Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/00015

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/00015

 

 

 

 

Д.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2018/02174 дүгээр шийдвэртэй, Д.Эгийн нэхэмжлэлтэй С.Н ХХК-д холбогдох, хохирол болох 118 113 930 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Давхарбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Зулбаяр, хариуцагчийн өмгөөлөгч А.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Д.Э нь С.Н ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 12 тоот Амралтын орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нүхтийн аманд байрлах 2 давхар орон сууцыг захиалсан. С.Н ХХК нь гэрээний дагуу 2012 оны 1 дүгээр улиралд багтаан барилгын ажлыг дуусган, ашиглалтад оруулахаар тохиролцсон байсан боловч, барилгын ажил хэт удаашралтай явагдаж, 2 жил орчим хугацаагаар хожимдуулж 2013 оны 12 дугаар сард ашиглалтад оруулан хүлээлгэн өгсөн. Д.Э нь орон сууцны үнэ, төлбөрийг төлж, өмчлөгч болсон бөгөөд 2013 оны 12 дугаар сараас эхлэн уг байранд амьдарсан. Амьдрах явцад барилгад жижиг цууралтууд гардаг байсан ч үүнийг засч, өнгөлдөг байсан. Гэтэл 2015 оны 9 дүгээр сард байшингийн хойд хэсэгт байрлах С.Н ХХК-ийн цэвэр усны шугамын үзлэгийн худагт ус алдсаны улмаас ойр орчмын хөрс усанд автаж, байшингийн суурь сууж, нэг давхрын бетонон шал хагарч цөмрөн, дам нуруу хагарч, 2 давхрын хана, таазны зааг, гадна хана гражийн хэсэгт их хэмжээний цуурч, эвдрэл гэмтэл үүсч, байшин нурах аюултай байдал үүссэн. Энэ талаар С.Н ХХК-ийн захирал Б.Хашбат, н.Бишрэлт, н.Хангал нарт мэдэгдэж, биечлэн уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж зардал, хохирол багатайгаар асуудлыг шийдвэрлэхээр тохиролцож, С.Н ХХК нь өөрийн туслан гүйцэтгэгч Линкс Повер ХХК-д байрны засварын ажлыг хариуцуулж, хурдан хугацаанд дуусгахаар тохиролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс барилгад үүссэн, эвдрэл гэмтэл, шалтгаан, цаашид ашиглах боломжтой эсэхийг тогтоолгохоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Инженер геологийн судалгааны байгууллага барилгын сорилт туршилт судалгааны нэгдсэн лабораторид тус тус хандсан бөгөөд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт болон шинжээчдийн дүгнэлт гарсан. С.Н ХХК нь уг барилгын газар шороо, суурийн ажлыг гүйцэтгэхдээ Барилгын норм ба дүрмийг зөрчсөн, зургийн дагуу гүйцэтгээгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс байшинд эвдрэл гэмтэл үүсч ослын байдалтай болж, барилгыг ашиглах боломжгүй болсон гэдгийг тогтоосон. С.Н ХХК нь хотхоны гадна шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, хариуцан ажиллах үүргээ биелүүлээгүйн улмаас хотхоны хойд хэсэгт байрлах өөрийн эзэмшлийн худгийг хамгаалалтгүй, эзэнгүй орхисны улмаас удаан хугацаагаар их хэмжээгээр ус алдаж, ойр орчмын хөрсөнд шингэж, улмаар барилгын суурь хөрс суухад хүргэсэн. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр уг байранд амьдрах боломжгүй, нурах аюултай гэсэн тул 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байрнаас нүүсэн. Гадна талд байдаг худаг нь олон жил хараа хяналтгүй байснаас болж, ус алдсан. Инженер геологийн судалгааны байгууллага, барилгын сорилт туршилт судалгааны нэгдсэн лабораторийн дүгнэлтээр анхнаасаа барилгыг буруу барьсан, зургийн дагуу бэхэлгээ хийгдээгүй байна гэсэн. Тухайн үед хариуцагч байгууллага нь барилгын засварын ажлыг, өөрийн туслан гүйцэтгэгч Линкс Повер ХХК-аар гүйцэтгүүлэхээр тохиролцож, Д.Эгийн зүгээс барилгын инженер н.Оюунчимэгтэй гэрээ байгуулж, барилгын засварын гүйцэтгэлийн ажилд хяналт тавьж ажиллуулахаар түлхүүрээ туслан гүйцэтгэгчид гардуулж өгсөн. Туслан гүйцэтгэгч байгууллага нь 2016 оны 3 дугаар сард цөмөрсөн шал, ханыг буулгаж, хогийг гаргах, хөрс нягтруулах шороог шаланд, доороос нь цемент шахаж цутгах зэргээр ил харагдах доголдлыг ямарч технологигүйгээр, цуурсан хэсгийг силикондож, цемент хийх зэргээр оромдсон. Хяналтын инженерийн зүгээс барилгын засварын ажлыг зөвхөн барилгын зургийн дагуу, барилгын норм ба дүрмийн дагуу гүйцэтгэх шаардлага тавихад бид ингэж тохиролцоогүй, их зардал гарна С.Н ХХК-д танилцуулж, шийдвэрлүүлнэ гэх шалтгаанаар 2016 оны 5 дугаар сараас ажлаа зогсоосон. Үүнээс хойш С.Н ХХК нь удаа дараа шаардлага тавьж байсан боловч, 2006 оны 8 дугаар сар хүртэл барилгын засварын ажлыг гүйцэтгэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Барилгын засварын ажлыг Өнгөт харш ХХК-аар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, дутуу орхисон засварын ажлын төсвийг мэргэжлийн төсөвчнөөр тооцуулж, нийт 72 558 530 төгрөгөөр засварын ажлыг гүйцэтгүүлж, барилгын засварын ажил дуусмагц 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нүүн орж, 2017 оны 4 дүгээр сар хүртэл байшинд амьдрангаа дотор заслын ажлыг хийлгэж дуусгасан. Хариуцагч С.Н ХХК нь Барилгын тухай хууль, барилгын норм ба дүрэм, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж, барилгын ажлыг зургийн дагуу гүйцэтгээгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс барилгад эвдрэл гэмтэл үүсч, уг эвдрэл гэмтлийг засварлахад нийт 118 113 930 төгрөгийн зардал гарч, хохирол учирсан. Үүнд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-нийг хүртэл 14 сарын хугацаанд байр түрээсэлсэн. Түрээсийн /нэг сарын 2 000 000 төгрөг х 14 сар/ 28 000 000 төгрөг, Байшингийн хана цуурсан, барилгын суурийн ажил хийхтэй холбогдуулан байрнаас бүх эд хогшлоо гаргах болж, контейнер түрээслэн эд хогшлоо хурааж хадгалсан зардал, нүүлгэлтийн зардал 360 000 төгрөг, контейнерийн түрээсийн зардалд 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл /хоногийн 3850 төгрөг х 368 хоног/ 1 416 800 төгрөг нийт 1 776 800 төгрөг, Барилгын эвдрэл гэмтэл, цаашид ашиглах боломжтой эсэх талаар мэргэжлийн байгууллагаар хөрсний геодизийн судалгаа хийлгэхэд 1 778 600 төгрөг, даац бүтээцийн оношлогоонд 1 500 000 төгрөг, шинжилгээ хийлгэхэд 200 000 төгрөг нийт 2 878 600 төгрөг төлсөн. Барилгын инженерийн ажлын хөлсөнд 2015 оны 11 дүгээр сараас 2017 оны 3 дугаар сар дуустал хүртэл нийт 12 600 000 төгрөг төлсөн. Өнгөт Харш ХХК-аар барилгын дутуу орхисон ажлыг гүйцэтгүүлсэн ажлын хөлс 72 558 530 төгрөг, төсөв гаргуулахад 300 000 төгрөг тус тус төлсөн. Иймд хариуцагч С.Н ХХК-аас 118 113 930 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Зулбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: С.Н ХХК нь уг барилгын доголдлыг арилгуулахаар барилгын засварын ажлыг хийж гүйцэтгүүлсэн, нэхэмжлэгч харилцан ярилцаад засварыг хийж гүйцэтгэхээр болсон гэдгийг нэхэмжлэгч зөвшөөрч байна. Барилгын засварын ажлыг засварлахад нийт 45 000 000 төгрөгийн зардал гарах талаар тайлбарыг өгсөн. Цэвэр Монгол ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр оролцуулсан. Шаланд хөндий үүссэнтэй холбоотойгоор тусгай тоног төхөөрөмжөөр уг ажлыг хийсэн. Үндсэн суурь ажил, шороо гаргах зэрэг ажлыг хийж гүйцэтгэх явцад захиалагч талаас нэмэлт өөрчлөлт оруулж, манайхаар гүйцэтгүүлэхгүй гэсэн. Манай компани доголдлыг арилгахаар арга хэмжээ авч, 30 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Д.Э нь ажлаа зогсоо гэж хэлээгүй байсан бол ажлаа хийж дуусгах байсан. Манай туслан гүйцэтгэх компани нэг сарын хугацаанд уг ажлыг хийж дуусгаад хүлээлгэн өгөх боломжтой байсан. Иймд нэхэмжилж байгаа түрээсийн төлбөр 28 000 000 төгрөг, хөрсний геодезийн судалгааны зардал, даац бүтээцийн оношлогооны зардал гээд 2 878 600 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгэнт хийлгэсэн судалгааг дахин хийлгэх шаардлага байгаагүй бөгөөд ач холбогдолгүй гаргасан зардал гэж үзэж байна. Манай компани доголдлыг арилгахаар арга хэмжээ авч, хүчитгэл, бэхэлгээ хийсэн ба нийт 45 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэх байснаас 30 000 000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч талаас шалтгаалж, цаг хугацаа, мөнгө хөрөнгө зарсан. Захиалагчийн хяналтын инженер ажилласан гэх боловч энэ талаар баримтгүй. Мөн гаргасан нэмэлт зардлыг манайх төлөх боломжгүй. С.