Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/02394

 

М.Чнэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/01991 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Чнэхэмжлэлтэй, хариуцагч Т М ГХХК-д холбогдох,

 

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарласан шийдвэрийг хүчингүй болгох, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоож, хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, хариуцагчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

 

 

Нэхэмжлэгч М.Чнэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: М.Чминий бие ББТХХК-ийн нийт гаргасан хувьцааны 50 хувь буюу 1 177 500 ширхэг хувьцаа эзэмшдэг бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлаар өнөөг хүртэл ажиллаж байна. Т М ГХХК нь ББТХХК-ийн нийт гаргасан хувьцааны 50 хувь буюу 1 177 500 ширхэг хувьцааг эзэмшдэг. Миний бие мөн энэхүү Т М ГХХК-ийн нийт хувьцааны 33 хувь буюу 99 ширхэг хувьцааг эзэмшдэг.

 

ББТХХК болон Т М ГХХК нь төлөөлөн удирдах зөвлөлгүй бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигч Т М ГХХК-ийн гүйцэтгэх захирал Г.БКомпанийн тухай хууль, ББТХХК-ийн дүрмийг зөрчиж, хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан, шийдвэр гаргаж, шийдвэрийг миний цахим хаягаар ирүүлжээ. Миний бие Т М ГХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд Г.Б тус компанийн гүйцэтгэх захирлаар томилоогүй. Гэтэл тэрээр хууль зөрчиж ББТХХК-ийн гүйцэтгэх захирлаар өөрийгөө томилохоор хурал зарласан шийдвэр гаргажээ. Иймд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаар зарласан ББТХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай шийдвэр, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02, 03 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Иймд ББТХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоож, хурлаас гарсан 04 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т М ГХХК-ийн тайлбарт: Т М ГХХК нь ББТХХК-ийн энгийн хувьцааны 50 хувийг эзэмшигчийнхээ хувьд Компанийн тухай хуулийн хүрээнд Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шийдвэр гаргасан. М.Чнь ББТХХК-ийн хувьцааг анх бэлэглэлийн болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авч байсан бөгөөд дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан иргэний хэрэг үүсгэн хуульд заасан тодорхой ажиллагааг хийж байна. Уг нэхэмжлэлийн дагуу тус гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд М.Чнь маргаж буй компаний хууль ёсны хувьцаа эзэмшигч бус болох хууль зүйн үр дагавар үүсэх бөгөөд улмаар М.Чнь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болно.

 

Мөн М.ЧББТХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа компанийн хувьцааг буюу дүрмийн санг их хэмжээгээр хуурамчаар нэмэгдүүлсэн, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан, хуурамч бичиг баримт үйлдсэн, залилан мэхэлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, прокурорын газарт шалгагдаж байгаа ба Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хуулийн дагуу шалгагдаж байна. М.Чхууль бус үйлдлүүд нь гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдсон тохиолдолд тус нэхэмжлэлээр шүүхэд хандах эрхгүй болох юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 65.1.8, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 61.7, 62 дугаар зүйлийн 62.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасныг баримтлан 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр ББТХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар ББТХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар ББТХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр ББТХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Чингүнээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 70 200 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т М ГХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Т М ГХХК-ийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. М.Ч-г ББТХХК-ийн гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигчийн хувьд төлөөлөн ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгаж шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4731, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 7368, 2018 оны 07 дугаар сарын 17- ны өдрийн 274 дугаартай захирамжууд гарсан байхад шүүх үүнийг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч М.Чхувьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэсэн талаарх нотлох баримтыг өгсөн байхад анхан шатны шүүхээс энэ талаар огт дүгнэлт хийгээгүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлээгүй. Түүнчлэн эрүүгийн хэрэгт М.Ч ББТХХК-ийн 50 хувийн хувьцааг залилах замаар авсан гэдгийг тогтоосон тохиолдолд М.Чнь өөрөө нэхэмжлэл гаргах эрхгүй субъект болох талаар тайлбарласан ч шүүхээс үүнийг харгалзан үзээгүй. Мөн Компанийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй зүйл, заалтыг хэрэглэсэн. Түүнчлэн шүүх хувьцаа эзэмшигч М.Чхуралд санал өгөх эрхийг хязгаарласан мэтээр дүгнэлт хийсэн. Тус хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байхад шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу хэрэглэж, бусад хоёр хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг сонирхлыг шүүх өөрөө хохирооход хүргэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

 

Нэхэмжлэгч М.Чнь хариуцагч Т М ГХХК-д холбогдуулан ББТХХК-ийн хувь эзэмшигчдийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай шийдвэр, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02, 03 дугаартай шийдвэр, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 04 дугаартай хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарласан шийдвэр, тус хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ...хувьцаа худалдах-худалдан авах болон бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд хандсан тул нэхэмжлэгч нь энэ асуудлаар шүүхэд хандах эрхгүй гэж маргажээ.

