Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/00011

 

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/00011

 

 

БНХАУ-ын иргэн Chen Gerile /Чингэрэлэ/-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/02686 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Chen Gerile /Чингэрэлэ/-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Балжинд холбогдох төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 17 657 930 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагч С.Балжин, хариуцагчийн өмгөөлөгч О.Чулуунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Орхон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь эм, эм үйлдвэрлэх түүхий эд болон бусад бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 50 448, 34 юанийг төлөхгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хариуцагчтай тооцоо нийлж Төлбөр барагдуулах гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээг хариуцагч нь нэхэмжлэгчээс худалдан авсан эм, эм үйлдвэрлэх түүхий эд болон бусад бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 50 448, 34 юанийг 2016 оны 10 дугаар сараас эхлэн сард 3000 юанаас багагүй юанаар төлж, төлбөрийг барагдуулахаар тохиролцсон боловч төлөөгүй. Иймд хариуцагчаас төлбөр барагдуулах гэрээний үүрэг болох 50 448, 347 юань буюу 17 657 930 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Балжин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: БНХАУ-ын И-Ань нэртэй компаниас эм, витамины савалгааны матерал авч Баатар, Баянсан, Гэрлээ, Баяраа гэдэг хүмүүстэй төлбөр тооцоо хийж байсан ба сүүлийн жилүүдэд хаяг шошгыг Монголдоо хийлгэх болсон тул И-Ань компанитай харилцаагүй. Гэтэл 2016 оны 8 дугаар сард И-Ань компанийн төлөөлөгч гэж Гэрэлээ төлбөрийн жагсаалт өгч авлагаа барагдуулахыг шаардаж, үгүй бол цахим хэвлэлээр нэр хүндэд чинь халдана, яаралтай буцах болсон тул төлбөр барагдуулах гэрээ хэлцэл хийхийг шаардсанаар гэрээ хийсэн болно. Тэр үед И-Ань гэдэг компанийн Баянсантай харилцаж байсан манай хүү Б.Баянмөнх Улаанбаатар хотод байгаагүй тул зөвхөн нийлүүлэгч И-Ань компанийн гаргасан жагсаалт тооцоог үндэслэсэн тухай тэмдэглэж хэлцэл хийж төлбөр төлж эхлэх гэрээ хийсэн. Нэхэмжлэгчийн ирүүлсэн жагсаалтад бичигдсэн сүүлийн 4 удаагийн витамины хаяг 767,9 кг-ийг манайх хүлээж аваагүй. Энэ тухай 2017 оны 6 дугаар сард Гэрэлээтэй утсаар ярьж витамины хаягийг хэдийд манайд яаж явуулсан тухай баримт мэдээлэл өгөхийг хүссэн. Гэрэлээгийн нэхэмжилж байгаа 50 448, 347 юаниас 767,9 кг хаягний үнэ 29 367 юанийг хасч 21 081 юаниар тооцох, манай нэртэй, манай мөнгөөр хийсэн хийгдсэн эм, витамины хэвлэлийн эхийг цаашид ашиглагдахгүй болгосон тухай баримт нотолгоог И-Ань компаниас авах, төлбөр тооцоо үүссэн үе буюу 2012 оны 9 дүгээр сарын юань, төгрөгийн дундаж ханш 1 юань 210-222,8 төгрөгтэй тэнцэж байснаар бодож төлбөр тооцоог эцэслэхийг хүсэж байна. Chen Gerile энэ тооцоог гаргаж ирсэн, би зохих хэмжээний төлбөрийг төлж эхэлнэ гэсэн ойлголтоор гэрээ байгуулсан. Chen Gerile эхлээд та нар энэ тооцоог зөвшөөрч бай гэсэн, нилээд удсан учир зохих хэмжээний төлбөрийг төлнө гэсэн хүсэлт тавиад байсан, олон жил харилцсан учир нэхэмжлэгчийн бичээд ирсэн гэрээн дээр ойлгосон гэдэг санаагаар гарын үсэг зурсныг шүүхийн үндсэн баримт болгон ашиглана гэж бодоогүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Сэнгийн Балжингаас 3 250 000 /гурван сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан Chin Gerile-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 14 407 930 /арван дөрвөн сая дөрвөн зуун долоон мянга есэн зуун гучин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 240 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Балжингаас 78 950 /далан найман мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Chin