Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00548

 

С.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02590 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2539 дүгээр магадлалтай

С.Т-гийн нэхэмжлэлтэй

“А” ГҮТББ-д холбогдох

7 305 572 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч С.Т-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Т-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Алтанчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямсүрэн, П.Цэрэндаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Интернетээс Австрали улс руу найдвартай зуучилна гэсэн зарын дагуу яриад Австралид суралцагч Монгол оюутны холбоо ТББ-д очиж уулзсан. Тус байгууллага нь Австрали улсын Сидней хотын сургуульд суралцахад зуучлахаар болж, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн Зуучлалын гэрээг байгуулсан. Тус холбооны захирал П.Болдгэрэл нь надтай гэрээ байгуулах үедээ чиний хувьд 100 хувь найдвартай виз гарах юм байна, виз гарахад шаардлагатай бичиг баримтыг манайх бүрдүүлнэ, чи төлбөрөө л төлөөрэй гэсэн юм. Зуучлалын төлбөрт урьдчилгаа 480 ам.долларыг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны Монгол банкны ханшаар 1823 төгрөгөөр бодон гэрээ байгуулах үедээ 700 000 төгрөгийг бэлнээр, 175 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Сургалтын 6158 австрали долларыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дансаар шилжүүлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүл мэндийн даатгалд 459 ам.доллар 60 цент, зуучлалын хөлс 1.200 австрали доллар буюу 1 823 000 төгрөгийг, нийгмийн даатгалд 600 000 төгрөг, газрын гэрчилгээ 120000 төгрөг, дансны хуулга 400 000 төгрөг болон бусад жижиг зардлууд, нийлээд 15 383 000 төгрөгийг төлсөн. Ингээд Австралид суралцагч Монгол оюутны холбоо ТББ-аас Австрали улсын Элчин сайдын яаманд визний материалыг өгсөн ба 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр визний материалд хуурамч бичиг баримт байгаа учраас татгалзсан гэсэн хариуг өгсөн гэж надад хэлсэн. Удаа дараа мөнгөө буцааж авъя гэж нэхэж байж 8 077 428 төгрөгийг авсан ба үлдэгдэл мөнгийг өгөхгүй байна. Иймд үлдэгдэл 7 305 572 төгрөгийг буцаан гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү.

