Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 102/шш2019/02218

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ....ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .....ХХК-д холбогдох,

Ажлаас үндэслэлгүй, буруу халсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан 7 сарын хугацааны цалин 61,705,350 /жаран нэгэн сая долоон зуун таван мянга гурван зуун тавин/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

... ХХК-ийн нэхэмжлэгч ...аас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа байгууллагад учруулсан хохиролд 34,473,433 /гучин дөрвөн сая дөрвөн зуун далан гурван мянга дөрвөн зуун гучин гурван/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н...., өмгөөлөгч С...., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... миний бие 2014 онд Шинэ Зеландын ... вэбсайтад өөрийн товч намтар, дэлгэрэнгүй мэдээллийг байрлуулсан. Үүний дагуу би Монгол улсад бүртгэлтэй ... ХХК-д ажиллахыг хүссэн тухай өргөдлийг өөрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэйгээ хамт 3 жил дараалан явуулж байсан. 2016 оны 12 дугаар сарын сүүлээр Шинэ Зеландын хөрөнгө оруулалттай ... ХХК нь намайг Монгол дахь алтны уурхайдаа электроникийн техникч ажлын байранд 2017 оны 3 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэл 8 сарын хугацаанд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, надад 8 сарын хугацаатай Монгол улсад ажиллах виз болон Монгол улс руу явах онгоцны тийз авч өгсөн. Би 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Шинэ Зеландаас Улаанбаатар руу нисч, 3 дугаар сарын 27-нд буусан. Миний ажлын байр Улаанбаатараас 5 цагийн зайтай газарт байсан. Ажилдаа ирээд, ажил олгогч надад хэрхэн, ямар үүрэгтэй ажиллах тухай холбогдох бүх ажиллагааг танилцуулж, би ч үүний дагуу ажилласан. Энэ хугацаанд надад амаар болон бичгээр ямар нэгэн ажлын зөрчлийн талаар мэдэгдэл өгч байгаагүй, миний зүгээс ч ямар нэг зөрчил дутагдал огт гаргаагүй.

Гэтэл ажиллаад 3 долоо хоног өнгөрсний дараа буюу 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн өглөө намайг ажилдаа ирэхэд тус компанийн захирал ... намайг өрөөндөө дуудсан. Тэр надад би чамд такси дуудсан. 10 цаг гэхэд ирчихнэ. Өөрийнхөө бүх юмаа аваарай, такси чамайг Улаанбаатарт чиний байрлах зочид буудал руу хүргэж өгнө. Чи тэнд хоёр хоног байгаад бүтэн сайнд гэр лүүгээ /Шинэ Зеланд/ харих болно гэж хэлээд тодорхой тайлбар, шалтгаан хэлэлгүй ажлаас халсан. Тэгээд Чипоэйр-ээр урьдчилаад захиалсан байсан 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн нисэх онгоцны тийз өгсөн. Би 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ямар ч буруу зүйл хийгээгүй атлаа ажил олгогчийн аман шийдвэрээр ажлаас халагдаж, хоёр өдрийн дотор шууд Шинэ Зеланд улс руу албадан буцаагдсан. Угтаа Монгол улсын Хөдөлмөрийн хуулиар зөвхөн уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалдаг байтал ажил олгогч буюу хариуцагч ... ХХК нь ямар ч үндэслэлгүйгээр хуульд заасан тохиолдол бий болоогүй байхад намайг ажлаас буруу халсан. Иймд хариуцагч ... ХХК нь намайг ажлаас буруу халсан болохыг тогтоож, хариуцагчаас 61,705,350 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н...., өмгөөлөгч С.... нар нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь ажилд орсон өдрөөс хойш ямар нэг ажил үүргийн доголдол, гологдол, ур чадварын талаар мэдэгдэл, буруу зөрүү хийсэн зүйл байхгүй. Ажил олгогчийн зүгээс сануулга хариуцлага тооцоогүй. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ... гэх уурхайн дарга дуудаад чамд такси дуудсан. 2 цагийн дараа Улаанбаатар явна. 23-ны өдөр Монгол улсаас явна гэж хэлснээр 23-ны өдөр ниссэн. Үндэслэлгүй халагдсаныг тогтоож өгнө үү. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан хугацааны цалинг тухайн үеийн ханшаар шилжүүлж 61,705,350 төгрөг болж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаан дээр ... 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Шинэ зеланд улсын хуульчтай уулзсан. Тэр хуульч нь чиний асуудал Монголын хуулиар шийдэгднэ гэсэн байгаа. Энэ талаар мейлд үзлэг хийлгэсэн. Тухайн үед ... 1 сарын дотор гомдол гаргах гэдэг заалтыг мэдээгүй. Орон нутгийн хуульч нь Монгол хуульчид ханд гэсэн байгаа. Ингээд 8 дугаар сарын сүүлээр, 9 дүгээр сард Монголын Бизнес дата сайтад мэдээллээ байршуулж ... товчоо 10 сард холбогдож энэ хэрэг дээр хуульчаар ажиллах зөвшөөрөл өгсөн. Тив алгасан, хууль мэдэхгүй хүнийг ажлын сүүлийн буюу 5 дахь өдөр ажлаас халсан талаар амаар мэдэгдэж, Шинэ зеланд руу нутаг буцах ёстой 4 дүгээр сарын 23-ны өдөр нь бүтэн сайн байсан тул мэдээлэл авах боломжгүй, Монгол хэл мэдэхгүй асуудалтай байсан. Шинэ зеландад өмгөөлөгчтэй уулзахад Монголын хууль англиар байдаггүй гэсэн. 10 дугаар сарын 02-ны өдөр Монгол хуульчтай холбогдож уулзсан. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү гэж 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Өмчийн хэлбэр харгалзахгүй ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ цуцалж байгааг бичгээр гаргах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэж заасан. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөө бичгээр ямар нэг шийдвэр гаргаагүй. Амаар л хэлсэн байгаа. Сүүлд хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухайхуулийн 40.1.2-т зааснаар ажлаас чөлөөлсөн гэсэн тушаал гаргасан байдаг. Маргаантай асуудал шүүхээр 2 жил хянагдаж байхад хариуцагчийн зүгээс нэг ч удаа гаргаж өгөөгүй. Өнөөдөр буюу 2019 оны 8 дугаар сард гаргаж ирж байгаа нь сая нөхөж үйлдсэн гэсэн таамаг хэн бүхэнд ойлгомжтой байна. Аман шийдвэрт хөөн хэлэлцэх хугацааг тоолж хангахгүй орхих нь хуульд хэр нийцэх вэ гэдгийг харж үзээсэй. Ажлаас халсан үндэслэлээ нотолсон баримтыг гаргах ёстой. Энэ байдал тогтоогдоогүй. Бидний зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан үндэслэл бий болоогүй байхад ажлаас халсан гэж үзэж байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгоно уу гэсэн байна. Хуулийн энэ заалтад ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан. Хүлээн авсан гэдгийг шүүх өөрийнхөөрөө хууль тайлбарлаад хэрэглэх байх. Гэвч ажлаас халсан тухай тушаалыг ажилтанд өөрт нь гардуулахыг хүлээн авсан гэж үзнэ. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн аман шийдвэрт хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн байдаг. 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр билет өгсөн. Тэр хугацаа нь амралтын өдөр байсан. Нэхэмжлэл гаргах хугацааг олголгүйгээр ажлаас чөлөөлсөн байна. Тухайн цаг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж дүгнээсэй. Иргэний хуулийн 82 дугаар зүйлд Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэж заасан. Мөн хэргийн 39-40 дүгээр талд нэхэмжлэгч эх хэлээрээ нэхэмжлэлээ бичээд 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөр огноолж Монгол руу явуулсан. 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Монгол шууданд ирж төлөөлөгч нар авсан. 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхэлж хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зүйтэй гэж үзэж байна. Эндээс тоолбол Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан хугацаанд амжиж нэхэмжлэл гаргасан буюу 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гаргасан. Хариуцагч тал ...ыг ажил, албан тушаалдаа тэнцэхгүй, хүнд механизмыг засч чадахгүй байгааг тогтоосон мэт ярьж байна. Энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлж 1 сарын тэтгэмж олгосон. Энэ тэтгэмжийг олгочихоод буцаагаад нэхэж байгаа нь хуульд нийцэхгүй. 20,000,000 төгрөг юунаас болж хохирсон бэ? гэдэг нь эргэлзээтэй. Тийзний зардал 1,343 Шинэ зеланд доллар буюу 2,315,538 төгрөг гэж байна. 2 тал эрх зүйн харилцаанд оролцсон. Гэрээний дагуу төлсөн төлбөр гэж ойлгож байгаа. Үүнийг нэхэмжлэх нь үндэслэлгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Хариуцагч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.... шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус компанийн захирал З....ын гаргасан нэмэлт тайлбарт:

...ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...

Нэмэлт тайлбар: Манай компани Шинэ Зеланд улс дахь зуучлагч компаниар дамжуулан ажиллах хүч авахаар болж тус улсын ажлын байрны зар мэдээний ... вэбсайтад ажлын байрны мэдээллээ нээлттэй байршуулсан. Үүний дагуу Шинэ Зеландын иргэн ... нь өөрийгөө манай компаниас зарласан Техникийн засварын мэргэжилтэн гэх ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд, гүйцэтгэх ёстой ажил үүргийг маш сайн гүйцэтгэж чадах тухайгаа илэрхийлж, өөрийн дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэн байдаг. Бид тухайн хүний өргөдөл, мэдээлэлтэй танилцаад, сайн ажиллах хүч байна гэж итгээд туршилтын хугацаагаар ажиллуулахаар болж Монгол улсад ажиллах виз болон Монгол улсад ирэх онгоцны тийзийг захиалан авч өгч, холбогдох бүх зарлыг гаргасан. Ийнхүү түүнийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Монголд ирэхэд нь Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Техникийн засварын мэргэжилтэн албан тушаалд туршилтын 3 сарын хугацаагаар томилон ажиллуулсан.

Уг туршилтын хугацааны эхний сар ... нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хангалтгүй биелүүлж, хүнд даацын ачааны машин, хагас механикжсан трактор, эксковатор, бульдозер, грейдэр өргөх болон ажиж буулгах машин механизм болон бусад төрлийн хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэж чадахгүй байсан. Энэ нь манай компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байсан тул ...ад энэ талаар нь мэдэгдэж, мэргэжил, ур чадварын түвшин тогтоолгохыг санал болгоход татгалзаж, Надад мөнгө болон буцах онгоцны зардлыг шийдээд өг, нутаг буцлаа гэсэн. Иймд ...тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөр дуусгавар болгон тушаалыг нь гардуулж, ажилласан хугацааны цалин болох 2,554 Шинэ Зеланд доллар дээр нэмээд 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний 5000 Шинэ Зеланд долларыг тохиролцсоны дагуу ...ын данс руу шилжүүлсэн. Мөн компаниас ...ын хүсэлтийн дагуу Шинэ Зеланд явах онгоцны тийзийг нь захиалж өгсөн. Гэтэл ... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ худал, үндэслэлгүй тайлбарыг гаргаж байна. Манай компани нэхэмжлэгчид итгэж, ажилд авснаасаа болж маш их зардал гаргаж хохирсон. Иймд ...ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ... ХХК-ийн захирал З.... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Манай компани ...ад итгэж, ажилд авснаасаа болж маш их зардал гаргаж хохирсон. Тодруулбал: Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасны дагуу ...ын ажлын байрны төлбөрт 3,609,500 төгрөг, Монгол руу ирж, буцах онгоцны зардалд 1,343 шинэ зеланд доллар буюу 2,315,583 төгрөг, ажилласан хугацааны цалин 2,554 шинэ зеланд доллар буюу 4,400,542 төгрөг, илүү олгосон цалин 5000 шинэ зеланд доллар буюу 8,615,000 төгрөг, нийт 18,940,625 төгрөгийн тодорхой зардлуудыг гаргасан байдаг.

Мөн ... нь мэргэжил, ур чадварынхаа талаар худал мэдээлэл өгч, чухал хариуцлагатай албан тушаалд ажиллаж чадахгүй байснаас болж манай компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, зарим үйл ажиллагаа зогсож 20,000,000 төгрөгийн хохирол учирсан. Иймд ...аас компанид учруулсан хохирол 20,000,000 төгрөг, илүү олгосон цалин 5000 шинэ зеланд доллар буюу 8,548,350 төгрөг, ажлын байрны зардал 3,609,500 төгрөг, онгоцны тийзний зардал 1,343 шинэ зеланд доллар буюу 2,315,583 төгрөг, нийт 34,473,433 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н...., өмгөөлөгч С.... нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ нэхэмжлэгч ...ыг мэргэжил, ур чадварынхаа талаар худал мэдээлэл өгсөн, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй мэтээр үндэслэл зааж тус компанид 20,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэжээ. Нэхэмжлэгч Монголын уул уурхайн аль нэг компанид ажиллах хүсэлтээ 2014 оноос эхлэн гаргаж, өөрийн мэдээллээ байршуулсан талаар нотлох баримтыг шүүхэд гарган өгсөн байгаа. Хариуцагч талаас Шинэ Зеланд улсын Олон улсын уул уурхайн компанид хандсан ...ын мэдээллийг худал байсан талаар гомдол нэхэмжлэл гаргасан баримт нотолгоо байхгүй бөгөөд, харин ч хариуцагч компани өөрөө сонголт хийж ... ХХК-иас ...ад анх санал тавьсан имэйлийг нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо нотлох баримтаар өгсөн. Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааны талаар огт дурдагдаагүй, харин 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл гэрээний хугацааг заасан. Иймд сөрөг нэхэмжлэлд туршилтын хугацааны талаар бичсэн нь огт үндэслэлгүй, худал зүйл байна.

Нэхэмжлэгчид илүү олгосон цалин 5000 шинэ зеланд доллар буюу 8,548,350 төгрөг гэж нэхэмжилсэн байна. Хариуцагч талын шүүхэд нөхөн гаргасан байж болзошгүй гэж үзэж байгаа ажлаас халсан тухай тушаалд дурдсанаар түүнд ажилласан хугацааны болон ажлаас халагдсан тэтгэмж 5000 шинэ зеланд доллар олгохоор заасан байна. Захирлын тушаалаар олгосон мөнгийг ажилтан илүү авсан гэж үзэх нь үндэслэлгүй юм. Сөрөг нэхэмжлэлд ажлын байрны зардал 3,609,500 төгрөг болон онгоцны тийзийн зардалд 1,343 шинэ зеланд доллар буюу 2,315,583 төгрөг зарцуулсныг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан нь Хөдөлмөрийн гэрээний 1, 2, 3, 5 дахь хэсэгт заасан хоол болон байр, гэрээний хугацаа, аялал болон даатгал, гэрээ дуусгавар болгох нөхцөлд ажил олгогчоос хариуцан гаргахаар заасан зардал байх тул нэхэмжлэгчээс нөхөн гаргуулах үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 132, 136 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл үүсээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн буруугаас тухайн байгууллагад хохирол учраагүй, нэхэмжлэгч хохирол учруулаагүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийг дэмжин гаргасан тайлбартаа:

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэлдээ огноог 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэж тавьсан байсан. Иргэний хэрэг үүсгэсэн захирмж нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ажил олгогчийн аман шийдвэрээр ажлаас халагдсан, буруу халагдсан гэдэг. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас халагдсанаа мэдсэн. Мэдсэнээсээ хойш 10 сар 22 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан заалтыг зөрчиж байна. Уг хуулийн 129.3-т Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасны дагуу гомдлоо яагаад 1 сарын дотор гаргаагүй талаараа тайлбарлах хэрэгтэй. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 5 сарын дараа Монголын хуульчидтай холбогдсон байдаг. Хэргийн 130-137 дугаар хуудсанд өөрийн улсын хуульчтай мейлээр харьцсан байдаг. 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр бичсэн мейлдээ ажил олгогч нь Монголд байдаг тул Монголын хууль хэрэглэнэ гэсэн байна. Уг хугацаанас хойш 5 хоногийн дараа Монгол улсын хуулиар шийдэгдэнэ гэж мэдсэн байдаг. Хэргийн 11 дүгээр хуудсанд хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтдээ 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ... намайг халсан. Би мэдээгүй тул хугацаааг хэтрүүлсэн гэж байна. Хуулийг мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр н...., н...., н.... нартай холбогдсон байдаг. Өөрөөр хэлбэл 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хуульчдад хандаагүй байдаг. Шүүхэд хандаж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаагүй байна. Монголын шүүхэд хандсанаас хойш хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Анх Т.... шүүгч 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэргийн харьяалал зөрчсөн гэдэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ш.... шүүгч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Энэнээс хойш хандахгүй байж байгаад 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан байна. Нийт 2 сар 19 хоног өнгөрсөн. Шүүхэд хандаад хөөн хэлэлцэх хугацаа тасалдлаа гэж тооцоход 2 сар 19 хоног шүүхэд хандаагүй. Яагаад Монголын шүүхэд хандаж чадаагүй талаараа тайлбар гаргаж өгөөгүй. Тушаалаа гардаж авч, гарын үсэг зураагүй байдлаа далимдуулж олон сарын цалин нэхэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар зохигчийн гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байх ёстой гэсэн байгаа. Албадаж гарын үсэг зуруулах боломж байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэж заасан. Хариуцагчаас уг үүргийн дагуу туушаалыг гардуулж өгсөн. Өөрөө ч ажлаас халагдсан гэдгээ нэхэмжлэлдээ бичсэн байна. Хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан. ... ХХК нь сайн боловсон хүчин авахын тулд хүн хайхад Шинэ зеланд улсаас манай компаниас тавьсан зарын дагуу ажлыг сайн хийж чадна гэсэн анкетыг манайд ирүүлсэн. Даалгасан ажлыг маш сайн гүйцэтгэж чадна гэдэг итгэл үнэмшил төрүүлсэн. Бид нар түрүүлж ажлын санал тавьсан зүйл байхгүй. Манайхаас тавьсан зарын дагуу анкет бөглөж орж ирсэн. Бид тэр мэдээлэлд итгээд туршилтын хугацаагаар ажиллуулахаар болсон. Монгол улсад ирэхэд гарах бүх зардлыг манайхаас гаргасан. 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, техник туслалцааны мэргэжилтэн гэсэн ажлын байранд туршилтын 3 сарын хугацаагаар ажиллуулахаар болсон. Уг туршилтын хугацаанд ... нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг хангалтгүй биелүүлж, хүнд даацын ачааны машин, хагас механикжсан трактор, бульдозер, грейдэр, ачигч буулгагч машин механизм болон бусад төрлийн машин механизмын засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэж чадахгүй байсан. Компанийн хэвийн үйл ажиллагаанд саад болсон тул мэргэжил ур чадварын шалгалт өгөхийг хүсэхэд чадахгүй гэсэн. Надад мөнгө болон онгоцны зардлыг шийдээд өг. Би нутаг буцлаа гэсэн тул 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөр тушаал гаргаж ажилласан хугацааны цалин 2,554 шинэ зеланд доллар, 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 5,000 шинэ зеланд долларын хамт шилжүүлсэн. Уг дансны шилжүүлгийн баримт хэрэгт авагдсан. Ажил олгогчийн зүгээс ажилд авч ажиллуулахын тулд эрсдэлийг маш өндрөөр хүлээж байгаа. Бид нарт итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар анкет явуулсан тул итгээд ажилд авсан. Бодит байдал дээр ажлаа хийж чадахгүй байсан. Ур чадваргүй ажилтан авч ажиллуулсан тул байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа алдагдсан. Иймд ...ын гаргасан үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Шинэ Зеланд улсын иргэн ... нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан, ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан 7 сарын хугацааны цалин 61,705,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч ... ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч ... нь хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих ажил мэргэжилд тэнцээгүйн зэрэгцээ түүнийг мэргэжил ур чадварын шалгалт өгөхийг хүсэхэд хүлээж авалгүй нутаг буцахыг хүссэн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, уг шийдвэрийг ажилтанд гардуулсан бөгөөд, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн... гэх агуулга бүхий тайлбар гаргаж марган, үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэгч ...ыг тус компанид хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа байгууллагад учруулсан хохирол 34,473,433 төгрөгийг гаргуулахаар шаардан сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч ..., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн учраас уг хугацааг сэргээн тогтоолгох хүсэлт гаргаж, хариуцагч ... ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ... болон ... ХХК-ийн захирал З.... нар харилцан тохиролцож Хөдөлмөрийн гэрээ байгуулан, улмаар тус компанийн захирлын 17/08 тоот Ажилд томилох тухай тушаал гаргаж, ...ыг Техникийн засварын мэргэжилтний албан тушаалд туршилтын 3 сарын хугацаагаар томилон, ажилтны сарын үндсэн цалин 5000 шинэ зеланд доллар байхаар тогтсон бол, Хөдөлмөрийн гэрээгээр ажилтныг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаанд ажиллахаар тохиролцсон байна. /1-р хх 20, 2-р хх 179/

Талууд Хөдөлмөрийн гэрээг англи хэл дээр бичиж, ажилтан болон ажил олгогч байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан, Иргэний хуулийн 369 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсч, нэхэмжлэгч ... нь хөдөлмөрийн гэрээний дагуу ... ХХК-д Техникийн засварын мэргэжилтнээр ажиллаж эхэлжээ.

