Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/02395

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/02395

 

 

 

 

 

 

 

 

 

А ИХХК-ийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/02191 дугаар шийдвэртэй,

 

 

 

Нэхэмжлэгч А ИХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б ГХХК-д холбогдох,

 

 

 

Арматур худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 545 642 872 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

 

 

Нэхэмжлэгч А ИХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: А ИХХК нь Б ГХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь 7 500 тонн арматур нийлүүлэх, хариуцагч нь тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Бөмчлөлийн 30 000 м.кв буюу 3 га газрыг шилжүүлэхээр тохиролцсон. 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээний дагуу арматурыг Б ГХХК-д нийлүүлсэн. Гэрээгээр тохиролцсон газрын гэрчилгээг шилжүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч шилжүүлээгүй. Гэтэл тус газрыг өөр бусад этгээдэд худалдсан байсан болно. Энэ талаар хариуцагчаас тодруулахад 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр арматурын үнэ болох 1 045 642 872 төгрөгийг төлнө гэсэн албан бичгийг манайд хүргүүлсэн. Иймд үндсэн үүрэгт 1 045 642 872 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2-т зааснаар алдангид 500 000 000 төгрөг, нийт 1 545 642 872 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

 

Хариуцагч Б ГХХК-ийн тайлбарт: А ИХХК-ийг төлөөлж н.Жгэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр н.Чулуунчимэг гэх хүн тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байх тул Компанийн тухай хуульд зааснаар эрх бүхий этгээд гэрээ байгуулаагүй байна. Нэхэмжлэгч тал алдангийг хэрхэн тооцсон талаар тодорхой баримтгүй байх бөгөөд гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн учир хүчин төгөлдөр бус байна. Гэрээний 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт энэ гэрээний утгууд зөрүүтэй байвал хятад хувилбарыг баримтална гэж заасан. Гэрээний хятад хувилбар нь ямар утга агуулгатай байсан талаар тодорхой биш байна. Иймд тус гэрээний дагуу нэхэмжлэл гаргах үндэслэлгүй гэжээ.

 

 

 

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 249 дүгээр зүйлийн 249.3, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар Б ГХХК-аас 1 545 646 872 төгрөг гаргуулж А ИХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Б ГХХК-иас 8 044 115 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ИХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 8 044 115 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Талууд 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь 7 500 тонн арматур нийлүүлэх, хариуцагч нь Ц.Бөмчлөлийн 3 га газрыг шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч гэрээг байгуулахдаа өмчлөгч Ц.Бзөвшөөрлийг аваагүй, гэрээнд гарын үсэг зураагүй байдаг. Иймд уг гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 5, 6-р зүйлд зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд нь газрыг зөвхөн ашиглах эрхтэй байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл бодитой бус, нөгөө талд эрх шилжүүлэх боломж нөхцөл байхгүй, хууль зөрчсөн, дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн байхад шүүх ямар үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр, хууль ёсны хэлцэл гэж үзэж 1 545 642 872 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэгчид газрыг шилжүүлэх хууль зүйн боломжгүй байсан бөгөөд энэ нь гэрээнд заасан хүндэтгэн үзэх шалтгаан болно. Түүнчлэн гэрээг А ИХХК-ийг төлөөх эрхгүй этгээд болох н.Жаргалсайхантай байгуулсныг шүүх анхаараагүй. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 1 045 642 872 төгрөгийн үнэ бүхий арматурыг хүлээн авсан эсэхэд маргаагүй бөгөөд дээрх худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол гэрээний нөхцлүүдийг харгалзан үзэх ёстой.. Гэрээний 1.3-т зааснаар А ИХХК нь 3 000 000 000 төгрөгийн үнэ бүхий арматурыг нийлүүлэх үүрэгтэй байсан. Гэвч энэ үүргээ огт биелүүлээгүй. Гэтэл шүүх хариуцагч талыг гэрээний 5.2.2-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаар газрыг шилжүүлээгүй тул хэтэрсэн хоног тутамд 0.1 хувиар алданги төлөх үүрэгтэй гэж үзэж нэхэмжлэгчийн тооцсон 500 000 000 төгрөгийн алдангийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч ямар үндэслэлээр алдангид 500 000 000 төгрөг нэхэмжилсэн нь тодорхойгүй байх ба уг шаардлагаа баримтаар нотлоогүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ Монгол, Хятад хэл дээр 2 хувь үйлдэгдсэн бөгөөд гэрээний 12.4-т утга зөрүүтэй байвал хятад хэл дээр бичигдсэн хувилбарыг баримтална гэж маш тодорхой заасан. Хариуцагч талын өмгөөлөгчийн зүгээс уг гэрээний утга зөрж байгаа эсэхийг Хятад хэлний мэдлэггүй учир мэдэх боломжгүй, нотлох баримтыг эргэлзээгүй талаас үнэлэхийн тулд зайлшгүй орчуулга хийлгэх хүсэлтийг гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр татгалзсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

 

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн, уг маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг өөрчлөн залруулах боломжтой.

 

 

 

Нэхэмжлэгч А ИХХК нь арматур худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 045 642 872 төгрөг, алдангид 500 000 000 төгрөг, нийт 1 545 642 872 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б ГХХК эс зөвшөөрч маргажээ.

