Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 538

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Хохирогч Ж.Нарантунгалаг, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан, С.Энх-Эрдэнэ,

Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч К.Жархынбек нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гд холбогдох эрүүгийн 1809019380653 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын эдийн засагч мэргэжилтэй, Зам Тээврийн Хөгжлийн Яамны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянгол дүүрэг 6 дугаар хороо, 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 47/1 байр 17 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Саншайн виллаж” С блок 15-03 тоотод оршин суух,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Зам тээврийн хөгжлийн яамны 402 тоот өрөөнд хохирогч Ж.Нарантунгалагтай маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

           Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн өдөр хохирогчийн хэлсэн шиг зүйл болоогүй. Манай өрөөнд миний 7 настай хүү сууж байсан. 1 метрийн зайтай эсрэг талын өрөөний хаалга онгорхой, тэр өрөөнд 2 хүн сууж байсан. Бүх зүйлийг харах сонсох боломжтой. Мөн камерын бичлэг байсан. Хэрвээ унагааж зодсон бол хэн нэгэн сонсоно, харна. Камерын бичлэгт хяналт тавьдаг ажилтнаас мэдүүлэг авсан. Хохирогч намайг гүтгэж байна. Өмнө нь өвдөж акт авч байсан баримтуудыг хэрэгт хавсаргасан. Энэ бүхнийг анхаарч үзэхийг хүсч байна. Би энэ гэмт хэргийг үйлдээгүй...” гэв.

          Хохирогч Ж.Нарантунгалаг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 4 дүгээр сарын 16-ны 09:00 цагт намайг “тайлан нэгтгэ” гэсэн. Өмнө нь би удирдлага гэдэг үүднээс нь хүндлээд хийдэг байсан. Тухайн өглөө завгүй ажил ихтэй байсан учир хийх боломжгүй гэдгээ хэлсэн. Гэтэл өөдөөс “чи хэн юм” гэсэн байдлаар хандсан. Ийм байдлаар хандахад нь миний дургүй хүрсэн. “Юу гэж хуцаад байгаа юм бэ? Нараа эгчээ” гээд өрөөнд орж ирсэн. Хамт байсан Наранцэцэг “хэнийг хэлээд байгаа юм бэ” гэхээр нь би санаа зовоод өрөөнд нь ороод хаалгыг нь хаахад үгийн солиогүй өөдөөс чичрээд “гар, зайл, миний өрөө гэж 2-3 удаа” хэлсэн. Машин шиг босож ирээд түрээд нэг мэдэхэд хаалганы гадна гарчихсан байсан. Би цочролд орсон. Бат-Эрдэнэ дарга дээр очоод болсон явдлыг хэлээд улайсан хэсгээ үзүүлэхэд “эмэгтэй хүнийг яагаад ингэж байгаа юм бэ” гэсэн. Би яах учраа мэдэхгүй байсан. Манай нөхөр тэр үед над руу залгахад би болсон асуудлын талаар хэлэхэд “юу гэсэн үг вэ утсаа тэр хүндээ өг” гэж хэлсэн. Би “яах юм бэ” гэхэд “цагдаад мэдэгд” гэж хэлсэн. Эмчилгээний зардалд нийт 4.832.699  төгрөг нэхэмжилж байна. 2018 оны 4 дүгээр сарын 26-наас 6 дугаар сарын 18-ны хооронд акт авсан. Энэ хугацаанд цалингаа гүйцэд авч чадаагүй. Ажилгүй байсан хугацааны 1.458.000 төгрөг, эмчилгээний зардалд 2.374.000 төгрөг, өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг болсон. Би тухайн хэрэг болсны дараа өвдөлтөөсөө болоод сууж чадахгүй байсан. Эмнэлэгт хэвтэж байхад намайг утсаар дарамталж байсан. Энэ хугацаанд надаас ганц ч удаа уучлалт гуйгаагүй. Маш их гомдолтой байна...” гэв.

Эрүүгийн 1809019380653 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Г.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр нуруунд нь гэмтэл учруулахаар цохиж зодсон зүйл байхгүй. Би өрөөнөөс гарахыг удаа дараа шаардсан. Миний шаардлагыг огт хүлээж авахгүй өөдөөс хэрэлдээд байхаар нь би мөрөнд нь хүрч түлхэж гаргасан. Нуруунд нь хүрч хүнд гэмтээхээр үйлдэл хийгээгүй. Нарантунгалаг өөрөө байнга өвдөж чөлөө авдаг..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-51 дүгээр хуудас/,

 

Хохирогч Ж.Нарантунгалаг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хэлтсийн дарга Гантулга нь коридорт таараад надтай юм дуугаралгүй дээшээ гарсан. Өрөөндөө ороод байж байтал дотоод сүлжээгээр миний ажил үүргийн хуваарьт байхгүй зүйл хий гэхээр нь би “завгүй байна” гэсэн. Манай дарга “юу ч хийхгүй байж олон юм хуцаад байгаарай” гэсэн. Би “шударга, хүнлэг хүмүүжилтэй байгаарай ээж чинь заагаагүй юм уу” гэхэд дарга “юу хуцаад байгаа юм бэ” гээд өрөөгөөр дүүрэн орилсон. Тэгэхээр нь өрөөнд ороод хаалгыг нь хаагаад “чи юу гээд байгаа юм бэ” гэсэн чинь “чи хэн бэ” гэтэл босож ирээд намайг багалзуурдаж аваад түрж хойш нь түлхээд хананд шахсан бөгөөд машин мөргөж байгаа юм шиг түлхэлт болсон. Миний хоолойг боогоод миний өрөөнөөс зайл гээд өрөөнөөсөө чирээд гаргасан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6, 13-16 дугаар хуудас/,

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 78-81 дүгээр хуудас/,

 

Гэрч Т.Мягмарсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 09 цагийн үед өрөөндөө байсан чинь манай дарга Нарантунгалаг эгч 2 дотоод сүлжээгээр хоорондоо юм ярьсан бололтой даргын өрөөнд ороод хаалгаа хаасан. Дотор юу ярьсаныг мэдэхгүй. 2-3 минут болоод даргын өрөөнөөс гарч ирсэн. Даргын өрөөнөөс гарч ирэхдээ зодуулсан шинж байгаагүй. Хэрэв тийм байсан бол Нарантунгалаг эгч зүгээр байх хүн биш...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

 

Гэрч П.Наранцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 09 цагийн үед өрөөндөө байсан чинь манай дарга “Нараа гуай та юу яриад байгаа юм бэ” гэхээр нь намайг хэлсэн юм болов уу гээд гайхаад харсан чинь Нарантунгалаг даргын өрөө рүү ороод хаалгыг нь хаасан. Дотор юу ярьсаныг мэдэхгүй. Удалгүй өрөөнөөс дуу гараад “өрөөнөөс гар та” гэж байсан. Тэгээд өрөөндөө орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Шаарийбуу мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр манай байгууллагын автотээврийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Гантулга над руу яриад байгууллагын 4 давхарын камерыг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өглөөний 09:00-10:00 цагийн хооронд бичлэгийг шүүгээд хадгал гэж хэлсэн. Нарантунгалаг Гантулга даргын өрөөнд орж байгаа үгүй нь хяналтын камерийн үзэгдэх орчинг өрөөнүүдийн хаалга тагласнаас болоод харагдахгүй байсан. Нарантунгалаг эгч коридороор явахдаа их яарсан, сандарсан байдалтай 2-3 удаа явсан бичлэг байсан. Өөр юм ажиглагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ажлаа хийж байтал Нарантунгалаг өрөөнд орж ирээд “Гантулга дарга намайг заамдаж авсан. Би гомдолтой байна” гэж хэлсэн. “Ямар асуудал болсон юм бэ” гэхэд бид хоёрын дунд ажлын асуудлаас болж маргаан үүссэн гэж хэлсэн. Би Нарантунгалагт “хэрэв Гантулга ёс зүйн алдаа гаргасан гэж үзэж байгаа бол журмын дагуу өргөдөл гаргаж өгнө биз” гэж хэлтэл Нарантунгалаг өрөөнөөс гараад явсан. Хэсэг хугацааны дараа хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан гэж хэлсэн. Маргааш нь билүү нөгөөдөр нь Гантулга даргаас Нарантунгалаг ажлаа зохих ёсоор нь хийхгүй байна. Зан харилцааны хувьд ёс зүй зөрчиж байгаа тухай өргөдөл ирсэн. Надад үүнээс өөр мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

