Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2019/00325

 

М.Чий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/01991 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2394 дүгээр магадлалтай,

М.Чий нэхэмжлэлтэй

“Т М Г” ХХК-д холбогдох

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарласан шийдвэрийг хүчингүй болгох, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоож, хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, П.Энхболд нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч М.Чий нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: М.Ч миний бие “Б Б Т” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 50 хувь буюу 1 177 500 ширхэг хувьцаа эзэмшдэг бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлаар өнөөг хүртэл ажиллаж байна. “Т М Г” ХХК нь “Б Б Т” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 50 хувь буюу 1 177 500 ширхэг хувьцааг эзэмшдэг. Миний бие мөн энэхүү “Т М Г” ХХК-ийн нийт хувьцааны 33 хувь буюу 99 ширхэг хувьцааг эзэмшдэг. “Б Б Т” ХХК болон “Т М Г” ХХК нь төлөөлөн удирдах зөвлөлгүй бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигч “Т М Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батдорж Компанийн тухай хууль, “Б Б Т” ХХК-ийн дүрмийг зөрчиж, хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан, шийдвэр гаргаж, шийдвэрийг миний цахим хаягаар ирүүлжээ. Миний бие “Т М Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд Г.Батдоржийг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилоогүй. Гэтэл тэрээр хууль зөрчиж “Б Б Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар өөрийгөө томилохоор хурал зарласан шийдвэр гаргажээ. Иймд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаар зарласан “Б Б Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай шийдвэр, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02, 03 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Иймд “Б Б Т” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоож, хурлаас гарсан 04 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т М Г” ХХК-ийн тайлбартаа: “Т М Г” ХХК нь “Б Б Т” ХХК-ийн энгийн хувьцааны 50 хувийг эзэмшигчийнхээ хувьд Компанийн тухай хуулийн хүрээнд Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шийдвэр гаргасан. М.Ч нь “Б Б Т” ХХК-ийн хувьцааг анх бэлэглэлийн болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авч байсан бөгөөд дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан иргэний хэрэг үүсгэн хуульд заасан тодорхой ажиллагааг хийж байна. Уг нэхэмжлэлийн дагуу тус гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд М.Ч нь маргаж буй компаний хууль ёсны хувьцаа эзэмшигч бус болох хууль зүйн үр дагавар үүсэх бөгөөд улмаар М.Ч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болно. Мөн М.Ч “Б Б Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа компанийн хувьцааг буюу дүрмийн санг их хэмжээгээр хуурамчаар нэмэгдүүлсэн, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан, хуурамч бичиг баримт үйлдсэн, залилан мэхэлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, прокурорын газарт шалгагдаж байгаа ба Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хуулийн дагуу шалгагдаж байна. М.Чий хууль бус үйлдлүүд нь гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдсон тохиолдолд тус нэхэмжлэлээр шүүхэд хандах эрхгүй болох юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 65.1.8, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/01991 дүгээр шийдвэрээр Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 61.7, 62 дугаар зүйлийн 62.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасныг баримтлан 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр “Б Б Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар “Б Б Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар “Б Б Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр “Б Б Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Чээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 70 200 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Т М Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2394 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/01991 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, П.Энхболд нар хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. “Хариуцагч нь хурлын товыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бус цахим шуудангийн хаягаар хүргүүлсэн байх бөгөөд 2018 оны 2 дугаар сарын 20, 22-ны өдрийн хурлын шийдвэр буюу хурал хойшлуулсантай холбоотой шийдвэрүүд болон хурлыг зохих ёсоор товлож нөгөө талд мэдэгдсэн эсэх үйл баримтыг тогтооход дээрх цахим шуудан дахь мэдээлэл нь хэрэгт ач холбогдолтой” гэжээ. Гэтэл зохигчид энэ талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчээс хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг мэдэгдээгүй гэх зүйлийг үндэслэл болгоогүй болно. Харин хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлах шийдвэр гаргах эрхгүй этгээд болох Г.Батдорж нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарласан үйл баримтыг үндэслэл болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, ““Б Б Т”” ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 20, 22-ны өдрийн шийдвэрийг мэдэж байсан учраас дараагийн хууль бус хуралдаан болохоос өмнө буюу 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Давж заалдах шатны шүүх харин дээрх үйл баримтыг буруугаар ойлгож талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж маргааны зүйл, үйл баримтаас хальж анхан шатны шүүхийг буруутган “тов мэдэгдсэн баримтад үзлэг хийгээгүй нь нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн үндэслэл болно...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй. 2. “Маргаан бүхий хэргийг шийдвэрлэхэд Ц.Батцэцэг, М.Ч нарын хооронд байгуулагдсан гэрээнүүд ач холбогдолтой..., Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2952 дугаартай шүүгчийн захирамж авагдсан байх боловч уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна”. Давж заалдах шатны шүүхээс дээрх баримтыг энэхүү хэрэгт яагаад ач холбогдолтой гэж үзсэнээ огт заагаагүй байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-д заасантай нийцэхгүй байна. Аливаа компанид их, бага хувьцаа эзэмшдэг эсэхээс үл хамааран тухайн хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн адил эрх эдэлж оролцох ёстой ба хувьцаа эзэмшигчийн эрхийг “бусдын үндэслэлгүй нэхэмжлэл”-ээр хязгаарлаж, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцуулахгүй байх улмаар хурлаас эрхийг зөрчсөн шийдвэр гаргах үндэслэл болохгүй юм. Тиймээс давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй хамааралгүй болно. 3. “Нэхэмжлэгч М.Чд холбогдуулан шалгаж байгаа эрүүгийн хэрэг нь маргаан бүхий хэрэгт хамааралтай эсэхэд дүгнэлт өгөхөд хэрэгт авагдсан М.Чийг яллагдагчаар татсан тогтоол нь харьцуулан дүгнэх зайлшгүй шаардлагатай боловч уг баримт нь уншигдахгүй байна” гэжээ. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ““Б Б Т”” ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 20, 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэр болон 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай юм. Харин шүүхийн дээрх дурьдаад байгаа үйл баримт нь нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн зүйл, түүний үндэслэлтэй ямар нэгэн холбоо хамааралгүйгээс гадна хариуцагчид өөрсдийн хууль бус үйл ажиллагааг хаацайлах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилготойгоор зохиомол хэргийг татан хамаатуулахаар оролдсоор байгааг дурьдах нь зүйтэй. Түүнчлэн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн журмаар шалгагдаж байгаа хэрэг нь энэ маргаанд хамааралтай эсэх талаар мэтгэлцэн маргаж байсан бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШТ2018/00329 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2-д заасны дагуу энэ асуудлаар гаргасан гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн байдаг. 4. ““Т М Г”” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 01 дугаар тогтоолоор Г.Батдоржийг гүйцэтгэх захирлаар томилсон тогтоолыг нотариатаар баталгаажуулсан баримтаас хуулбарласан уу, эх хувиас хуулбарласан уу гэдэг нь тодорхойгүй байх тул нотлох баримтын шаардлагыг хангаагүй гэж үзнэ” гэх дүгнэлтийг хийсэн байдаг. Нэхэмжлэгч М.Ч нь ““Б Б Т”” ХХК-ийн 50% хувьцааг, ““Т М Г”” ХХК-ийн 33% хувьцааг тус тус эзэмшдэг бөгөөд Г.Батдорж гэх этгээд нь ““Т М Г”” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хууль бусаар хуралдуулан өөрийгөө гүйцэтгэх захирлаар нь томилж улмаар ““Т М Г”” ХХК-ийг төлөөлөн ““Б Б Т”” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг мөн хууль бусаар хуралдуулснаар энэхүү маргаан үүссэн болно. Тодруулбал, давж заалдах шатны шүүхийн иш татаад буй ““Т М Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 01 дугаар тогтоол нь тусдаа өөр хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зүйл болсон ба энэхүү тогтоолыг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/01888 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дээрх тогтоолыг хүчингүй болгосон байдаг. Үүнээс гадна Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 8/873 дугаар албан тоот болон улсын байцаагчийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1513 дугаар дүгнэлтээр тус тус ““Т М Г”” ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал, мөн өдрийн 01 дугаар тогтоолыг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ бүртгэлийн журам зөрчсөн гэх үндэслэлээр бүртгэлийг хүчингүй болгосон. Дээрх тогтоолыг гаргахдаа хувьцаа эзэмшигч М.Чийг оролцуулаагүй бөгөөд компанийн хувьцаа эзэмшигч учир улсын бүртгэлд хүсэлт гарган “хуулбар үнэн” тэмдэг даруулан авсан ба үүнийгээ бид нотариатаар баталгаажуулан шүүхэд өгсөн нь ямар нэгэн хууль тогтоомж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг огт зөрчөөгүй болно. Нэгтгэн дүгнэвэл, давж заалдах шатны шүүх талуудын маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага хамааралгүй, зохигчдын хэн аль нь хүлээн зөвшөөрдөг үйл баримтыг ч нотлогдоогүй гэх дүгнэлт хийсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох дэндүү ядмаг, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтүүдийг удаа дараа хийж хэргийг шийдвэрлэсэн. Мөн магадлалынхаа үндэслэлд дээрх 4 нотлох баримттай холбоотой л дүгнэлт хийсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д “Хэргийн оролцогчийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” гэх хуулийн заалтыг удирдлага болгосон нь ойлгомжгүй байна. Ийнхүү дээрх нөхцөл байдал, хуульд заасан журам нэг бүрийг хянан шалгаж магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх М.Чий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч М.Ч нь хариуцагч “Т М Г” ХХК-д холбогдуулан “Б Б Т” ХХК-ийн хувь эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр шийдвэр, ээлжит бус хурлыг хойшлуулах тухай 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02, 03 дугаар шийдвэр, “Б Б Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Чийг чөлөөлж, Ж.Соронзонболдыг гүйцэтгэх захирлаар томилсон 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.

М.Ч нь “Б Б Т” ХХК-ийн 50 хувийн, “Т М Г” ХХК нь 50 хувийн хувьцааг тус тус эзэмшдэг байх ба хувьцаа эзэмшигч нар ээлжит бус хурал, уг хурлаас гаргасан шийдвэрийн талаар маргажээ.

Б.Баттулга нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн итгэмжлэлийн дагуу “Т М Г” ХХК-ийг 2 жилийн хугацаагаар төлөөлөх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох, хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд оролцох, гомдол, хүсэлт, тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх, шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, хэргийн материалтай танилцах, хэрэгт холбоотойгоор Монгол Улсын шүүхэд хүсэлт, шаардлага, татгалзал, тайлбар гаргаж өгөх, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, хэрэгтэй холбоотой асуудлаар хэлэлцээр хийх, нэхэмжлэгчтэй эвлэрэх,  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг эдлэх эрхтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч энэ талаарх баримтыг ирүүлсэн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хууль, Компанийн тухай хууль, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/01991 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2394 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч “Т М”ХХК нь “Б Б Т” ХХК-ийн хувь эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр шийдвэр, ээлжит бус хурлыг хойшлуулах тухай 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02, 03 дугаар шийдвэр, компанийн гүйцэтгэх захирал М.Чийг чөлөөлж, Ж.Соронзонболдыг гүйцэтгэх захирлаар томилсон 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч М.Чий  нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА