичигдсэн тохиолдолд сургалтын менежер тэмдэглэн хөтлөн холбогдох өөрчлөлтийг тухайн үед сурагчийг байлцуулан мэдээллийн системд хийнэ” гэж заасан. Гэрчээр мэдүүлэг өгсөн багш нараас нэг ч хүн сургуулийн захиралд мэдэгдсэн, мэдэж байсан талаар дурдаагүй байгаа нь намайг энэхүү хэрэгт холбогдолгүй гэдгийг нотолж байна. Анги удирдсан багш С.Е- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдээллийн системд орохдоо тухайн жилийн сурагчийн нэр байдаг. Дүн нь гарч байдаг. Е.А-ын нэр байсан. 2021 оны 10 дугаар сарын системд нэр нь орж ирсэн хүүхэд 2022 оны 5 дугаар сард дахин шалгалт хийхдээ нэр нь байхгүй тохиолдолд статистикийн мэдээлэл хариуцсан менежер энэ талаар мэдэгдэх үүрэгтэй. Статистикийн мэдээнд нэр нь байгаа хүүхдүүдийн тоогоор бүрэн дунд боловсролын үнэмлэхийн захиалга өгсөн. Би ямар нэгэн хууль зөрчөөгүй, үүргээ биелүүлсэн. Бүрэн дунд боловсролын үнэмлэх олгох журмын дагуу гарын үсгээ зурсан. Сургуулийн захирал хүүхэд бүрд тулж ажиллах боломжгүй. Сумын сургуулийн хувьд маш их ачаалалттай байдаг. Захирлын ажлын байрны тодорхойлолтод багш, ажилчид, сурагчидтай ажиллана гэж заасан боловч сурагч бүртэй ажиллах боломжгүй. Анги удирдсан багш, сургалтын менежер, хичээл заадаг багш нь хүүхэд бүрээс ахиц, амжилтын тооцож ажиллах ёстой. Энэ талаар бүх баримт бичиг байгаа тул би ямар нэгэн эргэлзээгүй бусад хүүхдүүдтэй адил бүрэн дунд боловсролын үнэмлэхийг хянаж олгосон" гэжээ.

7.14. Анхан шатны удаа дараагийн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.М-аас өгсөн мэдүүлэгт "...Энэхүү гэмт хэрэгт холбогдсоноо би өөрөө сайн ойлгохгүй байна. Бүрэн дунд боловсролын үнэмлэх олгогдох журмын дагуу явагдаж байгаад сургалтын менежер гарын үсэг зурна гэсэн журмын дагуу гарын үсгээ зурсан. Бүрэн дунд боловсролын үнэмлэхэд гарын үсэг зурахаас өмнө асуудалд миний ямар нэгэн оролцоо байхгүй. Е.А- нь манай сургуульд шилжин ирээд дараа нь Турк улсад явсан хүүхэд гэдгийг сонсож байсан. 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Турк улсад явсан хүүхэд яагаад манай сургуулийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа вэ? энэ талаар эцэг, эх, анги удирдсан багш болон статистикийн мэдээ хариуцсан мэргэжилтэнд яагаад мэдэгдээгүй вэ? Миний бие журмын дагуу бүрэн дунд боловсролын үнэмлэхэд гарын үсэг зурсан гэж бодож байна, захирал Б.Д-нь А- нь 12 дугаар ангид суралцаагүй болохыг мэдээгүй, захирлаас А-т аттестат олгох талаар ямар нэгэн үүрэг даалгавар өгч байгаагүй” гэжээ.

7.15. Анхан шатны удаа дараагийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.Е-оос өгсөн мэдүүлэгт “...Захирал Д-нь А-ыг 12 дугаар ангид суралцаагүй болохыг мэдээгүй, түүнд аттестат олгох тухай ямар нэгэн үүрэг даалгавар өгч байгаагүй. Би захиралд А-ын суралцаагүй болох талаар танилцуулж байгаагүй” гэсэн мэдүүлэг,

7.16. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайдын 2019 оны А\56 дугаартай “Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх журам”-ын хавсралтын Хоёрдугаар зүйлийн 2.2. Мэдээллийн системд суурь, бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх суралцагчийн мэдээлэл бүрэн орсон эсэхэд аймаг, нийслэлийн боловсролын газар, нийслэлийн дүүргийн боловсролын хэлтэс хяналт тавина. Дөрөвдүгээр зүйлийн 4.1-ийн 4.1.4. Гэрчилгээ, үнэмлэхийг үнэт цаасан дээр хэвлэхийн өмнө төгсөгчид танилцуулах ажлыг сургалтын менежерийн хяналт дор анги удирдсан багш зохион байгуулна. 4.1.4-т Мэдээллийн системд албан ёсоор бүртгэлгүй иргэнд гэрчилгээ, үнэмлэх олгохгүй” гэж журамласан байна.

7.17. Дээр дурдсан тогтоогдсон нөхцөл байдлууд нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцаагүй байж төгссөн гэх Е-ийн А- нь тус сургуульд 2021-2022 оны хичээлийн жилд бүрэн суралцаагүй болохыг Б.Д-нь 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр мэдсэн, А-ын эцэг Е-ээс сургуулийн захирал Б.Д-ад хандаж хүүхдээ 12 дугаар анги төгсөхөд дэмжлэг туслалцаа үзүүлэх тухай ямар нэгэн хүсэлт гаргасан нь тогтоогдоогүй, эрүүгийн хэрэгт гэрчээр асуугдсан бүх гэрчүүдээс Б.Д-аас Е.А-ад аттестатад хууль бусаар олгож өгөх тухай ямар нэгэн үүрэг даалгавар өгч байгаагүй болохыг мэдүүлсэн байдал, Баян-Өлгий аймгийн Толбо сумын ЕБС-ын статистик мэдээнд хичээл заасан зарим багш нар, түүнчлэн анги даасан багш, сургуулийн статистик хариуцсан ажилтан, ахлах болон дунд ангийн менежер нараас Е.А-ыг тус сургуульд 2021-2022 оны хичээлийн жилд 12-р ангид суралцсанаар мэдээлэл оруулсан байдлыг тухайн үед Б.Д-мэдээгүй байсан нөхцөл байдал, ер нь сургуулийн багш, захирлын дэргэдэх зөвлөлөөр Е.А-ад хууль бусаар аттестат олгох асуудлыг хэлэлцээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйл. Гэм буруу 1. “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжтой хэлбэртэй байна. 2. Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан байна. Гэтэл шүүгдэгч гэх Б.Д-нь уг үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдохгүй байна. Б.Д-нь өөрөө хүсэж санаатайгаар гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байна.

7.18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл. Бүлэглэн гүйцэтгэх. 1. Гэмт хэргийг хоёр, түүнээс дээш олон хүн санаатай нэгдэж, үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ. Гэтэл шүүгдэгч гэх Б.Д-нь бусадтай бүлэглэн үйлдлээр бусадтай санаатайгаар нэгдсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

7.19. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/215 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Д-ад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5-ын 1 дүгээр хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй" гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

8. Шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдлын агуулга:

8.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Б.Д-, Н.М-, С.Е- нарт холбогдох 2313000370092 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/215 дугаартай тогтоолыг шуудангаар ирүүлснийг өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг би 2024 оны 10 дүгээр сарын 14-ний өдөр гардан авч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

8.2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэж яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн байдлыг бүрэн нотлоогүй байхад яллагдагч нарыг гэм буруутайд тооцож ял оногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна. 

8.3. Б.Д-ыг Баян-Өлгий аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн сургалтын менежер Н.М-, анги удирдсан багш С.Е- нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж 2021-2022 оны хичээлийн жилд тус сургуулийн 12 дугаар ангид суралцаагүй Е.А-ад 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр гэм буруутайд тооцож байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй.

8.4. Сургуулийн захиралд тухайн сургуулийн суралцагчдын бүртгэлийг хөтлөх, хянах, дүн тавих эрх байхгүй. Сургуулиудад цаасан бүртгэл, цаасан журнал байхгүй. Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/425, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/156 дугаартай тушаалаар батлагдсан журмаар сурагчдын мэдээллийг тухайн сургуулийн статистик хариуцсан мэргэжилтэн мэдээллийн санд оруулах, сургалтын дүнг тухайн хичээлийг заасан багш цахим санд байршуулахаар журамлажээ.

8.5. Тухайн хичээлийн жил ерөнхий боловсролын сургууль төгсөж, боловсролын гэрчилгээ олгох асуудал аймгийн Боловсролын газар, Боловсролын яамны үнэлгээний газраар хянагдаж баталгаажаад бичигдэхээр хуульчлагджээ. Статистик мэдээнд байгаа хүүхдийн тоогоор бүрэн дунд боловсролын үнэмлэхийн захиалга өгөгдөж, анги даасан багш нар гэрчилгээг бичсэний дагуу сургуулийн захирал гарын үсэг зурсан. Е.А- гэдэг хүүхэд хичээлийн жилийн дундаас Турк улс руу явсан гэдгийг мэдээгүй. Б.Д-нь хуульд заасан албан үүрэг, бүрэн эрхийн дагуу хийх ёстой үйлдлийг хийсэн. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу явуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тухайн хэргийн талаар мэдэж байгаа этгээд болох Е.А-ыг гэрчээр асуулгүй орхигдуулж, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

8.6. Яллагдагч С.Е- мэдүүлэхдээ: "... Е.А- нь 2021 оны 10 дугаар сард манай сургуульд, манай ангид буюу 12А ангид бүртгүүлээд 2 өдөр хичээлд суугаад Турк улс руу суралцахаар явлаа гээд яваад өгсөн. Ингээд дахин буцаж ирнэ гэсэн боловч дахин буцаж ирээгүй. Е.А-ын аав, ээж хоёр нь манай сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшаар ажилладаг бөгөөд анх хүүхдээ авч ирэхдээ манай сургуулийн цахим систем хариуцдаг мэргэжилтэн А-д бүртгүүлэхэд манай ангид хуваарилагдсан байсан. ... Үүнээс хойш манай сургуулийн удирдлага, сургалтын менежер нараас аль нь ч надад тухайн сурагчийг хичээлд суугаагүй үндэслэлээр хас, болохгүй гэдэг ямар нэгэн мэдээлэл болон чиглэл өгөөгүй, тэгэхээр нь би өөрөө бүртгээд л яваад байсан.

...Ерөнхий боловсролын бүрэн дунд үнэмлэхийн хавсралтад дурдагдсан дүнг нь миний бие шивсэн нь үнэн. Гэхдээ би түүнийг өөрөө дур мэдэн тавихгүй. Бүх хичээлийн дүн автоматаар цахимаар тавигддаг. Би зөвхөн өөрийнхөө зааж байсан монгол хэл, уран зохиол, үндэсний бичиг гэсэн 3 хичээлийн дүнг тавьсан...” гэж мэдүүлжээ.

8.7. Сургуулийн захирал Б.Д-нь тухайн суралцагчийн ангид хичээл орж байгаагүй, тухайн суралцагчийг хичээлдээ суухгүй байгаа талаар анги удирдсан багш, сургалтын менежер, статистик хариуцсан менежерээс мэдэгдээгүй, цахим системээс харахад суралцагчийн ирц бүртгэгдсэн, хичээлийн дүн тавигдсан, бүрэн дунд боловсролын үнэмлэх бичигдсэн байсан тул эрх үүргийн дагуу бүрэн дунд боловсролын үнэмлэх дээр гарын үсэг зурсан нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна.

8.8. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/215 дугаартай тогтоолыг хянан үзэж, Б.Д-ад холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.

 

9. Шүүгдэгч С.Е-ын давж заалдах гомдлын агуулга:

9.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/215 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Е- намайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 4 сарын хугацаагаар хасаж, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

9.2. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Е- би Баян-Өлгий аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн багшаар ажиллаж байхдаа тус сургуулийн захирал Б.Д-, сургалтын менежер Н.М- нартай бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаагүй Е.А-ад 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хавсралтад дүнг шивж, гарын үсэг зурж, бусдад давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогдон шалгагдсан.

9.3. Анхан шатны шүүх намайг 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаагүй Е.А-ад 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд  боловсролын үнэмлэхийн хавсралтад дүн шивж, гарын үсэг зурж, бусдад давуу байдал бий болгосон гэж буруутгасан. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хавсралтад дүнг ангийн багш шивдэггүй.Тухайн хүүхдийн суралцсан хугацааны бүх дүн нь улирал бүрээр мэдээллийн системд шидэгдэж явах бөгөөд тухайн дүнг хичээл заасан багш нар оруулдаг. Жилийн эцэст бүх хичээлийн дүн мэдээллийн системээс автоматаар хэвлэгдэж гардаг. Үүнийг намайг үнэмлэхийн хавсралтад дүнг шивж оруулсан мэтээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

9.4. Нэгэнт мэдээллийн системээс хэвлэгдэж гарсан үнэмлэхийн хавсралтад анги даасан багшийн хувьд гарын үсэг зурсан нь үнэн. Ингэхдээ хэн нэгэнд давуу байдал бий болгох санаа зорилго байгаагүй. Е.А-ын эцэг эх нь надад сургуулийн захирал, сургалтын менежер нарт хэлсэн, тэд бүгдийг мэдэж байгаа гэсэн учир дээрх албан тушаалтнууд мэдэж байгаа, өөрсдөө зөвшөөрсөн гэж ойлгосон. Үүнийг намайг бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хавсралтад дүнг шивж бусдад давуу байдал бий болгосон мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

9.5. Миний хувьд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан нийтийн албан тушаалтан биш, жирийн сургуулийн багш хүн. Төгсөгчийн бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүний хавсралтыг өөрийн эрх мэдлийн хүрээнд боловсруулах, хэвлэх эрх мэдэл байхгүй. Энэхүү бүх үйл ажиллагаа сургалтын менежерийн хяналтын доор хийгддэг.

9.6. Дээрх үндэслэлүүдээр миний үйлдэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.

9.7. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.

 

10. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:  

10.1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд  С.Е-, Н.М-, Б.Д-нар нь бүлэглэн албан тушаалыг урвуулан ашиглаж, насанд хүрээгүй Е.А-ад давуу байдал бий болгож, түүнийг 12 дугаар анги сураагүй болохыг мэдсээр байж дүн тавьж, сурсан мэтээр бүрэн дунд боловсролын гэрчилгээг олгосон нөхцөл байдал хөтөлбөргүй бүрэн нотлогдон тогтоогдсон.  

10.1. Дээрх хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлснээс гадна шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд бүрэн, хангалттай, хүртээмжтэй нотлох баримт байсан тул анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдал нийцсэн.

10.3. Анхан шатны шүүхийн  шийдвэрт Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчил ноцтой тогтоогдоогүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар, дүгнэлтийг гаргаж байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

11. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Я.Сьезд, Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч С.Е- нарын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.   

 

12. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ХШТ/48 дугаартай тогтоолоор “…Хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй шүүгч шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлсэн тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамж илт хууль зүйн үндэслэлгүй тул тухайн захирамжийг хүчингүй болгох замаар хуулийн ноцтой зөрчлийг залруулж зөвтгөх шаардлагатай…” гэж дүгнэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж байсан.     

            Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, ... заавал биелүүлнэ…” гэж зааснаас үзэхэд анхан шатны шүүх дээрх тогтоолын үндэслэлийг биелүүлээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж,  мөн хуулийн 2 дахь хэсэгт ”Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж заажээ.

Иймд анхан шатны шүүх Монгол Улсын дээд шүүхээс илт хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 446 дугаартай захирамжийг хүчингүйд тооцоогүй буюу Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолд заасан үндэслэлийг биелүүлээгүй байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хангаагүй байна.

 

13.  Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Улсын дээд шүүхээс тус эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаан хүргүүлсний дараа 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 632 дугаартай “Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан даргалагч томилсон шийдвэрийг албажуулах тухай” захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Х.Талгатыг томилсон шийдвэрийг албажуулжээ. /хэргийн 3 дугаар хавтасны 100 дахь тал/,

2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 118 дугаартай албан бичгээр тус шүүхэд 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гаргасан шүүгдэгч Б.Д-, Н.М- нарын “Тус шүүхийн нийт шүүгчдийг татгалзах тухай” хүсэлтийг шийдвэрлэх шүүгчдийн зөвлөгөөний харьяалал тогтоолгох тухай хүсэлтийг Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимд гаргасан байх бөгөөд Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 40 дугаартай зөвлөгөөний тогтоолоор шүүгдэгч Б.Д-, Н.М- нарын гаргасан хүсэлтийг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хянан шийдвэрлүүлэхээр тогтоосон байна. /хэргийн 3 дугаар хавтасны 101-104 дэх тал/

Шүүгдэгч Б.Д-, Н.М- нарын дээрх хүсэлтэд шүүгч Ө.Бахытбекийг хэргийн оролцогчтой төрөл садны холбоотой гэж, шүүгч Х.Талгатыг гэрч Х.А-тэй төрөл садны холбоотой гэж, Ерөнхий шүүгч А.Дауренбекийг “шүүгч Ө.Бахытбекийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хангахаас татгалзах, заримдаа хүсэлт гаргаагүйд тооцох зэргээр дандаа нэг талыг барьж шийдвэрлэсэн” гэсэн агуулгаар, тухайн шүүхэд шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж буй нийт шүүгчдийг татгалзан гарах хүсэлт гаргасныг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаартай шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж, дээрх хүсэлтээс Ерөнхий шүүгч А.Дауренбекийг татгалзан гарах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ  хүсэлтийн үлдсэн хэсгийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлд зааснаар Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн асуудал тул тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд шийдвэрлэх үндэслэлгүй” гэж шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

 

            14. Гэтэл Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын зөвлөгөөний 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 40 дугаартай тогтоолоор шүүгдэгч Б.Д-, Н.М- нарын гаргасан хүсэлтийг /зарим хэсгийг нь бус, бүхэлд нь/ шийдвэрлүүлэхээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд шилжүүлсэн байхад тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс шүүгдэгч нарын гаргасан дээрх хүсэлтийн зарим хэсгийг шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт нийцсэн гэж үзэхээргүй байна.

 

Хэдийгээр шүүгдэгч Б.Д-, Н.М- нарын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “шүүгч Х.Талгатыг гэрч Х.А-тэй төрөл садны холбоотой” гэж гаргасан хүсэлтийн үндэслэл нь шүүгч Х.Талгатын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тухай хүсэлтийн үндэслэлтэй агуулгын хувьд ижилхэн боловч анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 810 дугаартай захирамжаар шүүгчийн татгалзан гарах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн байдал нь шүүгдэгч нарын дээрх хүсэлтийг шийдвэрлэгдээгүй үлдсэн нөхцөл байдлыг зөвтгөх үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иймд шүүгдэгч нарын шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гарах хүсэлт бүрэн шийдвэрлэгдээгүй үлдсэн, уг хүсэлт шийдвэрлэгдээгүй байхад хэргийг анхан шатны журмаар  хянан шийдвэрлэсэн нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас “хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэр гаргасан” гэсэн үндэслэлд хамааруулж дүгнэсэн байх тул шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

            15. Шүүхийн шатанд шүүгдэгч нарын гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдох дээрх зөрчлүүд тогтоогдсон учраас, дээр дурдсан үндэслэлүүдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байдлыг хангуулахаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хэргийн үйл баримт, түүнд хийсэн хууль хэрэглээний талаар болон давж заалдах гомдлуудад давж заалдах шатны шүүх хуралдаанаас урьдчилж дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүйг тэмдэглэж байна.

 

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хангах хүрээнд мөн хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2  дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/215 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай. 

2. Шүүгдэгч Б.Д-, Н.М-, С.Е- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр нь хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