Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/02285

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/02285

 

 

 

Л.Баясгалангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/01721 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Баясгалангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сандэй ХХК-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг даалгах, хохиролд 800 403 850 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сандэй ХХК-тай худалдаа, үйлчилгээний барилгын хөрөнгө оруулалтын 12/0106 дугаартай гэрээг байгуулан, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгын 12 дугаар давхрын 1207, 1208 тоотод байрлах нийт 212,6 м.кв оффисын зориулалттай талбайг 1 м.кв-ыг нь 2 700 ам.доллараар тооцож, нийт 574 020 ам.доллараар худалдаж авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 155 367 ам.доллар буюу 220 127 073 төгрөгийг 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бэлнээр төлж, үлдсэнийг графикийн дагуу бүрэн төлж дуусгасан. Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д ... энэ гэрээний 1.1-д дурьдсан барилгын 12 давхарын 7, 8 тоот, 212,6 м.кв-ыг иж бүрэн, чанар сайтай барьж 2012 оны 01 дүгээр улиралд багтаан хөрөнгө оруулагчид өгнө ... гэж заасан боловч гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, захиалагчийн зүгээс төлбөрөө бүрэн төлж худалдаж авсан талбайгаа ашиглах боломжийг олгохгүй бүтэн нэг жил гаруй хугацаанд хүлээлгэн чирэгдэл учруулж сэтгэл санааны болон эдийн засгийн хувьд маш их хохироосон. Сандэй ХХК-ийн зүгээс 12/0106 тоот гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах санал тавьсны дагуу талууд нэмэлт гэрээ байгуулсан. Энэхүү нэмэлт гэрээгээр гүйцэтгэгч буюу Сандэй ХХК нь ... үндсэн гэрээний 3.1-д заасан ажлын үр дүнг хөрөнгө оруулагчид 2013 оны 3 дугаар сарын 15-нд хүлээлгэж өгөх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гаргаж өгөх ба хэрэв тогтсон хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам үндсэн төлбөрийн 0,1 хувиар алдангийг хөрөнгө оруулагчид төлнө гэж тохиролцсон. Гэтэл гүйцэтгэгч буюу Сандэй ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчид гаргаж өгөхгүй чирэгдүүлсээр байгаа бөгөөд оффисын гэрчилгээгээ авахаар удаа дараа шаардсан боловч ... аливаа асуудлаар шүүхэд гомдол гаргахгүй гэж гарын үсэг зурсан тохиолдолд бичиг баримтыг хүлээлгэж өгнө ... гэсээр өнөөдрийг хүргээд байна. Захиалагч буюу нэхэмжлэгчийн зүгээс дээрх оффис, үйлчилгээний талбайн хэмжилтийг 9011121029 улсын бүртгэлийн дугаартай, 5168465 perистрийн дугаартай, ЗТ19-136/13 тусгай зөвшөөрлийн дугаартай Инжкон ХХК-иар 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хэмжилт хийлгэхэд цэвэр ашигтай талбайн хэмжээ 182,72 м.кв буюу гэрээнд заасан хэмжээнээс даруй 29,88 м.кв талбай дутуу байгаа нь тогтоогдсон. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс дутуу олгогдсон 29,88 м.кв талбайг худалдаж авахад зориулж Улаанбаатар хотын банктай 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр №ОСЗГ0001/130528 зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулан 230 000 000 төгрөгийг жилийн 15.60 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд энэхүү зээлийн гэрээний хүүд 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 31 cap буюу 2 жил 7 дугаар сарын хугацаанд нийт 33 980 ам.долларын хүү төлсөн. Энэ нь гүйцэтгэгч талын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан бодит хохирол гэж үзэж байна. Учир нь худалдан авсан оффис, үйлчилгээний талбай нь 212,6 м.кв бус 182,72 м.кв хэмжээтэй гэдгийг мэдсэн бол 230 000 000 төгрөгийн зээл авах хэрэгцээ, шаардлага захиалагчид гаргахгүй байсан. Мөн нэмэлт гэрээний 1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам үндсэн төлбөрийн 0,1 хувиар алданги тооцож, хөрөнгө оруулагчид төлнө гэж заасны дагуу хугацаа хэтэрсэн хоногийг 2013 оны 7 дугаар сарын 15-аас хойш тооцвол 860 хоногийн 493 657.2 ам.долларын алдангийг захиалагчид төлөхөөр байгаа хэдий ч хуульд заасны дагуу үндсэн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа учраас гэрээний үнийн дүн болох 574 020 ам.долларын 50 хувь болох 287 010 ам.долларын алдангийг гүйцэтгэгч нь захиалагчид төлөх үүрэгтэй байна. Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хэмжээнээс дутуу талбайг хүлээлгэн өгсөн учраас захиалагчаас буюу Л.Баясгалангаас 29,88 м.кв дутуу талбайн үнэд илүү төлсөн 80 676 ам.долларыг төлөх үүрэгтэй. Иймд хариуцагч Сандэй ХХК-иас худалдаа үйлчилгээний талбайн м.кв-ын зөрүүд илүү төлсөн 80 676 ам.доллар буюу 160 763 871 төгрөг, гэрээний дагуу алдангид 287 010 ам.доллар буюу 571 927 697 төгрөг, хохирол 33 980 ам.доллар буюу 67 712 285 төгрөг, нийт 401 666 ам.доллар буюу 800 403 850 төгрөгийг гаргуулж, 7, 8 тоот оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 182,72 м.кв талбайтайгаар захиалагчийн нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү. Бид ам.долларын ханшийг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийнхөө буюу Монголбанкны албан ёсны ханш болох 1 992.71 төгрөгөөр тооцсон гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын 2012 оны 01 дүгээр сарын 06-нд хийсэн гэрээнд барилгын 12 дугаар давхрын 7, 8 тоот 212,6 м кв талбайг /үүнд нь нийтийн эзэмшлийн талбай орж байгаа/ авахаар тохиролцсон. Талууд 2015 оны 3 дугаар сарын 11-нд гэрээгээ дүгнэж акт үйлдэж, түүнд нэхэмжлэгч гарын үсгээ зурсан. Нэхэмжлэгч нь 2015 оны 5 дугаар сарын 25-нд Инжкон ХХК-иар талбайн хэмжилт хийлгүүлсэн байдаг боловч тус компани нь нормын дагуу хэмжилт хийгээгүй, оффис үйлчилгээний зориулалттай барилгын талбайд хөлийн өрөөний талбайг оролцуулж тооцоогүй. Шүүхээс талбайн хэмжээг гаргуулахаар шинжээч томилсон боловч хэмжих багаж нь баталгаажсан нь харагдахгүй, ямар багажаар хэмжсэн нь тодорхойгүй, мөн баримталбал зохих норм дүрмийг баримтлаагүй байна. Нэхэмжлэгч нь 2013 оны 7 дугаар сараас талбайгаа ашиглаж эхэлсэн нь хэрэглээний төлбөр төлж байсан баримтаар тогтоогдож байгаа. Өмчлөх эрхийн гэрчилгээний хувьд нэхэмжлэгч өөрөө гэрчилгээгээ хөөцөлдөж авах байсан. Бид өөрсдийн зүгээс холбогдох бичиг баримтыг Эрхийн бүртгэлийн газарт 2013 оны 12 дугаар сард явуулсан бөгөөд энэ үед тооцоогоо нийлж гэрчилгээгээ гаргуулж авах талаар худалдан авагчиддаа хэлж байсан. Манайхыг ямар бичиг баримт өгөөгүй гээд байгааг ойлгохгүй байна, авъя гэсэн үед нь тооцоо дууссан гэсэн бичиг, гэрээ дүгнэсэн актыг өгсөн. Өөр биднээс нэхсэн зүйл ч байхгүй. Одоо өөрсдөө хүсэлтээ гаргаад өмчлөх эрхээ бүртгүүлэх ёстой. Уг барилгыг 2013 оны 7 дугаар сарын 24-нд улсын комисс хүлээн авсан. Манай компани санхүүгийн хямралаас болж компани хүнд нөхцөлд орсныг Худалдаа аж үйлдвэрийн танхим нотолсон байгаа. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан учраас хуульд заасан доголдлын талаар гомдол гаргах хугацаа дууссан учраас манай компанийн хувьд нэхэмжлэгчийн м.кв-ын зөрүүд илүү төлсөн 80 676 ам.доллар, гэрээний дагуу алдангид 287 010 ам.доллар, хохирол 33 980 ам.доллар, нийт 401 666 ам.доллар буюу 800 403 850 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 7, 8 тоот буюу 1207, 1208 тоот оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 182,72 м.кв талбайтайгаар би анх гэрээ хийсэн 212,6 м.кв талбайтайгаар Л.Баясгалангийн нэр дээр гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.4-т тус тус зааснаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пийс товер оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 12 дугаар давхрын 7, 8 буюу 1207, 1208 тоот талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг 182,72 м.кв талбайн хэмжээтэйгээр нэхэмжлэгчид гаргуулж өгөхийг хариуцагчид даалгаж, хариуцагч Сандэй ХХК-иас 639 639 979 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Баясгаланд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 160 763 871 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60,1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 159 970 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сандэй ХХК-иас 3 356 149 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан шүүхийн нөхөн төлүүлэх зардал шинжээчийн дүгнэлтийн төлбөр 3 000 000 төгрөгийг хариуцагч Сандэй ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Л.Баясгаланд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/01721 дүгээр шийдвэртэй Л.Баясгалангийн нэхэмжлэлтэй Сандэй ХХК-д холбогдох үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 182,72 м.кв талбайтайгаар захиалагчийн нэр дээр гаргуулахыг даалгах, дутсан гэх 29,88 м.кв талбайн үнэд 80676 ам доллар, гэм хорын хохирол буюу зээлийн хүүд төлсөн гэх 33 980 ам доллар, алданги 287 010 ам доллар, нийт 401 666 ам доллар буюу 800 403 850 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч Сандэй ХХК-ийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдаж байна. Доголдлын тухайд шүүхээс дүгнэхдээ хавтас хэргийн 15 Инжкон ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн байна гэсэн бол уг дүгнэлт нь182,72 м.кв буюу барилгын ашигтай талбай тооцсон тэмдэглэл гэсэнд нь гэрээний 1.1-д заасан нийтийн эзэмшлийн талбайн хамт 212,6 м.кв талбай байна гэсээр байхад нийтийн эзэмшлийн талбайн хэмжээг тооцоогүй орхигдуулан хэмжсэн. Хавтас хэргийн 95 дугаар талд шүүхээс томилсон Мөнх оргил трейд ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд мөн ашигтай талбайн хэмжээ 182,25 м.кв гэсэн нь нийтийн эзэмшлийн талбайн хэмжээг тооцоогүй орхисон, энэ талаараа нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны тэмдэглэл, хавтас хэргийн 123 талд тайлбарлахдаа шинжээч дүгнэлт гаргахдаа зөвхөн ашигтай талбайг тооцох ёстой тэр утгаараа нийтийн эзэмшлийн талбай орох ёсгүй гэсэн нь нийтийн эзэмшил буюу өрөөний гадна талын хөлийн өрөө коридорыг хэмжээгүй гэдгээ зөвшөөрсөн байдаг. Хавтас хэргийн 127, 128 дугаар талд Стандартчлал хэмжил зүйн газрын албан бичгүүдээс үзвэл хэмжилт хийхэд баримталсан MNS 6058:2009 стандарт нь зөвхөн орон сууцны доторхи талбайн хэмжээг тооцоход хэрэглэх бөгөөд оффис үйлчилгээний талбайн хэмжээг тооцоход БНбД 31-03-03 аргачлалыг баримталж болно гэсэн нь тус харилцаанд төсөөтэй хэрэглэж болох баримт нь БНбД 31-03-03 аргачлал байж болно. Инжкон ХХК дүгнэлтээ гаргахдаа энэхүү аргачлалыг дурдсан хэдий ч олон нийт, иргэний барилгын ашигтай талбай, барилгын эзлэхүүн, барилгажих талбай, барилгын давхаргыг тооцох 4 дүгээр хавсралтын дагуу энэхүү хэмжилтийг хийгээгүй. Уг 4 дүгээр хавсралтаар 3 дугаар хэсэгт барилгын ашигтай талбай нь тухайн барилгын өрөө, тасалгаа, танхим, тагт, хөлийн өрөөний нийлбэр байна гэжээ. Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12/0106 тоот гэрээний 1.1-т нийтийн эзэмшлийн талбайн хамт 212,6 м.кв байхаар тохиролцсоноос гадна, 1.2-т ... 2 тал харилцан тохиролцож өөрчлөлт оруулсан, өрөөний зохион байгуулалтын зураг зэрэг нь гэрээний салшгүй хэсэг мөн гэсэн заалтууд нь өнөөдрийг хүртэл тус тус хүчин төгөлдөр байна. Энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар нэхэмжлэгч маргаагүй. Нийтийн эзэмшлийн талбай гэдэгт 1207, 1208 тоотын гадна талын хөлийн өрөө буюу коридор хамаарч байгаа бөгөөд гэрээний нэг тал болох худалдан авагч үүнийг мэдсээр байж зориуд түүнийг орхин хэмжилт хийлгэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүхээс томилогдсон Талын гурван чулуу ХХК нь ч мөн хөлийн өрөө коридорыг дотор талд байх мэтээр хэмжсэн нь зориуд мэдэн будилж хууль бус дүгнэлт гаргасан явдал юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч худалдан авсан талбайдаа доголдол илэрсэн гэдгийг нотолж чадаагүй. Нэхэмжлэгч нь маргаан бүхий хөрөнгөө 2013 оны 5 дугаар сарын 28-нд УБ хотын банканд барьцаалахдаа талбайн хэмжээ 212,6 м.кв үнэ 574 020 ам.доллароор үнэлэн барьцаалсан байдаг нь энэ хөрөнгийг 100 хувь эдийн засгийн эргэлтэд оруулж үр ашгийг нь хүртсэн. Ашиглалтын төлбөрийг 2016 оны турш 214,2 м.кв-аар төлсөн байдаг зэрэг нь доголдлын талаар гаргасан шаардлагыг үгүйсгэх нөхцөл юм. Шүүхээс гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан гэж талбайн зөрүүд ногдох мөнгөн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ч доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн нь Инжкон ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдож байна. Үүнтэй холбоотойгоор 182,72 м.кв талбайн хэмжээтэйгээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь дээрх үндэслэлүүдээр буруу байна. Алдангийн хувьд нэгдүгээр талууд алдангийн талаар тохиролцсон хуульд нийцсэн хүчин төгөлдөр тохиролцоо байгаа эсэхийг анхаарах нь зүйтэй. Талуудын хооронд 2012 онд байгуулагдсан үндсэн гэрээнд алдангийн талаархи зохицуулалт байхгүйгээс гадна 2013 оны 01 дүгээр сараас гэрээний зүйл болох хөрөнгийг худалдан авагч хүлээн авч ашиглаж эхэлсэн атлаа хавтас хэргийн 10 дахь талд байх нэмэлт өөрчлөлтөөр "... 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам үндсэн төлбөрийн 0,1 хувиар алдангийг хөрөнгө оруулагчид төлөхөөр үүрэг хүлээсэн гэж шаардсан шаардлага нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчсөн. Хавтас хэргийн 12 дугаар талд хариуцагч Сандэй ХХК-иас 2013 оны 9 дүгээр сарын 02-нд нэхэмжлэгчид гаргаж өгсөн тодорхойлолтоор үлдэгдэл төлбөрөө бүрэн төлж тооцоогүй болсон нь үнэн гэснээс үзвэл уг тодорхойлолтоор үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах бүрэн боломжтойн дээр гэрчээр Б.Гүнжээ байцаагдахдаа 2013 оны 12 дугаар сард гэрчилгээ олгогдох өмчлөгч нарын нэрсийн жагсаалтад Л.Баясгалангийн нэрийг улсын бүртгэлийн байгууллагад явуулсан гэснээс үзвэл нэхэмжлэгч өөрөө эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд Сандэй ХХК гэрчилгээ гаргаж өгөх үүрэг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хавтас хэргийн 147 дугаар талд МҮХАҮТанхимын хүнд нөхцөл байдлын гэрчилгээнд Л.Баясгалантай байгуулсан 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12/0106 дугаартай худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ иргэн Л.Баясгалангийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тус гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон холбогдох бичиг баримт, зах зээлийн судалгааг үзэхэд Монгол Улсын үүсээд байгаа эдийн засгийн хямрал, барилгын салбарын тогтворгүй байдал нь тус компанид дээрх гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй, хүнд нөхцөл байдал үүссэнийг тодорхойлж Сандэй ХХК-д энэхүү гэрчилгээг олгож байна гэх баримт нь үндсэн гэрээгээр анх тохиролцсон барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгөх хугацаа хожимдуулсан нь давагдашгүй хүчин зүйл болохыг нотолсон баримт юм. Дээрх үйл баримтууд тогтоогдсоор байхад хууль бус алдангийн талаарх шаардлагыг ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн хохиролтой холбоотой шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-ээр шаардах эрхтэй, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар хариуцагч Сандэй ХХК нь 212,6 м.кв талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, 182,72 м.кв талбай буюу 29,88 м.кв дутуу талбайг нэхэмжлэгчид шилжүүлсэн нь тогтоогдсон тул хариуцагчаас нэхэмжлэгчийн зээлийн хүүнд төлсөн 33 980 ам.долларын хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн. Доголдол илэрсэн гэдгээ нэхэмжлэгч нотлоогүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь худалдан авсан нийт талбайдаа хэмжилт хийлгээгүй буюу нийтийн эзэмшлийн талбайг орхин хэмжсэн нь тодорхой байхад дутуу талбай шилжүүлснээс үүрэг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Сандэй ХХК өөрийн санаачилгаар аль нэг банкны санхүүжилтээр хөрөнгөө худалдаагүй. Энэ талаар гэрээгээр тохиролцсон зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь санхүүгийн ямар эх үүсвэрээр хөрөнгө худалдан авах нь Сандэй ХХК-д хамааралгүй зүйл юм. Өөрөөр хэлбэл Сандэй ХХК-ийн буруугаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэх шалтгаант холбоо тогтоогдоогүй. Хариуцагчаас субьектив байдал үгүйсгэгдэж байдаг. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6 дахь хэсэгт зааснаар Сандэй ХХК хариуцагчаас чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэл бүрэн тогтоогдсон. Иймд шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Баясгалан нь хариуцагч Сандэй ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг даалгах, талбайн зөрүү буюу эд хөрөнгийн доголдолд 160 763 871 төгрөг, алданги 571 927 697 төгрөг, хохирол 67 712 285 төгрөг, нийт 800 403 850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Сандэй ХХК нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, үйлчилгээний зориулалттай 12 давхар барилгаас 212.6 м.кв талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 574 020 ам.долларыг хариуцагчид төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Улмаар 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, уг өөрчлөлтөөр Сандэй ХХК нь Л.Баясгаланд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг 2013 оны 7 сарын 15-ны өдөр гаргаж өгөх, хэрэв тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам үндсэн төлбөрийн 0,1 хувийн алдангийг төлөх хөрөнгө оруулагчид төлөх,

Хөрөнгө оруулагч нь төлбөрийн үлдэгдэл болох 160 735 ам.долларыг 2013 оны 6 сарын 15-ны дотор төлөх, хэрэв тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд 0,1 хувийн алдангийг гүйцэтгэгч талд төлөх үүргийг тус тус хүлээсэн нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, талуудын байгуулсан гэрээ зэргээр тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 7-10 дугаар тал/

 

Талуудын байгуулсан гэрээний харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч Л.Баясгалан нь талбайн зөрүү буюу эд хөрөнгийн доголдолд 160 763 871 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч эд хөрөнгийг хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан байх тул эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж, нэхэмжлэлээс дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасантай нийцсэн, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэхээр байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах гэж тодорхойлсон боловч хариуцагч Сандэй ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчид олгох үүргийг гэрээгээр хүлээгээгүй бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээг олгох эрх бүхий этгээд нь хариуцагч Сандэй ХХК биш юм.

 

Нөгөө талаар 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан ба уг өөрчлөлтөөр Сандэй ХХК нь Л.Баясгаланд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх бус үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөх үүргийг хүлээсэн байна.

 

Хариуцагч татгалзалдаа өөрийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгч талд бүрэн өгсөн, нэхэмжлэгч Л.Баясгалан нь улсын бүртгэлийн байгууллагад хандаж, гэрчилгээгээ авах боломжтой гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч Л.Баясгалан нь улсын бүртгэлийн гэрчилгээ авах талаар улсын бүртгэлийн байгууллагад хандсан эсэх нь тодорхойгүй, гэрчилгээ гаргахад ямар баримт бичиг дутуу байгаа, худалдагч тал болох хариуцагч Сандэй ХХК-ийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардагдах ямар баримт бичгийг нэхэмжлэгчид гаргаж өгөөгүй гэдэг нь баримтаар нотлогдоогүй болно.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Сандэй ХХК нь нэхэмжлэгч Л.Баясгаланг төлбөр тооцоогүй болохыг 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 03/03 дугаар албан бичгээр тодорхойлж байсан бөгөөд 2015 оны 3 сарын 11-ний өдөр талууд гэрээ дүгнэсэн акт үйлдэж байсан зэргээс дүгнэвэл хариуцагч Сандэй ХХК нь нэхэмжлэгч Л.Баясгалангийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна. /1-р хх-ийн 11-12-р тал/

 

Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар үүргээ зөрчсөн гэх үндэслэлгүй байх тул 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөд зааснаар алданги 571 927 697 төгрөг, хохиролд 67 712 285 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй болно.

 

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Сандэй ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг даалгах, талбайн зөрүү буюу эд хөрөнгийн доголдолд 160 763 871 төгрөг, алданги 571 927 697 төгрөг, хохирол 67 712 285 төгрөг, нийт 800 403 850 төгрөг гаргуулах тухай Л.Баясгалангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/01721 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар хариуцагч Сандэй ХХК-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг даалгах, хохиролд нийт 800 403 850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Баясгалангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 356 149 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Г.ДАВААДОРЖ