Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1721

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хунгийн хотхон АОС 56 дугаар байрны 04 тоотод оршин суух, Тайж нар овогт Л.Б /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, С ХХК /РД:/-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 182.72 м.кв талбайтайгаар захиалагчийн нэр дээр гаргуулахыг даалгах, хохиролд 401,666 ам.доллар буюу 800,403,850 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, түүний өмгөөлөгч Г.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгч нь 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр С ХХК-тай Худалдаа, үйлчилгээний барилгын хөрөнгө оруулалтын 12/0106 дугаартай гэрээ-г байгуулан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгын 12 дугаар давхрын 1207, 1208 тоотод байрлах нийт 212.6 м.кв оффисын зориулалттай талбайг 1 м.кв-ыг нь 2,700 ам.доллараар тооцож, нийт 574,020 ам.доллараар худалдаж авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

 

Энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 155,367 ам.доллар буюу 220,127,073 төгрөгийг 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бэлнээр төлж, үлдсэнийг графикийн дагуу бүрэн төлж дуусгасан.

 

Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д ... энэ гэрээний 1.1-д дурьдсан барилгын 12 давхарын 7, 8 тоот, 212.6 м.кв-ыг иж бүрэн, чанар сайтай барьж 2012 оны 01 дүгээр улиралд багтаан хөрөнгө оруулагчид өгнө... гэж заасан боловч гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, захиалагчийн зүгээс төлбөрөө бүрэн төлж худалдаж авсан тайлбайгаа ашиглах боломжийг олгохгүй бүтэн нэг жил гаруй хугацаанд хүлээлгэн чирэгдэл учруулж сэтгэл санааны болон эдийн засгийн хувьд маш их хохироосон.

 

С ХХК-ийн зүгээс 12/0106 тоот гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах санал тавьсны дагуу талууд нэмэлт гэрээ байгуулсан. Энэхүү нэмэлт гэрээгээр гүйцэтгэгч буюу С ХХК нь ...үндсэн гэрээний 3.1-д заасан ажлын үр дүнг хөрөнгө оруулагчид 2013 оны 3 дугаар сарын 15-нд хүлээлгэж өгөх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гаргаж өгөх ба хэрэв тогтсон хугацаанд гаргаж өгөөгуй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам үндсэн төлбөрийн 0.1 хувиар алдангийг хөрөнгө оруулагчид төлнө... гэж тохиролцсон.

 

Гэтэл гүйцэтгэгч буюу С ХХК нь өнөөдрийг гэрээний үүргээ биелүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчид гаргаж өгөхгүй чирэгдүүлсээр байгаа бөгөөд оффисын гэрчилгээгээ авахаар удаа дараа шаардсан боловч ...аливаа асуудлаар шүүхэд гомдол гаргахгүй гэж гарын үсэг зурсан тохиолдолд бичиг баримтыг хүлээлгэж өгнө... гэсээр өнөөдрийг хүргээд байна.

 

Захиалагч буюу нэхэмжлэгчийн зүгээс дээрх оффис, үйлчилгээний талбайн хэмжилтийг 9011121029 улсын бүртгэлийн дугаартай, 5168465 perистрийн дугаартай, ЗТ19-136/13 тусгай зөвшөөрлийн дугаартай Инжкон ХХК-иар 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хэмжилт хийлгэхэд цэвэр ашигтай талбайн хэмжээ 182.72 м.кв буюу гэрээнд заасан хэмжээнээс даруй 29.88 м.кв талбай дутуу байгаа нь тогтоогдсон.

 

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс дутуу олгогдсон 29.88 м.кв талбайг худалдаж авахад зориулж Улаанбаатар хотын банктай 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр №ОСЗГ0001/130528 зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулан 230,000,000 төгрөгийг жилийн 15.60 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд энэхүү зээлийн гэрээний хүүд 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 31 cap буюу 2 жил 7 сарын хугацаанд нийт 33,980 ам.долларын хүү төлсөн.

 

Энэ нь гүйцэтгэгч талын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан бодит хохирол гэж үзэж байна. Учир нь худалдан авсан оффис, үйлчилгээний талбай нь 212.6 м.кв бус 182.72 м.кв хэмжээтэй гэдгийг мэдсэн бол 230,000,000 төгрөгийн зээл авах хэрэгцээ, шаардлага захиалагчид гаргахгүй байсан.

 

Мөн нэмэлт гэрээний 1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам үндсэн төлбөрийн 0.1 хувиар алданги тооцож, хөрөнгө оруулагчид төлнө гэж заасны дагуу хугацаа хэтэрсэн хоногийг 2013 оны 7 дугаар сарын 15-наас хойш тооцвол 860 хоногийн 493,657.2 ам.долларын алдангийг захиалагчид төлөхөөр байгаа хэдий ч хуульд заасны дагуу үндсэн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа учраас гэрээний үнийн дүн болох 574,020 ам.долларын 50 хувь болох 287,010 ам.долларын алдангийг гүйцэтгэгч нь захиалагчид төлөх үүрэгтэй байна.

 

Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хэмжээнээс дутуу талбайг хүлээлгэн өгсөн учраас захиалагчаас буюу Л.Бгаас 29.88 м.кв дутуу талбайн үнэд илүү төлсөн 80,676 ам.долларыг төлөх үүрэгтэй.

 

Иймд хариуцагч С ХХК-иас худалдаа үйлчилгээний талбайн м.кв-ын зөрүүд илүү төлсөн 80,676 ам.доллар буюу 160,763,871 төгрөг, гэрээний дагуу алдангид 287,010 ам.доллар буюу 571,927,697 төгрөг, хохирол 33,980 ам.доллар буюу 67,712,285 төгрөг, нийт 401,666 ам.доллар буюу 800,403,850 төгрөгийг гаргуулж, 7, 8 тоот оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 182.72 м.кв талбайтайгаар захиалагчийн нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

Бид ам.долларын ханшийг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийнхөө буюу Монгол банкны албан ёсны ханш болох 1,992.71 төгрөгөөр тооцсон гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Талуудын 2012 оны 01 дүгээр сарын 06-нд хийсэн гэрээнд барилгын 12 дугаар давхрын 7, 8 тоот 212.6 м кв талбайг /үүнд нь нийтийн эзэмшлийн талбай орж байгаа/ авахаар тохиролцсон.

 

Талууд 2015 оны 3 дугаар сарын 11-нд гэрээгээ дүгнэж акт үйлдэж, түүнд нэхэмжлэгч гарын үсгээ зурсан. Нэхэмжлэгч нь 2015 оны 5 дугаар сарын 25-нд Инжкон ХХК-иар талбайн хэмжилт хийлгүүлсэн байдаг боловч тус компани нь нормын дагуу хэмжилт хийгээгүй, оффис үйлчилгээний зориулалтай барилгын талбайд хөлийн өрөөний талбайг оролцуулж тооцоогүй.

 

Шүүхээс талбайн хэмжээг гаргуулахаар шинжээч томилсон боловч хэмжих багаж нь баталгаажсан нь харагдахгүй, ямар багажаар хэмжсэн нь тодорхойгүй, мөн баримталбал зохих норм дүрмийг баримтлаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2013 оны 7 дугаар сараас талбайгаа ашиглаж эхэлсэн нь хэрэглээний төлбөр төлж байсан баримтаар тогтоогдож байгаа. Өмчлөх эрхийн гэрчилгээний хувьд нэхэмжлэгч өөрөө гэрчилгээгээ хөөцөлдөж авах байсан.

 

Бид өөрсдийн зүгээс холбогдох бичиг баримтыг Эрхийн бүртгэлийн газарт 2013 оны 12 дугаар сард явуулсан бөгөөд энэ үед тооцоогоо нийлж гэрчилгээгээ гаргуулж авах талаар худалдан авагчиддаа хэлж байсан.

 

Манайхыг ямар бичиг баримт өгөөгүй гээд байгааг ойлгохгүй байна, авъя гэсэн үед нь тооцоо дууссан гэсэн бичиг, гэрээ дүгнэсэн актыг өгсөн. Өөр биднээс нэхсэн зүйл ч байхгүй. Одоо өөрсдөө хүсэлтээ гаргаад өмчлөх эрхээ бүртгүүлэх ёстой.

 

Уг барилгыг 2013 оны 7 сарын 24-нд улсын комисс хүлээн авсан. Манай компани санхүүгийн хямралаас болж компани хүнд нөхцөлд орсныг Худалдаа аж үйлдвэрийн танхим нотолсон байгаа.

 

Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан учраас хуульд заасан доголдлын талаар гомдол гаргах хугацаа дууссан учраас манай компанийн хувьд нэхэмжлэгчийн м.кв-ын зөрүүд илүү төлсөн 80,676 ам.доллар, гэрээний дагуу алдангид 287,010 ам.доллар, хохирол 33,980 ам.доллар, нийт 401,666 ам.доллар буюу 800,403,850 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Мөн 7, 8 тоот буюу 1207, 1208 тоот оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 182.72 м.кв талбайтайгаар би анх гэрээ хийсэн 212.6 м.кв талбайтайгаар Л.Бгийн нэр дээр гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б нь С ХХК-д холбогдуулан худалдаа үйлчилгээний талбайн м.кв-ын зөрүүд илүү төлсөн 80,676 ам.доллар буюу 160,763,871 төгрөг, гэрээний дагуу алдангид 287,010 ам.доллар буюу 571,927,697 төгрөг, хохирол 33,980 ам.доллар буюу 67,712,285 төгрөг нийт 401,666 ам.доллар буюу 800,403,850 төгрөгийг гаргуулах, 7, 8 (1207, 1208) тоот оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 182.72 м.кв талбайтайгаар захиалагчийн нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна

 

Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэг: Оффис үйлчилгээний талбайн м.кв-тын зөрүүд илүү төлсөн 80,676 ам.доллар буюу 160,763,871 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

 

Зохигчид 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 12/0106 дугаартай Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, С ХХК нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Пийс товерын оффис, үйлчилгээний зориулалттай барилгаас 12 дугаар давхрын 7, 8 (1207, 1208) тоот нийт 212,6 м.кв талбайг нэг м.кв-ыг нь 2,454 ам.доллараар тооцож, 521,827 ам.доллар, нэмэгдсэн өртгийн албан татварыг 245,5 ам.доллараар тооцож 52,193 ам.доллар, нийт 574,827 ам.доллараар худалдаж авах, нэхэмжлэгч нь оффис үйлчилгээний талбайн төлбөрийн 27 хувь буюу 155,277.3 ам.долларыг тухайн үеийн ханш болох 1,416.82 төгрөгөөр тооцож 220,000,000 төгрөгийг төлж, ашиглалтанд ороход 177,415 ам.долларыг болон нэмэгдсэн өртгийн албан татвар 52,193 ам.долларыг тус тус төлөхөөр анх тохиролцжээ. /1 дүгээр хавтас 7-9 х/

 

Нэхэмжлэгч нь талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, дутуу талбай буюу доголдолтой ажлын үр дүн нийлүүлсэн учраас оффис үйлчилгээний талбайн 29.88 м.кв талбайн зөрүүд илүү төлсөн 80,676 ам.доллар буюу 160,763,871 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Энхтайван найрамдлын төлөө Монголын холбооны өргөтгөл оффис, үйлчилгээний барилга буюу Пийс товерийн оффис, үйлчилгээний зориулалттай барилга-ын ажил нь Энхтайван найрамдлын төлөө Монголын холбоо болон Сандэй групп ХХК-ийн захиалгаар 2008 оны 6 дугаар сараас баригдаж эхлэж 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дууссан байх бөгөөд 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр улсын комисс хүлээн авч барилга байгууламж ашиглалтанд орсон байна. /1 дүгээр хавтас 189-191 х/

 

 

 

Гэрээний зүйл болох оффис, үйлчилгээний зориулалт бүхий талбай нь гэрээ байгуулагдах үед ийнхүү бий болсон, биет байдлын болон эрхийн тодорхой шинж тэмдэгтэй хөрөнгө байснаас үзэхэд зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний шинжийг илүү агуулж байх тул шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

 

Талууд гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдал, актаар талбайг хүлээлцсэн эсэх, гэрээний зүйлийн үнийг нэхэмжлэгч бүрэн төлсөн эсэх талаар маргаагүй учраас шүүхээс маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй юм.

 

Өөрөөр хэлбэл 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12/0106 дугаартай Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-г шүүхээс хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг.

 

Нэхэмжлэгч нь талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, дутуу талбай буюу доголдолтой ажлын үр дүн нийлүүлсэн учраас оффис үйлчилгээний талбайн 29.88 м.кв талбайн зөрүүд илүү төлсөн 80,676 ам.доллар буюу 160,763,871 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж маргаж, үнийн зөрүүг буцаан авахаар шаардсан ба шаардлагын үндэслэлээ нотлох баримт болгож талбайн хэмжээг тогтоосон Инжкон ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Пийс товер 1207, 1208 тоот оффис, үйлчилгээний талбайн хэмжилт хийсэн тайлан гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. /1 дүгээр хавтас 13-18 х/

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь оффис үйлчилгээний талбайг хэмжихдээ орон сууцны талбай хэмждэг MNS 6058:2009 стандартаар хэмжсэн учраас нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт нь хуульд заасан шаардлага хангахгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт Стандарт, хэмжил зүйн газраас ирүүлсэн үйлчилгээний зориулалттай барилгын нийт болон дотоод талбайн хэсэгчилсэн хэмжилтийг хийхэд Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандарт байхгүй болохыг тодорхойлсон албан тоот авагдсан.

 

Шүүхээс томилогдсон шинжээч Талын гурван чулуу ХХК дүгнэлт гаргахдаа талбайн хэмжээг тогтооход баримтлах MNS 6058:2009 тоот стандартыг баримтлан дүгнэлтээ гаргаж хэмжилт хийсэн болох нь хэрэгт авагдсан Талын гурван чулуу ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Ажлын байр, өрөө тасалгааны хэмжилт хийж түүний талбайг тооцсон тэмдэглэл буюу маргаан бүхий талбайн хэмжээг тогтоосон акт болон түүний хавсралтаар тогтоогдлоо.

 

 

 

Нэгэнт Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэл үйлчилгээний дотоод талбайг хэмжихэд баримтлах нарийвчилсан стандарт байхгүй тохиолдолд хамгийн төсөөтэй нөхцөл байдлыг журамласан стандартыг баримталж хэмжилт хийсэн шинжээчийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасны дагуу биет байдлын хувьд доголдолгүй гэж үздэг.

 

Хэрэв худалдан авсан эд хөрөнгө нь доголдолтой бол доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардах, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлагыг худалдан авагч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хугацааны дотор гаргах эрхтэй байдаг бөгөөд тодорхой тохиолдолд хуулиар олгогдсон шаардлага гаргах энэ эрхээ худалдан авагч алддаг.

 

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар эдгээр тохиолдолд эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч хамаарахаар байна.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл шүүх тухайн хэргийг шийдвэрлэхийн тулд худалдагч гэрээгээр хүлээсэн биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн эсэх, худалдан авагч доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ алдсан эсэх, шаардлага гаргах эрхтэй худалдан авагч хуулиар тогтоосон хугацаанд шаардлагаа гаргасан эсэх нөхцөл байдлыг тогтоох зайлшгүй шаардлагатай байдаг.

 

Шүүхээс талуудын хүсэлтээр Талын гурван чулуу ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтээр Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Пийс товер 7, 8 (1207, 1208) тоот тоот оффис, үйлчилгээний талбайн хэмжээг 180.01 м.кв болохыг тодорхойлсон ба хэдий ч нэхэмжлэгч нь Инжкон ХХК-ийн дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа гэж тайлбарлаж байна.

 

Оффис үйлчилгээний талбайн хэмжилт хийсэн Инжкон ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн тайлангаар маргаан бүхий дээрх талбайн хэмжээг 182.72 м.кв болохыг тодорхойлсон нь гэрээнд заасан 212.6 м.кв-аас 29.88 м.кв-аар дутуу гарсан байх тул шүүхээс дээрх дүгнэлтийг хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлага хангасан нотлох баримт гэж үзсэн болно.

 

 

 

Уг баримтад үндэслээд шүүх хариуцагчийг гэрээгээр тогтоосон 212.6 м.кв оффис, үйлчилгээний талбай шилжүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлтэй тул биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.

 

Гэвч нэхэмжлэгч нь 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 12/0106 дугаартай гэрээ дүгнэсэн акт үйлдэхдээ доголдлын талаар гомдол гаргана гэдгээ илэрхийлсэн үедээ мэдсэн гэж тайлбарласан бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр эрх бүхий байгууллагаар хэмжилт хийлгэхээсээ өмнө буюу уг барилгыг улсын комисс хүлээж авснаас хойш хэмжилт хийлгэх замаар доголдлыг мэдэх боломжтой байхад ийнхүү хэмжилт хийлгэхгүйгээр оффис үйлчилгээний талбайг хүлээн авсан нь шаардлага гаргах эрхээ алдахаар заасан Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан үндэслэлд хамаарч байна.

 

Худалдан авсан эд хөрөнгөө гэрээнд заасан тоо, хэмжээнд нийцсэн эсэхийг шалгаж хүлээн авах үүргээ худалдан авагч бололцоот бүхий л аргаар хэрэгжүүлэх боломж нээлттэй байхад энэ үүргээ цаг хугацаанд нь хэрэгжүүлээгүйг доголдлын талаар мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Хэрэгт авагдсан баримтаар худалдагч буюу хариуцагч нь эд хөрөнгийг хүлээлгэн өгөх үедээ түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул С ХХК-иас эд хөрөнгийн доголдолтой холбоотой 29.88 м.кв-аар талбайн хэмжээ дутуугаас үнийн зөрүүд илүү төлсөн 80,676 ам.доллар буюу 160,763,871 төгрөг гаргуулахыг хүссэн Л.Бгийн нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг шаардах эрхгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр: Алданги 287,010 ам.доллар буюу 571,927,697 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Талууд 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 12/0106 дугаартай Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-г анх байгуулж, 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын 12/0106 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ХНГ12/0106-01 тоот гэрээг тус тус байгуулсан байна. /1 дүгээр 10 х/

 

Энэхүү гэрээний 1 дүгээр зүйлээр С ХХК нь ажлын үр дүнг хөрөнгө оруулагч буюу Л.Бд 2013 оны 3 дугаар сарын 15-нд хүлээлгэн өгөх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гаргаж өгөх ба тогтсон хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам үндсэн төлбөрийн 0.1 хувиар алданги төлөх,

 

2 дугаар зүйлээр хөрөнгө оруулагч буюу Л.Б нь үлдэгдэл төлбөр болох 160,735 ам.долларыг 2013 оны 6 дугаар сарын 15-ны дотор төлж дуусгах, хэрэв тогтсон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд 0.1 хувийн алдангийг гүйцэтгэгч буюу С ХХК-д тус тус төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

 

 

Нэхэмжлэгч нь 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 12/0106 дугаартай Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-гээр хүлээсэн 574,020 ам.долларыг хариуцагчид төлөх үүргээ 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төлж, тооцоогүй болсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан С ХХК-ийн 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 03/03 тоот Тодорхойлолт-оор тус тус тогтоогдлоо. /1 дүгээр хавтас 11 х/

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

 

Талууд нэмэлт гэрээг бичгээр хийж алданги тооцохоор тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын 12/0106 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ХНГ12/0106-01 тоот гэрээний 1 дүгээр зүйлд заасны дагуу 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс хойшхи үндсэн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцож нэхэмжилж байгааг буруутгах үндэслэлгүй юм.

 

Хариуцагч нь нэмэлт гэрээгээр хүлээсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэхэд гаргаж өгөх үүргээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй байна.

 

Ийм учраас 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын 12/0106 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ХНГ12/0106-01 тоот гэрээний үнэд төлсөн 574,020 ам.долларын 50 хувь болох 287,010 ам.доллар буюу /1 ам.доллар х 1992.71 төгрөгөөр тооцож/ алданги 571,927,697 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гурав: Хохирол 33,980 ам.доллар 67,712,285 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Л.Б нь 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо, Пийс товер худалдаа, үйлчилгээний төвийн 12 дугаар давхарт 7, 8 тоот 212.6 м.кв талбайг санхүүжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын банктай ОСЗГ0001/130528 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 230,000,000 төгрөгийг жилийн 15.60 хувийн хүүтэйгээр зээлж авсан байна. /1 дүгээр хавтас 26-29 х/

 

Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний дагуу 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн хүүнд 73,348,098.59 төгрөгийг төлсөн Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 12/0106 дугаартай Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-г анх байгуулж, 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын 12/0106 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ХНГ12/0106-01 тоот гэрээний үүрэг болох 212.6 м.кв талбайг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон. /1 дүгээр хавтасны 85 х/

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй гэж тус тус заасан.

 

Хариуцагч С ХХК нь Пийс товер худалдаа, үйлчилгээний төвийн 12 дугаар давхарт 7, 8 тоот 212.6 м.кв талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, 182.72 м.кв буюу 29.88 м.кв дутуу талбайг нэхэмжлэгчид шилжүүлсэн нь тогтоогдсон тул хариуцагчаас нэхэмжлэгчийн зээлийн хүүнд төлсөн 33,980 ам.доллар 67,712,285 төгрөгийн хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дөрөв: 1207, 1208 тоот оффис, үйлчилгээний талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг 182.78 м.кв талбайн хэмжээтэйгээр гаргуулахыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд,

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээнд заасны дагуу төлбөрөө бүрэн төлсөн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх татгалзах зүйл байхгүй. Гэхдээ гэрээнд заасны дагуу 212.6 м.кв талбайн хэмжээтэйгээр гаргаж өгнө гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж заасан.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар хариуцагч нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Пийс товерын оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 12 дугаар давхрын 7, 8 тоот 212.6 м.кв талбайг иж бүрэн чанартай барьж, 2012 оны 1 дүгээр улиралд багтаан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байна.

 

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан Пийс товерын оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 12 дугаар давхрын 7, 8 (1207, 1208) тоот талбай нь 212.6 м.кв талбайтай биш 180.01 м.кв талбайтай болох нь тогтоогдсон учраас хариуцагчийн өмчлөх эрхийн гэрчилгээг 212.6 м.кв-аар гаргаж өгнө гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч нь Пийс товерын оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 12 дугаар давхрын 7, 8 (1207, 1208) тоот талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг шүүхээс томилсон Талын гурван чулуу ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 180.01 м.кв талбайн хэмжээгээр биш нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Инжкон ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 15/223 тоот дүгнэлтээр тогтоогдсон 182.72 м.кв талбайтайгаар гаргуулна гэж тайлбарласан.

 

 

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... үүргийг хүлээдэг бөгөөд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн дээрх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон учраас нэхэмжлэгч нь гэрээний дагуу өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг шаардах эрхтэй байна.

 

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Пийс товерын оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 12 дугаар давхрын 7, 8 тоот буюу 1207, 1208 тоот талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг 182.72 м.кв талбайтайгаар гаргуулж өгөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгч Л.Бгийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхээс томилсон шинжээчийн зардалд 300,000 төгрөгийг Талын гурван чулуу ХХК-д 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төлсөн болох нь Бэлэн мөнгөний орлогын баримт, дүгнэлтээр тус тус тогтоогдсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан шүүхийн нөхөн төлүүлэх зардал шинжээчийн дүгнэлтийн төлбөр 300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч Л.Бгийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 287,010 ам.доллар буюу 571,927,697 төгрөг, хохирол 33,980 ам.доллар 67,712,285 төгрөг нийт 639,639,979 төгрөгийг хариуцагч С ХХК-иас гаргуулж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар давхрын 7, 8 тоот буюу 1207, 1208 тоот талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг 182.72 м.кв талбайн хэмжээтэйгээр нэхэмжлэгчид гаргуулж өгөхийг хариуцагчид даалгаж,

 

хариуцагч С ХХК-иас талбайн м.кв-ийн зөрүүд илүү төлсөн 80,676 ам.доллар буюу 160,763,871 төгрөг гаргуулахыг хүссэн Л.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын ам.долларын ханшийг Монгол банкны 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн албан ёсны ханш болох 1,992.71 төгрөгөөр тооцож ханшийн лавлагааг ирүүлсэн /1 дүгээр хавтас 6 х/ учраас тухайн өдрийн зарлагдсан ханшаар тооцов.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнжээ нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч, ямар нэгэн хүсэлт гаргаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нь хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжүүлэхийг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.4-т тус тус зааснаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пийс товер оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 12 дугаар давхрын 7, 8 буюу 1207, 1208 тоот талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг 182.72 м.кв талбайн хэмжээтэйгээр нэхэмжлэгчид гаргуулж өгөхийг хариуцагчид даалгаж,

 

хариуцагч С ХХК-иас 639,639,979 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 160,763,871 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,159,970 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас 3,356,149 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан шүүхийн нөхөн төлүүлэх зардал шинжээчийн дүгнэлтийн төлбөр 300,0000 төгрөгийг хариуцагч С ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                  Х.ДАШДЭЧМАА