Гэрч Ш.Наранцэнд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр Жамъянгаравын Нарантунгалаг гэх эмэгтэй ирж үзүүлсэн. Ирж үзүүлэхдээ хамт ажилладаг хүн хаалгаар гаргаад хана руу шидсэн гэж хэлсэн. Би “нурууны зураг авахуул” гэж хэлээд явуулсан. 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр рентген зургаа авахуулаад ирсэн ба онош нь ахар сүүлний хугарал гэсэн учраас 14 хоногийн хэвтрийн дэглэм барих эмчилгээ бичиж өгөөд 14 хоногийн акт олгосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Чулуунбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Ж.Нарантунгалагаас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Зам тээврийн яаманд намайг заамдаад өрөөнөөсөө хөөж гаргалаа гэх өргөдөл ирсэн. Өргөдлийн дагуу үйл явдлыг тодруулж асуухад 2 хоногийн өмнө манай байгууллагын тэмцээн болсон. Тэмцээнд оролцох хүмүүст “ус ундаа авч өгөх 8000 төгрөг хураалгаарай” гэсэн. Би тухайн мөнгийг өгөөгүй. Тэгтэл 2 хоногийн дараа Гантулга дарга ажил үүргийн хуваарьт заагдаагүй ажил даалгасан. Тэгэхээр нь би уурлаж өрөөнд нь ороод “та над шиг ээжгүй юм уу” гэж хэлтэл “өрөөнөөс гар” гээд түлхсэн гэж ярьсан. Нарантунгалаг нь миний хүзүү улайчихсан, шүүх эмнэлэгт үзүүлмээр байна гээд байсан. Нарантунгалагын биед өөр ил харагдах шарх, сорви гэмтэл ажиглагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4972 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Ж.Нарантунгалагын биед ахар сүүлний 3-р нугалам их бие хэсгээрээ зөрүүтэй хөндлөн хугарал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй..." гэжээ /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

Шинжээч Б.Даваасүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Ахар сүүлний гэмтлийг хэзээ хугарсан талаар тогтоох боломжгүй. Тухайн гэмтэл нь намайг үзэх үед шинэ гэмтэл байсан. Үзүүлэгчийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр авахуулсан аарцаг, түнхэний үеийн шинжилгээг үндэслэн шинэ гэмтэл болохыг болохыг тогтоосон. Мохоо зүйлийн үйлчлэлээр буюу унах, өшиглөх үед үүсэх боломжтой. Ахар сүүлний хугарал нь үүсэх үедээ болон үүссэний дараа өвдөлт өгнө. Алхаж гишгэх хөдөлгөөнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Зөвхөн өвдөлт өгөх зовиур шинж тэмдэг өөрт нь илэрнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

 

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв болон Гэмтэл Согог судлалын Үндэсний төвд хохирогч үйлчлүүлсэн тухай баримт, онош /хх-ийн 54-67 дугаар хуудас/,

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 78-81 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Г.Гантулгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 70-76 дугаар хуудас/, Зам тээврийн хөгжлийн яамнаас Г.Г, Ж.Нарантунгалаг нарын талаар гаргасан товч тодорхойлолт /хх-ийн 86-87 дугаар хуудас/, албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 88-96 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн 29 хуудас гэм хорын хохиролтой холбоотой баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

   Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 9-10 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Зам тээврийн хөгжлийн яамны 402 тоот өрөөнд хохирогч Ж.Нарантунгалагт ажлын шаардлага тавьж маргалдан  зүй зохисгүй үг, үйлдлээр илэрхийлж улмаар түүнийг өрөөнөөс хүчээр гаргах зорилгоор хүзүү, цээж хэсэгт нь хүч хэрэглэн хүрч, түлхсэний улмаас эрүүл мэндэд нь “ахар сүүлний 3-р нугалам их бие хэсгээрээ зөрүүтэй хөндлөн хугарал, хүзүүнд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч Ж.Нарантунгалагийн “...намайг багалзуурдаж аваад түрж хойш нь түлхээд хананд шахсан бөгөөд машин мөргөж байгаа юм шиг түлхэлт болсон. Миний хоолойг боогоод “миний өрөөнөөс зайл” гээд өрөөнөөсөө чирээд гаргасан. Би цочролд орсон...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч П.Наранцэцэгийн “...2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дарга “Нараа гуай та юу яриад байгаа юм бэ” гэхээр нь намайг хэлсэн юм болов уу гээд гайхаад харсан чинь Нарантунгалаг даргын өрөө рүү ороод хаалгыг нь хаасан. Дотор юу ярьсаныг мэдэхгүй. Удалгүй өрөөнөөс дуу гараад “өрөөнөөс гар та” гэж байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Н.Бат-Эрдэнийн “...2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ажлаа хийж байсан чинь Нарантунгалаг өрөөнд орж ирээд “Гантулга дарга намайг заамдаж авсан. Би гомдолтой байна” гэж хэлсэн. “Ямар асуудал болсон юм бэ” гэхэд бид хоёрын дунд ажлын асуудлаас болж маргаан үүссэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ш.Наранцэндийн “...2018 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр Жамъянгаравын Нарантунгалаг гэх эмэгтэй ирж үзүүлсэн. Ирж үзүүлэхдээ хамт ажилладаг хүн хаалгаар гаргаад хана руу шидсэн гэж хэлсэн. Би “нурууны зураг авахуул” гэж хэлээд явуулсан. 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр рентген зургаа авахуулаад ирсэн ба онош нь ахар сүүлний хугарал гэсэн учраас 14 хоногийн хэвтрийн дэглэм барих эмчилгээ бичиж өгөөд 14 хоногийн акт олгосон...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Чулуунбаатарын “...2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Ж.Нарантунгалагаас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Зам тээврийн яаманд намайг заамдаад өрөөнөөсөө хөөж гаргалаа гэх өргөдөл ирсэн. Гантулга өрөөнөөс гар” гээд түлхсэн гэж ярьсан. Нарантунгалаг нь миний хүзүү улайчихсан, шүүх эмнэлэгт үзүүлмээр байна гэсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Г.Гантулгын “...Би өрөөнөөс гарахыг удаа дараа шаардсан. Миний шаардлагыг огт хүлээж авахгүй өөдөөс хэрэлдээд байхаар нь би мөрөнд нь хүрч түлхэж гаргасан...” гэсэн мэдүүлэг,

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4972 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1.            Ж.Нарантунгалагын биед ахар сүүлний 3-р нугалам их бие хэсгээрээ зөрүүтэй хөндлөн хугарал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

 

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв болон Гэмтэл Согог судлалын Үндэсний төвд хохирогч үйлчлүүлсэн тухай баримт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл тогтоогджээ.

 

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Зам тээврийн хөгжлийн яамны 402 тоот өрөөнд тус яамны хэлтсийн дарга ажилтай шүүгдэгч Г.Г нь мэргэжилтэн ажилтай хохирогч Ж.Нарантунгалагтай ажлын шаардлагаас болж хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар Г.Г өрөөнөөсөө гаргах зорилгоор Ж.Нарантунгалагийн биед нь хүч хэрэглэн хүзүү, цээж хэсэгт түлхсэн үйлдлийг хохирогчоос гэрч Н.Бат-Эрдэнэ, гэрч Б.Чулуунбаатар нар, цагдаагийн байгууллагад тэр даруй мэдэгдсэн, тэдгээрийн хооронд маргаан гарсан болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нараас тодорхой мэдүүлж, хэрэг болсон нөхцөл байдлыг хэргийн газрын нөхөн үзлэгээр бэхжүүлж, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шинжээч, гэрч нарын мэдүүлэг, холбогдох эмнэлгийн зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Гантулгын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Г.Гас хохирогчийн биед халдаж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгосоор атал түлхэж хүч хэрэглэж буй үйлдлийн үед түүний  эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч биеэр үйлдсэний улмаас Ж.Нарантунгалагийн биед хүндэвтэр гэмтэл учруулан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт, санал гаргасныг хүлээн авч харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирогчид учирсан гэмтэл хуучин гэмтэл байхыг үгүйсгэхгүй, шинжээчийн дүгнэлтэд гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг хэдэн хувиар ямар хугацаагаар алдахыг нарийвчлан заагаагүй зэрэг эргэлзээтэй нөхцөл байдал байх тул шүүгдэгчийг гэм буруу тогтоогдоогүй, цагаатгаж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжыг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан дүгнэж, үнэлэхэд хохирогчоос болсон хэрэг үйл явдлын талаар удаа дараа мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүй ба тэрээр хэрэг болсон газар, цаг хугацаа, маргаан, өөрийг нь зодсон этгээдийг шууд хэлж, хэрхэн зодуулж гэмтсэн талаар тэр даруй цагдаагийн байгууллагад гомдол гаргасан болон бусад байдлуудыг дэлгэрэнгүй тодорхой мэдүүлж, бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон тул түүнийг худал ташаа мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Мөн түүнчлэн хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, уг дүгнэлт, шинжээчийн мэдүүлгээр хохирогчийн биед шинэ гэмтэл учирч, энэ нь түлхсэний улмаас унаснаас үүсэх боломжтой нөхцөл байдал тогтоогдсон байна. 

 

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон дээрх нотлох баримтуудыг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ямар баримтаар үгүйсгэгдэж няцаагдаж байгаа үндэслэл, саналаа зөвхөн таамаг байдлаар илэрхийснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.   

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Г.Гантулгыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд хохирогч Ж.Нарантунгалагаас “...эмчилгээний зардалд 2.374.663 төгрөг, ажилгүй байсан хугацааны 1.458.000 төгрөг, өмгөөллийн хөлс 1.000.000 нийт 4.832.663 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн ба эмчилгээ, үйлчилгээ авсан талаарх 2.346.863 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

 

Харин хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийн талаарх нэхэмжлэлийн бүрдүүлбэр баримтууд шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх болон цаашид гарах эмчилгээний баримтаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу Г.Гас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

 Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж өмгөөлөгчийн хөлсний талаар заажээ.

 

Нөгөөтэйгүүр шүүх хуралдаанд оролцсон прокурор төрийг төлөөлж хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, бусдын зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээг авах үүргээ биелүүлж хохирогчийн эрхийг хамгаалан оролцдог.

 

Иймд шүүх хохирогчийн өмгөөлөгчид төлсөн хөлсийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй гаргуулах зардал биш гэж үзсэн тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон боловч түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хамаарч тухайн гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн байх тул “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Гантулгыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                                                                                  

         ТОГТООХ нь:

 

            1. Г.Гг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Г.Гд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Г.Гантулгыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гас 2.346.863 /хоёр сая гурван зуун дөчин зургаан мянга найм зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Нарантунгалагт олгосугай.

 

            5. Хохирогч Ж.Нарантунгалаг өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.Гас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН