Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2018/02458

 

 

 

 

2018 оны 10 сарын 05 өдөр                                        Дугаар 184/ШШ2018/02458                                                 Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, АОС ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, эмэгтэй, Б.О-н нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, АОС ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, Д.О,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, АОС ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, С.А нарт холбогдох,

Газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, шинжээчийн зардал 518 192  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Хариуцагч нарын газар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар нэр шилжүүлэх бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, хариуцагчийн өмгөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ганцаараа, бие муутай, олон жил группэд байсан болохоор хашаандаа ханьтай, тохитой айл буулгая гэж бодож, 2004 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Д.О, эхнэр С.А нарыг 2 жилийн хугацаатай, 350 000 төгрөгийг ямар нэг хүүгүй өгсөн. Түүнээс хойш 12 жил амьдруулсан. 2004 оноос хойш бид ямар ч төлбөр аваагүй.  Өнгөрсөн хугацаанд Д.О, түүний эхнэр С.А нарт нүүхийг олон удаа хэлэхэд нүүхгүй, миний өмчид халдаж, хашаа тусгаарлаж бариад хойшоо харсан хаалга гаргаж, хашаан дотор жорлон нэмж ухсан. Энэ 12 жилийн хугацаанд хашаандаа амьдруулаад нэг ч төгрөг шаардаагүй. Нүүхийг олон удаа хүссэн ч үндэслэлгүй өмчийн маргаан үүсгэж, өнөөдрийг хүрлээ. Иймд Д.О-г манай хашаанаас нүүлгэн гаргаж өгнө үү. Энэ 564 м.кв газрыг “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2004 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 122 тоот захирамжаар өмчилж аваад улмаар 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22010222847 дугаарт нэг хүний өмчөөр бүртгүүлэн, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Хариуцагч нар нь худалдан авсан гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг нотлох баримт байхгүй. Худалдах-худалдан авах гэрээ болон ямар нэг хэлцэл хийгдээгүй. Тэгж тохирсон зүйл ч байхгүй. Анх 350 000 төгрөгийг хүүгүй зээлсэн. Уг мөнгийг хашаандаа байлгасны төлбөрт тооцвол хаана ч хүрэхгүй. 350 000 төгрөг нь хашаагаа түрээслэсэн бол 2 жилийн төлбөр л болж байгаа. Түрээсэлсэн гэж тооцсон ч хаанаа ч хүрэхгүй мөнгө байгаа. Бид хашаанаас нүүхийг удаа дараа шаардаж байсан боловч нүүхгүй байгаа тул шүүхэд хандсан.

Нэхэмжлэгч талаас шинжээч томилох хүсэлт гаргаж, шинжээчийн төлбөрт 518 192 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэгчийн шинжээчийн төлбөрт төлсөн  518 192 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.О нь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод амьдардаг. 2004 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 122 тоот захирамжаар уг хашааны газрыг эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Тэрээр 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, ганц бие эрэгтэй. Тухайн үед хашаандаа ганцаараа амьдрах боломжгүй байсан тул 2004 оны 6 сард Д.О, түүний эхнэр С.А нарыг 2 жилийн хугацаатай хашаандаа буулгахаар тохирч, хөлсөнд 350 000 төгрөг авсан. Гэтэл энэ хүмүүс өнөөдрийг хүртэл хашаанд нь сууж байгаа. Энэ хугацаанд Б.О Өмч хувьчлалын хуулийн дагуу 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр уг газраа өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Нэгэнд газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ Б.О-н нэр дээр байгаа, энэ хүмүүсээс 12 жилийн турш 350 000 төгрөгөөс өөр мөнгө аваагүй, мөн нэхэмжлэгч нь одоо өөрийн хашаандаа амьдрах хүсэлтэй тул хариуцагч нарыг хашаанаас нүүлгэж өгнө үү. Хэрвээ худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бол ямар нэгэн гэрээ, мөнгө төлсөн баримт байх ёстой. Мөн тухайн үед газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан бөгөөд эзэмшлийн газрыг худалдах-худалдах авах гэсэн ойлголт байхгүй, хуулиар зөвшөөрдөггүй. Түүнчлэн худалдах-худалдан авах гэрээ байгуулаад нотариатчаар гэрчлүүлсэн бол тухайн гэрээ 60 жил хадгалагдана. Ийм байхад эх гэрээгээ яагаад олж авдаггүй юм. Мөн Б.О гэрээ болон мөнгийг аваад зугатаасан бол энэ хугацаанд нэхэмжлэх эрх нь нээлттэй байсан. Гэтэл хуулийн байгууллагад хандаагүй. Иймд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэдэг нь үгүйсгэгдэж байна. Мөн нэхэмжлэгч 2004 онд газраа эзэмших эрхийн гэрчилгээ аваад, 2013 онд өмчлөх эрхийн гэрчилгээ аваад байхад Б.О-г олохгүй алдсан юм бол Газрын албанд болон Хороондоо тэмдэглэгээ хийлгэх эрх нь нээлттэй, энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна. Хариуцагч нар нь Б.О-с уг газрыг худалдаж авсан гэж байгаа ч энэ талаар баримт байхгүй, тухайн үед газар эзэмшиж, ашиглах эрхтэйгээр улсын өмчид байсан. Мөн тухайн үед нотариат худалдах-худалдан авах гэрээг батлахгүй байсан гэдэг нь нотлогдож байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

    

Хариуцагч С.А, Д.О нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Б.О нь 2004 онд хашаа газраа таллаж зарна гэсний дагуу бид очиж уулзан 350 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон нотариат дээр очиж худалдах-худалдан авах гэрээ байгуулан мөнгөө өгч авсан. Тухайн үед үл хөдлөх хөрөнгийн газар очиж бүртгүүлэх гэсэн боловч тэр өдөр дотоод ажилтай гэсэн тул бүртгүүлж амжаагүй. Түүнээс хойш үл хөдлөх дээр очих гэхээр Б.О бичиг баримтаа авчихаад өгөхгүй, хамт очихгүй зугтаагаад байсан. Бид тухайн үед газраа худалдаж аваад гэр барьж буусан. Тэр үед хоосон хашаа хямдхан, 300 000 -400 000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд түрээсийн хашаа 10-20 000 төгрөгийн үнэтэй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед Б.О-н ах нь бэлэглэлийн гэрээ байгуулж өгнө, татвар бага ордог гээд бэлэглэлийн гэрээ байгуулсан. Бидэнд энэ талаар баримт бичиг үлдээгүй, бүгд Б.О-т байгаа. Бид шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нотариат дээр очиж гэрээний нэг хувь үлдсэн эсэх талаар асуухад нотариатын бичиг баримтыг 10  жил хадгалдаг тул устгалд оруулсан, одоо ямар ч бичиг баримт байхгүй гэсэн. Бид тухайн үед худалдаж авсныг гэрчлэх гэрч байгаа боловч ар гэрийн гачигдлаар хөдөө яваад олдохгүй байгаа. Анх хашааг авахдаа өгсөн 350 000 төгрөгийг түрээсийн төлбөрт  авсан, зээлсэн гэж нэхэмжлэгч янз янзаар  ярьдаг ч энэ талаар баримт байхгүй байдаг. Бид уг хашаанд 12  жил амьдарч, дүүрэг хороондоо бүртгүүлэн өрхийн дэвтэр нээлгэсэн. Тусдаа 82б гэсэн хаяг, хашааны дугаар авсан. Анх хашааг авахдаа Д.О-н нэр дээрх Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, .... тоот байшинг 1 300 000 төгрөгөөр М.Б гэж хүнд зараад уг мөнгөнөөсөө Б.О-т 350 000 төгрөг өгч газрыг нь таллан худалдан авсан. Үүнийг гэрчлэх орон сууцны бэлэглэлийн гэрээг гаргаж өгсөн. Энэ нь цаг хугацааны хувьд ижил байгааг харж үзнэ үү. Б.О нь өөрөө бидэнд хашаагаа зарчихаад одоо ингэж хүнийг хөөж гаргах гэж байгааг нь зөвшөөрөхгүй. Б.О-н ах Б.Б биднийг хашаанаас хөөгөөд байгааг зөвшөөрөхгүй. Уг газар одоо дахин төлөвлөлтөнд орж байшин болох гэж байгаа болохоор ингэж байна гэжээ.

 

 Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Бид 2004 онд Б.О-с Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамж ... тоотод байрлах газрыг 350 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, газрын үнэ 350 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Б.О нь тухайн үед бэлэглэлийн гэрээ байгуулан, татвар бага төлнө гээд нотариат дээр очиж гэрээ байгуулж, уг гэрээгээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх гэтэл тухайн өдөр дотоод ажилтай гээд материал хүлээж аваагүй. Б.О нь маргааш ирээд бичиг баримтаа өгье гээд бүх бичиг баримтыг авч явсан. Энэ цагаас эхлэн Б.О нь  гэртээ ирэхгүй, архи ууж гадуур явах болсон бөгөөд 1 удаа уулзахад “за байж бай” гээд зугатаагаад алга болсон. Иймээс дахин уулзаж чадалгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Бид газар дээрээ гэрээ байгуулсан өдрөө хашаа барьж, нүүж орсон бөгөөд албан ёсоор хороондоо бүртгүүлсэн. Иймд газар худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн болохыг тогтоож, Б.О-т үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар нэр шилжүүлэх бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгаж өгнө үү. Би 2004 онд Б.О-с энэ хашааны газрыг 350 000 төгрөгөөр худалдаж аваад өнөөдрийг хүртэл амьдарч байгаа, түрээслэсэн зүйл байхгүй. Б.О өөрөө ирээд “би зарсан нь үнэн” гэж хэлж болдоггүй юм байхдаа. Хэрвээ түрээслэсэн бол аль хэдийн чөлөөлж өгөх байсан. Бид худалдаж авсан газраасаа хаашаа явах юм. Уг хашааны газрыг худалдаж авсан учир хамар хашаа барьж, тусдаа амьдарсан. Анхнаасаа авахгүй гээд байхад хойноос гуйж ирээд зарчихаад одоо түрээслэсэн гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.         

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Д.О, С.А нарт холбогдуулан хариуцагч нарын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн зардал 518 192 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэмж гаргажээ.

/хх-ийн 183, 184, 186 дугаар тал/

 

Хариуцагч Д.О, С.А нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар нэр шилжүүлэх бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

/хх-ийн 187, 188 дугаар тал/

 

Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

 

Шүүх нэхэмжлэгч Б.О-н нэхэмжлэлийн шаардлагыг доорх үндэслэлээр хангаж, хариуцагч Д.О, С.А нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод байрлах, 571.75 м.кв талбай бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр”-ээр нэхэмжлэгч Балгансүрэнгийн Оюунбилэгт үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд тэрээр 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн .... дугаартай, .... дугаарт бүртгэгдсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр дээрх хаягт байрлах, 18638314543543 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 564 м.кв талбай бүхий газрын хууль ёсны өмчлөгч болжээ.

/хх-ийн 137, 138-147, 219, 220-230, 242, 243-245 дугаар тал/

 

Түүнчлэн нэхэмжлэгч Б.О-н хашааны газрын хэмжээ 2008 оны УИХ-ын сонгуулийг үеэр гишүүн Д.Т-н ажлын хэсэгт иргэдийн санал гомдлын дагуу хашаанаас нь татаж, явган хүний зам гаргасан учраас газрын хэмжээ нь 571.75 м.кв байснаа 564 м.кв болж багассан болох нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

/хх-ийн 185 дугаар тал/

 

Хариуцагч Д.О, С.А нар нь дээрх хаягт байрлах 184 м.кв газар дээр нэхэмжлэгч Б.О зөвшөөрлөөр 2004 онд ирж,  өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нар нь “2004 оны 6 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Б.Оюунбилэгтэй 350 000 төгрөгөөр газар худалдах-худалдан авах гэрээ байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлэх гэхэд Газрын алба дотоод ажилтай шалтгаанаар бүртгүүлж чадаагүй, бичиг баримтуудыг Б.О аваад өгөөгүй тул газрын өмчлөх эрхийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуулж авч чадаагүй” гэж тайлбарлажээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШЗ2017/11620 дугаар захирамжаар шинжээчээр томилогдсон Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газрын 2018 оны 3 дүгээр сарын 19-ний өдрийн дүгнэлтээр хариуцагч Д.О, С.А нар нь нэхэмжлэгч Б.О өмчлөлийн маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Амины орон сууцны ... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах, 564 м.кв талбайтай газрын 184 м.кв талбай бүхий газрыг эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байна.

/хх-ийн 155, 159, 160, 161-165, 168, 169-170, 171-174,175 дугаар тал/    

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан байх бөгөөд хариуцагч нар нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар нэхэмжлэгч Б.О-н нэр дээр олгогдсон газар өмчлөх эрхийн бүртгэлийн талаар буруу ташаа тухай гомдлыг бүртгэлийн байгууллагад гаргаагүй байна.

 

Хариуцагч, хариуцагч Д.О-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, түүний өмгөөлөгч Ц.А нар нь “уг газрыг 2004 оны 6 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Б.О 350 000 төгрөгөөр газар худалдах-худалдан авах гэрээ байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн худалдан авсан” гэж тайлбарлан маргаж байх боловч хариуцагч нарын эзэмшилд байгаа 184 м.кв газар нь нэхэмжлэгч Б.О-н өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд зохигчийн хооронд 2004 оны 6 дугаар сарын 24-ний өдөр уг газрыг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь  хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байх тул хариуцагч нарын энэ талаарх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь “нэхэмжлэгч нь 350 000 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрдөг бөгөөд Хорооноос уг газар 82 б гэсэн хаяг өгч, өрхийн бүртгэлд бүртгэснээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдоно” гэж тайлбар гарган маргаж байх боловч  Хорооноос тухайн хаягийг өгч, өрхийн бүртгэлийг бүртгэсэн байдал нь хариуцагч нарыг тухайн газарт амьдарч байгааг тодорхойлохоос уг газрын өмчлөгч болохыг тодорхойлсон асуудал биш тул тэдний татгалзлын үндэслэл болохгүй байна.

/хх-ийн 48-51, 238, 239 дүгээр тал/

 

Хэдийгээр хариуцагч нар нь нэхэмжлэгчид 350 000 төгрөг өгсөн талаар талууд маргахгүй байгаа боловч энэ нь тэдний хооронд газрыг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг нотлохгүй байгаагаас гадна зохигчийн хооронд 2004 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан гэх газар худалдах-худалдан авах гэрээний үүргийн талаарх шаардлагыг хариуцагч нар нь зохих байгууллагад гаргаагүй, энэ талаарх баримтгүй байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан газар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч нар нь нэхэмжлэгчээс газрыг өмчлөх эрхийг өөрт шилжүүлэхээр шаардах эрхгүй байна.

 

Хариуцагч нар нь маргаан бүхий 184 м.кв газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрхтэй болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар мөн тогтоогдсонгүй.

 

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар “газар өмчлөх” гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгох бол мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т зааснаар газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлдэг ба хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа иргэн газар эзэмшихийг хориглодог.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нар нь өөрсдийн тайлбар болон татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргах өгөх үүрэгтэй ба нотолж чадаагүй шаардлага болон татгалзлыг шүүх хангах үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч нь бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй ба нэхэмжлэгч Б.О нь маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч Д.О, С.А нар нь маргаан бүхий газрыг худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхтэй болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагч нарын эзэмшлийг хууль бус гэж үзэн, нэхэмжлэгч Б.О-н өөрийн өмчлөлийн газрыг чөлөөлүүлэх тухай хариуцагч Д.О, С.А нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нарын газрыг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар нэр шилжүүлэх бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Тодруулбал Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн өмчлөл нь хууль ёсны байх бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэгч Б.О-н өмчлөлийн 184 м.кв газрыг хууль бусаар эзэмшиж байгаа болох нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.О-н өмчлөлийн 184 м.кв газрыг хариуцагч Д.О, С.А нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч нарын нэхэмжлэгч Б.О холбогдох маргаан бүхий газрыг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар нэр шилжүүлэх бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч Б.О шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангасан шүүгчийн 184/ШЗ2017/11620 дугаартай захирамжаар томилогдон ажилласан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчдийн зардалд нэхэмжлэгчээс төлсөн 518 192 төгрөгийг нэхэмжлэгч Б.О-н нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг үндэслэн хариуцагч нараар нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

/хх-ийн 165-167 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Амины орон сууцны 3 дугаар гудамжны 82 тоот хаягт байрлах, нэхэмжлэгч Б.Оюунбилэгийн өмчлөлийн 184 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Д.О, С.А нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.О, С.А нарын маргаан бүхий газрыг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар нэр шилжүүлэх бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг нэхэмжлэгч Б.О-т даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 400 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 86 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч Д.О, С.А нараас шинжээчийн зардал 518 192 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Н.БАТЧИМЭГ