Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2018/02647

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.М-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Ө ХХК-д холбогдох

орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахыг даалгах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.М, түүний өмгөөлөгч Н.Т /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0964/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, гэрч С.Э, Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт: ДӨ ХХК-д захиалга өгч М.М би захиалагчаар оролцож 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 108 айлын орон сууцны Б-3-3-69 тоот 25.6 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,600,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож 40,960,000 төгрөгөөр худалдан авсан. Худалдаж авснаас хойш Үл хөдлөх эд хөрөнгийн улсын эрхийн бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг Дорнын өргөө ХХК-аас удаа дараа шаардсан боловч одоог хүртэл гаргаж өгөхгүй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 108 айлын орон сууцны Б-3-3-69 тоот 25.6 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг М.М-ын нэр дээр гаргуулж өгөхийг ДӨ ХХК-д даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Орон сууцны захиалгын гэрээний үүрэг шаардаж байгаа гэж ойлголоо. Шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэгдүгээрт ДӨ ХХК-тай нэхэмжлэгч Орон сууц захиалгын гэрээг огт байгуулаагүй. М.М-тай бусад байдлаар уулзаж байгаагүй. Аливаа гэрээ хэлцэл байгуулахын тулд хүсэл зоргийн илэрхийлэл байх ёстой. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар орон сууцны гэрээг гаргаж өгсөн байна. Энэ гэрээнд захирал Б.Б-ийн гарын үсгийн дардсыг дарж, гэрээг нягтлан бодогч Ц.О байгуулсан байна. Нягтлан бодогч нь компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш тул гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ. Ер нь энэ ямар учиртай вэ гэхээр хариуцагч ДӨ ХХК-ийн толгой компани болох Ж ХХК-ийн захирлаар С.Э гэх хүн ажиллаж байсан. Энэ хүн өөрийнхөө хувийн төлбөрийн үүрэгт ДӨ ХХК-ийн орон сууцыг өгөхөөр яриа гаргасан. Зөвшөөрөл авалгүйгээр орон сууц өгөхөөр ам гараад цаашаа өрөндөө өгөхөөр гэрээний маягтыг үйлдсэн гэрээ байгаа. Худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар эрхийн боон биет байдлын доголдолгүй эд зүйл шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл энэ нь эрхийн зөрчилтэй байсан. Нэхэмжлэгч 2016 оны 8 дугаар сараас хойш энэ байранд хүн байлгаж байсан ба бидний зүгээс төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж бүүр сүүлд нь цахилгаан, усыг таслах арга хэмжээ аваад байгаа. Нэхэмжлэгч орон сууцны үнийг 100 хувь төлсөн гэх боловч энэ талаар баримт хэрэгт байхгүй, төлбөрөө төлөөгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.М нь хариуцагч ДӨ ХХК-д холбогдуулан Орон сууц захиалгын гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 108 айлын орон сууцны Б-3-3-69 тоот 25.6 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч ДӨ ХХК нь гэрээг эрх бүхий этгээд байгуулаагүй, орон сууцны үнийг төлөөгүй гэх үндэслэлээр шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл болгон ДӨ ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 52 тоот Орон сууц захиалгын гэрээ-г гаргаж өгсөн ба гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд баригдах 108 айлын орон сууцны Б-3-3-69 тоот 25.6 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,600,000 төгрөгөөр нийт 40,960,000 төгрөгөөр худалдан авах нөхцөлийг тусгажээ. Гэрээний ерөнхий зүйлд компанийг төлөөлж Ц.О байгуулсан гэх боловч гэрээ батлах болон байгуулсан хэсэгт гүйцэтгэх захирал Б.Б гэх нэр, гарын үсэг байх ба компанийн тамга дарсан, нөгөө талаас нэхэмжлэгч М.М гарын үсэг зуржээ. /хх-9-14/

ДӨ ХХК-ийн дүрмийн 2.4-т Компани нь . . . өөрийн нэр бүхий тэмдэг хэрэглэнэ гэж заасанчлан дээрх гэрээнд ДӨ ХХК-ийн регистрийн дугаар бүхий тамга дарагдсан, мөн гэрээ байгуулсан үеэс хойш М.М ашиглаж байсан гэх агуулга бүхий зохигчдын тайлбараас дүгнэхэд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр бөгөөд тэдний хооронд бичгийн хэлцэл байгуулагдсан хэмээн үзнэ.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь Орон сууц захиалгын гэрээ гэж нэрлэгдсэн хэдий ч гэрээний зүйл болох орон сууц бэлэн байсан, барилгыг хэрхэн барих талаар талууд тохиролцоогүй тул ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулаагүй, харин хөрөнгийг шилжүүлэх, үнийг төлөх үүргийг хүлээж байгаагаас тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4-д Гэрээний зүйлийг улсын комисс хүлээж авсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авахад шаардагдах холбогдох бичиг баримтыг гүйцэтгэгч гаргаж өгнө 3.5-д Энэхүү гэрээний 3.4-т заасан бичиг баримтуудыг төлбөр тооцоо бүрэн дууссаны дараа захиалагчид өгнө гэж заасан нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжих тохиролцоог хийжээ.

Нэхэмжлэгч орон сууцны үнийг бэлэн мөнгөөр бүрэн төлсөн бөгөөд энэ нь гэрээний 6.1-т бэлнээр төлсөн гэх тэмдэглэгээгээр нотлогдоно гэж тайлбарлаж байна.

Гэрээний 5.1.2-т төлбөр тооцоо хийсэн тэмдэглэл нь гэрээний хавсралт 2 бөгөөд гэрээний салшгүй хэсэг гэж заасан тул төлбөр төлсөн болохыг гэрээний 6.1-т заасан тэмдэглэгээ нотолно гэж дүгнэх үндэсгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал хөрөнгийн үнийг бүрэн төлсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул шаардах эрхийн үндэслэл үгүйсгэгдэнэ.

Иймээс нэхэмжлэгч М.М нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг хариуцагч ДӨ ХХК-аас шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.