Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/00013

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/00013

 

 

 

Ц.Мөнхтөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/02110 дугаар шийдвэртэй, Ц.Мөнхтөрийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Мөнхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 118 дугаар сургуульд ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ чанартай сайн гүйцэтгэж ирсэн ба ямар нэг байдлаар алдаа дутагдал гаргаж сахилгын шийтгэл авч байгаагүй. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 сарын 08-ны өдрийн Б112 тоот захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд тус захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл заасан байсан. Иймд Ц.Мөнхтөрийг Хан-Уул дүүргийн 118 сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаа буюу 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Мөнхтөрийн Хан-Уул дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэхэд хангалтгүй үнэлгээ авсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт ажилтан ноцтой зөрчлийг давтан гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор заасан ба Ц.Мөнхтөр нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 6.2.4-т зааснаар дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн хэмээн үзэж Ц.Мөнхтөрийг 118 дугаар сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлөх тухай Б112 тоот захирамж 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гаргасан. Үр дүнгийн гэрээгээр ажилтантай тухайн ажил үүргийн онцлог, албан тушаалын байдалтай холбогдуулж, үр дүнгийн гэрээ хангалтгүй дүгнэгдсэн бол үүнийг ноцтой зөрчил хэмээн харилцан тохиролцсон. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй хэмээн үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Мөнхтөрийг Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 118 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 146 232 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Ц.Мөнхтөрд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 90 546 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр давж заалдах гомдолдоо: Үр дүнгийн гэрээний зорилгыг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ын 2.2.Энэхүү гэрээний зорилго нь үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, сонирхлын зөрчилгүй ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсвийн болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэг манлайллын зорилтуудыг хангах талаар төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлоход оршино. гэж тодорхойлсон. Мөн 8 дугаар хэсгийн 8.1 дэх хэсэгт Төсвийн ерөнхийлөн захирагч гэрээ байгуулах болон дүгнэхээс татгалзсан, эсхүл төсвийн шууд захирагч нь хуульд заасан хугацаанд төсвийн ерөнхийлөн захирагчид гэрээний биелэлтээ тайлагнаагүй, гэрээний төслөө хүргүүлээгүй тохиолдолд холбогдох тал Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөлд харьяаллын дагуу гомдол гаргаж болно. Холбогдох Зөвлөл ирүүлсэн гомдлын дагуу шалтгааныг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авна. Шаардлагатай тохиолдолд буруутай албан тушаалтанд шаардлага хүргүүлэх, сахилгын шийтгэл хүлээлгэхээр эрх бүхий этгээдэд санал гаргаж болно.гэж журамласан. Нэхэмжлэгч төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлд гомдол гаргаагүй нь урьдчилан шийдвэрлэх журмыг зөрснийг шүүх үнэлж дүгнээгүй хууль зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Мөнхтөр нь хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон гэж маргажээ.

Ц.Мөнхтөр нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 265 дугаар захирамжаар тус дүүргийн 118 дугаар сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байсан ба Нийслэлийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/112 дугаар захирамжаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн үйл баримт талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /хх-ийн 6, 188 дугаар хуудас/

Ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Төсвийн тухай хуулийн 40.4.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ын 7.1-д заасныг тус тус тус тус үндэслэж ажилтныг Хан-Уул дүүргийн Засаг даргатай байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлт хангалтгүй дүгнэгдсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарласан. /хх-ийн 6 дугаар тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалснаар заасан.

Зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.3.4-т дүүргийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг хангалтгүй гэж дүгнэгдсэн бол ажил олгогчийн санаачлагаар гэрээг цуцалж, ажлаас хална гэж тохиролцжээ. /хх-ийн 9 дүгээр тал/

Хэргийн 183-185 авагдсан баримтаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/08 дугаар захирамжаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарын үр дүнгийн гэрээг дүгнэх ажлын хэсэг байгуулагдаж, Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 118 дугаар сургуулийн захирал Ц.Мөнхтөрийг үр дүнгийн гэрээг нийт 59 оноогоор F буюу дутагдалтай хэмээн дүгнэсэн байна.

Ажил олгогч нь үр дүнгийн гэрээ байгуулах үед хүрэх ёстой үр дүн ажилтны хөдөлмөрөөр бий болсон эсэхийг бодитой мэдэх зорилгоор хийгддэг ажиллагаа буюу үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг сахилгын зөрчилд хамааруулсан үндэслэлээ болон ажилтан хангалтгүй үнэлгээ авсан гэх зөрчлийг баримтаар шууд нотолж чадаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, талуудын хоорондын хөдөлмөрийн гэрээнд үр дүнгийн гэрээний үнэлгээг сахилгын зөрчилд хамааруулан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчилд тооцсон нь үндэслэл муутай бөгөөд энэ талаарх үндэслэлийг ажил олгогч нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн, хэргийн 132, 156, 164, 167-170 дугаар талд авагдсан баримтаас үзвэл Ц.Мөнхтөрд 2017 оны үр дүнгийн гэрээг хангалтгүй F гэж дүгнэсэн атал үр дүнгийн урамшууллыг олгож байсан нь ойлгомжгүй байх тул ажилтны хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох үндэслэл болж буй үр дүнгийн гэрээний F үнэлгээг өгсөн үндэслэл тодорхой бус, эргэлзээтэй болжээ.

Мөн хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтныг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн бол түүнийг ийнхүү зөрчил гаргасан болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй, хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Иймд нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 146 232 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Ц.Мөнхтөрд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/02110 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Б.НАРМАНДАХ