Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2017/02543

 

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2017/02543

 

Ж.Цолмонгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02654 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Ж.Цолмонгийн нэхэмжлэлтэй хариуцагч З.Мөнхцэцэгт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг, гэрээнээс учирсан хохиролд нийт 17 853 708 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ж.Цолмон нь З.Мөнхцэцэгийн гуйлтаар өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж, Хаан банкны Сэлбэ салбараас 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 30 000 000 төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй авч мөн өдрөө З.Мөнхцэцэгт 29 500 000 төгрөг өгсөн бөгөөд 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 29 500 000 төгрөгийн зээлийн гэрээг, хүүгүй, 2 сарын хугацаатай байгуулсан. Гэвч зээлийг хугацаандаа буцаан төлөөгүй бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр н.Цэцэгмаагаар дамжуулж 12 000 000 төгрөг авсан. З.Мөнхцэцэг олдохгүй байсан учир Цагдаагийн байгууллагад хандсанаар 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 5 000 000 төгрөг авсан. Үндсэн зээлээс 12 500 000 төгрөг үлдсэн тул энэ үлдэгдэл дээрээ 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 3 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлбэл алданги төлөхөөр тохирч гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Үүнээс хойш 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1 700 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 360 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1 300 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 400 000 төгрөг төлсөн. 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээгээр 3 046 187 төгрөгийг З.Мөнхцэцэг нь Ж.Цолмонд төлөх, үүнд хүү тооцохгүй байхаар тохирсон нь Хаан банкнаас Ж.Цолмонгийн авсан зээлдээ төлсөн эхний 2 сарын зээл, хүүгийн төлөлт юм. Энэ мөнгийг гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол гэж үзэж байгаа. Зээлийн гэрээний нийт үлдэгдэл 12 362 500 төгрөг, хүү 309 062 төгрөг, нийт 12 671 562 төгрөг, алданги 6 335 781 төгрөг буюу нийт 19 007 343 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэл гаргасны дараа төлсөн 1 223 835 төгрөг төлсөн тул үлдэх 17 783 508 төгрөгийг З.Мөнхцэцэгийг эрэн сурвалжлуулахад гарсан 70 200 төгрөгийн хамт нийт 17 853 708 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд Ж.Цолмонгоос З.Мөнхцэцэгт 29 500 000 төгрөгийг 2 сар хүү, алдангигүй зээлүүлсэн. 2 сарын хугацаанд зээлээ төлж чадаагүй бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дахин зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 400 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1 300 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1 699 750 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1 700 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 360 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 12 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 5 000 000 төгрөгийг төлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1 223 835 төгрөг төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарласан тул энэ дүнг нэмж оруулсан. Тэгэхээр 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээний үлдэгдэл 2 816 420 төгрөг байгаа. З.Мөнхцэцэгийн хувьд дээрх гэрээний дагуу зээлийн үлдэгдлийг төлөх үүрэгтэй нь үнэн. Гэвч нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрээгээр шаардаж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээгээр 15 546 187 төгрөгийн зээлийг Ж.Цолмонгоос З.Мөнхцэцэгт олгоогүй тул шаардах эрхгүй. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө шилжүүлснээр гэрээ байгуулсан гэж үзэхээр байгаа бөгөөд ийнхүү мөнгө шилжээгүй тул үүрэг үүсэхгүй. Энэ гэрээгээр хүү, алданги шаардахаар тохирсон нь ч үндэслэлгүй. Өмнөх гэрээний үргэлжлэл гэж үзэхгүй. 3 046 187 төгрөгийг Ж.Цолмон Хаан банкинд төлсөн нь тогтоогддоггүй, энэ хохирлыг төлөх үүргийг З.Мөнхцэцэг хүлээгээгүй. 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Хаан банкнаас авсан 30 000 000 төгрөгийн зээлээс 29 500 000 төгрөгийг З.Мөнхцэцэгт шилжүүлснийг нотлох баримт байхгүй. Хаан банкны зээлдэгч нь н.Одгэрэл, Ж.Цолмон нар юм. Тэгэхээр дангаараа хүүг шаардаж байгаа нь үндэслэлгүй. 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээгээр мөнгө шилжүүлээгүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-т заасныг зөрчсөн нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 222 дугаар зүйлийн 222.5, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан З.Мөнхцэцэгээс 12,521,854 төгрөгийг гаргуулж Ж.Цолмонд олгож, Ж.Цолмонгийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,261,654 төгрөгт холбогдох хэсэг болон Ж.Цолмон, З.Мөнхцэцэг нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хийгдсэн зээлийн гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох З.Мөнхцэцэгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 299,009 төгрөгөөс 284,009 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 235,680 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 15,000 төгрөгийг улсын орлогоос, 215,300 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүх талуудын хооронд үүссэн өмнөх зээлийн харилцааны үргэлжлэл байна гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээр мөнгө шилжүүлэх үүрэг хүлээхгүй хэмээн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг дүгнэлгүйгээр, хууль зөрчиж, хэлбэрийн төдий байгуулагдсан зээлийн гэрээг үнэлж, үгүйсгэсэн шийдвэр гаргаж буй нь ойлгомжгүй юм. Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан зохицуулалтаас үзэхэд шүүхийн дүгнэсэнчлэн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй ба зээлийн гэрээ хуульд заасны дагуу байгуулагдаагүй тул зээл, хүү, алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй юм. Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан гэх гэрээнд хүү болон алданги төлөх тухай нөхцөлийг тусгасан хэдий ч уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу байгуулагддаг. Учир нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д "эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцох"-оор хуульчилсан ба зээлдүүлэгчээс зээлдэгчид зээлийн гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу зээлийн хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

