Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2

 

Г.Г-д холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч К.Жархынбек, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 538 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 916 дугаар магадлалтай, Г.Г-д холбогдох 1809019380653 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 13-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын эдийн засагч мэргэжилтэй, С овогт Г-н Г.

Г.Г- нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Зам тээврийн хөгжлийн яамны 402 тоот өрөөнд хохирогч Ж.Н-тай маргалдан түүний эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Г-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Г.Г-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1.2-т тус тус зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Г.Г-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ас 2,346,863 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Н-т олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Г- гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.  

Яллагдагчийн хувьд би дахин шинжээч томилуулах хүсэлтийг 2 удаа /2018.07.05, 2018.07.10/ мөрдөгчийн давтан шинжээч томилуулах саналыг тус тус гаргасан боловч тодорхой үндэслэлгүйгээр эсхүл шинжээчийн дүгнэлтийг улсын яллагчийн хувьд ямар нэгэн эргэлзээгүй гэж үзэж, хүсэлтийг хангахаас үндэслэлгүйгээр татгалзсан байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасныг хяналтын прокурор ноцтойгоор зөрчсөн, 4972 тоот шинжээчийн дүгнэлтэд гэмтэл хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй гэж заасан ба Ж.Н-ийг зодож, цохисон үйлдэл огт гаргаагүй байхад миний үйлдлээс болсон гэж үзэх үндэслэл байхгүй гэх зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхэд дахин шинжээч томилуулах, нотлох баримт цуглуулах хүсэлтийг шүүх хуралдаанаас өмнө гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх давж заалдах болон хяналтын шатны шүүхээс "шүүх хэргийг прокурорт буцаахгүйгээр шинжээч томилох эрхтэй” гэх агуулгаар шийдвэрлэсэн байхад шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгчийн “дахин шинжээч томилуулах, гэмтэл хэзээ үүссэнийг тогтооход ач холбогдолтой нотлох баримт цуцлуулах тухай" хүсэлтийг огт шийдвэрлэхгүй орхигдуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг буюу шүүгдэгч миний эрхийг ноцтойгоор мөрдөн шалгах болон шүүхийн шатанд зөрчсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх үүнийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон дүгнэлт хийж, нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлсэн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь илтэд хууль бус буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тус шүүх ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасан бөгөөд 4972 тоот шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй болох нь ...нуруундаа гэмтэл авснаа зөвхөн Ж.Н- өөрөө гэрчилсэн, Ж.Н- урьд нь удаа дараа өвчний улмаас ажлаас чөлөөлөгдөж байсан нь хэрэгт авагдсан эмнэлгийн магадлагаагаар тогтоогдсон, шинжээч мэдүүлэгтээ “шинэ үүссэн гэмтэл мөн гэсэн боловч дүгнэлтдээ хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй” гэж заасан байдаг.

Тодруулбал, Ж.Н- нь миний мөрнөөс нь түлхэж гаргаснаас ямар нэгэн гэмтэл аваагүй ба үүссэн гэх гэмтэл нь хуучин гэмтэл мөн эсэхийг тогтоох ажиллаааг шүүх огт хийгээгүйд гомдолтой байна. Нэгэнт Ж.Н-ийн биед учирсан гэх гэмтэл нь миний үйлдлээс болоогүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй бөгөөд зөвхөн гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэж, намайг гэм буруутайд тооцсон тул шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдпыг эргэлзээгүй тогтооно” гэж заасныг мөрдөгч, прокурор зөрчиж, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн ба намайг гэм буруутай гэж яллаж байгаа бол шинжээчийн дүгнэлт эргэлзээгүйгээр гарсан, хохирогчийн эрүүл мэндийн байдлын талаарх нотлох баримт буюу өвчний түүх хэрэгт авагдсан байх ёстой. Гэтэл энэ талаар нотлох баримт цуглуулах хүсэлтийг огт шийдвэрлэхгүй, хуулиар олгогдсон эрхийг минь ноцтойгоор зөрчсөн ба үүнийг анхан болон давж заалдах шатын шүүх зөвтгөж, миний эрхийг зөрчиж, намайг гэм буруутай гэж үзсэнд гомдолтой байна.

Миний бие олон удаа хүсэлт гаргахад эргэлзээгүйгээр тогтоох үүргээ мөрдөгч, прокурор, шүүх биелүүлээгүй ба зөвхөн намайг яллах баримтыг үндэслэж, гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй байсан гэж үзэж байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч К.Жархынбек хэлсэн саналдаа “Шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна гэдэг хүсэлтийг гаргаж байсан бөгөөд энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Мөн хяналтын шатны шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нэгдсэн хуралдаанаар энэ асуудлын талаар хэлэлцэгдсэн байдаг.

Анхан шатны шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудал, хохирогчийн өвчний түүхтэй холбоотой нотлох баримтуудыг цуглуулах талаар хүсэлт гаргасан. Гэтэл хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Шинжээч гэмтэл хэзээ үүссэн гэдгийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Харин дараа нь шинээр үүссэн гэмтэл гэдэг эргэлзээтэй мэдүүлэг өгсөн буюу зөрүүтэй зүйл гарсан. Хохирогч өмнө нь удаа дараа өвдөж байсан. Хохирогчийн өвчний түүхтэй холбоотой асуудлыг тогтоолгох тухай хүсэлтийг удаа дараа гаргаж байхад хүлээж аваагүй бөгөөд шүүгдэгч үүнд гомдолтой байдаг.

Хэргийн бодит нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоосон тохиолдолд гэм буруутайд тооцох ёстой. Прокурор, мөрдөгч яллах, цагаатгах нотлох баримтуудыг цуглуулах үүргээ биелүүлэхгүйгээр зөвхөн яллах талыг баримталж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Г-д холбогдох хэргийг хяналтын журмаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Гэмтэл хэзээ үүссэн гэдгийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан атлаа шинжээчийг асуусан байцаалтад шинээр үүссэн гэмтэл гэсэн эргэлзээтэй мэдүүлэг өгсөн байна. Хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй үндэслэлээр хүсэлт, гомдлыг гаргасан боловч хүлээж авалгүйгээр хэргийг шийдвэрлэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь буруу. Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж, гэм буруутай эсэхийг нь тогтоох нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн Г.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Г.Г- нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Зам тээврийн хөгжлийн яамны 402 тоот өрөөнд хохирогч Ж.Н-тай маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна.

Тодруулбал, гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс үнэлж тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд дахин шинжээч томилуулах, гэмтэл хэзээ үүссэнийг тогтооход ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах ажиллагааг хийгээгүй, оролцогчийн гомдол хүсэлтийг шалгаж шийдвэрлээгүй зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзнэ.

Хавтаст хэргийн материалыг хянаж үзэхэд шүүгдэгч Г.Г-н үйлдлийн улмаас хохирогч Ж.Н-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан эсэхийг мөрдөн байцаалтын шатанд тогтоож чадаагүй, шинжээч эмч “гэмтэл хэзээ үүссэн гэдгийг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт гаргасан атлаа “шинээр үүссэн гэмтэл” гэсэн түүний эргэлзээтэй мэдүүлгийн үнэн зөвийг тодруулах, мөн хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч дахин томилуулж дүгнэлт гаргуулах талаар хэргийн оролцогч нарын гомдол, хүсэлт болон дээд шатны шүүхийн шийдвэрийн заалтыг биелүүлээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт заасан шаардлагын дагуу явагдсан эсэх зэргийг шалгаж тогтоох шаардлагатай байна.     

Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.

Түүнчлэн мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүй байх тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэргийн нотолбол зохих байдлуудыг тогтоогоогүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байгаа тул шүүгдэгчийн гэм буруу болон түүнтэй холбогдуулж шүүгдэгч Г.Г-н гаргасан “...гэм буруугийн талаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү” гэсэн агуулгатай хяналтын гомдлын талаар энэ удаа эцэслэн дүгнэлт хийгээгүй болохыг үүгээр тэмдэглэж байна. 

 Иймд хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн прокурорын хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 538 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 916 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Г.Г-д холбогдох хэргийг прокурорт буцаасугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН