Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2019/00024

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2019/00024

 

 

 

М.Мөнхтуулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг, даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2018/02647 дугаар шийдвэртэй, М.Мөнхтуулын нэхэмжлэлтэй Дорнын өргөө ХХК-д холбогдох, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Тэрбиш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч М.Мөнхтуул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Дорнын өргөө ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Орон сууц захиалгын гэрээг байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 108 айлын орон сууцны Б-3-3-69 тоот 25.6 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 600 000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож 40 960 000 төгрөгөөр худалдан авсан. Худалдаж авснаас хойш Үл хөдлөх эд хөрөнгийн улсын эрхийн бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг Дорнын өргөө ХХК-аас удаа дараа шаардсан боловч одоог хүртэл гаргаж өгөхгүй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 108 айлын орон сууцны Б-3-3-69 тоот 25.6 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч миний нэр дээр гаргуулж өгөхийг Дорнын өргөө ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Дорнын өргөө ХХК-тай М.Мөнхтуул Орон сууц захиалгын гэрээг байгуулаагүй. Түүнтэй ямар нэгэн байдлаар уулзаж байгаагүй. Аливаа гэрээ хэлцэл байгуулахын тулд хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар орон сууцны гэрээг гаргаж өгсөн бөгөөд уг гэрээнд захирал Б.Батмөнхийн гарын үсгийн дардсыг дарж, гэрээг нягтлан бодогч Ц.Оюунчимэг байгуулсан байна. Нягтлан бодогч нь компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш тул гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ. Дорнын өргөө ХХК-ийн толгой компани болох Жавхлант групп ХХК-ийн захирлаар С.Энхсайхан гэх хүн ажиллаж байсан. Энэ хүн өөрийн хувийн төлбөрийн үүрэгт Дорнын өргөө ХХК-ийн орон сууцыг өгөхөөр яриа гаргасан. Зөвшөөрөл авалгүйгээр орон сууц өгөхөөр ам гараад цаашаа өрөндөө өгөхөөр гэрээний маягтыг үйлдсэн гэрээ байдаг. Худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эрхийн болон биет байдлын доголдолгүй эд зүйл шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл энэ нь эрхийн зөрчилтэй байсан. Нэхэмжлэгч 2016 оны 8 дугаар сараас хойш энэ байранд хүн байлгаж байсан ба бидний зүгээс төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж бүүр сүүлд нь цахилгаан, усыг таслах арга хэмжээ аваад байгаа. Нэхэмжлэгч орон сууцны үнийг 100 хувь төлсөн гэх боловч энэ талаар баримт хэрэгт байхгүй, төлбөрөө төлөөгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Мөнхтуулын нэхэмжлэлтэй хариуцагч Дорнын өргөө ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 108 айлын орон сууцны Б-3-3-69 тоот 25.6 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Мөнхтуул давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч орон сууцны үнийг бэлэн мөнгөөр бүрэн төлсөн бөгөөд энэ нь гэрээний 6.1-т бэлнээр төлсөн гэх тэмдэглэгээгээр нотлогдоно гэж тайлбарлаж байна. Гэрээний 5.1.2-т төлбөр тооцоо хийсэн тэмдэглэл нь гэрээний хавсралт 2 бөгөөд гэрээний салшгүй хэсэг гэж заасан тул төлбөр төлсөн болохыг 6.1-д заасан тэмдэглэгээ нотолно гэж дүгнэх үндэсгүй гэжээ. Дорнын өргөө ХХК-тай гэрээ байгуулахдаа худалдагч талын гаргаж өгсөн гэрээний загварыг хүлээн зөвшөөрч мөн гэрээн дээрх хүснэгтийг худалдагч талын өөрсдийн санал болгосноор гэрээнд оруулж гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээг Дорнын өргөө ХХК-ийн эрх бүхий хоёр албан тушаалтан өөрсдөө хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан. Тус компанийн удирдлагууд уг гэрээг байгуулахдаа Орон сууц захиалгын гэрээ гэж байгуулсан нь худалдагч тал борлуулалтаасаа 2 хувийн татвар төлөхгүй гэж уг гэрээг байгуулсан. Худалдан авагч гэрээний төлбөр тооцоог 100 хувь төлсөн бөгөөд энэ талаар гэрээний 6.1-д тусгайлан оруулж өгсөн. Анхан шатны шүүх гэрээг тайлбарлахдаа Гэрээний 5.1.2-т төлбөр тооцоо хийсэн тэмдэглэл нь гэрээний хавсралт 2 бөгөөд гэрээний салшгүй хэсэг гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд учир нь уг гэрээнд ямар нэгэн хавсралт байхгүй гэрээний зүйлийг бүр цаашлаад төлбөр тооцоог 100 хувь төлөгдсөн талаар гэрээний 6.1-д тусгайлан оруулж худалдагч тал болох Дорнын өргөө ХХК-ийн гарын үсэг зурах эрх бүхий этгээдүүд хүлээн зөвшөөрч баталгаажуулж гарын үсэг, тамга тэмдгээ дарсан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар зөрчиж, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч М.Мөнхтуул нь хариуцагч Дорнын өргөө ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээг эрх бүхий этгээд байгуулаагүй, орон сууцны үнийг төлөөгүй гэж маргажээ.

Зохигчид 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 52 тоот Орон сууц захиалгын гэрээг байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд баригдах 108 айлын орон сууцны Б-3-3-69 тоот 25.6 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 600 000 төгрөгөөр нийт 40 960 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна. /хх-ийн 9-14 дүгээр тал/

Дээрх гэрээний ерөнхий зүйлд Ц.Оюунчимэг компанийг төлөөлж гэрээ байгуулсан гэх боловч гэрээ батлах болон байгуулсан хэсэгт гүйцэтгэх захирал Б.Батмөнх гэх нэр, гарын үсэг, компанийн тамга дарсан байгаа тул бичгийн хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээний зүйл болох орон сууцны үнийг бүрэн төлсөн болохоо хангалттай баримтаар нотлоогүй, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж тус тус дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй болно.

Талуудын хооронд хийгдсэн гэрээний 6-д төлбөр "бэлнээр төлсөн гэж заасан байгаа боловч хариуцагч уг заалтыг үгүйсгэж, төлбөрийг төлөөгүй гэж маргаж байгаа тохиолдолд орон сууцны үнэ, төлбөрийг хэрхэн төлсөн болохоо нэхэмжлэгч нотлох үүрэгтэй.

Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-ний 3.4-д Гэрээний зүйлийг улсын комисс хүлээж авсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авахад шаардагдах холбогдох бичиг баримтыг гүйцэтгэгч гаргаж өгнө, 3.5-д Энэхүү гэрээний 3.4-т заасан бичиг баримтуудыг төлбөр тооцоо бүрэн дууссаны дараа захиалагчид өгнө гэж, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж тус тус заасан тул худалдан авагч нь үнийг төлөөгүй учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2018/02647 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Б.НАРМАНДАХ