Gerile-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хурал дээр гаргасан тайлбартаа 21 081 юань буюу 4 686 846 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан хэмээн тайлбарласан. Үнэхээр нэхэмжлэгчээс худалдан авсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 50 448.34 юань биш байсан бол тэрээр тухайн юанийг 2016 оны 10 дугаар сараас эхлэн сард 3000 юань төлж барагдуулах тухай гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулахгүй байсан нь тодорхой. Төлбөр барагдуулах гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан тус гэрээнд зурагдсан гарын үсэг өөрийнх нь гарын үсэг мөн эсэх талаар хариуцагч маргадаггүй, тухайн үед 50 448.34 юанийн үлдэгдэл байгаа гээд зурсан гэдгээ хэлдэг. Харин "Төлбөр барагдуулах гэрээ" байгуулсны дараа тооцоолоод үзэхэд 21 081 юань буюу 4 686 846 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан үүнийгээ төлнө хэмээн маргадаг боловч тус тайлбараа нотлосон нэг ч нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Мөн өөрийн тооцож гаргасан гэх 21 081 юань буюу 4 686 846 төгрөг нь ямар баримтад үндэслэж гаргасныг нотолж чадаагүй. Гэвч анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдалд огт дүгнэлт хийлгүйгээр ганцхан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж дүгнэж нэхэмжлэлээс 14 407 930 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа нь мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн эхлэн тоолдог. Хэрэв хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзвэл Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дах хэсэгт заасныг баримталж уг хэргийг шийдвэрлэх ёстой. Иймээс хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Chen Gerile /Чингэрэлэ/ нь хариуцагч С.Балжинд холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 17 657 930 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 3 250 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчтай олон жилийн турш эм, эм үйлдвэрлэх түүхий эд болон бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах харилцаатай байсан боловч худалдан авсан бүтээгдэхүүний төлбөр болох 50 448 347 юаныг төлөөгүй тул 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ ...БНХАУ-ын И-Ань нэртэй компаниас эм, витамины савлагааны материал авч Баатар, Баянсан, Гэрлээ, Баяраа гэдэг хүмүүстэй тооцоо нийлж байсан, сүүлийн жилүүдэд уг компанитай харилцаагүй бөгөөд компанийн төлөөлөгч гэх Гэрэлээ 2016 оны 08 дугаар сард төлбөрийн жагсаалт өгч, авлагаа барагдуулахыг шаардаж эхэлсэн тул төлбөр барагдуулах гэрээ байгуулсан, Баянсантай харилцаж байсан манай хүү Б.Баянмөнх тухайн үед Улаанбаатар хотод байгаагүй тул дээрх тооцоог үндэслэн төлбөр төлж эхлэх гэрээ байгуулсан, ...Гэрэлээгийн ирүүлсэн жагсаалтад бичигдсэн витамины хаяг 767.9 кг-ийг хүлээж аваагүй гэж тус тус тайлбарласан байна.

 

Дээр дурдсанаар хариуцагч С.Балжин нь нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Chen Gerile-тэй төлбөр барагдуулах гэрээ байгуулсан эсэх үйл баримтын талаар маргаагүй байх боловч нэхэмжлэгчээс уг гэрээнд заасан 50 448,34 юаны бараанаас заримыг нь хүлээж аваагүй гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь төлбөр барагдуулах гэрээнд заасан тооцооны үлдэгдэл нь ямар санхүүгийн анхан шатны баримтад үндэслэсэн гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Chen Gerile-гээс хариуцагч С.Балжинд Төлбөр барагдуулах гэрээнд заасан 50 448,37 юаны ямар бараа бүтээгдэхүүнийг хэзээ хэрхэн нийлүүлсэн гэдгийг нотлох хангалттай баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрсөн 3 250 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/02686 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаярын төлсөн 230 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Н.БАТЗОРИГ