Н ХХК нь зарим ажлыг хийж гүйцэтгэн, 30 000 000 төгрөгийн зардал гаргасан, цаана нь 15 000 000 төгрөгийн засварын ажил дутуу байсан. Цаашид үргэлжлүүлсэн бол 12 дугаар сард дуусах байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Н ХХК-аас 111 253 930 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эд олгож, нэхэмжлэлээс 6 860 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 748 520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н ХХК-аас 715 644 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар шинжээчийн ажлын хөлс 1 800 000 төгрөгөөс нэхэмжлэгч Д.Эгаас 108 000 төгрөг, хариуцагч С.Н ХХК-аас 1 692 000 төгрөгийг тус тус гаргуулж Барилгын Төсөвчдийн холбоонд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Зулбаяр давж заалдах гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Ажил гүйцэтгэх гэрээний хохирол 118 113 930 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон байдаг. Гэвч шүүхээс уг хэргийг гэм хорын хэмээн үзэж, хохирол 118 113 930 төгрөг нэхэмжилсэн гэж тайлбарласан. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрх нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, түүний эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгчид байдаг боловч шуух гэрээний хохирол нэхэмжилсэн шаардлага-ыг гэм хорын шаардлага болгон шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хальж, шүүхэд хандан нэхэмжлэл гаргаагүй шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хуулийг буруу хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэх гэрээний хохирол 118 113 930 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Гэвч хэргийн материалд авагдсан баримтаар 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Амралтын орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ-г С.Н ХХК болон Сетунари ХХК-ийн хооронд байгуулсан. Хэдий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх нь иргэн Д.Эгийн нэр дээр байгаа боловч гэрээний улмаас шаардах эрх иргэн Д.Эд байхгүй. Учир нь Сетунари ХХК нь гэрээний дагуу шаардах эрхийг Д.Эд олгосон талаар үйл баримт хэргийн материалд байдаггүй. Гэрээнээс үүдэлтэй шаардах эрх нь гэрээний харилцаанд оролцогч субъектийн хувьд шаардах эрхийг эдлэх болохоос, гэрээний харилцаанд хамаарал байхгүй Д.Э гэдэг хүнд шаардах эрхийг олгохгүй. Д.Э нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохоос гэрээний харилцааны нэг тал биш. Үл хөдлөх эд хөрөнгийг Сетунари ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн зүгээс Д.Эгийн өмчлөлд ямар байдлаар шилжүүлснийг бид мэдэхгүй. Мөн компанийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийг иргэн Д.Эд итгэмжлэлээр олгосон эсэх талаар баримт хэргийн материалд байдаггүй. Өмнө нь Д.Энхуяа гэх хүн шаардлага гаргаж байсан боловч, бид "Сетунари" ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын хувьд шаардлага тавьж байна гэж үзэж засварын ажлыг хийж гүйцэтгэж байсан. Тиймээс иргэн Д.Э нь нэхэмжлэгч биш субъект байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Гэм хор учруулснаас үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэхдээ гэм хор учруулсан субъект нь С.Н ХХК мөн эсэх, манай компанийн ямар үйлдэл үйл ажиллагаа худгийн ус алдахад нөлөөлсөн эсэхийг шүүх тодруулаагүй. Шүүхээс нэхэмжлэгч Д.Эгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч С.Н ХХК-ийн захиалгаар бариулсан Солонго цогцолборын бүрэлдэхүүн хэсэгт багтаж байх ба 2015 оны 9 дүгээр сард уг хотхоны барилгын худгийн ус алдалттай холбоотойгоор ойр орчмын хөрс усанд автаж барилга хэв гажилтад орж, барилгын 1 дүгээр давхрын ариун цэврийн өрөө, шатны хонгил, гал тогооны хана сууж, хагарсан ханын доорх дам нуруунд хагарлууд үүссэн, шалны доорх хөрс сууснаас шалны цутгамал бетон бэлтгэл үеийг хуулсан, гражийн хана, шал сууж, хагарсан, 2 дугаар давхрын гадна, дотор хана хагарсан, багана болон дам нуруунаас салж зай гарсан, хэв гажилтаас барилгын гадна фасад хагарч, гэмтсэн, урьд хэсгийн бетон хаяавч суусан зэрэг эвдрэл, гэмтэл учирсан гэж дүгнэсэн. Гэхдээ худгийн ус алдсан үйлдэлд С.Н ХХК-ийн ямар үйлдэл, үйл ажиллагаа худгийн алдалтад нөлөөлсөн эсэх, худгийн аюулгүй байдлыг хариуцан ажиллах субъект нь С.Н ХХК мөн эсэх нөхцөл байдлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн. Бид гэрээ байгуулсан Сетунари ХХК-д барилгын болоод худгийн өмчлөл, эзэмшил ашиглалт, хамгаалалтыг хариуцуулж, барилгыг хүлээлгэн өгсөн. Сетунари ХХК нь уг үл хөдлөх хөрөнгийг иргэн Д.Эд шилжүүлэн өгөхдөө барилгын болоод худгийн аюулгүй байдал, ашиглалт хамгаалалтын талаар зааварчилгааг өгсөн эсэх, доголдолтой барилга байшинг шилжүүлэн өгсөн эсэхийг бид мэдэхгүй. 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Амралтын орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.6 дах хэсэгт заасны дагуу Орон сууцны худалдан авагч нь Дундын өмчлөлийн орон сууцны тухай хуулийн дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийг өөрөө хариуцахаар гэрээнд тусгаж өгсөн. Орон сууцны өмчлөлийн эд хөрөнгийн нэг хэсэг нь тухайн худаг нь хамаарах бөгөөд гэрээнд заасны дагуу тухайн худгийг дундын өмчлөлийн эд хөрөнгийг орон сууцны худалдан авагч болох Сетунари ХХК хариуцахаар байна. Тухайн хорооллын барилгад Сууц өмчлөгчдийн холбоо албан ёсоор байхгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал маргадаггүй хүлээн зөвшөөрдөг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт зааснаар тухайн худгийг өмчлөгч нь иргэн Д.Э өөрөө байна. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээг нь хариуцан гүйцэтгэх үүргийг хэрэглэгчид байхаар зохицуулсан. Тиймээс худгийн аюулгүй байдлыг хангах, горимын дагуу ашиглах үүрэг хууль, тогтоомжид заасны дагуу иргэн Д.Эд, гэрээнд заасны дагуу Сетунари ХХК-д байна. Мөн худгаас ус алдсан үйлдэл нь худгийг зохих горимын дагуу ашиглаагүйн улмаас үүссэн эсэх, гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас болж худагт эвдрэл үүссэн эсэх, худгийн аюулгүй байдлыг харж хамгаалах талаар арга хэмжээ, зөвлөгөө, зааварчилгааг манай компанийн зүгээс өгсөн боловч тэрхүү зөвлөгөөг дагаж мөрдөөгүй эсэх, хэрэв буруутай бол манай компанийн ямар буруутай үйлдэл, үйл ажиллагааны улмаас худагт эвдрэл үүссэн эсэхийг шүүх тогтоогоогүй байж хэргийг шийдвэрлэсэн. Хэний гэм буруутай үйлдлийн улмаас худагт эвдрэл гарч, хөрсөөр ус нэвчин барилгад эвдрэл гэмтэл үүссэн талаар хэргийн материалд тодорхойгүй байна. Тиймээс шүүхээс хэргийн нөхцөл байдлыг тодруулалгүй, хэрэгт ач холбогдол бүхий баримт материал бүрэн цуглараагүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Нотлох баримт гаргаж өгөх, хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаагүй. Шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг хасаж, шүүх хуралдааны тэмдэглэлийг гаргаж, баталгаажуулсан байдаг. Тиймээс анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон нотлох баримт гаргаж өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль эрх зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй, хэргийн нөхцөл байдлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож. хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч С.Н ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох 118 113 930 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх зохигчдын эрх зүйн байдал болон талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсноор холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой зөв сонгож хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч С.Н ХХК-аар гүйцэтгүүлсэн ажил доголдолтой байсан. Энэхүү доголдлыг арилгахтай холбоотой орон сууцыг суллаж нүүлгэлт хийсэн, агуулах, орон сууц хөлсөлж, мөн хариуцагч компани засварлаж өгөх, доголдлыг арилгах үүргээ бүрэн гүйцэтгээгүйгээс өөр этгээдүүдээр гүйцэтгүүлж зардал гаргасан гэжээ. Тэрээр эдгээр шаардлагаа нотлохоор хэрэгт авагдсан баримтуудыг гаргажээ. /хх-ийн 4-97, 185-196 дугаар тал/ Эдгээрээс үзвэл түүнийг ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол буюу ажлын үр дүнгийн доголдлыг арилгахтай холбоотой гарсан зардлыг шаардсан гэж үзэхээр байна.

Гэтэл шүүх гэрээний үүрэг, гэрээний бус хуулийн дагуу үүсэх үүргийн харилцааг хольж дүгнэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүрэг үүсэх, гэрээний бус үүргийн маргаанд хамааралтай зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд ойлгомжгүй, бөгөөд алдаатай болжээ.

Түүнчлэн, хэрэгт Сетунари ХХК болон С.Н ХХК нарын хооронд 2011 оны 10 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан 12 тоот ажил гүйцэтгэх гэрээ нотлох баримтаар авагджээ. /хх-ийн 158-159 дүгээр тал/ Гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой шаардлагыг зөвхөн гэрээний талууд харилцан бие биедээ гаргах учиртай. Харин шаардах эрхээ шилжүүлэх эсхүл итгэмжлэлээр өөр этгээд төлөөлөн шаардлага гаргах эрх олгох зэрэг тохиолдолд нэхэмжлэлийг өөр этгээд гаргах боломжтой юм. Уг ажил гүйцэтгэх гэрээний захиалагч тал болох Сетунари ХХК-ийн хувьд дээрх гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхээ Д.Эд шилжүүлж өгсөн талаар баримт хэрэгт байхгүй байна.

Хэрэв Д.Э сууц өмчлөгчийн хувиар өмчлөлийн зүйлд нь хохирол учруулсан гэж хариуцагчид холбогдуулан гэм хор учруулсан гэх үндэслэлээр шаардлага гаргаж байгаа бол хариуцагч компанийн хууль бус ямар эс үйлдэхүй, үйлдлийн улмаас эдгээр гэм хор учирсан болох, хариуцагчийн буруу байгаа эсэх нөхцөл байдлыг нотлох үүрэгтэй болно. Гэвч хэрэгт авагдсан баримтаар дээрх нөхцөл байдлыг буюу хариуцагч байгууллагын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, хохирлын хоорондын шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

Зохигчид С.Н ХХК-ийн захиалгаар бариулсан Солонго цогцолборын хойд хэсэгт байрлах барилгын худгийн ус алдалттай холбоотойгоор эвдрэл, гэмтэл учирсан гэж тайлбарлан маргасан. Гэтэл уг худаг хэний эзэмшил, өмчлөлд байдаг, худгийн ус алдсан нөхцөл байдалд хэн буруутай, худгийн аюулгүй байдлыг хариуцвал зохих этгээд тодорхойгүй байна. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж анхан шатны шүүх дүгнэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нийцээгүй.

Харин хариуцагчийн өмгөөлөх эрхээр хангаагүй гэх гомдол үндэслэлгүй. Шүүх 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хариуцагчийн хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох, хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж байжээ. /хх-ийн 1-142 дугаар тал/ Энэ өдрөөс хойш түүнд өмгөөлөгч авах, эрхээ хамгаалуулах боломжит хугацаа хангалттай байсан ба энэ хугацаанд өөрөө эрхээ хэрэгжүүлээгүй нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлд хамаарахгүй. Шүүхийн зүгээс өмгөөлүүлэх эрхийг нь хангаагүй, хязгаарласан гэх байдал тогтоогдохгүй байна. Түүнчлэн, хариуцагч нь нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан гэх боловч хэрэгт энэ талаар баримт байхгүй. Ийм учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эдгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдлыг хангах боломжгүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах, хэргийн үйл баримтад хууль хэрэглээний дүгнэлт хийх боломжгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2018/02174 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 714 220 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Б.НАРМАНДАХ