Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 565

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Бат-Очирт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор А.Нямсүрэн,

Ялтан О.Бат-Очирын өмгөөлөгч Ш.Энхтуяа,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч С.Батжаргал, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан О.Бат-Очирын гаргасан давж заалдах гомдлоор О.Бат-Очирт холбогдох эрүүгийн 201625030684 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Боржигон овогт Осорын Бат-Очир, 1971 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 12-176 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: /ХИ71082970/.

 

            О.Бат-Очир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 12-176 тоотод иргэн Х.Одгэрэлийг өөрийн эхнэр Г.Оюунчимэгтэй хардаж, улмаар толгойн тус газар нь төмөр хувингаар цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: О.Бат-Очирт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Бат-Очирыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бат-Очирыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бат-Очирт оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бат-Очирын цагдан хоригдсон 21 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бат-Очирт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хувинг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Ялтан О.Бат-Очир гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний хувьд хохирогчид санаатайгаар гэмтэл учруулах гэсэн санаа зорилго байгаагүй. Х.Одгэрэл нь намайг гэрт ороход манай эхнэртэй архи уусан байдалтай байсан. Хүн амьдрах гэж ядаж, ажил хийгээд ядарч ирэхэд эхнэр уруу татаж архи уулаа гэж уурласан нь үнэн. Харин гарахдаа гэрийн баруун талын хатавчинд байсан хогийн хувинг авч шидчихээд гарсан. Миний шидсэн хувин Х.Одгэрэлийг онож гэмтэл учруулна гэж бодоогүй юм. Би хувинг барьж байгаад санаатайгаар гэмтэл учруулах гэж хохирогчийг зодож цохисон зүйл байхгүй. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт " ... намайг архи уусан согтуу байсан, хохирогч Х.Одгэрэлийг эхнэртэйгээ хардаж, маргалдан толгойн тус газар төмөр хувингаар цохисон, ... урагш, арагш харсан аль нь ч бай юм авч шидэж байгаа үйлдэл нь шууд санаатай үйлдэл байна гэж үзлээ" гэснийг зөвшөөрөхгүй байна. Би хувинг авч шидэхдээ Х.Одгэрэлийг онох байх, түүний улмаас гэмтэл учрах байх гэдгийг тухайн үед бодоогүй, зүгээр авч шидчихээд гараад явсан юм. Энэ талаар надтай хамт явсан гэрч Ц.Батболд бид хоёрыг зодолдож маргалдаагүй, намайг архи уугаагүй байсан болохыг гэрчилсэн байгаа. Миний хувьд эхнэртэйгээ хохирогчийг хардсан зүйл байхгүй. Намайг ажил хийгээд ирэхэд эхнэр маань янз бүрийн хүнтэй архи уусан байдаг. 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Х.Одгэрэл байж таарсан. … Хохирогчийг шүүх хуралд оролцуулж, болсон үйл явдлын талаар тодруулахаар хүсэлт гаргахад шүүх хүлээн аваагүй. Мөн улсын яллагч хохирогчийг шүүх хуралд оролцуулах саналтай байгаагаа хэлсэн. Шүүх хэргийн үнэн мөнийг олох талаар санаа тавиагүй гэж би үзэж байна. … Хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулах хуулийн заалтыг хэрэглэх боломж байсаар байтал хэрэглээгүйд гомдолтой байна. Иймд миний гэм буруугийн үйлдэлд тохирох /болгоомжгүйгээр үйлдсэн/ зүйлээр ял шийтгэл оногдуулах, хэрэв давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзвэл хуульд заасан хорих ялаас доогуур ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсч байна” гэжээ.

