Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/02284

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/02284

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Халиуны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01919 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Халиуны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Гашуун сухайт авто зам ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 14 494 038 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Халиун тус байгууллагад анх 2015 оны 4 сараас ерөнхий нягтлан бодогчийн ажилд ороод өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллахдаа ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй болно. Л.Халиун нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүү Х.Алтан-Одыг төрүүлсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу хүүхэд асрах чөлөө авсан. Улмаар ажилдаа эргэж орохоор байгууллагадаа 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр бичгээр өргөдлөө өгсөн боловч надад 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр GCB-18-В/127 тоот албан бичгээр 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүүхэд асрах чөлөөгөө эдэлж байхыг хүсье гэсэн хариуг өгсөн. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Тус албан бичигт дурдсан зүйлүүд надад хамаагүй бөгөөд өнөөдөр миний ажлын байр тус байгууллагад байгаа бөгөөд байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа болно. Иймд өөрийгөө ажлаас халагдлаа гэж үзээд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгоно. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажилдаа орох өргөдөл өгсөн огноог буруу бичсэн байдаг. Хэрэгт байгаа баримтаар 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн өргөдлийг мөн өдөртөө захиргаанд өгсөн тул ажилгүй байсан хугацааны олговорт 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх ажлын 78 хоног, нэг өдрийн 185 821 төгрөгөөр тооцон нийт 14 494 038 төгрөгийг гаргуулна. Мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааНэхэмжлэгч Л.Халиун тус байгууллагад ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөө авсан. Тэрээр ажил олгогч байгууллагад гаргасан өргөдөлдөө 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр амаржсан. Цаашид хүүхэд асрах хүсэлтэй байгаа тул хүүхэд асрах чөлөөг хуулийн хугацаагаар олгож өгнө үү" гэж хүссэний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б/254 дугаар тушаал гаргаж, хуульд заасан хугацаагаар чөлөө олгохоор шийдвэрлэсэн. Энэ тушаал хүчин төгөлдөр бөгөөд хуулийн хугацаа гэх асуудлын талаар ямар нэг санал, хүсэлтийг Л.Халиун ирүүлээгүй. Иймд хариуцагчийн зүгээс хуулийн хугацаа гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно. Мөн 3 хүртэл насны хүүхэдтэй эцэг өөрөө хүсвэл чөлөө авч болно гэж заасны дагуу хүүхэд асрах чөлөөг эдэлж байгаа болно. Энэхүү хуулийн зохицуулалтаас үзвэл, эх хүсвэл хүүхдийг 3 нас хүртэл хугацаагаар чөлөө авах эрхтэй гэж ойлгож тайлбарлана. Нэхэмжлэгч хуулийн хугацаагаар хүүхэд асрах чөлөөг хүссэн өргөдөл гаргасан тул ажил олгогч байгууллага түүнийг 3 жил хүртэл хугацаагаар чөлөө хүссэн гэж үзсэн. Иймээс түүний оронд түр ажиллаж байгаа Д.Чулуунбаттай хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг хугацаа 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болно. Л.Халиун хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд удаа дараа ирж, 60 000 000 төгрөг өгчих, би хоёр жил гэртээ хүүхдээ харна, гадаад руу сургалтад явна, төлбөрийг төл гэх зэргээр хууль бус шаардлагуудыг тавьсан байдаг. Ажил олгогч байгууллагын зүгээс Л.Халиуны өргөдөлд зааснаар хүүхэд асрах чөлөөг гурван жилээр авсан гэж үзэж, байгууллагын дотоод ажлаа зохион байгуулсан. Нэхэмжлэгч Л.Халиун сүүлд мөнгө тэтгэмж гаргуулахыг хүсэхдээ хоёр жил хүүхдээ харна гэж албан ёсоор хүсэлт тавьсан аль алины хугацаа дуусаагүй байгаа үед шүүхэд нэхэмжлэл гаргах нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Л.Халиун шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан мэтээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь эрх зүйн үндэслэлгүй. Учир нь, ажил олгогч байгууллагаас түүнийг ажлаас чөлөөлсөн, халсан аливаа шийдвэр гаргаагүй, зөвхөн чөлөөний хугацааны талаар асуудал үүссэн байхад маргааны харилцаанд хамааралгүй ажлаас үндэслэлгүй халагдсан тухай асуудлаар шүүхэд хандсан нь маргааны харилцааг зөв тодорхойлоогүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид түүнийг халаагүй, зөвхөн түүний оронд ажилд түр авсан хүний гэрээний хугацаа дуустал хүлээхийг хүссэн. Иймд Л.Халиуны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 106 дугаар зүйлийн 106.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Л.Халиуныг Гашуун сухайт авто зам ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Гашуун сухайт авто зам ХХК-иас олговорт 6 337 530 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Халиунд олгож, нэхэмжлэлээс үлдэх 8 156 508 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг Гашуун сухайт авто зам ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 116 350 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01919 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлээгүй талаар ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдол бүрт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр заавал ажлаас халсан тушаал шийдвэрийг бичгээр гаргах шаардлагатай. Ажил олгогч Гашуун сухайт авто зам ХХК болон ажилтан Л.Халиун нарын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон эрх зүйн үр дагавар үүсгэсэн албан ёсны шийдвэрийг гаргаагүй байхад ажилтныг ажлаас халсан буюу хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж үзэх эрх зүйн боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т "Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана" гэж хуулиар шийдвэр гарсан байхыг шаардсан байхад шүүх ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон гэж хийсвэрээр дүгнэлт хийснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн алдаа гаргажээ. Ажилтан Л.Халиун нь "хүүхэд асрах чөлөөг хуулийн хугацаагаар эдлэх" хүсэлт гаргаснаар, ажил олгогчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б/254 дугаар тушаал гарч, түүний өргөдөлд бичсэний дагуу "хуульд заасан хугацаагаар" чөлөө олгохоор шийдвэрлэсэн. Энэ тушаал хүчин төгөлдөр бөгөөд "хуулийн хугацаа" гэх асуудлаар талуудын хооронд маргаан гараагүйн дээр нэхэмжлэгч дээрх тушаалын талаар аливаа гомдол, санал, хүсэлт гаргаагүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөө хүсэж болохоор заасан. Энэ хугацаа бол "хуульд заасан хугацаа" гэж ойлгож, түүний оронд ажиллах хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байна. Хэрвээ чөлөөний хугацааг өргөдөлдөө тодорхой заасан бол ажил олгогч мөн хугацаагаар чөлөө олгосон шийдвэр гаргах байсан. Иймд ажил олгогч нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хуульд заасан хугацаагаар хүүхэд асрах чөлөө олгосон, үүний эрх зүйн үр дагаварт дараагийн ажилтантай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан зэрэг үйл баримтыг холбогдох нотлох баримттай шүүх харьцуулан үзэж, эрх зүйн маргаантай харилцааг зөв тодорхойлоогүй алдаа гаргасан гэж үзэж байна. Ийнхүү анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааны маргааны үндэслэл болсон хүүхэд асрах чөлөөний хугацааны талаарх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүйгээс шүүхийн "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн шаардлагыг зөрчлөө. Дээрх үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01919 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Халиуны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Халиун нь хариуцагч Гашуун сухайт авто зам ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14 494 038 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Л.Халиун нь 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч Гашуун сухайт авто зам ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр амаржиж, тус байгууллагын захирлын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/254 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хүүхэд асрах чөлөөг хуулийн хугацаагаар олгосон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 3-5, 11, 12 дугаар тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй ... гэж зааснаар нэхэмжлэгч Л.Халиун нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ажилд эргэн орох тухай хүсэлтээ өгчээ. /хх-ийн 39 дүгээр тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй бөгөөд ажилтан Л.Халиун нь ажилдаа орох хүсэлт гаргасан байхад ажил олгогч буюу хариуцагч Гашуун сухайт авто зам ХХК нь хуулийн дээрх заалтыг зөрчиж, ажилд нь томилохгүй байгааг нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн зүгээс хуулийн зохих заалтыг биелүүлэхгүй байгаа нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, энэхүү зөрчлийг ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсантай адилтгаж үзэх талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон давж заалдах журмаар гаргасан гомдолдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөө авсан гэх боловч энэхүү тайлбар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.2 дэх хэсэгт зааснаар няцаагдаж байна.

 

Иймд нэхэмжлэгч Л.Халиуныг Гашуун сухайт авто зам ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 6 337 530 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 46 дугаар зүйлийн 46.1-д заасантай тус тус нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01919 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Г.ДАВААДОРЖ