Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/00010

 

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/00010

 

МАГАДЛАЛ

 

Ц.Содхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/02546 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Содхүүгийн нэхэмжлэлтэй хариуцагч Шүрэн ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 596 544 ам.доллар буюу 1 470 480 960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Содхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Пүрэвхүү, Ж.Бат-Амгалан, хариуцагч болон гуравдагч этгээд Г.Галтмаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Саранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүрэн ХХК-ийн үүсгэн байгуулагч иргэн н.Галтмаа 2014 оны 9 дүгээр сард надтай уулзаж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд 9 давхар 2 ширхэг орон сууц барихад түр хугацааны санхүүжилтээр мөнгөн туслалцаа үзүүлээч гэж санал тавьснаар 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 300 000 ам.долларыг 2,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Дараа нь барилгын ажилд нэмэлт санхүүжилт хэрэгтэй байна гээд 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 90 000 ам.доллар нэмж зээлсэн. Зээлийн нийт 390 000 ам.долларыг Шүрэн компанийн бэлэн мөнгөний орлогын баримтаар Г.Галтмаа өөрөө авсан. Г.Галтмаа зээлээ төлөөгүйгээс бид удаа дараа зээлийн гэрээг дүгнэж, талууд харилцан тохиролцон акт үйлдэж, гарын үсэг зурсан. Мөн энэ явцад Шүрэн ХХК-ийн хамааралтай этгээд болох энэ орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэгч Шүрэн солюшнс ХХК 2015 оны 2 дугаар сард 25 000 ам.долларын зээл авсан. Шүрэн солюшнс ХХК нь мөн зээлээ төлөхгүй байсан.Энэ нэхэмжлэлд Г.Галтмаагийн 90 000 ам.доллар, Шүрэн солюшнс ХХК-ийн 25 000 ам.долларын зээл хамаагүй, зөвхөн Шүрэн ХХК-ийн 300 000 ам.долларын гэрээний төлбөр яригдаж байгаа. 2013 оны 9 дүгээр сард авсан зээл нь 2014 оны 4, 5 сараас төлөгдөөгүй. 2015 оны 6 дугаар сард Г.Галтмаа 90 000 ам.доллар төлж, өөрийн зээлийг барагдуулсан. Мөн 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр мөнгө шилжүүлсэн. 101 000 ам.долларын үлдэгдэл 17 000 ам.долларыг хамтран тохиролцож, Шүрэн ХХК-ийн зээлийн үлдэгдэл дээр тооцсон. Энэ бүх үйл явцыг бид харилцан баталгаажуулж, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ дүгнэсэн акт үйлдэж, Г.Галтмаа өөрийн биеэр гарын үсэг зурж баталгаажуулсан.

Хариуцагчаас 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр өгсөн Г.Галтмаа өөрийнхөө зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 56 000 ам.долларыг Шүрэн ХХК-ийн зээлээс хасч тооцсон тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Мөн Шүрэн солюшнс ХХК 25 000 ам.долларыг 2015 оны 2 дугаар сард аваад зээлээ сунгахыг эдний талаас удаа дараа хүссэний дагуу сунгаж, мөн 7 дугаар сарын 3-ны өдөр хийгдсэн төлбөрөөс Шүрэн солюшнс ХХК-ийн үндсэн төлбөр 25 000 ам.доллар, түүнд ногдох хүүг нь бас төлж, миний зүгээс Шүрэн солюшнс ХХК-ийн зээл бүрэн төлөгдөж хаагдсан тухай мэдэгдлийг өгсөн. Гэтэл энэ төлбөрийг Шүрэн ХХК-ийн өр зээлтэй холбогдуулан тооцож байгаа нь ойлгомжгүй байна. 2013 оны 9 сарын 13-ны өдрөөс хойш 4-5 удаа Шүрэн ХХК-тай зээлийн гэрээг дүгнэсэн. Хамгийн сүүлд 2016 он 4 дүгээр сарын 7-ны өдөр зээлийн гэрээг дүгнэж, 2016 оны 3 дугаар сарын байдлаар зээлийн нийт үнийн дүн 496 525 000 ам.доллар байсан бөгөөд Шүрэн ХХК 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж зээл төлөх хувиараа ирүүлсэн.

Шүрэн ХХК-иас үндсэн зээл 300 000 ам.доллар буюу 735 600 000 төгрөг, хүүд 235 637 000 ам.доллар буюу 577 781 924 төгрөг нийт 535 637 000 ам.доллар буюу 1 313 381 924 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаа дараа хойшлуулж, хүндрэл учруулсаар байсан учир нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, 2017 оны 4 дүгээр сарын 26-ний өдрөөр тасалбар болгон тооцож, 596 544 ам.доллар буюу 1 470 480 960 төгрөг болсон ба үүнтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Шүрэн ХХК-ийн захирал Г.Галтмаа Шүрэн ХХК-ийн санхүүгийн тамга дарж, Ц.Содхүүгээс 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 100 000 ам.доллар /хх-24/, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 50 000 ам.доллар, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 40 000 ам.доллар, 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 15 000 ам.доллар, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн зээл 130 000 ам.доллар, хэрэв засвартай гэж үзвэл 200 000 ам.доллар гэж бичсэнийг дараад 130 000 ам.доллар гэж бичсэнийг бид бодитой хандаж байгаа /хх-25/, 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 55 000 ам.доллар, /засвар орсон хувилбар нь 75 000 ам.доллар/ бүгд нийт 300 000 ам.доллар болж байна. Гэрээ дүгнэсэн актын тухайд зээлийн гэрээний хугацаа нь дууссан Ц.Содхүү Шүрэн ХХК-иас удаа дараа шаардсаны үндсэн дээр талууд тохиролцон зээлийн гэрээ дүгнэсэн акт үйлдэж тухайн актаараа зээлийн гэрээний хугацааг сунгаж ирсэн. Тухайн актад Шүрэн ХХК-ийн тамга дарж, захирал н.Галтмаа гарын үсэг зурсан. Хариуцагч мөнгийг хүлээн авсан зээлийн гэрээ болон зээлийн гэрээ дүгнэсэн актуудаар нотлогдоно. Шүрэн ХХК, Г.Галтмаа, Шүрэн солюшнс ХХК гэсэн 3 этгээд тус тусдаа Ц.Содхүүгээс мөнгө зээлсэн. Бидний өнөөдрийн маргааны хариуцагч нь Шүрэн ХХК юм. 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Б.Мөнгөний хүсэлтээр Шүрэн солюшнс ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 25 000 ам.долларыг тус компанийн дансанд шилжүүлсэн. Иргэн Г.Галтмаа нь гэрээ байгуулж 90.000 ам.доллар зээлсэн. Иргэн Г.Галтмаа Шүрэн солюшнс ХХК нь зээлийн төлбөрөө бүрэн төлсөн учир Шүрэн ХХК-д холбогдуулан үндсэн зээл 300 000 ам.доллар, хүү 296 544 ам.доллар нийт 596 544 ам.доллар нэхэмжилж байгаа. Бид хэрэгт Шүрэн ХХК-ийн өөрийнх нь мөнгө хүлээн авсан баримтыг өгсөн. Н.Галтмаагийн гарын үсэг биш гэж хариуцагчийн төлөөлөгч Л.Сарангэрэл ярьж байгаа боловч үүнийгээ нотлохгүй байна. Ямар ч нотолгоогүй зүйлийг гэнэтхэн өнөөдөр гаргаж ирээд ярьж байгаа нь ойлгомжгүй. Өмнө нь энэ талаар нэг ч үг ярьж байгаагүй Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Барьцаа хөрөнгөөс үүргийг хангуулна гэжээ.

 

Хариуцагч Шүрэн ХХК болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Галтмаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 300 000 ам.доллар авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн гаргасан баримтаар 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 55 000 ам.доллар /хэргийн 24 дэх тал/, 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 100 000 ам.доллар, 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 15 000 ам.доллар, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 130 000 ам.доллар авсан гэжээ. Гэтэл үүнээс 70 000 ам.долларыг 100 000 ам.доллар болгож зассан баримт буюу 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 50 000 ам.доллар /хх-24/-ыг Шүрэн ХХК хүлээн аваагүй. Хэргийн 25 дугаар хуудсанд байгаа 2013 оны 9 дүгээр сарын 13-ны 130 000 ам.долларын баримтад Шүрэн ХХК гарын үсэг зурсан боловч тухайн баримт дээрх мөнгөн дүнг нэлээд хэдэн удаа зассан учраас хүлээн аваагүй гэж үзэх үндэслэлтэй. Эндээс харахад Шүрэн ХХК иргэн Ц.Содхүүгээс 300 000 ам.доллар хүлээн авсан нь нотлогдохгүй байгаа. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу иргэн компанитай зээлийн гэрээ байгуулсан нь энэ хууль, гэрээний 4.1, 5.2-т заасныг баримтлан хүү нэхэмжлэх эрхээ алдсан. Зээлийн гэрээ акт нь зээлийн гэрээний хугацаа сунгасан баримт биш. Ц.Содхүү нь айлган сүрдүүлэх байдлаар Г.Галтмаа, Б.Мөнгөн нараар зээлийн гэрээ дүгнэсэн актад гарын үсэг зуруулсан. Шүрэн ХХК-д ажиллаж байсан Г.Бат-Оргил нь Ц.Содхүүгийн хамаатан байсан. Зээлийн гэрээ дүгнэсэн акт буюу хавтаст хэргийн 9, 12-т авагдсан баримтуудад Г.Галтмаа гарын үсэг зураагүй. Шүрэн ХХК нь зээлийн хүүгээ 300 000 ам.доллароор бодож төлсөн. 25 000 ам.долларын баримт нь Шүрэн солюшнс ХХК-ийн баримт учир энэ хэрэгт хамааралгүй. Шүрэн ХХК-иас нэг удаа л бэлнээр төлсөн бусад мөнгийг дансаар явуулсан. Г.Галтмаа нь 90 000 ам.долларыг 6 сарын хугацаатай хүүг нь 2700 ам.доллароор тооцон төлж барагдуулсан. Шүрэн ХХК 300 000 ам.долларыг авсан тогтоогдохгүй, 130 000 ам.доллар, 50 000 ам.долларыг авсан гэж үзвэл 5000 ам.долларыг Ц.Содхүү хүүнд суутгаад авсан. Тиймээс бид хүүг бүрэн төлж барагдуулсан. Тооцоо нийлсэн акт нь зээлийн хүү сунгасан бичгээр хийсэн гэрээ биш учир хүү тооцох үндэслэлгүй. Шүрэн ХХК 210 000 ам.доллар авсан. Шүрэн ХХК-ийг будилуулж байгаад 90 000 ам.долларын баримтад гарын үсэг зуруулсан. Тиймээс 117 000 ам.доллар төлөх ёстой гэж үзэж байна. Гэхдээ 210 000 ам.доллароос хүү тооцож үлдэгдлийг нь хангуулах хүсэлтэй байна. Шүүхэд байгаа баримтаар 300 000 ам.долларын хүү төлж байсан. Миний харж байгаагаар Ц.Содхүү залилан хийсэн гэж үзэж байна Г.Галтмаа нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрүүдийн гэрээ дүгнэсэн актуудад гарын үсэг зурсан. Бусад актуудад Г.Галтмаа гарын үсэг зураагүй. Иймээс 6 сарын хүүгээ төлчихсөн. Шүрэн ХХК нэг удаа 300.000 ам.доллар авсан, 6 сарын хүү төлсөн. 2013 оны 10 дугаар сарын 13, 2013 оны 11 дүгээр сарын 13, 2013 оны 12 дугаар сарын 13, 2014 оны 2 дугаар сарын 27, 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрүүдэд тус тус 7500 ам.доллар, 2014 оны 4 оны 15-ны өдрийн 10 200 ам.доллар, /үүний 2700 нөгөө гэрээнд, энэ зээлийн төлбөрт 7500/, 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 5190 ам.доллар, 2014 оны 7 дугаар сарын 24-ний 7659 ам.доллар, 2016 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 336 ам.доллар, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10 000 ам.доллар, 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Шүрэн ХХК-иас 101 112,12 ам доллар, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 65000 ам.долларыг тус тус төлсөн.

Г.Галтмаа нь 90 000 ам.долларыг 6 сарын хугацаатай хүүг нь 2700 ам.доллараар тооцон аваад бүрэн төлж барагдуулсан. Зээлийг төлж ирсэн. Барьцаа хөрөнгө Галтмаагийн өмчлөлийн 110 м.кв-тай орон сууц, мөн сэлбэгийн дэлгүүр зээлдэгч Ц.Содхүүгийн барьцаанд хэвээрээ байгаа. 65 000 ам.доллароор нэг байрыг чөлөөлсөн. Бид Ц.Содхүүд 3 барьцаа өгсөн. Шар хадны гараажийг иргэн Г.Галтмаагийн зээлэнд барьцаалсан, одоо 2 үл хөдлөх хөрөнгө байгаа гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Шүрэн солюшнс ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед хамтарч ажиллаж байсан н.Бат-Оргил мөнгө хэрэгтэй байна, иргэн Ц.Содхүүгээс зээлэх боломж байна. Чи надад баталгаа гаргаж өгөөч гэсний дагуу би баталгаа гаргаж Ц.Содхүүгээс 25 000 ам.долларыг Шүрэн солюшнс ХХК-ийн дансанд авч, маргааш нь Бат-Оргилын дансанд хийсэн. Тухайн мөнгийг Бат-Оргил авсан, одоог хүртэл төлөөгүй байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3.т зааснаар хариуцагч Шүрэн ХХК-иас 294 510 314,7 /хоёр зуун ерэн дөрвөн сая таван зуун арван мянга гурван зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Содхүүд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 025 834 890,3 /нэг тэрбум хорин таван сая найман зуун гучин дөрвөн мянга найман зуун ер/ төгрөг болон Шүрэн компанийн өмчлөлийн Ариг бүрд орон сууцны цогцолборын орон сууцыг худалдан борлуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1д зааснаар хариуцагч Шүрэн ХХК нь 294 510 314,7 /хоёр зуун ерэн дөрвөн сая таван зуун арван мянга гурван зуун арван дөрөв/ төгрөгийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгчийн барьцааны зүйл болох 000235394 дугаарын гэрчилгээ бүхий Г.Галтмаагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороолол /13374/, Нарны замын 103/1-р байрны 42 тоот 110,73 м2 талбайтай 4 өрөө орон сууцыг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 7 655 514 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ШүрэнХХК-иас 1 630 502 /нэг сая зургаан зуун гучин мянга таван зуун хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Содхүүд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 196 дугаар зүйлийн 196.1.2, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, мөн хуулийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу талууд хэлцэл хийж гэрээний нөхцөлөө харилцан тохирч сунгасан байхад шүүхээс 2013 оны 9 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг 2016 оны 7 сарын 1-ний өдөр хүртэл сунгасан байх ба" гэж үнэлж дүгнэлт хийсэн мөртлөө, талуудын тохиролцоо, гэрээний нөхцөлийн бас нэг чухал салшгүй хэсэг болох зээлийн хүү тогтоож, үүргийн гүйцэтгэлийн үлдэгдлийг тооцсон хэлцлийг хүчингүй гэж үнэлж дүгнэсэн нь зохих хуулийн заалтыг буруу тайлбарлан, хэрэглэж шүүхийн шийдвэр гаргасан нь хууль бус байна.

Анхан шатны шүүх иргэн Ц.Содхүү, "Шүрэн" ХХК-ийн хооронд 2014.10.08-ны өдөр, 2015.02.17-ны өдөр, 2015.04.30-ны өдөр, 2015.10.07-ны өдөр болон 2016.04.7-ны өдөр тус тус хийсэн "2013-09-13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ дүгнэсэн актууд"-д талуудын хүсэл зоригийн ирэлхийллийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэлд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлах ёстой. Гэрээний хугацаа сунгаж хүү тооцож дүгнэсэн актуудаар зээлийн гэрээний хугацаанаас гадна хүүг талууд арилцан тохиролцож сунгасан гэдэг нь тодорхой байтал нотлох баримтыг агуулгаар нь үнэлсэнгүй.

...Мөн шүүх хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн баримтыг шүүх өөрөө үгүйсгэх нь нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг зөрчиж алдаа гаргасан. ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хэргийн оролцогч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

2015.07.03-ны өдөр Шүрэн ХХК-иас 101 112.23 ам.доллар шилжүүлсэн боловч 2015.07.21-ний өдөр Шүрэн ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал болох Г.Галтмаа, иргэн Ц.Содхүү нар харилцан тохиролцож дээрх 101 112,23 ам.доллароос Г.Галтмаа, Ц.Содхүү нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл 56 017 ам.долларын төлборт тооцохыг хэлэлцэн тохиролцсон байдаг.

Мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох "Шүрэн солюшнс" ХХК нь хариу тайлбар гаргасан бөгөөд уг тайлбартаа "...зээлийн гэрээний гүйцэтгэлийг 2017.07.03-ны өдөр хангаж үндсэн зээл, хүүгийн хамт нийт 27 833 ам.доллараар хангасан. Тухайн үед нэхэмжлэгч Ц.Содхүү нь төлбөр тооцоо дууссан талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнгөн миний майл хаягт захидал ирүүлсэн. Тиймээс нэхэмжлэгч Ц.Содхүү хариуцагч гэх Шүрэн солюшнс ХХК-ийн хооронд ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. 2017.07.03-ны өдөр Шүрэн ХХК-ийн үндсэн төлбөрт шилжүүлсэн гэх 110 112.23 ам.доллараас 27 833 ам.долларыг тооцож үүргээ биелүүлсэн, зээлийн гэрээгээ хаасан талаар тайлбараа өгсөн, Ц.Содхүүгийн 2017.07.21-ний е-мэйл/захидал/-ийг хариуцагч зөвшөөрсөн байхад шүүх бүрэн зөв үнэлж дүгнэлт өгөөгүй байна. Мөн Шүрэн ХХК нь шүүхэд өгсөн тайлбартаа "...369 467 ам.доллар төлөгдөөгүй байгаа болно. Иймд нэхэмжлэлийн 1 320 345 205 төгрөгөөс 409 609 050 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү." гэж тайлбар өгч байсныг шүүх үнэлж дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн. Иймд хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал буюу хариуцагч байгууллагын гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээ тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Содхүү нь хариуцагч Шүрэн ХХК-д холбогдуулж 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 596 544 ам.доллар буюу 1 470 480 960 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 122 149 ам.долларыг төлнө, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00449 дүгээр захирамжаар хариуцагч Шүрэн ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 510 758.5 ам.доллар буюу 1 259 310 835 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч шүүх хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн 181/ШЗ2017/05120 дугаар захирамжаар өмнөх 181/ШШ2017/00449 дүгээр захирамжийг хүчингүй болгожээ. /хх-ийн 168-169/

 

Уг шүүгчийн 181/ШЗ2017/05120 дугаар захирамжид мөн хуулийн 170 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгч тухайн шатны шүүхэд гомдол гаргасан ба тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШТ2017/00183 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ.

Харин шүүгч 181/ШЗ2017/05120 дугаар захирамжийг гаргахдаа Б.Мөнгөнд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх олгогдсон эсэх нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр зохигчид эвлэрснийг баталсан өмнөх 181/ШШ2017/00449 дүгээр захирамжийг хүчингүй болгосон байхад шүүх энэ байдлыг тодруулаагүй нь буруу байна.

 

Б.Мөнгөнийг гүйцэтгэх захирлаар томилсон тухай хувьцаа эзэмшигчийн шийдвэр /хх-ийн 43/ хэрэгт авагдсан байх боловч энэ шийдвэр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх нь тодорхойгүй байх ба Шүрэн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус компанийн гүйцэтгэх захирлын талаар тусгагдаагүй байна.

 

Мөн хариуцагч Шүрэн ХХК-ийн дүрэмд тус компани ерөнхий захиралтай байх талаар тусгагдаагүй байхад Л.Сарангэрэлд 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ерөнхий захирал Г.Галтмаагаас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвтгөх үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Шүрэн ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн талаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд албан ёсоор хэн бүртгэлтэй болохыг тодруулсны үндсэн дээр хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, зээлийн гэрээ дүгнэсэн актуудын талаар дүгнэх шаардлагатай.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн шаардлага гаргасныг хариуцагч болон гуравдагч этгээдүүд нь эс зөвшөөрч 3 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн төлбөрийн талаар татгалзал, тайлбар гарган маргаж байгаа тохиолдолд шүүх гэрээний талууд, хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг тодруулах нь хэргийг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүгнэж хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/02546 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ц.Содхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 038 000 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

 

Н.БАТЗОРИГ