Шүүх алдангид нийт 7 473 904 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг зөрчиж байна. Шүүхийн зүгээс дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, тооцооны алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Цолмон нь хариуцагч З.Мөнхцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд 17 783 508 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Ж.Цолмонтой байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ж.Цолмон нь хариуцагч З.Мөнхцэцэгт 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 29 500 000 төгрөг хүлээлгэн өгч энэ тухай баримт үйлдэж, улмаар мөн оны 4 сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, зээлдүүлэгч Ж.Цолмон нь 29 500 000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, хүү, алданги тооцохгүйгээр зээлдэгч З.Мөнхцэцэгт зээлдүүлэхээр тохиролцсоноор Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. /хх-ийн 41/

 

Зээлдэгч З.Мөнхцэцэг нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 12 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 5 000 000 төгрөг тус тус төлж, дээрх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 12 500 000 төгрөг үлдсэн тул зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 12 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч З.Мөнхцэцэг нь зээлийг заасан хугацаанд төлөх, зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар тооцохоор тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт тус тус нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх энэ гэрээг өмнөх зээлийн гэрээний үргэлжлэл, энэ гэрээний дагуу мөнгө шилжүүлэх үүрэг хүлээхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болсон байхаас гадна энэ гэрээнд тусгагдсан 3 046 187 төгрөгийг зээлдэгчид шилжүүлээгүй, нэхэмжлэгчид ийм хэмжээний хохирол учирсан эсэх нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болсон ба энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

Мөн зохигчдын хоорондох 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12 500 000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

Харин шүүх хүчин төгөлдөр дээрх зээлийн гэрээгээр хариуцагчийн хүлээх үүргийг 13 437 500 төгрөг гэж зөв тодорхойлсон боловч алдангийг буруу тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг буруу хэрэглэсэн байх тул өөрчлөлт оруулж залруулах нь зүйтэй.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нийт 8 459 750 төгрөг төлсөн тул түүний гүйцэтгээгүй зээлийн үлдэгдэл 4 977 750 төгрөг болох ба /13 437 500-8 459 750/ үүнээс алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцоход 2 488 875 төгрөг болж, нийт 7 466 625 төгрөгийг зээлийн гэрээний дагуу хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. Мөн хариуцагч З.Мөнхцэцэгийн оршин суугаа газрын хаягийг тогтоолгох эрэн сурвалжлах шийдвэр гаргуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар 70 200 төгрөгийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02654 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 12 521 854 гэснийг 7 536 825 гэж, 5 261 654 гэснийг 10 246 683 гэж, 2 дах заалтын 215 300 гэснийг 135 539 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч З.Мөнхцэцэгийн төлсөн 216 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Н.БАТЗОРИГ