Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2018/02110

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, байр  тоот хаягт оршин суух, /регистерийн дугаар /, Ц.М нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: хот, дүүрэг, хороо, байрлах, Н даргад холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн төлөөлөгч А.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Ч.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М нь  дугаар сургуульд 8 дахь жилдээ ажиллаж байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн Н даргын 2018 оны 06 сарын 08-ны өдрийн Б112 тоот захирамжаар ажлаас чөлөөлсөн байдаг. Ц.М нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг хүлээн зөвшөөрдөггүй. Боловсролын салбарт үнэнчээр хөдөлмөрлөснийг нь үнэлэхгүйгээр санаатайгаар хохироосон гэж үзэж шүүхэд хандсан. Ц.М нь сургуулийнхаа багш ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний орон сууц, цалингийн зээл зэргийг бууруулж, тэднийг ур чадвараа дээшлүүлэхэд нь анхаарч ажиллаж ирсэн. Сурагчдын хувьд ч мөн адил сурлаганд нь анхаарч ажилласны үр дүнд олимпиад уралдаан тэмцээнд амжилтуудыг гаргаж байсан. Иймд Ц.Мийг  дүүргийн  сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н даргын төлөөлөгч А.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сургуулийн захирал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн шууд захирагч байна.  дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэхэд хангалтгүй гэсэн үнэлгээ гарсан. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 тоот тогтоолоор төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэх журмын 7.1-т төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж үнэлгээ өгнө, үнэлгээг үндэслэн Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх бөгөөд үүнийг эрх бүхий этгээдэд санал тавьж болно гэсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т ажилтан ноцтой зөрчлийг давтан гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор заасан бөгөөд Ц.М нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 6.2.4-т зааснаар дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн хэмээн үзэж Ц.Мийг  дугаар сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлөх тухай Б112 тоот захирамжийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаргасан. Үр дүнгийн гэрээгээр ажилтантай тухайн ажил үүргийн онцлог, албан тушаалын байдалтай холбогдуулж, үр дүнгийн гэрээ хангалтгүй дүгнэгдсэн бол үүнийг ноцтой зөрчил хэмээн харилцан тохиролцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ц.М нь Н даргад холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны үед 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. 

 

Хариуцагч Н дарга нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.М нь  дүүргийн Засаг даргын 2014 оны 07  дугаар сарын 06-ны өдрийн 265 дугаар захирамжаар тус дүүргийн  дугаар сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байжээ.

 

            Н даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/112 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын 7.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон 2017 оны Үр дүнгийн гэрээний биелэлт хангалтгүй дүгнэгдсэн тул Ц.Мийг  дүүргийн Ерөнхий боловсролын  дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн /хх-ийн 6 тал/ байна.

 

 дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/08 дугаар захирамжаар  Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэгийн эрхлэгч нарын  Үр дүнгийн гэрээг дүгнэх Ажлын хэсэг байгуулжээ. /хх-ийн 181 тал/

 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сургуулийн захирлуудын үр дүнгийн гэрээг нэгтгэн дүгнэж  дүүргийн Ерөнхий боловсролын  дугаар сургуулийн захирал Ц.Мийг гэрээний үзүүлэлт Тусгай арга хэмжээ /гарц/-ний биелэлтэд өгвөл зохих 30 онооноос 16,4 оноо, Манлайллын  зорилт /орц/-ын биелэлтэд өгвөл зохих 30 онооноос 16,4 оноо, Хэрэгжүүлбэл зохих тусгай арга хэмжээний тооны  биелэлтэд өгвөл зохих 40 онооноос 17,6 оноо нийт 59 оноогоор “F” буюу дутагдалтай хэмээн дүгнэсэн болох нь Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудас, Нэгдсэн үнэлгээний тайлан, Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл /хх-ийн128,182-183 тал/ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээг эс зөвшөөрч ажилтан Ц.М 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гомдол /хх-ийн 134 тал/  гаргажээ.

 

Ажил олгогч нь ажилтан Ц.Мийг Үр дүнгийн гэрээний биелэлт хангалтгүй дүгнэгдэж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж тушаалын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлах эрхтэй ба зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.4.дүүргийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг “хангалтгүй” гэж дүгнэгдсэн бол ажил олгогчийн санаачлагаар  гэрээг цуцалж, ажлаас хална гэж тохиролцжээ.

 

 дүүргийн Засаг дарга болон Ц.М нарын хооронд байгуулсан үр дүнгийн гэрээнд “Үйл ажиллагаагаа оновчтой зохион төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, Төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, сонирхлын зөрчилгүй ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсвийн болон  эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэг манлайллын зорилтуудыг хангах талаар төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлоход оршино” гэж гэрээний зорилгоо тодорхойлсон байна.

 

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна” гэж зааснаас үзвэл үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэдэг байна.

 

Ажил олгогч нь үр дүнгийн гэрээ байгуулах үед хүрэх ёстой үр дүн ажилтны хөдөлмөрөөр бий болсон эсэхийг бодитой мэдэх зорилгоор хийгддэг ажиллагаа буюу үр дүнгийн гэрээний хэрэгжилт биелэлтийг сахилгын зөрчилд хамааруулсан үндэслэлээ болон ажилтан “хангалтгүй" үнэлгээ авсан гэх зөрчлийг баримтаар хөдөлбөргүй нотолж чадахгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтныг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн бол түүнийг ийнхүү зөрчил гаргасан болохыг нотлох үүрэгтэй.

 

Иймд Н даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/112 дугаар захирамжаар Ц.Мийг  дүүргийн Ерөнхий боловсролын  дугаар сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй тул  түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, 2018 оны 06 дугаарсарын 27-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /сард 1,036,567 төгрөг:21,5=өдөрт 48,212 төгрөг х 86 өдөр/ 4,146,232 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт  нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж зохицуулсан байх ба Нийслэлийн боловсролын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/119 дүгээр тушаалаар томилогдсон Ажил хүлээлцүүлэх комисс нь захирал Ц.Мийн ажлыг мөн өдөр хүлээлцсэн байдлыг ажлаас халагдсан сүүлчийн өдөр гэж үзсэн бөгөөд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралтаар баталсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а дахь хэсэгт зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр сарын дундаж цалинг тооцсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, , 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Мийг  дүүргийн Ерөнхий боловсролын  дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,146,232 / дөрвөн сая нэг зуун дөчин зургаан мянга хоёр зуун гучин хоёр / төгрөгийг Н даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Ц.Мд олгосугай.

 

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Н даргын тамгын газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 90,546 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгосугай.

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