Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 395

 

 “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч шүүгч:          Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа  

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/328 дугаар захирамжийг бүхэлд нь, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/2106 дугаар захирамжийн “Д” СӨХ-д холбогдох хэсгээс “Ж” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 148005/0156 дугаар 1522 мкв газартай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0364 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2019/0479 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Н.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0364 дүгээр шийдвэрээр: Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2019/0479 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0364 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2019/0479 тоот магадлалыг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гардаж авч танилцаад магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Үүнд:

4. Газрыг зориулалтын дагуу хугацаанд нь ашиглаж байсан тухай: Нэхэмжлэгч “Ж” ХХК нь газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж, тухайн газар дээр барилгын зураг төсөл хийлгэх, хашаа барих, харуул хамгаалалт, дохиолол камер суурилуулах, газрын төлбөрийг цаг тухайд нь төлж, барилга барихтай холбоотой зохих зөвшөөрлүүдийг холбогдох төрийн байгууллагуудаас авч байсан нь нотлох баримтаар авагдсан.

5. Анхан шатны шүүхийн үндэслэх нь хэсэгт “нэхэмжлэгчийг тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй” гэж газрыг зохих зориулалтын дагуу ашиглаж байсан талаар зөв дүгнэлт хийсэн. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дээрх нотлох баримтыг буруугаар үнэлж “Хэрэгт авагдсан харуул хамгаалалтын гэрээ, хашаа барих гэрээ, зургийн ажил гүйцэтгэх гэрээ, “Ж” ХХК-ийн үйлчилгээний барилгын эскиз зургуудыг он цагийн дарааллаар авч үзвэл газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсоноос хойшхи 2 жилийн дотор бус тус хугацаа өнгөрсөний дараа хийгдсэн байна” гэж дүгнэжээ. Хэрэв ингэж үзвэл газрыг зориулалтаар ашиглаагүй гэх тухайн хугацаанд цуцлах шийдвэр гаргаж болох байсан бөгөөд харин зориулалтаар ашиглаж зохих ажиллагаа хийгдэж байхад өмнөх хугацааг зөрчил гэж үзэн нөхөж шийдвэр гаргах үндэслэлгүй юм.

6. “Ж” ХХК-д газар эзэмших эрх олгосон шийдвэр хууль зөрчөөгүй тухай: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/328 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжид “газар эзэмших эрхийг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчсөн гэсэн байх боловч “Ж” ХХК нь төсөл сонгон шалгаруулалтын төлбөрийг төлсөн нь баримтаар нотлогдож байгаа болно.

7. Нийслэлийн Засаг даргын захирамжаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшээгүй болон тэр бүү хэл газрын төлбөрөө төлөөгүй газар эзэмшигч нарт тэгш боломж олгон дуудлага худалдааны үнэ, газрын төлбөрийг нөхөн төлүүлж цэгцлэн нийтэд нь тэгш боломж олгож газар эзэмших эрхийг хууль ёсны болгосон байдаг.

8. Гэтэл “Ж” ХХК-ийг илтэд ялгаварлан дуудлага худалдааны үнэ төлсөн, газрыг төлбөр төлж тооцоо нийлсэн төдийгүй газрыг зориулалтын дагуу эзэмшин ашиглаж байхад үндэслэлгүйгээр газрын цуцалсан болохыг шүүх зөв дүгнээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”, гэсэн байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-д “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэсэн байна. Захиргааны байгууллага үйл ажиллагаандаа “тэгш байдлыг хангах” үндсэн зарчмыг баримтлах үүрэгтэй. Гэтэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлахдаа хуульд заасан дээрх зарчмыг илтэд зөрчиж газар эзэмшигчийг үндэслэлгүй ялгаварлаж нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчсөн байна.

9. Магадлалд “Түүнчлэн хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Газрын албаны 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 130 дугаартай нэхэмжлэх, Улаанбаатар хотын банкны 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн баримт зэргээс үзвэл “Ж” ХХК нь төсөл сонгон шалгаруулалтын 1 удаагийн төлбөрт 24.108.480 төгрөгийг төлсөн байх боловч анхнаасаа дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр газар эзэмших эрх үүсгэхээр заасан хуулийн зохицуулалтад хамаарах газрыг дүүргийн Засаг даргын шийдвэрээр эзэмшүүлж шийдвэрлэснийг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй” гэсэн байна. Дүүргийн Засаг даргын шийдвэрээр олгосон газрыг Нийслэлийн Засаг дарга баталгаажуулж 2 ч удаа захирамж гаргаж, газар эзэмших гэрээ, гэрчилгээ олгосныг шүүх зөв дүгнээгүй байна.

10. Хариуцагч нь захиргааны хэрэг үүссэний дараа шинээр захиргааны акт гаргасан тухай: Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг өөрт нь холбогдуулж үүссэнийг мэдсэний дараа шинээр СӨХ-д газар олгосон. Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны акт шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах зорилгоор шинээр газар олгож, улмаар СӨХ-ийг энэ маргаанд татан оруулсаныг шүүхээс зөв дүгнээгүй байна. Шүүхийн магадлалд СӨХ газар эзэмших эрх хүсэхэд газрын гэрчилгээ хүчингүй болсон байсан гэсэн атлаа цаг хугацааны хувьд “Ж” ХХК нь шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан байсныг огт үнэлээгүй байна.

11. Сөрөг нөлөө бүхий захиргааны актад сонсох ажиллагаа хийгээгүй тухай: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гээд 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэсэн байна. Гэтэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан сөрөг нөлөө бүхий захиргааны актыг гаргахдаа Нийслэлийн Засаг дарга нь Захиргааны өрөнхий хуулийн 26, 27, 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй буюу хууль ёсны эрх нь зөрчигдсөн этгээдэд тайлбар, санал гаргах боломж олголгүйгээр хууль зөрчсөн болохыг анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэж үзээгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

12. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын уг үндэслэлд хийсэн дүгнэлт шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэх хэсэгт огт байхгүй, шүүх уг асуудлаар огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

13. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2019/0479 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдвэр гаргаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

14. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/328 дугаар захирамжийг бүхэлд нь, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/1106 дугаар захирамжийн “Дэлгэр” СӨХ-д холбогдох хэсгээс, “Ж” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 148005/0156 дугаар 1522 м.кв газартай давхцсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

15. Маргаан бүхий, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/328 дугаар захирамжаар, ...Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3, 33 дугаар зүйлийн 33.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д заасныг тус тус баримтлан “Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “худалдаа үйлчилгээний” зориулалтаар 1522 м.кв газрыг “Ж” ХХК-д эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д заасныг тус тус зөрчсөн бөгөөд тус компани нь эзэмшил газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.  

16. Давж заалдах шатны шүүхийн, нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон шийдвэр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцсэн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

17. Учир нь, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: ...40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 410 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Ж” ХХК-д Сүхбаатар дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт 0.15 га газрыг “үйлчилгээний барилга барих” зориулалтаар эзэмшүүлсэн байх ба Нийслэлийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/435 дугаар захирамжаар тус компанид тухайн байршилд 1522 м.кв газрыг “ногоон байгууламж”-ийн зориулалтаар эзэмшүүлж, улмаар мөн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/704 дүгээр захирамжаар газрын зориулалтыг “худалдаа үйлчилгээ”-ний болгон өөрчилсөн байна.

18. Гэвч тус компани нь түүний эзэмшил газрын зориулалтыг дээрх байдлаар өөрчилж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй болох нь тогтоогдсон учир хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцсэн, энэ талаар давж заалдах шатны шүүхийн  хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

19. Харин анхан шатны шүүх маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, нэхэмжлэгчийг тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасантай нийцээгүй гэж үзлээ.

20. Түүнчлэн, нэхэмжлэгч “Ж” ХХК-д эзэмшүүлсэн газар нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий газар, тодруулбал тус газарт бохир усны диаметр 800 мм-ийн төмөр бетонон төв шугам, мөн тус газрын доогуур 4 цэгт цахилгааны 7 ширхэг кабель шугам тус тус байрлаж байгаа нь Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3/730 тоот, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Зүүн түгээх төвийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 32/256 тоот албан бичиг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, эдгээрээс шалтгаалж тус газарт “худалдаа үйлчилгээ”-ний зориулалтаар барилга байгууламж барих нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д заасан “инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барихыг хориглох” гэсэн заалт зөрчигдөх үндэслэлийн талаар шүүхүүдийн хийсэн дүгнэлт зөв байна. Иймд нэхэмжлэгчийн “...газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж, тухайн газар дээр барилгын зураг төсөл хийлгэх, хашаа барих, харуул хамгаалалт, дохиолол камер суурилуулах, барилга барихтай холбоотой зохих зөвшөөрлүүдийг холбогдох төрийн байгууллагуудаас авч байсан” гэх хяналтын гомдол үндэслэлгүй юм.  

21. Нэхэмжлэгчийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/1106 дугаар захирамжийн “Дэлгэр” СӨХ-д холбогдох хэсгээс, “Ж” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 148005/0156 дугаар 1522 м.кв газартай давхцсан хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд, Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосны дараа, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/1106 дугаар захирамжаар 3852 м.кв газрыг “Д” Сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 441 дүгээр зүйлийн 441.5, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасантай нийцсэн, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

22. Мөн, нэхэмжлэгчийн “...нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан сөрөг нөлөө бүхий захиргааны актыг гаргахдаа Нийслэлийн Засаг дарга нь Захиргааны өрөнхий хуулийн 26, 27, 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй буюу хууль ёсны эрх нь зөрчигдсөн этгээдэд тайлбар, санал гаргах боломж олголгүйгээр хууль зөрчсөн болохыг анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэж үзээгүй...” гэсэн хяналтын гомдлоор нэхэмжлэлийг хангах боломжгүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор заасан, хариуцагчаас энэ талаарх хуульд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй нь тогтоогдсон, гэвч энэ үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь үгүйсгэж, хүчингүй болгох үндэслэлгүй байна.

23. Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Ж, ерөнхий захирал Б.Б нараас мөн өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн байх боловч ямар хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тодорхойгүй, энэ үндэслэлийг нотлох баримтыг хүсэлтэд хавсаргаж ирүүлээгүй, мөн түүний өмгөөлөгч Б.Б, Н.Н нар шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн, шүүх эдгээр үндэслэлийг харгалзан үзэж, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

24. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0364 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2019/0479 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

                                      ШҮҮГЧ                                                        Б.МӨНХТУЯА