Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/02260

 

 

Грэгори Жон Таррантын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/02749 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Грэгори Жон Таррантын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Уулс заамар ХХК-д холбогдох,

 

Ажлаас буруу халсан болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 61 705 350 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Тайван,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Баасандорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 онд Шинэ Зеланд Улсын хөрөнгө оруулалттай Уулс заамар ХХК нь Грегори Жон Таррантыг Монгол Улс дахь алтны уурхайд электроникийн техникчийн ажлын байранд 2017 оны 3 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэл нийт 8 сар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж 8 сар Монгол Улсад ажиллах виз болон Монгол Улс руу явах онгоцны тийз авч өгсөн. Грегори Жон Таррант нь 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод буусан. Ингээд ажил олгогчтойгоо уулзан хэрхэн, ямар үүрэгтэй ажиллах талаар холбогдох бүх ажиллагааг танилцуулж, түүний дагуу ажилласан. Энэ хугацаанд Грегори Жон Таррантад амаар болон бичгээр ямар нэгэн зөрчлийн талаар мэдээлэл өгч байгаагүй. Грегори Жон Таррантын зүгээс ч ямар нэгэн зөрчил гаргаагүй. Гэтэл ажиллаж эхэлснээс 3 долоо хоногийн дараа 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ажилдаа ирэхэд нь монгол дахь алтны уурхайн захирал өрөөндөө дуудан такси дуудсан, 10 цаг гэхэд бүх юм аа аваад яваарай, бүтэн сайн өдөр Шинэ Зеланд Улс руу явах болно гэж тодорхой тайлбар хэлээгүй ажлаас нь халж, урьдчилан захиалсан 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн онгоцны тийз өгсөн. Ингээд Грегори Жон Таррант нь 4 дүгээр сарын 23-ны өдөр албадан Шинэ Зеланд Улс руу буцсан. Угтаа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, Грегори Жон Таррантыг ажлаас буруу халсан. Иймд ажил олгогч Уулс заамар ХХК нь Грегори Жон Таррантыг ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин 61 705 350 төгрөг гаргуулан, зөрчигдсөн эрхийг нь сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дэх хэсэгт зааснаар энэ хэргийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гээд хэрэгсэхгүй болгосон байдаг. Үүнийгээ дахин гаргаж байна. Учир нь тус шүүхийн Ерөнхий шүүгч, гурван шүүгч шийдсэн захирамж үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нотариат нь баталгаат орчуулгыг баталсан байдаг болохоос биш хүсэлт зоригийн илэрхийллийг баталсан зүйл биш. Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар итгэмжлэл гэрчлэх гэсэн асуудал байдаг. Мэйлээр ирсэн зүйлийг баталгаат орчуулгын газраар орчуулаад баталгаат орчуулгын газрын тэмдгийг нотариатаар батлуулсныг итгэмжлэл өгсөн гэж ойлгохгүй, нотариатын тухай хууль зөрчиж байна. Энэ бол иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан төлөөлөх эрхийн шаардлага хангахгүй байгаа учраас 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Үүнийг яаж ч харсан нотариатын баталгаатайгаар итгэмжлэл нь баталгаат орчуулгын тэмдгийг баталж байгаа гээд тэмдэг дээр бичсэн байна. Итгэмжлэлийг гэрчилдэг нотариатын тэмдэг улаан өнгөтэй байдаг. Тэгээд шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг гэрчилдэг, энэ бол цэнхэр өнгөтэй байдаг. Баталгаат орчуулгаар орчуулсныг гэрчилсэн ийм асуудал байгаа юм. Гэтэл энэ хүний хүсэл зориг илэрхийлэгдсэн эсэх нь харагдахгүй байна. ... Польш Улсад суугаа элчин сайдын яамаар гарын үсгийнхээ үнэн зөвийг гэрчлүүлсэн гэж байна. Өнөөдөр гарын үсэг үнэн зөвийг гэрчлэх асуудал биш. Шүүхэд өөрийгөө төлөөлөх эрхийг бусдад олгож байгаа эсэх асуудлыг шийдэх ийм зүйл байгаа. Тэгэхээр шүүгч өөрөө энэ асуудлыг уншиж үзнэ биздээ. Тийм учраас нотариат шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгоогүй байна гэж үзэж байна. Мөн хоёрдугаарт нэхэмжлэл гаргахдаа намайг 2017 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр ажлаас үндэслэлгүй халсан гэж байна. ... Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан 30 хоногийн хугацаанд яагаад шүүхэд гомдол нэхэмжлэлээ гаргахгүй яасан юм бэ. Мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар хэрвээ хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн бол тухайн шүүхэд хандаж хөөн хэлэлцэх хугацаагаа сэргээлгэх эрхтэй, түүний дараа нэхэмжлэлээ гаргаж болно гэсэн ийм зүйл заалт байдаг. Гэтэл тус шүүхэд хандаж хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн шийдвэр, захирамж гараагүй. Нэхэмжлэлээс харахад ажлаас халагдсанаа 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр мэдсэн байгаа юм. Тэгээд жил орчмын дараа буюу 30 хоног аль хэзээний өнгөрсний дараа нэхэмжлэл гаргаад яваад байгаа. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн шалтгаан зөрчлөө хугацаа сэргээсэн захирамж өнөөдрийн байдлаар байхгүй. Тэгэхээр хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заалтын дараа нэхэмжлэл гаргах эрх нь нээгдэх юм. Тийм учраас хуульд тусгайлан заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэл байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.3, 69 дүгээр зүйлийн 69.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоох хүсэлтийг хангаж, хариуцагч Уулс заамар ХХК нь нэхэмжлэгч Шинэ Зеланд Улсын иргэн Грэгори Жон Таррантыг ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, хариуцагч Уулс заамар ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин олговорт нийт 61 705 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Грэгори Жон Таррантад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд мөнгө гаргуулах нэхэмжлэлд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 466 477 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 466 477 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "... нэхэмжлэгч Грэгори Жон Таррант нь Шинэ Зеланд Улсын иргэн, монгол хэл, бичиг мэдэхгүй, өөрийн улсын хуульчид болон Монгол Улсын өмгөөллийн И эл си ХХК-ийн хуульч, өмгөөлөгч нарт удаа дараа ажлаас үндэслэлгүй халагдсан талаараа хандаж мэдээлэл, зөвлөгөө авч байсан, түүнийг ажлаас халсан буюу хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг бичгээр өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь хэргийн 25-26, 130-135 дугаар талд авагдсан баримт, нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэнийг тайлбарлах нь зүйтэй" гэжээ. Хавтаст хэргийн 1-2 дугаар хуудсанд нэхэмжлэгч Грэгори Жон Таррантын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр огноологдсон ч хавтаст хэргийн 41 дүгээр хуудсанд байгаа иргэний хэрэг үүсгэх захирамжаас харвал нэхэмжлэл гаргасан огноо нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр болох нь тогтоогдож байна. Уг нэхэмжлэлд нэхэмжлэгч нь "... 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ямар ч буруу зүйл хийгээгүй атлаа ажил олгогчийн аман шийдвэрээр ажлаас халагдсан, ... намайг ажлаас буруу халсан" гэжээ. Эндээс нэхэмжлэгч нь өөрийгөө 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас халагдсанаа мэдсэн гэсэн бөгөөд шүүхэд мэдсэнээсээ хойш 10 сар 22 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т "Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана", 129.3-т "Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно" гэж заасан байдаг. Иргэний хуулийн 76.1-д "Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан. түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ" гэж заасан байна. Шүүх хавтас хэргийн 25, 26, 130-135 дугаар хуудсанд байгаа баримтууд нь нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлснийг нотолж байна гэсэн нь үндэслэлгүй. Хавтаст хэргийн 25-26 дугаар хуудсанд авагдсан и-мэйлээр харилцсан баримтын агуулга нь [email protected] гэх и-мэйл хаягаас нэхэмжлэгчид хандан "... ажил олгогч компани нь монголд бүртгэлтэй, ажлын гүйцэтгэл нь монголд хийгдсэн, мөн монголын хөдөлмөрийн гэрээгээр хийгдсэн байгаа нь надад асуудлыг хүндрүүлж байна, миний дүгнэлтээр энэ маргаанд монголын хуулийг хэрэглэнэ, Шинэ Зеландын хуулийг хэрэглэхгүй" гэсэн нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргаанаа Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүл гэсэн зөвлөгөө өгсөн агуулгатай байна. Хоёр хүний хоорондоо и-мэйлээр харилцсан харилцан яриа, зөвлөгөөг нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх, бичмэл нотлох баримт гэж үзэх нь учир дутагдалтай юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т ...бичмэл нотлох баримтыг эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно" гэж заасан байдаг ч и-мэйл хаягт шүүхээс үзлэг хийж бэхжүүлээгүй, тийм хүсэлтийг нэхэмжлэгчийн төлөөлөгч нар ч гаргаагүй. Иймээс уг и-мэйлд байгаа мэдээлэл нь үнэн зөв эсэхэд эргэлзээ үүсгэхээр байна. Дээрх хавтаст хэргийн 25, 26 дугаар хуудсанд байгаа бичгүүдийг и-мэйлээс шууд хэвлэн, орчуулгын тэмдэг дарж өгсөн нь түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримт гэж үзэх үндэслэл болохгүй юм. Хавтаст хэргийн 130-135 дугаар хуудсанд mglito:[email protected] гэх хаягаас Aslanbyek.S гэх хаяг руу "...Би нийт 4 бичиг баримтыг хэвлэж аваад хуульзүйн J.Р-ээр баталгаажуулан тамга дарууллаа. Өчигдөр эдгээр баримтуудыг танай шуудангийн хаягаар илгээсэн болно. Банкнаас дөнгөж сая над руу залгаад шилжүүлсэн мөнгө буцаж дансанд орсон тухай мэдэгдсэн. Монголынбанк яагаад миний мөнгийг буцааж, үйлчилгээний хөлсөнд 70 Шинэ Зеланд доллар суутган авах болон тухай мэдээлэл байхгүй байна гэж хэллээ. Энэ нь надад үнэхээр шударга бус санагдаж байна. Банкнаас тэд өөр аргаар төлж болох эсэхийг асуусан. Энэ талаар тодруулаад надад мэдэгдээрэй" гэжээ. Уг бичгийн баримтуудад и-мэйлээр харилцсан цаг хугацаа нь 2017 оны 11 дүгээр сарын 17 гэсэн байгаа нь нэхэмжлэгч хавтаст хэргийн 1-2 дугаар хуудсанд өөрийгөө ажлаас халагдсанаа 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр мэдсэн гэснээс хойш 6 сар 26 хоног өнгөрсөн, хавтаст хэргийн 25, 26 дугаар хуудсанд авагдсан [email protected] хаягтай хүнээс монголын шүүхэд ханд гэсэн зөвлөгөөг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр авснаас хойш 6 сар 21 хоног өнгөрсөн болох нь тодорхой харагдаж байна. Монголын шүүхэд хандах тухай зөвлөгөөг өөрийн улсын [email protected] хаягтай хуульчаас авснаас хойш 6 сар 21 хоногийн дараа Aslanbyek.S гэх хаягтай хүнтэй и-мэйлээр харилцсан баримтууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан гэж тайлбарлаад байгаа шүүхийн тайлбар үндэслэлгүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулйн 44 дүгээр зүйлийн 44.1-т "...бичмэл нотлох баримтыг эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно" гэж заасан байдаг ч и-мэйл хаягт шүүхээс үзлэг хийж бэхжүүлээгүй, тийм хүсэлтийг нэхэмжлэгчийн төлөөлөгч нар ч гаргаагүй байгаа нь уг и-мэйлд байгаа мэдээлэл нь үнэн зөв эсэхэд эргэлзээ үүсгэхээр байна. Дээрх хавтаст хэргийн 25, 26 дугаар хуудсанд байгаа бичгүүдийг и-мэйлээс шууд хэвлэн, орчуулгын тэмдэг дарж өгсөн нь түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримт гэж үзэх үндэслэл болохгүй юм. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр mglito:[email protected] гэх хаягаас Aslanbyek.S руу и-мэйл явуулах хүртэл нэхэмжлэлд бичсэнчлэн анх ажлаас халагдсанаа 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр мэдсэнээс хойш 6 сар 26 хоног, улсын өөрийн улсын байж болох [email protected] хаягтай хуулийн мэдлэг бүхий хүнээс 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр и-мэйлээр зөвлөгөө авснаас хойш 6 сар 21 хоногийн хугацаанд ямар хүндэтгэн үзэх шалтгаанаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан 30 хоногийн хугацаанд нэхэмжлэлээ Монгол Улсын шүүхэд гаргаагүй болох нь тодорхой бус байна. Шүүх хавтас хэргийн 25, 26, 130-135 дугаар хуудсанд авагдсан бичгийн баримтууд дээрх үндэслэлүүдээр нотлох баримтын шаардлага хангахгүй, түүнд агуулагдах мэдээлэл нь үнэн зөв эсэх нь нотлогдохгүй, шүүхээр үзлэг хийлгэж бэхжүүлээгүй, агуулагдсан мэдээлэл нь нэхэмжлэгч Грэгори Жон Таррант өөрийгөө халагдсаныг мэдсэнээс хойш 6 сар 26 хоног, Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлэхээ мэдсэнээс хойш 6 сар 21 хоногийн дараа Aslanbyek.S хаяг руу и-мэйл бичиж харилцсан, тэр хүртэл 6 сар гарангийн хугацаанд Монгол Улсын шүүхэд хандах ямар нэгэн үйлдэл хийж байгаагүй, уг хугацаанд шүүхэд хандаж чадахааргүй хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаантай байснаа нотлоогүй байхад дээрх бичгийн баримтуудыг анх ажлаас халагдсанаа мэдсэнээс хойш 10 сар 22 хоногийн дараа /хэдийгээр хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэлд 01 дүгээр сарын 15 гэж огноолсон ч хавтаст хэргийн 41 дүгээр хуудсанд авагдсан Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар дээрх нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд анх өгсөн учир 10 сар 22 хоног өнгөрсний дараа өгсөн гэж үзнэ/ буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг 9 сар 22 хоногоор хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсний хүндэтгэн үзэх шалтгаан болно гэж дүгнэж уг хугацааг сэргээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2-т "...шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт ач хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасантай нийцэхгүй, шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн шаардлагыг хангаж чадаагүй байна. Шүүхийн "...нэхэмжлэгч Грэгори Жон Таррант нь Шинэ Зеланд Улсын иргэн, монгол хэл, бичиг мэдэхгүй" гэсэн дүгнэлтийн тухайд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д "...хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж заасантай нийцэхгүй байна. Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг 10 сар 22 хоног хэтрүүлсэн нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар ч тогтоогддог. Тухайлбал хавтаст хэргийн 6-7 дугаар хуудсанд англи хэлээр power of attorney, монгол хэлээр итгэмжлэл гэж орчуулагдсан бичмэл баримтууд дээрх огноо нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үйлдэгдсэн байна. Уг бичгийн баримтуудаас харахад ажлаас халагдсанаа мэдсэнээс хойш 6 сар 26 хоногийн дараах хуулийн хувьд хүчин төгөлдөр байх шаардлага хангахгүй И эл си ХХН-ийн өмгөөлөгч Нацагдорж овогтой, Энхтөр овогтой Билэгсайхан, Дува овогтой Батзориг, Серик овогтой Асланбек нарт итгэмжлэл хийж өгсөн байдаг. Энэ нь нэхэмжлэгч Грэгори Жон Таррант нь ажлаас халагдсанаа мэдсэнээс хойш 6 сар 26 хоногийн дараа Монгол Улсын хуульчид анх хандсан гэсэн юм. Хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд байгаа нэхэмжлэгч Грэгори Жон Таррантын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх сэргээлгэх тухай хүсэлтэд "... 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр алтны компанийн захирал Дэнни Волкер өрөөндөө дуудаж ажлаас халсан тухай хэлсэн, ... би буцаж ирээд Шинэ Зеланд дахь хэд хэдэн хуульчид хандсан, ... ажилласан газар чинь монгол болохоор монголын хуулиар, монголын шүүхэд хандах ёстой тухай хэлсэн, ...ингээд би монголын хуульчдад хандахаар интернетээр хайсаар хэд хэдэн өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг газруудад хандсаны эцэст 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өмгөөллийн И эл си ХХН-өөс надад хариу ирснээр би монголын хуульчидтай холбогдсон, ... Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар ажлаас хууль бусаар халагдсан тохиолдолд 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа байдгийг би мэдээгүй учраас хэтрүүлсэн байна" гэсэн байна. Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн шалтгаанаа Монгол Улсын хуулийг мэдэхгүй байсан гэж тайлбарлажээ. Гэвч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д "... хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж заасан учир Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийг мэдэхгүй нь уг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй юм. Мөн дээрх хүсэлтдээ өөрийг нь төлөөлж шүүх хуралд оролцсон И эл си ХХН-ийн өмгөөлөгч Нацагдорж овогтой, Энхтөр овогтой Билэгсайхан, Дува овогтой Батзориг, Серик овогтой Асланбек нартай анх 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр холбогдсон гэсэн байгаа нь өөрийгөө халагдсанаа мэдсэнээс хойш 5 сар 11 хоногийн дараа буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс хойш 4 сар 11 хоногийн дараа юм. Анх Монгол Улсын өмгөөллийн нөхөрлөлийн дээрх хуульчидтай холбогдох хүртэл буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129-д заасан хугацааг 4 сар 11 хоногоор хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгааны тухай нэг ч баримт хэрэгт авагдаагүй байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хамгийн багадаа 4 сар 11 хоногоор хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл юм. Анхан шатны шүүх монголын хуульчид хандаж зөвлөгөө авч байсан нь хүндэтгэн үзэх шалтгааныг хэтрүүлсэн гэж үзнэ гэж үндэслэлгүй дүгнэлт хийгээд байгаа ч монголын хуульчид хандах хүртлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа болох 30 хоногийн хугацааг 4 сар 11 хоногоор хэтрүүлсэн асуудалд дүгнэлт хийгээгүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж дүгнээд байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэнтэй нийцэхгүй байна. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнгөрсний дараа хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Грэгори Жон Таррантын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Асланбанк Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөөн хэлэлцэх хугацааг онцгой ажиллагааны журмаар сэргээлгэх хүсэлт гаргасныг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхийн шүүгч Т.Гандиймаа хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан захирамж хавтаст хэргийн 12-13 дугаар хуудсанд нотлох баримтаар авагдсан байна. Үүний дараа дахин шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхийн шүүгч Ш.Оюунтуул нэхэмжлэлийг 65.1.11-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан захирамж хавтаст хэргийн 36 дугаар хуудсанд авагдсан бөгөөд уг захирамжинд гомдол гаргах эрхгүй гэжээ. Шүүгчийн дээрх захирамж гарснаас хойш 2 сар 19 хоногийн дараа буюу 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөр огноолсон нэхэмжлэл, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөр огноолсон нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтүүдийг өгснөөр шүүгч 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Иргэний хэрэг үүсгэх захирамж гаргасан нь хавтаст хэргийн 41 дүгээр хуудсанд авагдсан байна. Хавтаст хэргийн 36-38 дугаар хуудсанд авагдсан дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, гомдол гаргах эрхгүй захирамж 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн өдөр гарснаас хойш 2 сар 19 хоногийн дараа буюу 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь мөн л хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж байгаа үйлдэл юм. Хэдийгээр энэхүү үндэслэл нь гомдлын гол үндэслэл биш ч Иргэний хуулийн 79.1-д зааснаар тасалдсан хөөн хэлэлцэх хугацаа 79.2-т зааснаар 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дууссанаас хойш 2 сар 19 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Анхан шатны шүүх уг асуудалд мөн л ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Хавтаст хэргийн 1-2 дугаар хуудсанд байгаа 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд анх гаргасан нэхэмжлэлээ 2018 оны 1 дүгээр сарын 15 гэж огноолсон нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийг төөрөгдүүлэх гэсэн, хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, дахин тоологдсон хугацаанд нэхэмжлэл гаргасан мэт харагдуулах заль хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл дахин тоологдсон гэж гэж үзэж болох хөөн хэлэлцэх хугацааг 2 сар 19 хоногоор хэтрүүлээгүй гэх харагдуулах зорилгоор дээрх байдлаар буруу огноолсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан 30 хоногийн хөөн хэлэлцэх хугацааг хамгийн багадаа итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг интернэтээс хайж олох хүртэл 4 сар 11 хоног /2017.4.21-2017.10.02/, цаашлаад төлөөлөгч нартаа итгэмжлэл гэх бичиг баримт хийж, и-мэйлээр дахин харилцах хүртэл 6 сар 26 хоног, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 10 сар 22 хоног хэтрүүлсэн байна. Анхан шатны шүүх монголын хуульчид хандан зөвлөгөө авч байсныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж нотлох баримтыг буруу үнэлэн, хуулийг буруу тайлбарласан ч гэсэн монголын хуульчид анх хандсан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн 4 сар 11 хоногийн хугацаа нь нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаа юм. Үүнийгээ нэхэмжлэгч Монгол Улсын хуулийг мэдэхгүйгээс болсон /хх-11/ гэж тайлбарладаг ч уг тайлбар нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй юм. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна, ...гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаар гарсан шүүхийн хуулийн хүчин төгөлдөр тогтоол байгаа, мөн энэ талаар нэхэмжлэгчийн шүүгчийн захирамжинд гаргасан гомдол баримтаар /хх-139-140 дүгээр тал/ тухайн нэхэмжлэл, итгэмжлэлийг олгосон талаараа нэхэмжлэгч тайлбар ирүүлсэн байна, ...иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгчийн дээрх гомдол, тайлбар. баримтаар үгүйсгэгдэж байна гэж үзнэ" гэжээ. Хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд итгэмжлэл гэсэн орчуулагдсан баримт, 7 дугаар хуудсанд power of attorney гэх бичгийн баримтууд авагдсан байна. Уг баримтыг итгэмжлэл гэж үзэх нь учир дутагдалтай юм. Учир нь J.Р гэх тэмдэг дарагдсан англи хэлээр Gregory Jon Tarrant гэсэн гарын үсэг зурагдсан хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд байгаа англи хэл дээрх бичгийг итгэмжлэл гэж үзэх боломжгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т "Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно. Итгэмжлэлд зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг төлөөлүүлэгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно. Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна" гэж, Иргэний хуулийн 64.2.4-т "хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх" гэж заасан байна. Нотариатын тухай хуулийн 9.2-т "Хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар нь нотариатын үйлдэл, баримт бичгийг монгол хэлээр үйлдэх бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтээр холбогдох баримт бичгийг орчуулан өгч болно", 10.3-т "Хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын эрх бүхий албан тушаалтан нь нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэхдээ тухайн дипломат төлөөлөгчийн газрын тамга, тэмдгийг хэрэглэнэ", 16.3-т "Хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газарт хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан албан тушаалтан нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ" гэж заасан байна. Хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан power of attorney гэх J.Р гэх тамга бүхий бичиг дээр хэдийгээр Gregory Jon Tarrant гэх бичгийн дор гарын үсэг зурагдсан байгаа ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Нотариатын тухай хуульд зааснаар гадаад улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын эрх бүхий ажилтан баталснаар хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр үзэх юм. Хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд итгэмжлэл гэх бичгийг нотариат баталсан байгаа ч нотариатын уг баталгаа нь Нотариатын тухай хуулийн 25.1.9-д заасны дагуу баталгаат орчуулгын материалыг гэрчилсэн болохоос 25.1.3-т заасны дагуу олгогдсон итгэмжлэлийг гэрчлээгүй юм. Уг баримтын нотариатын тамганы доторх тэмдэглэгээ хэсэгт англи хэлнээс монгол хэлэнд орчуулагдсан баримтын эх хувийг үндэслэн гэрчлэв гэсэн нь уг бичиг баримт шүүхэд төлөөлөх итгэмжлэл биш болохыг нотолж байна. 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна" гэж, Иргэний хуулийн 64.2.4-т "хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх" гэж заасан байна. Нотариатын тухай хуулийн 9.2-т "Хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар нь нотариатын үйлдэл, баримт бичгийг монгол хэлээр үйлдэх бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтээр холбогдох баримт бичгийг орчуулан өгч болно", 10.3-т "Хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын эрх бүхий албан тушаалтан нь нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэхдээ тухайн дипломат төлөөлөгчийн газрын тамга, тэмдгийг хэрэглэнэ", 16.3-т "Хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газарт хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан албан тушаалтан нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ" гэж заасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5 хавтаст хэрэгт авагдсан итгэмжлэл нь хуулийн шаардлага хангахгүй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон ч 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дугаар 102/ШТ2018/00219 тогтоолоор /хавтаст хэргийн 143-144 дүгээр хуудас/ шүүгчийн дээрх захирамжийг хүчингүй болгосон. Дээрх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт "...хэрэгт ирсэн баримтаар Шинэ Зеланд Улсын иргэн, нэхэмжлэгч Грэгори Жон Таррант Монгол Улсын шүүхэд өөрөө нэхэмжлэлээ гаргаж, өөрийгөө төлөөлүүлэх этгээдэд итгэмжлэл олгосон болох нь нэхэмжлэгч нь Польш Улсад суугаа Монгол Улсын элчин сайдын яамны консулаар гарын үсгийн үнэн зөвийг гэрчлүүлсэн тус шүүхэд гаргасан хүсэлт гомдлоор, Шинэ Зеланд Улсад Монгол Улсаас өргөмжит консул байдаг боловч өргөмжит консул нь нотариатын үйлдэл хийх эрхгүй болох нь Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан бичгээр тус тус тогтоогдож байна, ...ийм шүүгчийн захирамжийг хүчингүй болгох зүйтэй гэж үзэв" гэжээ. 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5, 117.1-д зааснаар нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа нэхэмжлэгч хавтаст хэргийн 138 дугаар хуудсанд байгаа англи хэл дээр 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн Варшав дахь элчин сайдын яамны консул Б.Ханбулга гэх хүнээр power of attorney гэх баримтуудыг батлуулсан боловч албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр буюу баталгаат орчуулгаар орчуулаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т "...гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна" гэж заасан байдаг. Хавтаст хэргийн 138 дугаар хуудсанд авагдсан 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөр батлуулсан power of attorney гэх нэртэй англи хэл дээрх баримтыг монгол хэл рүү албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар орчуулуулаагүй байхад 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн захирамжийг хүчингүй болгох үндэслэл болгосон нь уг тогтоол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй. 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн захирамжийг хүчингүй болгох тогтоол гаргахдаа шүүгчийн захирамжийг гаргах үед буюу 2017 оны 5 дугаар сарын 22-ны байдлаар хэрэгт байгаагүй, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн баримтыг үндэслэл болгосон нь ч буруу юм. Учир нь шүүгч шийдвэр гаргах үед байгаагүй баримтыг шийдвэр гаргасны дараа гарган өгч шүүгчийн шийдвэрийг буруутгаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д заасан "... нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө", 40 дугаар зүйлийн 40.5-д "...анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй" гэсэнтэй нийцэхгүй, үндэслэлгүй шийдвэр болсон. 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэдийгээр тус шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны тогтоолоор шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5, 117 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон ч хавтаст хэргийн 138 дугаар хуудсанд авагдсан 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөр батлуулсан power of attorney гэх нэртэй англи хэл дээрх баримтыг монгол хэл рүү албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар орчуулуулаагүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4-т заасантай нийцээгүй байна. Иймд энэ шүүх хуралд нэхэмжлэгчийг төлөөлөн оролцож байгаа хүмүүс төлөөлөх эрхтэй эсэх асуудал нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэсэн анхан шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор төлөөлөх эрхтэй болох нь тогтоогдсон гэж үзнэ гэж дүгнээд байгаа нь учир дутагдалтай байна. Хэдийгээр 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр анхан шатны шүүхийн гурван шүүгч орчуулагдаагүй баримтыг үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэн ч 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр анхан шатны шүүх дээрх хэрэгт байгаа дээрх баримтад эрх зүйн зөв дүгнэлт хийж шийдвэрлэж болох байсан ч хийлгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4-т заасныг зөрчсөн, нотлох баримтын шаардлага хангахгүй, орчуулагдаагүй баримтыг хүчин төгөлдөр итгэмжлэл мөн, нотлох баримтыг шаардлага хангасан гэж үнэлж хэргийг шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2-т заасантай нийцэхгүй, 116 дугаар зүйлийн 116.2-т заасан үндэслэл бүхий болж чадаагүй. 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралд хариуцагчийн өмгөөлөгчийн итгэмжлэл орчуулагдаагүй учир нотлох баримтаар үнэлэх боломжгүй, иймээс шүүх хуралд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож байгаа хүмүүст итгэмжлэл олгогдсон гэж үзэхгүй, төлөөлөх эрхгүй хүмүүс шүүх хуралд оролцож байна, иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарт нэхэмжлэгчийн төлөөлөгч нар дээрх 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөр батлуулсан итгэмжлэлийн орчуулга хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд баталгаат орчуулгаар орчуулж, нотариатаар батлуулсан гэдэг. Гэтэл хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд байгаа итгэмжлэл гэсэн нотариатаар батлуулсан орчуулгад уг итгэмжлэлийг олгосон цаг хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, нотариат баталсан цаг хугацаа нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэсэн байна. 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр элчин сайдын яамны эрх бүхий албан тушаалтан баталсан англи хэл дээрх бичиг баримтыг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр буюу 7 сар орчмын өмнө, өмнөх онд нь орчуулан, нотариатаар батлуулах боломжгүй юм. Цаг хугацааны хувьд 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр элчин сайдын яамны эрх бүхий албан тушаалтан баталсан англи хэл дээрх бичиг баримтыг тухайн өдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр болон уг өдрөөс хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4-т заасны дагуу орчуулуулж хэрэгт нотлох баримтаар өгч, үнэлүүлэх нь хэнд ч ойлгомжтой асуудал юм. Хавтаст хэргийн 1-2 дугаар хуудсанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ "...2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн өглөө ажилдаа ирэхэд тус монгол дахь алтны компанийн захирал Дэнни Уолкэр намайг өрөөндөө дуудсан. Тэр надад такси дуудсан, 10 цаг гэхэд ирчихнэ, өөрийнхөө бүх юмаа аваарай, ...би 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ямар ч буруу зүйл хийгээгүй атлаа ажил олгогчийн аман шийдвэрээр ажлаас халагдсан" гэжээ. Хавтаст хэргийн 20-22 дугаар хуудсанд орчуулагдсан дахь Хөдөлмөрийн гэрээ гэх баримтад "Уулс заамар" ХХК-ний захирал гэсэн хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ бичээд байгаа Дэнни Уолкэр биш З.Батбаатар гэсэн нэр байна. Мөн хавтаст хэргийн 42, 47 дугаар хуудсанд авагдсан итгэмжлэлд хариуцагч компанийн захирал нь З.Батбаатар байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 38.1-д "Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй" гэж заасан байдаг. Дэнни Уолкэр гэдэг хүн нь "Уулс заамар" ХХК-ний захирал биш З.Батбаатар захирал болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч хэрэгт өөрөө гарган өгсөн Хөдөлмөрийн гэрээнд З.Батбаатар гэдэг хүн захирлаар гарын үсэг зурж ажилд авсныг мэдсээр байж яагаад ийнхүү худал, нотлох баримтгүй зүйл бичиж байгаа нь ойлгомжгүй байна. Тэгээд ч Дэнни Уолкэр гэдэг хүн "Уулс заамар" ХХК-нд ямар нэгэн хамаарал байхгүй, хавтаст хэрэгт энэ тухай хэрэгт ямар нэгэн нотлох баримт ч байхгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ энэхүү үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д заасны дагуу нотлох үүрэгтэй байсан ч нотлоогүй. 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэх захирамж гаргахын өмнө болон дараа 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл удаа дараагийн шүүх хурлууд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрхгүй этгээдүүдийг оролцуулсан. Хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд итгэмжлэл гэсэн орчуулагдсан баримт, 7 дугаар хуудсанд power of attorney гэх бичгийн баримтууд авагдсан байна. Уг баримтыг итгэмжлэл гэж үзэх нь учир дутагдалтай юм. Учир нь J.Р гэх тэмдэг дарагдсан англи хэлээр Gregory Jon Tarrant гэсэн гарын үсэг зурагдсан хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд байгаа англи хэл дээрх бичгийг итгэмжлэл гэж үзэх боломжгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т "Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно. Итгэмжлэлд зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг төлөөлүүлэгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно. Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна" гэж, Иргэний хуулийн 64.2.4-т "хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх" гэж заасан байна. Нотариатын тухай хуулийн 9.2-т "Хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар нь нотариатын үйлдэл, баримт бичгийг монгол хэлээр үйлдэх бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтээр холбогдох баримт бичгийг орчуулан өгч болно", 10.3-т "Хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын эрх бүхий албан тушаалтан нь нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэхдээ тухайн дипломат төлөөлөгчийн газрын тамга, тэмдгийг хэрэглэнэ", 16.3-т "Хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газарт хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан албан тушаалтан нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ" гэж заасан байна. Хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан power of attorney гэх J.Р гэх тамга бүхий бичиг дээр хэдийгээр Gregory Jon Tarrant гэх бичгийн дор гарын үсэг зурагдсан байгаа ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Нотариатын тухай хуульд зааснаар гадаад улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын эрх бүхий ажилтан баталснаар хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр үзэх юм. Хавтаст хэрийн 138 дугаар хуудсанд байгаа англи хэл дээр 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн Варшав дахь элчин сайдын яамны консул Б.Ханбулга гэх хүнээр power of attorney гэх баримтуудыг батлуулсан боловч албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр буюу баталгаат орчуулгаар орчуулаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т "... гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна" гэж заасан байдаг. Хавтаст хэргийн 138 дугаар хуудсанд авагдсан 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөр батлуулсан power of attorney гэх нэртэй англи хэл дээрх баримтыг монгол хэл рүү албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар орчуулуулаагүй учир нотлох баримтын шаардлага хангахгүй. Иймээс 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралд нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй этгээдүүд оролцоогүй гэж үзэх юм. Ингэхлээр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Грэгори Жон Таррантын нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэхээс өмнө болон дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж болохоор байна. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар 102/ШШ2018/02749 тоот шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Грэгори Жон Таррант нь хариуцагч Уулс заамар ХХК-д холбогдуулан ажлаас буруу халсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 61 705 350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Грэгори Жон Таррант нь хариуцагч Уулс заамар ХХК-д 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд техник засварын мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэхээр тохиролцож, талууд хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээг зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 20-22, 32-35 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Грэгори Жон Таррант нь ажлаас буруу халсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг мөн гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийсэн бөгөөд цахим шууданд үзлэг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна гэж заасныг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл хавтас хэргийн 25-26, 130-135 дугаар талд авагдсан баримтад анхан шатны шүүх үзлэг хийхдээ хуулийн дээрх заалтыг зөрчсөн бөгөөд уг баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ. /хх-ийн 116-120 дугаар тал/

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд энэ талаар харгасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй болно.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/02749 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 470 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Г.ДАВААДОРЖ