Энэ баримтыг нэхэмжлэгчээс өгсөн гэдэг үйл баримт тогтоогдохгүй байна. Баримтыг бүрдүүлж өгч байж, баримтыг бүрэн болсны дараа визэнд оруулдаг гэж байна. Хас банкны хуулгын тухай яригдаж байгаа боловч нэхэмжлэгч Хас банкны дансны хуулга өгсөн гэж байна. Тэр нэхэмжлэгчийн өгсөн хуулга нь ямар түвшинд яаж, хэрхэн өгөгдсөн асуудал өөрөө тодорхойгүй байна. Шаардсан мөнгийг явуулаад байж. Өнөөдөр элчин сайдад мөнгө төлсөн гээд хэд хэдэн мөнгөний тухай яригдаад байна. Энэ мөнгөнүүд хариуцагчийн дансанд орсон байна. Тэгээд цаашаа визэнд орж төлөгдсөн гэх баримт байхгүй байна. Төлбөр төлсөн баримт тогтоогдсонгүй. Визэнд хандсан баримт нь тогтоогдохгүй байна. Хариуцагчаас нотлох баримтаар өгөөд байгаа орчуулгатай баримтууд болон мэдэгдэл гэсэн баримт нь байхгүй байна. Шийдвэр, гэрээ гэх мэт баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, шүүх үнэлэх боломжгүй эргэлзээтэй байна. Шүүхэд өгсөн баримт нь эргэлзээгүй, үнэн зөв байх ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу тэгш эрхтэйгээр нотлох баримтыг үнэлүүлнэ. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5, 37, 25.2.2, 44.2 зүйлүүдийг дурдаж байна. Иргэний хуулийн 9.4.2-оор эрх нь зөрчигдсөн үйлдлийг таслан зогсоохоор зөрчигдөхөөс өмнөх байдлыг сэргээхийг хүсээд байна. Иргэний хуулийн хэлцлийн хувьд сургуультай байгуулсан гэрээ байхгүй байна. Зуучлалын гэрээтэй нэхэмжлэгч маргаагүй байгаа учраас гэрээний 7.4-т зааснаар тайлбарлаад байна. Тэгэхээр хуурамч баримт нь өөрөө тогтоогдохгүй байгаа учир хариуцагчийн татгалзал нотлогдохгүй, үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Австрали улсын аль нэг сургуульд суралцах хүсэлтэйгээ илэрхийлж, холбогдох сургуульд зуучилж өгөхийг хүссэн. Австралид суралцагч Монгол оюутны холбоо ТББ-ын зүгээс энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тухайн сургуульд явахад ямар шаардлагатай материал бүрдүүлэх ёстой талаар зөвлөгөө өгсөн. Тус байгууллага нь энэхүү ажлыг 10 гаруй жил хийж олон зуун оюутан залуусыг Австрали улсад суралцахад нь зуучлан тусалсан туршлагатай билээ. Бидний зуучлалын үйлчилгээ нь холбогдох сургуулийн талаар мэдээлэл өгөх, сургуультай холбох,тухайн сургуулиас баталгаат урилга гаргуулах, сургуулийн орших элчин сайдын яаманд хандаж тус улсад зорчих эрх олгох мэдүүлэг анкет бөглөх, холбогдох баримт бичгийг бүрдүүлэх талаар зөвлөгөө өгөх, орчуулах ажлын хүрээг хамардаг бөгөөд түүнчлэн зуучлуулсан суралцагчийг онгоцноос тосож авах, байрлах байр захиалах нэмэлт үйлчилгээг үзүүлдэг. Бид дурдсан журмын дагуу иргэн С.Т-д үйлчилгээ үзүүлсэн. Гэтэл иргэн С.Т- нь 100 хувь найдвартай визийг гаргана, виз гаргахад шаардлагатай баримт бичгийг манайхыг бүрдүүлж өгнө гэх утгаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь огт үндэслэлгүй байна. Элчин сайдын яам виз олгох эсэхийг шийдвэрлэх байгууллага болохоос манай байгууллага энэ шийдвэрийг гаргадаггүй учир бид виз гаргана гэх нь утгагүй бөгөөд суралцагч ч энэ наад захын хууль дүрмийг мэдэх билээ. Бидний зүгээс виз гаргахад шаардлагатай баримт бичиг ямар бүрдэлтэй байвал гарах магадлал өндөртэйг туршлагаасаа мэдэх учраас зөвлөгөө өгдөг, түүнээс тухайн баримтыг өөрөө бүрдүүлэх үүрэггүй, тэр тусмаа хуурамчаар зохиох хориотой төдийгүй гэмт хэрэг. Энэ хүрээнд захирал П.Болдгэрэлээс зөвлөгөө өгсөн. Гэрээний дагуу манай байгууллага зуучлалын урьдчилгаа төлбөрт 480 ам.долларыг тухайн үеийн Монгол банкны ханшаар шилжүүлж авсан. Энэ нь баримтаар нотлогдоно. Харин бусад төлбөрийн асуудал нь бидэнд хамаагүй бөгөөд энэхүү гэрээний асуудал биш байна. Энэ талаар манайд хамаарах ямар баримт нэхэмжлэгчид байгааг бид мэдэхгүй байна. Иргэн С.Т- нь энэ асуудлаар манайхыг цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан боловч нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн. Талуудын хоорондын гол тохиролцоо 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээнд бүрэн тусгагдсан бөгөөд гэрээний 4.1-т заасан үйлчилгээ хийгдэж талуудын эрх үүрэг хэрэгжсэн болно. Элчин сайдын яамнаас виз олгохоос татгалзсан тохиолдолд гарах үр дагаврыг талууд гэрээний 4.5-4.9 заалтад тусгасан. Австрали улсын элчин сайдын яамнаас 2017 оны 03дугаар сарын 23-ны өдөр ирсэн албан бичигт С.Т-гийн эхнэр болох Г.Золзаяагийн нэр дээрх 5001596776 тоот дансны хуулга нь Хас банкны баталгаажуулснаар хуурамч гэж үзсэн учраас виз татгалзсан байна. Гэтэл С.Т- болон Австралийн Мега сургуулийн дотоод журамтай танилцаж гарын үсэг зурснаар бол хэрэв оюутан хуурамч бичиг баримт үйлдсэний улмаас виз татгалзсан /Мега сургуулийн дотоод журмын 4-т заасан/ бол урьдчилан төлсөн бүх төлбөр буцаан олгохгүй гэж заасан байна. Мөн бид бүхэн иргэн С.Т-ий хувийн хүсэлт бусад нөхцөл байдлыг харгалзаж үзээд захиалга өгсөн сургуультай удаа дараа хүсэлт, санал явуулж харилцсаны үндсэн дээр 70 хувийн буцаан олголтыг хүлээн зөвшөөрүүлж чадсанаа С.Т-гийн өмнө байгуулсан тус гэж үзэж байсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн миний Хаан банкны 5041010345 тоот дансанд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 300 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 120 000 төгрөгийг үйл ажиллагааны нэмэгдэл зардал болгон шилжүүлсэн мөнгийг С.Т-д буцаан олгоход бэлэн байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02590 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч “А” ТББ-иас 5 939 725 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 365 847 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ТББ-иас 109 986 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Т-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2539 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02590 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 110 000 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Т- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02590 дугаар шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2539 дүгээр магадлалаар хүчингүй болгосон үндэслэлийг эс зөвшөөрч, хууль буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Үүнд: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад талуудаас нотлох баримттай холбогдуулан санал хүсэлт байгаа эсэхийг дахин дахин тодруулж, холбогдох хуулийн заалтыг танилцуулж байсан. Талуудын хэн аль нь хуульч, эрх зүйч оролцож, шүүхээс мэтгэлцэх эрх, нотлох баримт бүрдүүлэх боломжийг бүрэн олгож байсан.

Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалаар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яригдаагүй үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, үндэслэлээ "... Хэргийн 102 дахь талд авагдсан талуудын байгуулсан гэрээний хугацаанд хамаарах “Cross tax invoice” гэх нэхэмжлэгчийн нэр дээрх баримт орчуулагдаагүй, шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу урьдчилгаа 480 австрали доллараас гадна хариуцагч нь зуучлалын хөлс 1 200 австрали доллар буюу 1 823 000 төгрөг газрын гэрчилгээний 120 000 төгрөг, дансны хуулга 400 000 төгрөг гэх зэрэг мөнгийг нэхэмжлэгчээс авсан нь тухайн гэрээний харилцаанд хамаарах төлбөр эсэх талаар дүгнэлт хийхэд эдгээр баримт ач холбогдолтой байж болно” гэж тодорхойлсон.

Тодруулбал “... талууд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагч нь өөрийн татгалзлаа нотлохоор шүүхэд ирүүлсэн баримтуудыг шүүх үнэлэхгүй байх эрхгүйгээр харин бичмэл нотлох баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй бол шийдвэрийн үндэслэл болох учиргүй” гэж тайлбарласан дээрх хоёр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь: Хавтаст хэргийн 102 дугаар хуудсанд хавсаргагдсан, канондсон, гадаад хэл дээрх баримтыг шүүхийн шийдвэрт үндэслэл болгоогүй, шүүх хуралдаанаар судлаагүй, хэлэлцээгүй, харин ч үнэлэхгүй тухай анхааруулж байсан байтал магадлалд бодит байдлаас зөрүүтэйгээр дүгнэгдсэн байна. Мөн хариуцагч гомдолдоо энэхүү баримтын талаар дурдаагүй, яриагүй байхад давж заалдах шатны шүүхээс уг баримтыг хэргийн оролцогчоор орчуулуулж, хэрэгт хавсаргаж нотлох баримт болгон шүүх дахин дүгнэлт хийх шаардлагатай гэж дүгнэсэн гэж ойлгогдож байна.

Энэ нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38, 40 дүгээр зүйлд заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудаас дээрх нотлох баримтыг хуулийн шаардлага хангуулж өгөөгүй байхад анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүй байна гэж үзэх үндэслэл болохгүй.

Учир нь хавтаст хэргийн 102 дугаар хуудсанд авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нотлох баримт гэж үзэхгүй. Магадлалд “хариуцагчийн гомдлыг хүлээн авсан тухай дурдаагүй”, зөвхөн шүүхийг нотлох баримт үнэлэхдээ хамааралтай байж болох баримтыг үнэлээгүй, орчуулж хэрэгт аваагүй байна гэжээ.

Түүнчлэн гадаад хэл дээр байгаа бидний ойлгохгүй баримтыг давж заалдах шатны шүүх орчуулж ойлгоод хэрэгт хамааралтай гэж дүгнэснийг хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Т- нь хариуцагч “А” ГҮТББ-д холбогдуулан 7 305 572 төгрөг гаргуулахаар  нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, зуучлуулагчийг Австрали улсад суралцахыг зөвшөөрсөн виз гаргаагүйд хариуцагч буруугүй гэж нэхэмжлэлээс татгалзжээ.

Нэхэмжлэгч С.Т- нь “А” ГҮТББ-тай 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр №16/037 дугаартай Зуучлалын гэрээ байгуулж зуучлагч “А” ГҮТББ нь зуучлуулагч суралцагчийн сонгосон Австрали улсын Сидней хотын сургуульд суралцахад нь зуучлалын үйлчилгээ үзүүлэх, суралцагч нь зуучлагчид зуучлалын үйлчилгээ үзүүлсний хөлсөнд 1200 Авсртали долларыг хоёр хувааж төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Гэрээг бичгээр үйлдэж, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар  гэрээ хүчин төгөлдөр болсон, гэрээний талаар зохигчид маргаагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 5 939 725 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт хуульд заасан нотлох баримт цуглуулах шаардлага хангаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна.

Талуудын хооронд байгуулагдсан Зуучлалын гэрээгээр нэхэмжлэгч буюу зуучлуулагч нь зөвхөн зуучлалын хөлс төлөх үүрэг хүлээсэн атлаа сургалтын төлбөр зуучлагчид шилжүүлсэн шалтгаан тодорхойгүй, хэргийн 25-26 дугаар талд авагдсан баримтын орчуулга дутуу, суралцагч өөрөө сургуультай гэрээ байгуулсан эсэх талаар маргаантай, хэргийн үйл баримт үндэслэл бүхий тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн виз гараагүй шалтгааны талаар зохигчид маргаантай байгаад дүгнэлт хийгээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2539 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Т-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110 000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД