Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2191

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 08 өдөр                   Дугаар 183/ШШ2018/02191                             Улаанбаатар хот

 

                                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А ИХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:, Б Г ХХК /РД: /-д холбогдох,

арматур худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,545,642,872 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гантулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай А ИХХК 2014.07.28-ны өдөр Б Г ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батбаярын хүсэлтээр Б Г ХХК-тай арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Ц.Батбаярын бид нарт өөрийн өмчлөлийн 30 мянган мк.в буюу 3 га газраа санал болгосон. Ингээд бид нар 08 дугаар сарын 01-ний өдрөөс арматураа Б Г ХХК-д тасралтгүй нийлүүлж явж байгаад Б Г ХХК-д эргээд гэрээнийхээ хариуцлагыг биелүүлнэ үү, газраа шилжүүлж өгнө үү гэх хүсэлтийг удаа дараа албан бичгээр тавиад, уулзъя гэсэн ч Ц.Батбаяр нь олддоггүй. Ингэж явсаар тэр газрыг өөр хүмүүс эзэмшээд барилга байгууламж барьж байсныг бид нар мэдсэний үндсэн дээр нийлүүлэлтээ зогсоосон байгаа. Тэгээд өөр хүмүүс манайд өгнө гэж байсан газрыг эзэмшээд барилга байгууламж бариад эхэлж байгаа талаар  хариуцагчид хүсэлт тавьсан. Тэгэхэд Б Г ХХК-иас 2017.03.17-ны өдөр “танайд арматурын үнийг төлнө, 1,045,642,872 төгрөгийг төлнө” гэсэн албан бичгийг манайд ирүүлсэн. Тэрнээс хойш бид нар мөнгөө авах гээд цагдаагаар яваад бүтээгүй, арга буюу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байгаа. 08 дугаар сард бид нар алданги тооцоод 500 сая төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж шаардсан. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь хэсэгт заасны дагуу нэмж нэхэмжилсэн. Ингээд нийт 1,545,642,872 төгрөгийг нэхэмжилж байгаа” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. А ИХХК-ийг төлөөлж н.Жаргалсайхан этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан. 07 дугаар сарын 28-ны өдөр н.Чулуунчимэг этгээд гүйцэтгэх захирлаар томилогдсон байсан. Компанийн тухай хуульд зааснаар эрх бүхий этгээд гэрээ байгуулаагүй. Бүрэн эрхийн дагуу олгогдоогүй этгээд гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага алдангийг яаж тооцсон талаар тодорхой баримт байхгүй. Мөн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь хэсэгт зааснаар газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шилжүүлээгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутам тухайн газрын үнэлгээний нийт үнийн дүнгийн 0,1%-ийн алдангийг А тал төлнө гэсэн. Энэ нь өөрөө Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох заалтыг зөрчсөн учраас гэрээний 5.2.2 дахь уг заалт нь хүчин төгөлдөр бус заалт. Хүчин төгөлдөр бус заалтаар шаардах эрх үүсэхгүй. Гэрээг эрх бүхий этгээд байгуулаагүйгээс гадна гэрээний монгол хэл дээрх заалтаар нэхэмжилж байгаа боловч энэ гэрээний 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт энэ гэрээний утгууд зөрүүтэй байвал хятад хувилбарыг баримтална гэж заасан. Энэ гэрээг баримталж нэхэмжлэл гаргаж байгаа бол гэрээний хятад хувилбар нь ямар утга агуулгатай байсан талаар тодорхой биш. Тэгэхээр уг гэрээний дагуу шүүхээр шийдвэр гаргуулах ямар нэгэн хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэв.

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх А ИХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А ИХХК нь арматур худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,045,642,872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Б Г ХХК-д холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 500,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 1,545,646,872  төгрөг нэхэмжилсэн байна.

