Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2018/0221

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 11 өдөр

 

 

 

 

Дугаар0221/МА2018/0221

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

“Д П х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Жаргалтхаан сумын Засаг дарга Б.Ц, түүний өмгөөлөгч Н.А нарыг оролцуулан Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 127/ШШ2018/0004 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Зн гаргасан давж заалдах гомдлоор “Д П х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг дарга, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “Д П х” ХХК-ийн захирал Р С 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

“...Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны .............дугаар өргөдөлтэй холбоотой 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 9/1528 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/160 дугаар албан бичгийн “Д П х” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 127/ШШ2018/0004 дүгээр шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 дахь хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12, 29 дүгээр зүйлийн 29.1.3, 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “Д П х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Манай компанийн гаргасан өргөдөлд Хэтний аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сард дэмжих эсэх саналаа өгсөн. Санал өгөхдөө тусгай хэрэгцээний газартай давхцалтай гэж үзэж дэмжихгүй санал өгсөн байдаг. Гэтэл шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутаг нь манай компанийн өргөдөл гаргасан талбайтай тодорхой хэмжээгээр давхацсан байдаг.

Гэтэл Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн шүүх цаг хугацааны хувьд сүүлд гаргасан тогтоолыг үндэслэж Засаг даргын саналыг үндэслэлтэй гэж үзсэн нь буруу. Засаг дарга санал гаргах үед тухайн үндэслэл буюу тогтоол гараагүй байсан.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт бусдын эзэмшил бүхий газартай давхцалтай байгааг дурьдах нь зүйтэй гэсэн байдаг. Гэтэл Хэнтий аймгийн Засаг даргын дэмжихгүй саналын үндэслэл нь бусдын эзэмшил газартай ямар ч холбоо байгаагүй.

Иймд Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 127/ШШ2018/0004 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.“Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 9/1528 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Хавтаст хэргийн 57 дахь талд авагдсан “Д П х” ХХК-иас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 15/12/04 тоот албан бичигт “...Манай компани 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Г” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан. ...Гэвч аймгийн Засаг дарга өргөдлийг дэмжихгүй гэсэн албан бичгийг танай байгууллагад ирүүлжээ. Хэнтий аймгийн Засаг даргын ирүүлсэн албан бичгийг зөвшөөрөхгүй байгаа тул дахин дэмжих бичиг явуулж бидний ажилд тусална уу” гэснээс үзэхэд нэхэмжлэгч аймгийн Засаг даргын дээрх албан бичгийг тухайн үед мэдсэний үндсэн дээр энэхүү хүсэлтийг гаргажээ гэж дүгнэхээр байна.

Ашигт малтмалын газраас ч нэхэмжлэгчийн энэхүү хүсэлтийг үндэслэн Хэнтий аймгийн Засаг даргад дахин санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн болох нь тус газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/10330 дугаар албан бичгээр тогтоогддог.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн эсэхийг нотлох хангалттай баримт байхад зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан “...Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 215 дугаар шийдвэрээр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дахь “Г” нэртэй талбайд гаргасан өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан талаарх мэдэгдлийг 8 дугаар сард хүлээн авсны дагуу аймгийн Засаг даргаас дэмжээгүй санал ирүүлсэнийг мэдсэн...” гэх тайлбарт үндэслэн захиргааны хэрэг үүсгэж, хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

Иймд нэгэнт захиргааны актыг мэдсэнээс хойш 1.8 жилийн дараа түүнийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг үндэслэн нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.

2.“Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/160 дугаар албан бичгийн “Д П х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсээс 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5/1433 дугаар албан бичгээр Ашигт малтмалын газраас ирүүлсэн мэдэгдлийг хуулийн дагуу судлан үзэж хариу ирүүлэхийг хүссэний дагуу Жаргалтхаан сумын Засаг даргаас нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Г” нэртэй .......... гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж үзсэнээрээ захиргааны актад хамаарахгүй.  

Учир нь 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчингүй болсон Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, 19.6 дахь хэсэгт зааснаар аймгийн Засаг дарга нь мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч хариу өгөхөөр, харин татгалзсан хариуг зөвхөн хуульд заасан үндэслэлээр гаргаж болохоор зохицуулснаас үзэхэд сумын Засаг даргад аймгийн Засаг даргын нэгэн адил тусгай зөвшөөрөл олгох эсэхэд ямар нэгэн санал өгөх эрх хуулиар олгогдоогүй байна.   

Иймд уг албан бичиг нь хууль зүйн үр дагаврын хувьд бие даасан захиргааны акт бус, өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэрийн шинжийг илэрхийлэхгүй, зөвхөн аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсээс шаардсан албан бичгийн хариу буюу мэдээллийн шинжтэйд тооцогдоно. 

Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т зааснаар “Харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх” бүрэн эрх аймгийн Засаг даргад л олгогджээ.

Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан байх тул хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 127/ШШ2018/0004 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Д П х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн болон Жаргалтхаан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 9/1528, Жаргалтхаан сумын Засаг даргын мөн оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/160 дугаар албан бичгийн “Г” нэртэй ........буюу “Д П х” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН