Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2018/01998

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, тоот хаягт  байрлах, /Улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, С ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Д.Л-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,425,068 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Л нь 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр манай байгууллагатай ЗГ1201133082 дугаартай Цалин барьцаалсан Зээлийн гэрээ байгуулж 500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,25 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрөөс 124,917 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрөөс 48,283 төгрөгийг төлж байсан. Байгууллагын зүгээс өр төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх тухай мэдэгдэж, удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж ирсэн. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар Д.Лаас нь үндсэн зээлийн үлдэгдэл 375,083 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 1,733,290 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 316,695 төгрөг нийт 2,425,068 төгрөгийг гаргуулна гэв.

Хариуцагч Д.Л шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 2013 онд Сар шинэ интернэшнл ББСБ-аас найзынхаа хүсэлтээр 500,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Тухайн үед найз бүсгүй Н.Батцэцэгтээ авч өгснөөр найз минь төлөх байсан юм. Тэр үед буюу 2013 онд нэг удаа Сар шинэ интернэшнл ББСБ-аас над руу яриад сарын төлөх хугацаа болсныг хэлж би найздаа дамжуулан хэлснээр одоог хүртэл хугацаанд надтай дахин холбогдоогүй болохоор төлсөн байх гэж бодсоор өдийг хүрсэн. Иймээс Д.Л миний бие нь мэдээж хэрэг авсан юм чинь төлөлгүй яахав, гэвч 5 жилийн хугацаанд ор чимээгүй байж байгаад гэнэт л 2,425,068 төгрөг нэхэмжилж байгаад гомдолтой байна. Д.Л миний бие өнөөдрийн байдлаар амьдралд ах дүүгээ алдаж, ажил төрөл бүтэмжгүй явсаар 4 сарын өмнөөс ажил амьдралд минь сардаа 600,000 төгрөгийн цалинтай ажилд орон амьдарч байгааг минь ойлгож шийдэж өгнө үү. Тиймээс би авсан болохоор төлөх ёстой хэдий ч хүү, алдангийг багасгаж хуваан төлөх талаас нь шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч  С ХХК нь хариуцагч Д.Лт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,425,068 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

 

Хариуцагч Д.Л зээлдүүлэгч 5 жилийн хугацаанд ямар ч холбоо бариагүй гэж маргажээ.

 

Зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч С ХХК нь Д.Лтай 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ЗГ1201133082 тоот цалингийн 500,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан болох нь Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан бөгөөд талуудын хооронд 2013 оны 07 дгаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 12 сарын хугацаатай зээлийн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дуусчээ.

 

Нэхэмжлэгч С ХХК нь хүсэлт гаргаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/01134 дугаар шийдвэрээр Д.Лыг эрэн сурвалжилж хаягийг тогтоосон болох нь  Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 30ж 4/5215 тоот албан бичгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж зохицуулжээ.

 

Зээлдүүлэгч нь хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр, Сонгинохайрхан Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй.

 

Иймд хариуцагч Д.Лт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,425,068 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй

Хариуцагч Д.Лын “Зээлдүүлэгч 5 жилийн хугацаанд ямар ч холбоо бариагүй” гэх тайлбарыг нэхэмжлэгч няцааж чадаагүй, шаардах эрх үүссэн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс хойш  зээлийн гэрээний үүрэг шаардсан талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.Иргэн бүртгүүлсэн газраа байнга оршин суудаггүй бол гол төлөв амьдран суудаг, эсхүл тухайн этгээдийн эд хөрөнгийн дийлэнх хэсэг байгаа газрыг түүний оршин суугаа газар гэж тодорхойлж болно” гэж заасан.

 

Хариуцагч Д.Л дүүрэг, дүгээр хороо, гудамж тоот хаяг бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүрэгт оршин суудаг болох нь Иргэний үнэмлэхийн лавлагаа, Шүүхийн мэдэгдэх хуудас, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх тул дүүрэг, дугаар хороо, тоот хаягыг түүний оршин суугаа газар гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                               

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Лт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,425,068 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,752 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.НАРАНГЭРЭЛ