Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/02328

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/02328

 

 

 

 

 

 

С Ш ИББСБ ХХК-ийн

 

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/01998 дугаар шийдвэртэй,

 

 

 

Нэхэмжлэгч С Ш ИББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Лт холбогдох,

 

 

 

Зээлийн гэрээний үүрэгт 2 425 068 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд, хариуцагч Д.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

 

 

Нэхэмжлэгч С Ш ИББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Д.Л нь 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр С Ш ИББСБ ХХК-тай ЗГ1201133082 дугаар цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж 500 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,25 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрөөс 124 917 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрөөс 48 283 төгрөг төлсөн. Байгууллагын зүгээс өр төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх тухай мэдэгдэж, удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж ирсэн. Иймд Д.Лаас үндсэн зээл 375 083 төгрөг, хүү 1 733 290 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 316 695 төгрөг, нийт 2 425 068 нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Лын хариу тайлбарт: 2013 онд С Ш ИББСБ ХХК-аас найз Н.Батцэцэгийн хүсэлтээр 500 000 төгрөгийн зээл авсан бөгөөд тус зээлийг Н.Бтөлөхөөр тохиролцсон. Д.Л миний бие тус зээлийг төлнө. Гэхдээ зээлдүүлэгч 5 жилийн хугацаанд ямар ч холбоо барилгүй гэнэт 2 425 068 төгрөг нэхэмжилж байгаад гомдолтой байна. Д.Л миний бие 4 сарын өмнөөс ажилд орсон тул хүү, алдангийг багасгаж хуваан төлөх талаас нь шийдэж өгнө үү гэжээ.

 

 

 

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Лт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 425 068 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С Ш ИББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 752 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Д.Л нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхээс татгалзаагүй байхад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн тайлбарласан байна. Учир нь Иргэний хуульд хэдий хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн ч үүрэг гүйцэтгэгчид үүрэг гүйцэтгэхээс татгалзахгүй байх тохиолдлыг тусгаж өгсөн. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан л бол үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргах эрхээ алдана гэсэн буруу ойлголтыг үгүйсгэж байна. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч тал уг үүргийг биелүүлэхээс татгалзаж буй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч тал шаардлага гаргах эрхээ алдахаар байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хариуцагч Д.Лаас 2 425 068 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын тайлбар болон маргааны үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

 

 

Нэхэмжлэгч С Ш ИББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 2 425 068 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Л эс зөвшөөрч маргажээ.

 

 

 

Зохигчид 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж, хариуцагч нь 500 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдэн авсан болох нь цалин барьцаалсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. /хх 11-12/

 

 

 

Нэхэмжлэгч С Ш ИББСБ ХХК нь хариуцагч Д.Лаас дээрх гэрээний үүргийг шаардах эрхтэй хэдий ч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 3 жил байна гэж зааснаас үзэхэд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дуусчээ.

 

 

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэл гаргасан байх боловч тухайн үед хөөн хэлэлцэх хугацаа дууссан, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

 

 

Хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар үүрэг гүйцэтгэгч тал гүйцэтгэвэл зохих үүргээс чөлөөлөгдөхгүй, харин үүргийн гүйцэтгэлийг албадлагын журмаар хэрэгжүүлэх боломжгүй болох боловч зээл авсан үйл баримтыг шууд үгүйсгэх нөхцөл болохгүй.

 

 

 

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Л нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй хэдий ч тэрээр анхан болон давж заалдах шатны шүүхэд ...зээлийн гэрээний үүрэгт 500 000 төгрөг төлнө гэж тайлбарласан тул түүний зөвшөөрсөн хэмжээгээр 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх болон иргэний эрх зүйн диспозитив /харилцан зөвшилцлийн/ зарчимтай нийцнэ.

 

 

Иймд шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 925 068 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулав.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/01998 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Лаас 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С Ш ИББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 925 068 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Д.Лаас 15 650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосоугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 752 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

 

 

А.МӨНХЗУЛ