Гэтэл тийнхүү гэрээ байгуулан ажилласнаас хойш 26 хоногийн дараа буюу 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ажил олгогч ... ХХК-ийн зүгээс ажилтан ...тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болохыг мэдэгдэж, Монгол улсаас Шинэ Зеланд улс руу 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр нисэх онгоцны тасалбар өгч, энэ өдөр нэхэмжлэгч нь Монгол улсын хилээр гарсан байна. /1-р хх 18, 27-28/

Харин ажил олгогч ... ХХК-иас Гадаадын иргэн, харъяатын газарт хандан ...ыг ...тодорхой шалтгааны улмаас цаашид ажиллаж чадахгүй болсон... гэх үндэслэлээр түүний оршин суух зөвшөөрлийг 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөр дуусгавар болгуулах хүсэлт гаргаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мөн Гадаадын иргэн, харъяатын газарт хандан ... паспортын дугаартай ... ХХК-д ажиллаж байсан ...ын хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөр дуусгавар болсон талаар мэдэгдсэн байна. /1-р хх-110, 111/

Нэхэмжлэгч ... нь хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй болох нь түүний Шинэ зеланд улсад очсоноос хойш ... ХХК-ийн ажилтнуудтай цахим шуудангаар харилцаж, Шинэ Зеланд улсын хуульчид хандан туслалцаа хүссэн, улмаар Монгол улсын хуульчдад ажлаас үндэслэлгүй халагдсан талаар хандан хууль зүйн туслалцаа хүсч байсан болох нь хэрэгт баримтаар авагдсан цахим шуудан, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдох бөгөөд, Шинэ Зеланд улсын Хөнгөн хэргийн шүүхээр дамжуулан 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үйлдэгдсэн итгэмжлэлийн дагуу Монгол улсын өмгөөллийн ИЭлСи ХХН-ийн өмгөөлөгч Н...., Э...., Д...., С.... нараар дамжуулан шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ. /1-р хх-209-214, 2-р хх 5-18, 128/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С....ээс шүүхэд хандан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай онцгой ажиллагааны журмаар гаргасан хүсэлтийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ,,,, тоот Хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжаар уг хүсэлтийг хэргийн харъяалал зөрчсөн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, төлөөлөгчийн зүгээс 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дахин шүүхэд хандан, ажил олгогч ... ХХК-ийг хариуцагчаар тодорхойлж, ажлаас буруу халсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг мөн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ201800030 тоот Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжаар: ...хариуцагчийн хаягийг тодорхой тусгаагүй, ... төлөөлөгчид олгосон итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх боловч шүүхэд итгэмжлэлийг эх хувиар нь ирүүлэх шаардлагатай, ... шүүх нэхэмжлэгчийн хүсэл зоригийг зайлшгүй тодруулах шаардлагатай, ... нэхэмжлэлийн шаардлагаа дахин тодруулах нь зүйтэй... зэрэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, уг захирамжийг 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.... гардаж авсан байна. /2-р хх-84-89/

Улмаар нэхэмжлэгч ... нь Шинэ Зеланд улсаас 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөр огноолон нэхэмжлэлийг шуудангаар илгээснийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, түүний нэхэмжлэлийг шүүхэд 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гаргажээ. /1-р хх-39-40/

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа ...ыг ажлаас халсан тушаалыг түүнд гардуулсан гэж тайлбарлан, ... ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 28 тоот захирлын тушаалыг хэрэгт нотлох баримтаар гаргасан. /2-р хх-180/

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан бөгөөд, ажил олгогч нотлох баримтаар гаргасан дээрх тушаалыг нэхэмжлэгчид гардуулсан гэж тайлбарлах боловч, хэрэгт авагдсан баримтуудаар уг шийдвэрийг ажилтанд хүлээлгэн өгсөн болох нь нотлогдохгүй байх тул хуульд заасан гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь Монгол улсын хуулийн этгээдэд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан Шинэ Зеланд улсын иргэн бөгөөд, Монгол хэл бичиг мэдэхгүй, ажлаас халагдсан 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2 хоногийн дараа буюу 4 дүгээр сарын 23-ны Ням гарагт Монгол улсаас түүнийг явуулсан, гадаад улсаас Монгол улсын хуулийг судлах боломжгүй нөхцөл, мөн Монгол улсын хуульчидтай холбогдсон ч орон зай, газар зүйн байрлал алслагдмал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаануудын улмаас ажил олгогчийн шийдвэрт гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна гэж дүгнээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар шүүх уг хугацааг сэргээн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчаас ...ыг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тухай шийдвэрийг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу шүүхэд ... ХХК-ийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 17/08 тоот Ажилд томилох тухай тушаал, мөн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 28 тоот Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалыг тус тус нотлох баримтаар ирүүлсэн. /2-р хх-179, 180/

Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай ажил олгогчийн дээрх тушаалд нэхэмжлэгч ...ыг ...мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон... гэх үндэслэлээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 22 дугаар зүйлийг тус тус үндэслэн, 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөр цуцалж, дуусгавар болгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээрх тушаалын үндэслэлд дурдсанаар нэхэмжлэгч ...ыг хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих ажил мэргэжилд тэнцээгүйн зэрэгцээ түүнийг мэргэжил ур чадварын шалгалт өгөхийг хүсэхэд хүлээж авалгүй нутаг буцахыг хүссэн учраас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн гэж тайлбарлаж байна.

Хэрэв ажил олгогчийн зүгээс ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгаа бол салбарын буюу байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр, эсхүл ажилтан ажил албан тушаалаа гүйцэтгэх явцдаа алдаа зөрчил гаргасан талаарх баримт зэргийг үндэслэн чөлөөлөх шаардлагатай.

Гэтэл хариуцагч байгууллагаас тийнхүү нэхэмжлэгчийн мэргэжил, ур чадвар, ажлын үзүүлэлтийн түвшин тогтоох албан ёсны комиссын дүгнэлт гаргаагүй, мэргэжил ур чадварын шалгалт өгөхийг шаардсан гэх тайлбар, татгалзал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, мөн ажилтан албан тушаалаа гүйцэтгэх явцдаа алдаа зөрчил гаргасан талаарх баримт байхгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч шүүхэд гаргаж буй тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй тул дээрх үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, хариуцагч ... ХХК нь нэхэмжлэгч ...ыг ажлаас үндэслэлгүй, буруу халсан гэж дүгнэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй, харин түүний ажилгүй байсан хугацааны цалинг талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаагаар тооцож, ажлаагүй үлдсэн 7 сарын хугацааны 35,000 шинэ зеланд доллар буюу 61,705,350 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч ... ХХК нь нэхэмжлэгч ...ыг тус компанид хөдөлмөрлөх үүргээ биелүүлэхдээ байгууллагад учруулсан хохирол, тодруулбал: илүү олгосон цалин 5000 шинэ зеланд доллар буюу 8,548,350 төгрөг, ажлын байрны зардал 3,609,500 төгрөг, онгоцны тийзний зардал 1343 шинэ зеланд доллар буюу 2,315,583 төгрөг, компанид учруулсан хохирол 20,000,000 төгрөг, нийт 34,473,433 төгрөгийг гаргуулахаар шаардан сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, ...дээрх зардлууд нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажил олгогчоос хариуцан гаргахаар заасан зардал бөгөөд, нэхэмжлэгч ...ын буруугаас хариуцагч ... ХХК-д хохирол учраагүй... гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохоор байх тул үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх боломжтой байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дахь хэсэгт зааснаар ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр ажил олгогч шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэх эрхтэй.

Харин дээрх шаардлагыг шүүхэд гаргахдаа ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд, уг хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргах болсон үндэслэлээ ...нэхэмжлэгч ...ыг гомдол гаргах хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан учир ажил олгогч мөн учирсан хохирлоо гаргуулахыг хүссэн... гэх тайлбар өгч буй нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн, компанид учруулсан хохиролд шаардсан 20,000,000 төгрөгийг компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэж тайлбарлах боловч уг шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, ажилтныг Монгол улсад ирэх, буцах нислэгийн зардал, илүү олгосон цалин, ажлын байрны зардал зэрэг нь талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил олгогчийн хариуцах зардал байх тул тэдгээрийг буцаан шаардах эрхгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдоогүй байх тул дээрх үндэслэлээр хариуцагч ... ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. /1-р хх-21/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.3, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шинэ Зеланд улсын иргэн ...ыг Монгол улсын ... ХХК-ийн Техникийн засварын мэргэжилтний ажлаас үндэслэлгүйгээр буруу халсан болохыг тогтоож, хариуцагч ... ХХК-иас 61,705,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...ад олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан ...аас байгууллагад учруулсан хохирол 34,473,433 төгрөг гаргуулах тухай ... ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 466,477 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 330,320 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 466,477 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА