Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/02420

 

Б.Оийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2018/02458 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.О, С.А нарт холбогдох,

 

Газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, шинжээчийн зардал 518 192 төгрөг гаргуулах тухай үндсэн, газар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар нэр шилжүүлэх бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алимаа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

 

 

Нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нэхэмжлэгч Б.О нь ..., Амины орон сууцны 3 дугаар гудамжны 82 тоотод амьдардаг бөгөөд 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс Д.О, эхнэр С.Анарыг 12 жилийн хугацаатай амьдруулсан. Мөн 350 000 төгрөгийг ямар нэг хүүгүй зээлсэн. Өнгөрсөн хугацаанд Д.О, түүний эхнэр С.Анарт нүүхийг олон удаа шаардахад нүүгээгүй. Улмаар миний өмчид халдаж, хашаа тусгаарлаж бариад хойшоо харсан хаалга гаргаж, хашаан дотор жорлон нэмж ухсан. Энэ 12 жилийн хугацаанд хашаандаа амьдруулаад нэг ч төгрөг шаардаагүй. Хариуцагч нар үндэслэлгүй өмчийн маргаан үүсгэж, өнөөдрийг хүрлээ. Иймд Д.Оын гэр бүлийг манай хашаанаас нүүлгэн гаргаж өгнө үү. Маргаан бүхий 564 м.кв газрыг Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 122 тоот захирамжаар өмчилж, улмаар 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ....дугаарт нэг хүний өмчөөр бүртгүүлэн, гэрчилгээ авсан. Хариуцагч нар нь худалдан авсан гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг нотлох баримт байхгүй. Худалдах-худалдан авах гэрээ болон ямар нэг хэлцэл хийгдээгүй. 350 000 төгрөг нь хашаагаа түрээсэлсэн бол 2 жилийн төлбөр л болж байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

 

 

Хариуцагч С.Алимаа, Д.О нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.О нь 2004 онд хашааны газраа таллаж зарна гэсний дагуу 350 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон нотариат дээр очиж худалдах-худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан. Тухайн үед үл хөдлөх хөрөнгийн газар очиж бүртгүүлэх гэсэн боловч тэр өдөр дотоод ажилтай гэсэн тул бүртгүүлж амжаагүй. Түүнээс хойш үл хөдлөх дээр очих гэхээр Б.О бичиг баримтаа авчхаад өгөхгүй, хамт очихгүй зугтаагаад байсан. Бид тухайн үед газраа худалдаж аваад гэр барьж буусан. Тэр үед хоосон хашаа 300 000-400 000 төгрөгийн үнэтэй, түрээсийн хашаа 10-20 000 төгрөгийн үнэтэй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед Б.Оийн ах нь бэлэглэлийн гэрээ байгуулна гэсэн боловч энэ талаар баримт бичиг үйлдээгүй, бүгд Б.От байгаа. Бид шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нотариат дээр очиж гэрээний нэг хувь үлдсэн эсэх талаар асуухад нотариатын бичиг баримтыг 10 жил хадгалдаг тул устгалд оруулсан. Маргаан бүхий үйл баримтыг гэрчлэх гэрч байгаа боловч ар гэрийн гачигдлаар хөдөө яваад олдохгүй байгаа. Анх хашааг авахдаа өгсөн 350 000 төгрөгийг түрээсийн төлбөрт авсан, зээлсэн гэж нэхэмжлэгч янз янзаар ярьдаг ч энэ талаар баримтгүй. Бид уг хашаанд 12 жил амьдарч, дүүрэг хороондоо бүртгүүлэн өрхийн дэвтэр нээлгэсэн. Тусдаа 82б гэсэн хаяг, хашааны дугаар авсан. Анх хашаа авахдаа Д.Оын нэр дээрх ... байшинг 1 300 000 төгрөгөөр М.Баасанжав гэж хүнд зараад уг мөнгөнөөсөө Б.От 350 000 төгрөг өгч газрыг нь таллан худалдан авсан. Үүнийг гэрчлэх орон сууцны бэлэглэлийн гэрээг гаргаж өгсөн. Энэ нь цаг хугацааны хувьд ижил байгааг харж үзнэ үү. Б.Оийн ах Б... биднийг хашаанаас хөөгөөд байгааг зөвшөөрөхгүй. Уг газар дахин төлөвлөлтөд орж орон сууц болгох гэж байгаа болохоор ийм асуудал үүссэн гэжээ.

 

 

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алимаагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Бид 2004 онд Б.Оээс .... Амины орон сууцны 3 дугаар гудамж 82б тоотод байрлах газрыг 350 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, газрын үнэ 350 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Б.О нь тухайн үед бэлэглэлийн гэрээ байгуулан, татвар бага төлнө гээд нотариат дээр очиж гэрээ байгуулж, уг гэрээгээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх гэтэл тухайн өдөр дотоод ажилтай гээд материал хүлээж аваагүй. Б.О нь маргааш ирээд бичиг баримтаа өгье гээд бүх бичиг баримтыг авч явсан бөгөөд дахин уулзаагүй. Худалдах-худалдан авах гэрээ байгуулсан өдрөө хашаа барьж, нүүж орсон бөгөөд албан ёсоор хороондоо бүртгүүлсэн. Иймд газар худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн болохыг тогтоож, Б.От үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар эрхийг шилжүүлэх баримтыг бүрдүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

 

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан .... Амины орон сууцны 3 дугаар гудамж 82 тоот хаягт байрлах, нэхэмжлэгч Б.Оийн өмчлөлийн 184 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Д.О, С.А нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 400 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 86 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд 350 000 төгрөгийн талаар түрээсийн төлбөр, зээл, 240 сарын түрээс гэх мэтээр зөрүүтэй тайлбар гаргасан, 12 жилийн хугацаанд худалдаагүй бол газрыг нь таллан хамар хашаа барьсан байхад энэ талаар шүүхэд шаардлага гаргаагүй. Мөн тухайн үед 180 м.кв газар 350 000 төгрөгийн үнэтэй байсан талаар дүгнэлт гаргалгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

 

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

 

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Д.О, С.А нарын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн газрыг чөлөөлүүлж, шинжээчийн зардалд 518 192 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч газар худалдах, худалдах авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгож, газрын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

 

 

Нэхэмжлэгчид Нийслэлийн засаг дарга 2004 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №122 тоот захирамжаар .... Амины орон сууцны 3 дугаар гудамжны 82 тоот 571 м.кв газрыг өмчлүүлж, 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дээрх хаягт байрлах 564 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээг олгожээ. /1хх7-8/

 

 

 

Шүүх нэхэмжлэгчийн өмчлөлийн 184 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Д.О, С.А нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүйн улмаас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг буруу хэрэглэх нөхцөл болжээ.

 

 

 

Хэргийн нэгдүгээр хавтасны 70 дугаар талд авагдсан 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/783 тоот шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хариуцагч Д.О, С.А нарын амьдарч байгаа 184 м.кв талбай бүхий газар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 564 м.кв талбай бүхий газартай давхцаж байх боловч хариуцагч тал улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэгдсэн өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 1 300 000 төгрөгөөр иргэн .... худалдаж, 350 000 төгрөгөөр нь 184 м.кв талбайтай газрыг худалдан аваад хашаа тусгаарлан барьсан гэж тайлбарладаг бөгөөд маргаан бүхий газар нь ....Амины орон сууцны 3 дугаар гудамжны 82 тоот хаягаар Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн боловч тус хороонд 2004 оноос эхлэн хариуцагч нар өөрийн эзэмшиж байгаа газарт 82б гэх хаягаар амьдарч байгаа нь хорооны Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1109 дугаар тодорхойлолт, хүн, ам өрхийн бүртгэлийн дэвтэр, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. Хариуцагчийн уг тайлбарыг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар үгүйсгэж чадаагүй.

 

 

 

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас тухайн үед мөнгөний хэрэг гарч хариуцагч нараас 350 000 төгрөг зээлж, хашаандаа буулгасан гэх, 2004 оны 06 дугаар сард Д.О, түүний эхнэр С.Анарыг 2 жилийн хугацаатай хашаандаа буулгахаар тохирч, хөлсөнд 350 000 төгрөг авсан гэж 2 өөр агуулгатай тайлбар гаргаснаас гадна гэрч Д.Байгалмаа Б.О хашаагаа худалдана гэж ярьдаг байсан. Д.Оынх нүүж ирээд хамар хашаа барьсан гэж мэдүүлжээ. Мөн хариуцагч тал маргаан бүхий газрыг 2004 оноос хойш бодитойгоор эзэмшилдээ байлгаж, нэхэмжлэгч Б.О нь 2016 онд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд уг үйл баримтыг зөвшөөрч байсан зэрэг нөхцөл байдлуудыг харьцуулан дүгнэхэд талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт зааснаар бодит үйлдлээр хэлцэл хийснээ гэрчилсэн гэж үзэхээр байна. /1хх 16, 38, 48, 2хх 89/

 

 

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлөх үүргийг харилцан хүлээх бөгөөд хариуцагч Д.О, С.А нар нь газрын үнэ 350 000 төгрөг төлсөн байх тул нэхэмжлэгч Б.О нь гэрээний зүйлийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч нь нэхэмжлэгчээс уг үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй болно.

 

 

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2018/02458 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.О, С.А нарын хууль бус эзэмшлээс 184 м.кв талбай бүхий газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан .... Амины орон сууцны 3 дугаар гудамжны 82 тоот хаягт байрлах 184 м.кв газрын өмчлөх эрхийг хариуцагч Д.О, С.А нарт шилжүүлэн өгөхийг нэхэмжлэгч Б.От даалгасугай гэж,

 

3 дахь заалтад хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 86 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэснийг нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

 

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

 

 

А.МӨНХЗУЛ