 

Ялтан О.Бат-Очирын өмгөөлөгч Ш.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрч Г.Оюунчимэг “хоорондоо муудалцаад цагдаа дуудна гээд хөл нүцгэн гараад гүйсэн. Ороод ирэхэд О.Бат-Очир хувингаар цохисон байсан” гэсэн мэдүүлэг өгсөн. Гэрчийн уг мэдүүлгийг нотлох баримт гэж үзсэн байна. Гэрч Ц.Батболд “би бие засчихаад ороод ирэхэд О.Бат-Очир хохирогчийн толгой руу хувингаар цохисон байсан. Үйл явдал болж байх үед Ц.Батболд, Г.Оюунчимэг нар байгаагүй гэдгийг тэдний мэдүүлгээс харж болно. Г.Оюунчмэг, О.Бат-Очир нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд 4-7 насны 2 хүүхэдтэй. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дахь хэсэгт заасан гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг танилцуулалгүй байцаасан. Иймд уг мэдүүлэг нотлох баримт болж чадахгүй. О.Бат-Очир “баруун талын хатавчинд байсан хувинг авч шидчихээд гараад явсан” гэж анхнаасаа мэдүүлдэг. “Урагш, арагш харсан аль нь ч бай хувин авч шидсэн үйлдэл нь шууд санаатай үйлдэл” гэж шүүх дүгнэсэн. Гэтэл О.Бат-Очирын уг үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27 дугаар зүйлд зааснаар болгоомжгүй үйлдэл байх боломжтой. Хохирогч Х.Одгэрэл “би тэдний хэрүүлийг сонсож байсан. Г.Оюунчимэг зугтаагаад гараад явсан. Удаагүй байтал духны хэсэгт нэг зүйл цохих шиг болсон” гэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулъя гэдэг хүсэлтийг улсын яллагч хүртэл тавьж байсан. Шүүх хэргийн байдалд бодит дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн. О.Бат-Очирын үйлдэл санаатай юу, болгоомжгүй юу гэдгийг шалгах хэрэгтэй. О.Бат-Очирын үйлдлийг Эрүүгийн хуулийн тугсай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт болгон өөрчилж өгнө үү. О.Бат-Очирын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна” гэв.

 

Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ялтны гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгчийн гаргасан тайлбарт дараах тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүх О.Бат-Очир уг хэргийг санаатай үйлдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэсэн. Ялтны гаргасан давж заалдах гомдолтой танилцахад ялтан О.Бат-Очир өөрийн шууд санаатай үйлдсэн гэмт үйлдлээ болгоомжгүй үйлдэл байсан гэж тайлбарлаж байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар түүний үйлдэл нотлогдон тогтоогдсон байна. О.Бат-Очир тухайн өдөр гэртээ орж ирээд эхнэрийгээ архи уулаа гэдэг байдлаар маргалдсан. Г.Оюунчимэгийг гэрээс гарахад О.Бат-Очир хохирогчтой маргалдсан байдалтай үлдсэн гэдэг. О.Бат-Очирын хамт гэрт нь очсон Ц.Батболд “О.Бат-Очирын гэр бүлийн байдлыг хоорондоо таарамжгүй харьцаатай, хүчирхийлэлтэй байдаг” гэж хэлсэн байдаг. Ц.Батболд О.Бат-Очирт хандаж “Эхнэр лүүгээ дайрахгүй шүү, хэрүүл маргаан хийхгүй шүү” гэж хэлээд гэрт нь хамт орсон байдаг. О.Бат-Очир “Амьдрах гэж ядаж байхад эхнэрт архи өглөө” гэж хохирогчтой маргалдсан байдаг. Ц.Батболд бие засах гээд гарсан хойно гэрт чимээ гарсан гэдгийг тодорхой хэлж мэдүүлсэн байдаг. Ялтан О.Бат-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тэрээр хохирогчийг хувингаар цохисон байдаг. О.Бат-Очир согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчид хүнд гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар О.Бат-Очирт холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            О.Бат-Очир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 12-176 тоотод иргэн Х.Одгэрэлийг өөрийн эхнэр Г.Оюунчимэгтэй хардаж, улмаар толгойн тус газарт төмөр хувингаар цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

            Хохирогч Х.Одгэрэлийн “...Тэгснээ эхнэр Г.Оюунчимэг рүүгээ “чи муу архи уучихсан байна” гээд хэрэлдсэн. Би тэдний хэрүүлийг сонсож байсан. Г.Оюунчимэг зугтаад гараад явсан, тэгээд удаагүй байж байтал миний духны хэсэгт нэгэн зүйл цохих шиг болоод тас хийгээд явчихсан. Тэгснээ цус асгараад тогтохгүй байсан. О.Бат-Очир гараад явсан, гаднаас Г.Оюунчимэг орж ирээд 00-ын цаасаар арчаад цус арилахгүй байсан. Би гараад дэлгүүр лүү орж толинд харахад миний дух хэсэгт аймаар том ангайгаад хагарчихсан байсан. Тэгтэл Г.Оюунчимэг хойноос гарч ирээд “түргэн тусламж дуудъя, наадах чинь аймаар болчихсон байна” гэхэд “үгүй би харилаа, түргэн тусламж дуудвал цагдаа сэргийлэх болно, дэмий” гэж хэлээд дэлгүүрээс гарсан чинь тэр хавийн залуус тааралдсан. Тэгэхээр нь дотор засаж шараа тайлчихаад би харимаар байна гэтэл Г.Оюунчимэг нэг шил архи авчирсан, түүнийг дэлгүүрийн гадна байсан залуучуудтай уугаад сууж байтал түргэн тусламж хүрч ирээд гэмтлийн эмнэлэг аваад явсан юм. … Би гэмтлийн эмнэлгийн гавал тархины тасагт 8 хоног хэвтэж эмчилгээ хийлгээд гарсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /хх-ийн 15-16/,

гэрч Г.Оюунчимэгийн “...Би О.Бат-Очиртой хамтран амьдраад 10 гаруй жил болсон. ...2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр би гэртээ бага охины хамт унтаж байсан. Х.Одгэрэл манай гэрт түшлэгтэй сандал дээр согтуу суугаа байдалтай унтаж байсан. Гэтэл гаднаас О.Бат-Очир орж ирээд над руу “архи уучихсан юм уу, юу хийгээд унтаад байгаа юм бэ” гээд намайг нэг удаа алгадсан. Тэгэхээр нь “би цагдаа дуудна” гээд хөл нүцгэн гараад гүйсэн. Ард Х.Одгэрэлтэй маргалдаад үлдсэн, би хашааны үүдэнд хэсэг сууж байгаад буцаж ороод ирэхэд Х.Одгэрэлийн духны хэсэгт цус болчихсон сууж байсан. … Гэтэл Х.Одгэрэл цус тогтохгүй байна гээд орилоод байхаар нь өөрийнхөө гар утсыг 5000 төгрөгөөр зарж, архи авч өгөөд орилох дууг нь гайгүй болгочихоод гарч яваад дэлгүүрийн худалдагчийн утсаар түргэн тусламж дуудахад удахгүй ирсэн. ... О.Бат-Очир Х.Одгэрэлийг хувингаар цохисон байсан. О.Бат-Очир Х.Одгэрэлийг надтай хардаад цохисон байх гэж бодож байна. ...” /хх-ийн 18/,

гэрч Ц.Батболдын “...2016 оны 3 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед О.Бат-Очир надтай тааралдаад “манайх руу оръё” гэхээр нь “үгүй, чи авгайтайгаа хэрүүл хийх гэж байна уу” гэхэд О.Бат-Очир “үгүй тийм юм байхгүй, зүгээр оръё” гэсэн. Тэгээд бид 2 яваад ороход Х.Одгэрэл О.Бат-Очирын эхнэр Г.Оюунчимэг нар согтуу байсан. Тэгээд О.Бат-Очир Х.Одгэрэл рүү уурлаад “чи чинь хүн амьдрах гэж ядаж байхад эхнэр уруу татаж архи уугаад байхдаа яадаг юм” гэж хэлсэн. Тэгэхээр би О.Бат-Очирт хандаж “чи чинь хэрүүл хийхгүй гэсэн биз дээ” гээд гараад явсан. Гэтэл ард түс хийх чимээ гарсан. Би бие засчихаад ороод иртэл О.Бат-Очир Х.Одгэрэлийн толгой руу хувингаар цохьчихсон байсан. ...” /хх-ийн 20/,

О.Бат-Очирын яллагдагчаар өгсөн “...2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ирэхэд Х.Одгэрэл манай эхнэр Г.Оюунчимэгтэй архи уугаад сууж байхаар нь уурлаад маргалдсан. Тэгээд над руу дайрахаар нь би гарахдаа хог хийдэг төмөр хувин гэрийн баруун талын хатавчинд байсныг шидчихээд гараад явчихсан. Тэгээд би тэр даруйдаа хөдөө яваад 3 хоногийн дараа ирэхэд эхнэр Г.Оюунчимэг хоол цай хийгээд Х.Одгэрэлийг эргэчихээд ирлээ гэж хэлсэн. Би Х.Одгэрэлийн хэвтэж байгаа палатыг асуугаад хоол унд, тамхи аваачиж өгөөд уучлалт гуйсан. Мөн ор хоног, эмчилгээний мөнгө хэрэгтэй гэхээр нь 60.000 төгрөг өгсөн. Дахиад толгойны компьютер томографид харуулсан төлбөр нэхэгдээд байна гэхээр нь 100.000 төгрөг өгсөн. ... Ядарсан амьтан гэж бодоод гэртээ байлгасан чинь сүүлд нь бүр давраад эхнэртэй архи уугаад янз бүр болоод байхаар нь хувин шидчихсэн. ...” /хх-ийн 58-59/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Х.Одгэрэлийн биед дух ясны олон хэлтэрхийт хугарал, баруун зүүн ухархайн дотор хананы хугарал, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ...” гэх 4089 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

О.Бат-Очир нь сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө өөрийн үйлдсэн гэмт хэргийн сэдэлтийг өөр өөр авч үзэхээр мэдүүлэг өгсөн байх боловч гэрч Г.Оюунчимэгийн “... Х.Одгэрэл манай гэрт түшлэгтэй сандал дээр согтуу суугаа байдалтай унтаж байсан. Гэтэл гаднаас О.Бат-Очир орж ирээд над руу “архи уучихсан юм уу, юу хийгээд унтаад байгаа юм бэ” гээд намайг нэг удаа алгадсан. … О.Бат-Очир Х.Одгэрэлийг надтай хардаад цохисон байх гэж бодож байна. ...” /хх-ийн 18/,

гэрч Ц.Батболдын “... Тэгээд бид 2 яваад ороход Х.Одгэрэл О.Бат-Очирын эхнэр Г.Оюунчимэг нар согтуу байсан. Тэгээд О.Бат-Очир Х.Одгэрэл рүү уурлаад “чи чинь хүн амьдрах гэж ядаж байхад эхнэр уруу татаж архи уугаад байхдаа яадаг юм” гэж хэлсэн. ...” /хх-ийн 20/,

О.Бат-Очирын яллагдагчаар өгсөн “... Ядарсан амьтан гэж бодоод гэртээ байлгасан чинь сүүлд нь бүр давраад эхнэртэй архи уугаад янз бүр болоод байхаар нь хувин шидчихсэн. ...” /хх-ийн 58-59/ гэх мэдүүлгүүдэд үндэслэн түүнийг хувийн сэдэлтээр буюу Х.Одгэрэлийг өөрийн эхнэр Г.Оюунчимэгтэй хардаж, улмаар толгойн тус газарт төмөр хувингаар цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

О.Бат-Очир нь дээрх сэдэлтээр хүч хэрэглэн өөрийн эхнэр Г.Оюунчимэгийг зодож, улмаар гэрт нь байсан Х.Одгэрэлийг хувингаар цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан үйлдлийг болгоомжгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг шалгасан, уг шалгалтаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

           

            О.Бат-Очир нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогч цаашид гомдолгүй гэсэн байх тул ялтны гаргасан давж заалдах гомдлоос “хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн хэсгийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд зааснаар мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

  •             ялтан О.Бат-Очирын давж заалдах гомдлын “… болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийг зүйлчлэх …” гэснийг хэрэгсэхгүй болгов.

 

Мөн О.Бат-Очирын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт зааснаар хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бат-Очирыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар О.Бат-Очирыг 3 /гурав/ жил 5 /таван/ сар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

 

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бат-Очирт оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар О.Бат-Очирт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан О.Бат-Очирын давж заалдах гомдлын “… болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийг зүйлчлэх …” гэснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                

                   ШҮҮГЧИД                                                           Ц.ОЧ

                                                                                                                                                                                                          

                                                                                  Т.ӨСӨХБАЯР