 

 

 

Зохигчид 2014 оны 07 сарын 28-ны өдрийн арматур худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь 9 000 000 000 төгрөгийн үнэ бүхий 7 500 тн арматур нийлүүлэх, хариуцагч нь 9 000 000 000 төгрөгөөр үнэлэгдэх гүйцэтгэх захирал Ц.Бнэр дээр өмчлөгдсөн, барилга барих зориулалттай хувийн өмчийн 30 000 м.кв буюу 3 га газрыг шилжүүлэхээр тохиролцсон байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүсчээ.

 

 

 

Нэхэмжлэгч нь хариуцагч арилжааны гэрээгээр тохирсон газрыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж өгөөгүй гэж нийлүүлсэн арматурын үнийг алдангийн хамт шаардсан буюу Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирол шаардаагүй байхад шүүх дээрх зүйл, заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Талууд гэрээний 1.3-т зааснаар ...бэлтгэн нийлүүлэх нийт 7 500 тонн арматурыг ... эхний 10 000 м.кв газрыг хүлээлгэн өгсөн акт хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дараа 2 500 тонн арматур, ... үлдэгдэл 10 000 м.кв газрыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дараа дараагийн 2 500 тонн арматур, ... 2015 оны 2 дугаар улиралд үлдэгдэл 10 000 м.кв газрын ашиглах эрхийг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дараа үлдэгдэл 2 500 арматурыг нийлүүлэхээр тохиролцжээ.

 

 

 

Хэргийн 5 дугаар талд авагдсан тооцоо нийлсэн актад хариуцагч 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 1 113.763 тн буюу 1 336 515 600 төгрөгийн үнэ бүхий арматур хүлээн авч, арматурын үнэд 1 115 642 872 төгрөг төлөхөөс 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 50 000 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 20 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 1 045 642 872 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй нь хариуцагч Б ГХХК-ийн нэхэмжлэгч А ИХХК-д 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн төлбөр төлөх тухай албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. /хх 6/

 

 

 

Талууд гэрээний 5.2.2-т газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шилжүүлээгүй тохиолдолд хоног тутам тухайн газрын үнэлгээний үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцохоор тохиролцсон байх ба хариуцагч нь 9 000 000 000 төгрөгөөр үнэлэгдэх, гүйцэтгэх захирал Ц.Бнэр дээр өмчлөгдсөн, барилга, барих зориулалттай хувийн өмчийн газрын 30 000 м.кв буюу 3 га газрыг нэхэмжлэгчид шилжүүлээгүй байна. Түүнчлэн, хэрэгт газрын өмчлөгч нь Ц.Б мөн эсэх баримтгүй байхын зэрэгцээ, 3 га газрын байршил, хэмжээ нь гэрээнд тусгагдаагүй байна.

 

 

 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3.1.2, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай компанид газрын өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй байхад гадаадын хөрөнгө оруулалттай компани болох А ИХХК нь бэлтгэн нийлүүлсэн арматурын үнэд хариуцагч компанийн захирлын өмчлөлийн газрыг шилжүүлэн авахаар тохиролцсон байна.

 

 

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гэрээний нийт үнэ болох 9 000 000 000 төгрөгөөс анз тооцож, хариуцагчаас алдангид 500 000 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Нэхэмжлэгч нь хариуцагчийг 1 045 642 872 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр анз шаардах эрхтэй боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, нэхэмжлэгч нь эхний 2 500 тонн арматурын зарим хэсэг болох 1 113.763 тонн арматур нийлүүлж, үлдэх хэсгийг нийлүүлэхгүй зогсоосон, гэрээ цуцлагдсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар алдангийн хэмжээг багасгах боломжтой байх тул хариуцагчаас алдангид 100 000 000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

 

Хариуцагчийн гэрээний хятад хувилбарыг монгол хэлээр орчуулах тухай тодорхой бус хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж үндэслэлтэй. Учир нь гэрээний 12.4 дэх хэсэгт гэрээний агуулга зөрвөл хятад хувилбарыг барина гэж заасан байх ба хариуцагч нь гэрээний монгол, хятад хувилбарын аль хэсэгт ямар агуулга зөрчсөн болохыг тодорхой заагаагүй тул анхан шатны шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлтэй.

 

 

 

Мөн хариуцагч компанийн гүйцэтгэх захирал буюу тухайн өмчлөгч болох Ц.Б нь хүлээн авсан арматурын үнийг төлөхөө удаа дараа албан бичгээр хүлээн зөвшөөрч байсан байх тул Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гэрээ байгуулахдаа газрын өмчлөгч Ц.Бзөвшөөрлийг аваагүй тул гэрээ нь хүчин төгөлдөр бус гэх гомдол үндэслэлгүй.

 

 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн шүүгч Д.Энхцэцэгийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шүүгч Ж.Сэмжид шийдвэрлэсэн байх ба хэрэгт Ерөнхий шүүгчийг орлох эрхгүй шүүгч дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн гэх баримтгүй тул татгалзлыг зохих журмын дагуу шийдвэрлэсэн гэж үзнэ.

 

 

 

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт үнийн дүнгийн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/02191 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 219 дүгээр зүйлийн 219.1 гэснийг хасч, 1 545 646 872 төгрөг гэснийг 1 145 642 872 төгрөг гэж өөрчилж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад хариуцагч Б ГХХК-аас 5 886 164 төгрөг гаргуулж гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 044 115 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