Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 116

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх

хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Р.Машлай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл

шүүгдэгч Т.Мөнгөнтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Туулын Мөнгөнтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807002160063 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 21 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Клоун Ах” ХХК-ний шоколадны үйлдвэрт савлагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо 15 дугаар байр 133 тоотод оршин суух, регистрийн УД97071505 дугаартай, ял шийтгэлгүй, Боржигон овогт Туулын Мөнгөнтуяа /яллах дүгнэлтэд дурдсанаар/ -эрүүгийн 201701080221 дугаартай хэрэгт шалгагдаж байсан хамт ажилладаг Б.Бат-Ирээдүйн нөлөөнд автаж түүнийг ятгасны дагуу 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрчид Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг танилцуулж үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг гэм буруу, эрүүгийн хариуцлага гэсэн үе шаттай явуулан талуудын хүсэлтээр нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад:   ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүхийн хэлэлцүүлэгт Т.Мөнгөнтуяагийн өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Мөнхтуяа эгчийн төрсөн өдөрт ажлаараа очсон. Эхэлж ажлын хүмүүстэйгээ “Алтанговь”-д орсон. Дараа нь “М” шөнийн клубэд орсон. Мөнхтуяа эгчид таньдаг хүн нь бэлэг өгөхөд Мөнхтуяа эгчийн нөхөр хардаж, хэрүүл хийсэн. Мөнхтуяа эгч шөнийн клубын гадаа гарсан байх үед нөхөр нь араас гарч ирээд алгадсан. Б.Бат-Ирээдүй Мөнхтуяа эгчийн нөхөртэй маргалдаж, цохьсон. Зарим зүйлийг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч, улсын яллагчийн:

   Мөрдөн байцаалтад гэрч З.Мөнхтуяагийн өгсөн: “...Мөнгөнтуяа, Халиунаа, Энхтөр нар гадаа салхилаад сууж байхад Бат-Ирээдүй Энхбаатар ахын хохирлыг нь барагдуулна асуудалгүй, та нар хараагүй гээд мэдүүлгээ өгчихөөрэй гээд гуйгаад байхаар нь худлаа мэдүүлэг өгчихсөн гээд хэлж байсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 3 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Бат-Ирээдүйгийн өгсөн: “...Би Халиун, Энхтөр, Мөнгөнтуяа нарт 2017 оны 07 дугаар сарын үед /өдрийг нь тодорхой санахгүй байна/ болсон явдлыг хараагүй гээд хэлээд өгөөч би хохирогчийн хохирлын асуудлыг барагдуулна гэж найзын хувиар гуйсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.Халиунаагийн өгсөн: “...Бат-Ирээдүй 2017 оны 07 сарын үеэр Энхбаатар ахын хохирлыг асуудалгүй барагдуулна та нар л миний хэлснээр мэдүүлэг өгөөч гээд нэлээн олон удаа гуйсан. Тэгэхээр нь Бат-Ирээдүйгээс “чи яг хохирлыг нь барагдуулах юм уу” гэж асуухад “тэгнээ” гээд гуйсан. Тэгээд Энхтөр, Мөнгөнтуяа бид гурав ерөнхийдөө болсон үйл явдлыг хараагүй хол очиж тамхи татчихаад ирэхэд зодоон болоод дууссан байсан гэж худал мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Ө.Энхтөрийн өгсөн: “... Болсон үйл явдлын талаар хараагүй гээд хэлээд өгөөч гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь Халиунаа, Мөнгөнтуяа бид гурав хараагүй гээд хэлчихсэн. Өөр ямар нэгэн санаа зорилго байгаагүй...”  гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Т.Мөнгөнтуяагийн өгсөн: “... Болсон үйл явдлын талаар хараагүй гээд хэлээд өгөөч гээд гуйгаад бид нарт нөлөөлөөд байсан. Тийм учраас найзыгаа бодоод болсон үйл явдлыг хараагүй гээд мэдүүлэг өгчихсөн юм...”  гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/, 

Мөрдөн байцаалтад Т.Мөнгөнтуяагийн яллагдагчаар өгсөн: “Би Бат-Ирээдүйтэй найз, мөн надаас гуйгаад байхаар нь худлаа мэдүүлэг өгчихсөн юм, би худал мэдүүлэг өгсөний хариуд шан харамж авсан, авахаар тохирсон зүйл огт байхгүй, буруу гэдгээ мэдэж байгаа, шал дэмий худлаа мэдүүлэг өгч дээ л гэж бодож байна, хохирогчид хохирлыг нь барагдуулчихнаа гээд гуйгаад байхаар нь худлаа мэдүүлэг өгсөн... ” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Я.Туулын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “... Манай охин Т.Мөнгөнтуяа нь зан аашын хувьд иймээ тиймээ зан байхгүй, их даруухан, ажил төрөлд сайн, хүний үгэнд оромтгой, гадуур тэнээд байдаггүй, урьд нь хэрэг төвөгт орооцолдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан мөрдөгчийн санал /хх-ийн 28 дугаар тал/,

Прокурорын тогтоол /хх-ийн 29 дүгээр тал/,

Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр тал/,

Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт /хх-ийн 35 дугаар тал/,

“Клоун Ах” ХХК-ийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 36 дугаар тал/,

Т.Мөнгөнтуяагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр тал / зэрэг нотлох баримтуудыг судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Мөнгөнтуяагийн өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн болон улсын яллагчийн судалсан баримтуудыг дүгнэхэд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх боломжгүй байна.

Тухайлбал: 1. 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Т.Мөнгөнтуяагаас 2017 оны 04 дүгээр сарын 30-ны орой Бат-Ирээдүй, Мөнхтуяагийн нөхрийг зодсон эсэх үйл явдлыг тодруулалгүй гэрчээр мэдүүлэг авсан гэх /хх-ийн 19-20 дугаар хуудас/ тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мөрдөгч мэдүүлгийг мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд авна”, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/96 тоот тушаалаар баталсан Мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан зааврын АРВАНХОЁРДУГААР БҮЛГИЙН 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Прокурор нь Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/57 тоот тушаалаар баталсан “Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлага”-ыг хангасан прокурорын зөвшөөрөлтэй өрөөнд мэдүүлэг авах эсэхийг хянана гэсэн хууль тогтоомжийн шаардлага хангаагүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэсэн бөгөөд энэ /25.1 дүгээр зүйлийн 2/ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэрч Э.Халиунаас /хх-ийн 8/, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрч Ө.Энхтөрөөс /хх-ийн 13/ тус тус гэрчээр авсан мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боломжгүй байна.

2. Гэрч Т.Мөнгөнтуяагийн “...болсон үйл явдлын талаар хараагүй гээд хэлээд өгөөч гээд гуйгаад байсан, найзыгаа бодоод болсон үйл явдлыг хараагүй гэж мэдүүлсэн нь худлаа” гэж 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлгээс хэн нэгний эрх ашиг нь хөндөгдөж, эрх зүйн байдал дээрдсэн эсхүл доордон хохирч байгаа хүний хууль ёсны эрх ашиг сонирхол, эрх, эрх чөлөөнд хохирол, хор уршиг учирсан талаарх нотлох баримт энэ хэрэгт авагдаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүний үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэж шүүх үзлээ.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Т.Мөнгөнтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807002160063 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож Т.Мөнгөнтуяаг цагаатгаж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн 1807002160063 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шийдвэрлэсэн зохих хохирол байхгүй, Т.Мөнгөнтуяа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Мөнгөнтуяаг холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1807002160063 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Боржигон овогт Туулын Мөнгөнтуяаг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Т.Мөнгөнтуяад урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнггүй, Т.Мөнгөнтуяа бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

4. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба цагаатагах тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