Хариуцагч тал арматур худалдах, худалдан авах гэрээг эрх бүхий этгээд байгуулаагүй, гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд А ИХХК, Б Г ХХК нарын хооронд 2014.07.28-ны өдөр №100 дугаар арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний 1.2-т “...гүйцэтгэх захирал Ц.Батбаярын нэр дээр өмчлөгдсөн, барилга, барих зориулалттай хувийн өмчийн газрын 300,00 кв.м 3 газрыг А талд 9,0 тэрбум төгрөгөөр үнэлж хөрөнгө оруулалт хийж шилжүүлэх, А тал арматураа 1 тн тутмыг 1,200,000 төгрөгөө 8-10 катинг болон 10-25 ариматур өгөхөөр, нийт 7500 тн арматур нь 9,0 тэрбум төгрөг болох”, гэрээний 1.3-т шилжүүлэх газар болон арматурын талаар, гэрээний 5.2.2-т газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шилжүүлээгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутам тухайн газрын үнэлгээний үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлөхөөр тус тус тохирсон байна.

Хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон байх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан  арилжааны гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүргийг тус тус хүлээнэ.

Иргэний хуулийн 247 дүгээр зүйлийн 274.2-т “арилжааны гэрээгээр талууд нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болно”, 274.3-т “арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэж тус тус заажээ.

2014.10.31-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар А ИХХК, Б Г ХХК-ийн хоорондын 2015.01.01-ний өдрөөс 2016.12.31-нийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ 2 байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангүй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Б Г ХХК-нь А ИХХК-иас 1,336,515,600 төгрөгийн арматурыг хүлээн авсан болохыг харилцан баталсан байна.  

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно”, 248.2-т “худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж зааснаар хариуцагч гэрээний зүйлийг хүлээн авсан байна.

А ИХХК-д хүргүүлсэн төлбөр төлөх талаарх Б Г ХХК-ийн 2017.03.17-ны өдрийн 125 дугаар албан бичгээс үзвэл хариуцагч тал нь гэрээний төлбөр болох 1,115,642,872 төгрөг төлөхөөс 2017.01.18-ны өдөр 50,000,000 төгрөг, 2017.02.06-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус төлсөн үлдэгдэл 1,045,642,872 төгрөгийг төлөхөө мэдэгдэж уулзалт хийж төлбөрийн хуваарь гаргах саналыг хүргүүлсэн байна.

Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3-т зааснаар худалдсан эд хөрөнгийг хэсэг хэсгээр нийлүүлэх тохиолдолд нэг тал нь эд хөрөнгийг нийлүүлэх нэг удаагийн үүргээ биелүүлээгүйгээс дараагийн нийлүүлэлт биелэгдэхгүй байх бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал нь энэ хуулийн 204.2, 219.2-т заасан хугацаа өнгөрсний дараа гэрээний үүргээсээ татгалзаж болно.

Хариуцагч тал хэсэгчлэн биелүүлэх үүргээ зөрчсөн, 2015 оны 2 дугаар улиралд гэрээний хугацаа дуусгавар болсон, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд гол үүргийн гүйцэтгэлийн оронд шаардсан хохирлын хэмжээг өөрт учирсан хохирол буюу үлдэгдэл төлбөрийн хэмжээгээр тодорхойлсон нь үндэслэлтэй гэж үзлээ.

 Б Г ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батбаярын гарын үсэг бүхий удаа дараагийн албан тоотоос үзэхэд үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй, 1,045,642,872 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д зааснаар хүлээн зөвшөөрсөнөөр гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл нь нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2.2-т газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шилжүүлээгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутам тухайн газрын үнэлгээний үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлөхөөр тус тус тохирсон байх тул нэхэмжлэгчийн тооцсон 500,000,000 төгрөгийг хангах үндэслэлтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118  дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 249 дүгээр зүйлийн 249.3, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар Б Г ХХК-иас 1,545,646,872 төгрөг гаргуулж А ИХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б Г ХХК-иас 8,044,115 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ИХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 8,044,115 /5,386,165+2,657,950/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