 

 

 

Маргаан бүхий хэргийг шийдвэрлэхэд Ч.Б, М.Чнарын хооронд байгуулагдсан гэрээнүүд ач холбогдолтой болно. Хэргийн 47 дугаар талд Ч.Бийн нэхэмжлэлтэй, М.Чингүнд холбогдох хувьцаа эзэмших, эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэх тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2952 дугаартай шүүгчийн захирамж авагдсан байх боловч уг баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

 

 

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт нотлох баримтын шаардлага хангаагүй байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хасах эсхүл мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар хуулбарын жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Шүүх эдгээр эрхээ хэрэгжүүлэх нь мэтгэлцэх зарчмыг зөрчихгүй, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаа бүрдүүлж оролцох хэргийн оролцогчийн эрхийг хангахад чиглэгдсэн ажиллагаа болно.

 

 

 

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргасан этгээд нь Компаний тухай хулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гарснаас хойш тав хоногийн дотор хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хувьцаа эзэмшигчид хүргэх үүрэгтэй. Хариуцагч нь хурлын товыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бус цахим шуудангийн хаягаар хүргүүлсэн байх бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 20, 22-ны өдрийн хурлын шийдвэр буюу хурал хойшлуулсантай холбоотой шийдвэрүүд болон хурлыг зохих ёсоор товлож нөгөө талд мэдэгдсэн эсэх үйл баримтыг тогтооход дээрх цахим шуудан дахь мэдээлэл нь хэрэгт ач холбогдолтой.

 

 

 

Гэтэл дээрх цахим мэдээллийг хэвлэн нотариатаар баталгаажуулж хэрэгт өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх боломжгүй. Учир нь цахим мэдээллийг нотлох баримтаар үнэлэхээр бол шүүх талуудыг байлцуулан үзлэг хийж баталгаажуулах шаардлагатай бөгөөд энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зааснаар уг эх сурвалжийн агуулгыг тэмдэглэж бэхжүүлэх шаардлагатай. Дээрх ажиллагааг хийгээгүй нь нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн үндэслэл болох бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдана.

 

 

 

Дээрх нөхцөл байдлыг тодруулснаар, ээлжит бус хурлыг товлон хуралдуулах, зарыг саналын эрхтэй хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэх, хурлыг хойшлуулан дахин товлон зарыг мэдэгдэх, түүнчлэн хойшлогдсон хурал анх тогтоосон хэлэлцэх асуудлын хүрээнд шийдвэрлэсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжтой болно.

 

 

 

Хэргийн 197-208 дугаар талд авагдсан Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолоор М.Чбусдыг хуурч мэхлэн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан иргэн Ц.Батцэцэгийн эзэмшлийн ББТХХК-ийн нийт хувьцааны 30 хувь буюу 3 ширхэг 3000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулан иргэн Ч.Н эзэмшлийн ББТХХК-ийн нийт хувьцааны 20 хувь буюу 2 ширхэг 2000 төгрөгийн үнэ бүхий хувьцаа, эдэ хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан .., гэх зэрэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан байна.

 

 

 

Нэхэмжлэгч М.Ч холбогдуулан шалгаж байгаа эрүүгийн хэрэг нь маргаан бүхий хэрэгт хамааралтай эсэхэд дүгнэлт өгөхөд хэрэгт авагдсан М.Чингүнийг яллагдагчаар татсан тогтоол нь харьцуулан дүгнэх зайлшгүй шаардлагатай байх боловч уг баримт нь уншигдахгүй байна. Энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу мөн шаардан авах боломжтой байжээ.

 

 

 

Түүнчлэн, хэрэгт авагдсан Т М ГХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар тогтоолоор Г.Б гүйцэтгэх захирлаар томилсон тогтоолыг нотариатын баталгаажуулсан баримтаас хуулбарласан уу, эх хувиас хуулбарласан уу гэдэг нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

 

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/01991 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